Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч А.Тийтаа,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч С.Жавзансэнгэ,

шүүгдэгч Л.Золжаргал, түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0-053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигт овогт Лхагваа-н Золжаргалд холбогдох 201626011106 дугаартай, 188/2016/0142/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, карказан барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 38-14 тоотод оршин суух,

-2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, 6 сар хойшлуулсан,

-2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ял шийтгүүлж 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн ял өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан,

-2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 06 сарын хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 03 жил 06 сар хорих ялаар шийтгүүлсэн,

-2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 4 жилийн хорих, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 4 жилийн хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 2 сарын хорих ялаар тогтоосон,

-2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 05 сар хорих ялаар тогтоосон, 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Хишигт овогт Лхагваа-н Золжаргал /РД: ЙЛ86072932/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Золжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 28-ны 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Монлаагийн 12 дугаар гудамжинд иргэн С.Хажидмаа, С.Жавзансэнгэ нар луу эд хөрөнгийг нь авах зорилгоор чулууг зэвсгийн чанартай хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогч С.Жавзансэнгийн 520,000 төгрөгтэй цүнхтэй эд зүйлс буюу нийт 625,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав: Үүнд:

 

Шүүгдэгч Л.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би цахилгаан тээврийн зүүн талд байрлах Сод-Монгол групп-т гагнуурчны туслахаар ажилд орсон. Ажил дээрээ ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед ажлаа тараад ажлын газрын Өлзий гээд ахтай хамт Баянхошууны тойрог дээр ирээд тойргийн зүүн талын бааранд орсон. Тэнд Өлзий ахтай 0.5 граммын 1 шил Ерөөл нэртэй архи хувааж уугаад тэндээс бид хоёр 22 цагийн үед гарсан байх. Ингээд Өлзий ахыг тойргоос ертөнцийн зүгээр баруун талын гудамжруу нь оруулж өгсөн. Би гудамж уруудаад Мон-Лаагийн тийшээ ганцаараа явж байсан чинь миний урд 2 эмэгтэй хүн явж байсан. Би тэр хоёр эмэгтэйгийн нэг эмэгтэйгийх нь баруун талын мөрөнд байсан бараан өнгийн цүнхийг булаагаад аваад зугтаасан. Эргээд зугтаж байх үед миний өмнөөс хэдэн хүн гараад ирэхээр нь уг цүнхийг хашаа давуулаад шидчихсэн. Уг цүнхэн дотор юу байсан талаар би мэдэхгүй байна, уг цүнхийг онгойлгож үзэж чадаагүй. Тэгээд хойшоо эргээд явган хүний гүүр гарах гээд явж байхад алаг машинтай 2 цагдаад баригдаад цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр шөнөө түр саатуулах байранд хоносон. Маргааш өглөө нь цагдаагийн хэлтэс дээр ирээд хэрэг бүртгэх тасагт ахлах дэслэгч Эрдэнэбаатар байцаагч дээр шалгагдсан юм. Намайг түр саатуулахаас ирэхэд хохирогч 2 охин цагдаагийн хэлтэс дээр ирээд 520.000 төгрөг нэхэмжилсэн. Би эхнэртэйгээ хөөцөлдөж байгаад хашааны газрын гэрчилгээгээ 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад уг хохирогч гэсэн хоёр эмэгтэй, болон түүний ах нь гээд бас нэг залуутай уулзаад гомдолгүй өргөдөлөө буцааж авья гэсэн бичиг хийлгээд бэлэн 600,000 төгрөг тэд нарт хохирлын мөнгө болгож өгсөн. …Тухайн үед тийм их согтуу байгаагүй, би зүгээр л хоёр эмэгтэй явж байсан учраас цүнхийг нь аваад зугтаачихсан. Надад өөр ямар нэгэн зорилго байгаагүй. …Би тэр хоёр эмэгтэйгийн биед ямар нэгэн байдлаар халдаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Надад тухайн үед ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл биед байгаагүй. Намайг баригдсанаас хойш тэр хоёр эмэгтэй намайг чулуу барьж  дайрсан гээд яриад байсан би ямар нэгэн чулуу бариагүй. …Би тухайн үед цээж хэсгээрээ улаан, хоёр ханцуй нь бор өнгийн куртик, хүрэн өнгийн хилэн өмдтэй, ногоон алаг пүүзтэй, хар өнгийн саравчтай, малгайн саравчин дээд хэсэгт А үсэгтэй малгайтай явж байсан.

…Би 1998 онд Өвөрхангай аймагт мотоцикль дээрээс унаж тархиндаа гэмтэл авсан. Энэ талаар холбогдох эмнэлгийн баримт байгаа. …Би бусдыг цохиж зодоогүй, би тухайн шөнө миний урд явж байсан 2 эмэгтэйгийн нэг эмэгтэйнх нь мөрөнд байсан цүнхийг нь булаасан түүнээс тэр хүний цүнхийг би дээрэмдэж аваагүй. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 60-61 х/

 

            Шүүгдэгч Л.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хохирогч гэх хоёр хүүхдийн нэгнийх нь цүнхийг булааж аваад зугтаасан минь үнэн. Би мод чулуу бариагүй, мод чулуу барьсан гэж гэрчүүд мэдүүлж байгаад гомдолтой байна. Хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Хохирогч охины ах нь байцаагч, хохирогчийн ахынх нь ятгалгаар дээрх хэрэг нь дээрмийн гэмт хэрэг болж байна. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч С.Жавзансэнгэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Архангай аймгийн Батцэнгэл сумаас хонхны баярын хувцас болон бусад зүйлээ бэлтгэх гээд 12 цагийн үед гараад орой 21 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд Драгоны зогсоол дээр буусан. Энэ үед манай эгч Хажидмаа нь намайг тосож аваад бид хоёр хамаатны хүүхдээ Залуус хороололд хүргэж өгчихөөд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-лаагийн 13-10б тоотод сршин суух хамаатны ах Ж.Отгонбаярынд очих гээд эгчтэйгээ цуг 22 цаг өнгөрч байх үед Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр буугаад дэлгүүр орчихоод цаашаа явган алхсан. Ингээд 23 цагийн үед бид хоёр Сонгиохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 13 дугаар гудамжаар ороод цааш алхаж байхад араас хүн явж байгаа хөлийн чимээ сонсогдсон, бид хоёр бага зэрэг хурдан хурдан алхах үед нөгеө хүн араас хурдан хурдан алхаад байх шиг байсан. Нөгөө хүн ард тулаад ирэх шиг болохоор нь хэн бэ гээд эргээд харсан чинь баруун гартаа атгасан гар шиг хэмжээтэй чулуу барьчихсан нэг эрэгтэй хүн чулуутай гараараа далайгаад манай эгч рүү дайрахад манай эгч цаашаа болсон чинь тэр хүн надруу нөгөө чулуугаа далайгаад дайрсан. Би цочирдоод арагшаа болох үед Хажидмаа эгч гар утасныхаа гэрлээ тусгах үед тэр хүн миний толгой хэсэг рүү цохих гэж байгааг нь би хараад би зүүн гараараа тэр хүний гарыг хаасан чинь тэр хүн миний баруун гарт байсан цүнхнээс татаад би бас өөрлүүгээ цүнхээ татсан тэр хүн миний баруун гарлуу гараараа цохичихоод миний цүнхийг аваад цаашаа гүйгээд явчихсан. Араас нь бид хоёр хашгираад бага зэрэг гүйсэн боловч гүйцээгүй. Эргээд ахын гэрт ойрхон байсан болохоор ахынд ороод Отгонбаяр ахыг эхнэртэй нь аваад бид хоёр дээрэмдүүлчихлээ гээд би ахын эхнэртэй урд гудамжаар нөгөө хүнийг хайсан манай ах эгч хоёр арын гудамжаар нөгөө хүнийг хайсан байх. Тэгээд хэрэг болсон газраа эргэж ирэхэд бид хоёрыг цохих гээд далайгаад байсан чулуу нь хэргийн газар байж байсан. Чулуунд бид нар гар хүрээгүй, цагдаа нар ирээд уг чулууг аваад явсан. Тэнд ирсэн цагдаа нар машиныхаа ард нэг хүн суулгачихсан энэ хүн мөн үү гэж асуухаар нь тэр хүнийг цонхоор нь хархад бид хоёр луу дайраад миний цүнхийг дээрэмдсэн хүн мөн байсан. …Бид хоёр дээрэмдүүлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-лаагийн 13 дугаар гудамжаар явж байхад саарал өнгийн машин дотор хоёр хүн яриад сууж байсан. ...Хэрэг болсны дараа бид нар цагдаагийн хэлтэс рүү явж байхад түрүүн хажуугаар гараад явсан саарал машин байсан газраа, хүмүүс нь дотор нь юм яриад сууж байсан. Тэр хүмүүсээс та нар бид хоёрыг хажуугаар чинь өнгөрхийг харсана уу, бид хоёрын араас хүн дагаж явсан уу гэж асуухад тэр хоёр хүн та хоёрыг хажуугаар гарахад чинь харсан, араас чинь нэг барьж явсан хүн явж байсан, би харвал танина цээж хэсгээрээ улаан хоёр ханцуй нь саарал куртиктэй хүн байсан гэж байсан. Бид нар цагдаагийн хэлтэс явах гэж байна та очоод хараад өгөөч гэхэд тэр хүн цагдаагийн хэлтэс дээр ирээд үүдэнд нь сууж байсан цээж хэсгээрээ улаан өнгийн хоёр ханцуй нь саарал өнгийн куртиктэй хүнийг хараад энэ хүн мөн байна гэж хэлээд явсан. Би миний цүнхтэй эд зүйлийг авч зугтаасан хүнийг харвал танина, цээж хэсгээрээ улаан хоёр ханцуй нь цайвар шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, бараан өнгийн пүүзтэй, шөвгөр эрүүтэй хацар нь цулцгар биш цаашаа жаахан хонхорхой дуу, нүдний дээд зовхины гадна хэсэг нь даруу, 160-170 см орчим өндөр, дунд зэргийн биетэй хүн байсан. Тухайн үед манай эгч утасны гэрлээ тусгачихсан явж байгаад над руу дайрах үед тэр хүн лүү гэрэл тусгасан учраас би сайн харсан мөн над руу ойртож ирсэн учраас би царай төрөхийг нь сайн санаж байна. …Бордуу өнгийн хуучин гар цүнх. Цүнхэн дотор 20.000 төгрөгтэй улаан өнгийн эмэгтэй хүний хэтэвч улаан өнгийн цахилгаантай малгайтай цамц, уг цамцны баруун талын халаасанд 500.000 төгрөг хийгээд боочихсон байсан. Цэнхэр өнгийн даавуун өмд, цагаан өнгийн дал майк, тэмдэглэлиин дэвтэр, гар утасны селфи гар, гар утасны цэнэглэгч, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйл байсан. Би гар цүнх 20.000 төгрөгөөр, хувцаснуудаа нийтэд нь 45.000 төгрөгөөр утасны цэнэглэгчээ 10.000 төгрөгөөр, гоо сайхны хэрэгслээ 30.000 төгрөгөөр үнэлнэ. …Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болохоор би эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний цүнхтэй мөнгө болон бусад эд зүйлийг авч зугтаасан хүн 600,000 төгрөг өгсөн учраас надад бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 х/

 

Хохирогч С.Жавзансэнгэ-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумаас 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хонхны баяр болох байсан учир мөнгөтэй хотод ирсэн. 21 цагийн үед эгч намайг тосож авсан. Би хамаатны хүүхэдтэй цуг Архангайгаас ирсэн. Тэгээд эгчтэйгээ цуг хамаатны хүүхдийг ахындаа оруулж өгчхөөд явж байсан. Тэгээд Монлаагийн гудамж руу явж байгаад “Ханхөхий” гэх дэлгүүрээс ундаа аваад харанхуй байсан болохоор гар утасны гар чийдэнг тусгаад явж байсан. Булангийн үзүүрт машинтай хүн байсан машиныхаа гэрлийг бид хоёр луу тусгасан. Монлаагийн 12 дугаар гудамжинд явж байхад араас нэг хүн дагаад байсан. Тэгээд бид хоёр зогсоод эргээд хартал нэг хүн чулуу барьсан байсан. Хэн бэ гэж асуухад гарт барьж байсан чулуугаа далайсан эгч арагшаа ухарсан. Тэгээд эгч утасныхаа гэрлээ тусгахад шүүгдэгч миний толгой руу цохих гэхэд нь би гараараа хаасан. Баруун гарт цүнх байсан эгч ирэхэд шүүгдэгч миний цүнх барьж байсан баруун гар луу цохиод цүнх аваад зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан 15-20 минутын дараа цагдаа нар ирсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч С.Хажидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн дүү Жавзансэнгэ Архангай аймгийн Батцэнгэл сумаас хонхны баярын хувцас болон бусад зүйлс бэлтгэх зорилгоор Улаанбаатар хотод Драгон дээр ирсэн. Би дүүгээ тосч аваад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 13-106 тоотод байрлах ахынхаа гэрт очих гээд 23 цагийн үед бид хоёр Мон-Лаагийн 13 дугаар гудамжаар явж байтал араас нэг хүн явж байх шиг байсан. Би утасныхаа гэрлийг тусгаад явж байтал хөлийнх нь чимээ хурдсаад ирэхээр нь бид хоёр эргэж хараад гэрлээ тэр хүн лүү тусгахад бид хоёрт ойртоод ирчихсэн баруун гартаа чулуу баричихсан нэг эрэгтэй хүн надруу эхлээд чулуу барьсан гараараа далайхаар нь хойшлоод зугтсан тэр үед манай дүүгийн цүнхнээс нь баричихсан юм шиг байна лээ, би эргээд харахад дүүгийн баруун гарт байсан бор ногоон өнгийн гар цүнхний хоёр талаас тэр хоёр татчихсан гэрэл тусгаад харахад манай дүүг чулуутай гараараа цохих гээд далайчихсан байсан. Энэ үед Жавзансэнгэ чулуутай гарлуу нь гараараа цохисон. Би ойртоод очих гэхэд над руу уг чулуугаа шидсэн, шидсэн чулуу нь миний яг ард унасан. Жавзансэнгийн цүнхтэй гарлуу нь гараараа цохиод цүнхийг нь аваад цаашаа зугтаасан. Бид хоёр нэг айлын хашааны дайтай газар араас нь гүйгээд буцаад ахынх руу орсон. Ах, эгч хоёр хувцасаа өмсөөд гэрээс гарах үед би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ах бид хоёр арын гудамжаар орж харсан боловч ямар нэгэн хүн байгаагүй. Ахад би бид хоёрыг чулуугаар цохих гэсэн гэхэд ах Отгонбаяр тэгвэл тэр чулуун дээр чинь очьё гээд бид нар чулуу шидсэн газраа очиход атгасан гар шиг хэмжээтэй чулуу нь байж байсан. …Би тэр залуугийн өмсөж байсан цээж хэсгээрээ улаан өнгийн оруулгатай, цагаан саарал өнгийн ханцуйтай куртик, хар өнгийн саравчтай малгай болон нүүрний хэлбэр төрөхөөр нь танисан. …Би утасны гэрэлд тэр залуугийн баруун гартаа барьчихсан байсан чулууг харсан. Хүний атгасан гар шиг хэмжээтэй том чулуу байсан учраас би сайн мэдээд байгаа юм. Уг чулуу унасан газрыг нь би мэдэж байсан болохоор эргэж ирээд машины гэрэл тусгаад харахад түрүүний чулуу шидээд унасан газар нь тэр том чулуунаас өөр чулуу байгаагүй. …Бид хоёрыг дээрэмдүүлж байх үед ойр орчимд хүн байгаагүй харин бид өөрийхөө гудамж руу орох гээд явж байхад нэг хашааны үүдэнд саарал өнгийн машин дотор 2 эрэгтэй хүн байсан. …Ах бид хоёр уг хоёр хүнээс 30-40 минутын өмнө бид хоёр энүүгээр явсан, бид хоёрын араас хүн явж харагдсана уу гэж асуухад түрүүн та хоёрыг яваад өнгөрхийг харсан, араас чинь цээж хэсгээрээ улаан өнгийн хоёр ханцуй нь шаргал өнгийн куртиктэй нэг залуу гартаа чулуу баричихсан та хоёрын араас явж байсан гэсэн. …Би гэртээ хариагүй тосоод л цуг явж байсан болохоор цүнхэнд нь юу байсныг мэдэхгүй, манай дүү хэлэхдээ 520.000 төгрөг, мөн хувцаснууд болон сайхны, утас цэнэглэгч, селфины гар зэрэг эд зүйл байсан гэсэн. …Бид хоёрт ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Чулуугаар бид хоёрыг цохих гэсэн боловч цохиж чадаагүй, гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

 

Гэрч Н.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын сүүлээр орой 22:20-23:40 минутын орчим хүүгийн машинд гадаа гудамжинд ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад сууж байсан. 23 цаг өнгөрч байхад зүүн талаасаа баруун зүг рүү 2 эмэгтэй хүн бид хоёрын хажуугаар яваад өнгөрсөн, тэр хоёрын араас ойрхон 1 гартаа атга дүүрэн чулуу барисан 25-30 орчим насны залуу явсан. Хүү бид хоёр гартаа чулуу баричихсан хүн явж байна гэж яриад л өнгөрсөн. Тэр залуу цээж хэсгээрээ улаан өнгийн хоёр ханцуй нь саарал өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй байсан. …Удалгүй бид хоёрын хажуугаар өнгөрсөн хоёр эмэгтэйн нэг эрэгтэй хүний хамт ирээд бид хоёрын араас ямар нэгэн хүн явсан уу гэж асуухаар нь бид хоёр чулуу бариад явж байсан хүнийг хэлэхэд та нар цагдаагийн газар очоод мэдүүлэг өгөөд цагдаа нарын барисан байгаа хүнийг мөн байна уу хараад өгөөч гэхээр нь би өөрөө гэртээ үлдээд хүүгээ цагдаагийн газар луу явуулсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

Гэрч Н.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой би өөрийн аав Нацагдоржийн хамт хашааны үүдэнд машин дотроо суугаад юм яриад байж байхад бид хоёрын хажуугаар 2 эмэгтэй гарсан. Араас нь 10 орчим метр зайтай баруун гартаа атга дүүрэн чулуу баричихсан явсан. Тэр залуу дээгүүрээ саарал ханцуйтай, цээж хэсгээрээ улаан өнгийн куртиктэй, хар саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, 25-30 насны 165-168 орчим өндөртэй бордуу царайтай залуу байсан, бага зэрэг согтуу байх шиг байсан. …Би цагдаагийн хэлтэс дээр ирэхэд түрүүний чулуу бариад явж байсан залуу согтуу цагдаагийн үүдний сандал дээр унтаж байсан.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 х/

 

            Биеэр сэжигтэн этгээдийг  таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл: “…гэрч С.Хажидмаа зурагнуудыг захаас нь сайтар ажиглаж байгаад хамгийн захад байрлуулсан “гэрэл зураг 2” гэсэн дугаарын доор нааж байрлуулсан Лхагваагийн Золжаргалын гэрэл зургийг энэ хүн дүү бид хоёрыг явж байхад араас чулуу барисан гараар далайлгаж айлгаж байгаад цүнх дээрэмдсэн хүн мөн байна.

…Надад таньж олуулахаар зогсоосон хүмүүсийг би харлаа. Миний гар цүнх 520,000 төгрөг бусад эд зүйлийг дээрэмдсэн хүн энэ хүмүүсийн дунд 2 гэсэн дугаар бариад зогсож байгаа хүн мөн байна гэв. …” /хх-ийн 63-64 х/,

 

Гэрч Ц.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Л.Золжаргалыг танина, миний хамтран амьдрагч. Бид ямар нэгэн албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. …Би Золжаргалаас хүүхэдтэй болоод бид хоёр жилийн дараа охинтой болсон. …Золжаргал 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 1 ах 1 эгч 4 дүүтэй, ээж аав нь манай хашаанд гэрт амьдардаг. Олон жил ял шийтгэл эдлэж хорих ангиар явсан юм билээ би ямар зүйл ангиар хэзээ хаана хаана хоригдож байсан талаар мэдэхгүй. Хамгийн сүүлд 415 дугаар ангид ял эдлэж байсан. Золжаргал архи угаагүй үедээ төлөв даруу ажилсаг байдаг, харин архи уусан үедээ сэтгэл санаа нь тогтворгүй ааш нь өөр болоод жаахан ширүүн болчихдог намайг зодож цохисон удаа байхгүй. …2016 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Золжаргал 08 цаг гээд гэрээсээ ажил руугаа явлаа гээд хар хөх өнгийн саравчтай малгайтай, малгайны саравчны дээд хэсэгт А гэсэн бичигтэй, хар хилэн өмдтэй, цээжин хэсгээрээ улаан өнгийн, хоёр ханцуй нь шаргал өнгийн ханцуйтай куртиктэй ногоон алаг өнгийн пүүзтэй явсан. Энгийн өдрүүдэд 19 цагийн үед гэртэй ирчихдэг юм гэтэл тэр өдөр 22 цагийн үед над руу залгаж ярихдаа би ажлынхантайгаа архи ууж байна гэж ярисан. …Золжаргал тэр шөнө ирж гэртээ хоноогүй, маргааш өглөө нь над руу Золжаргал өөрийнхөө утаснаас залгаад би эрүүлжүүлэхэд хоночихжээ Баянхошууны шинэ эцсийн цагдаагийн хэлтэс дээр намайг авч очно гэнээ би согтуу санахгүй байна гэж ярисан. Тэгхээр нь би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирэхэд Золжаргал үүдний өрөөнд нь байсан тэгээд жижүүр нь Золжаргалыг дуудаж ирээд юу болсон талаар асуухад үүдэнд сууж байсан хоёр охин босож ирээд Золжаргал руу хандаж нэг жижиг охин нь та намайг дээрэмдээ биз дээ гэхээр нь би юу болсон талаар ойлгосон. Би тэр хоёр охинтой гараад уулзахад тэр хоёр охины нэг нь танай нөхөр чинь миний цүнх болон цүнхэнд байсан 520,000 төгрөгийг дээрэмдсэн, бидний хохирлыг барагдуулчих юм бол заавал цагдаагаар яваад байх шаардлага байхгүй гэж хэлсэн. …Золжаргал өөрөө би юу болсныг мэдэхгүй, санахгүй байна гээд бид нарт юу ч хэлээгүй. Золжаргал би яах вэ, энэ хоёр охиныг гомдолгүй болгочих юм бол болох гээд байна хаанаас мөнгө олох вэ гээд байхаар нь би “Зар мэдээ” сонин дээрээс харж байсан чинь хашаа байшин барьцаалж зээл олгоно гэсэн зар байхаар нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 88154545 дугаар луу залгаж хашаагаа барьцаанд тавих гэсэн юм гэхэд Саппорогийн хойд талын автобусны буудлын хажууд “Tse” нэртэй олон давхар саарал байшингийн 7 давхарт 702 тоотод хүрээд ир гэхээр нь би нөхөртэйгөө очоод хашааны газрын гэрчилгээ харуулаад мөн газраа очиж харуулсан тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг аваад 600.000 төгрөгийг нь бэлнээр хохирогч гээд байсан 2 охинд өгсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр тэр охин болон тэдний ах нарын хамт Золжаргал бид хоёр ирээд би эмнэлэг орж бие засчихаад цагдаагийн хэлтсийн үүдэнд буцаад ирж байхад Золжаргал ухаан жолоогүй хүүе гэхийн завдалгүй миний хажуугаар гүйчихсэн, би араас нь хүүе хаачих нь вэ Золоо зогсооч гэсэн чинь цаашаа гүйгээд явчихсан. Би араас нь гүйгээд гэртээ ирсэн байх гээд ирэхэд Золжаргал ирээгүй байсан. …2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө би Золжаргалын дүү Урангоотой яриад яаж Золжаргалыг олох вэ гээд яриад гараад явж байхад Золжаргал надруу залгаад би нисэхийн эцэс дээр байна надад өмд аваад ир гэхээр нь би өмд аваад нисэхийн эцэс дээр буугаад утсаар ярьж байгаад цагаан худагны тэнд очиж Золжаргалтай уулзаж байх үед цагдаа нар ирээд Золжаргалыг барьж авсан. Золжаргал архи уусан үедээ ааш зан нь өөр болчихдог болохоор би хувьдаа айж байна бид нарыг цагдаад бариад өгчихлөө гээд намайг яах ч юм билээ би эмээж байна. Хохирогч гээд байсан хоёр охины бага нь хонхны баярын юм цуглуулах гээд явж байгаад мөнгөө алдчихлаа гэж байсан мен Золжаргал энэ мөнгийг нь төлөхгүй бол би хэрэгт орно гээд байхаар нь би хашааны газраа барьцаанд тавиад тэр хүүхдийн мөнгийг төлсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 х/

 

Гэрч Р.Хүрэл-Энхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Сайнбаяр, Бадамгарав эгч нарын хамт ноолуур тушаах гээд Архангай аймгийн Батцэнгэл сум орж ноолуураа тушаасан. Сайнбаяр 9.7 кг ноолуур тушаагаад 630,000 төгрөг болсон, Сайнбаярын охин Жавзансэнгэ нь Батцэнгэл суманд сурдаг учир охин дээрээ очоод хонхны баярын юмаа Улаанбаатар хотод очиж бэлд гээд 530,000 төгрөг Жавзансэнгэдээ тоолж өгсөн. Өөрөө 100,000 төгрөгтэй үлдсэн. Охин нь 2 хоногийн дараа хотруу явсан. Улаанбаатар хотод ирээд Жавзансэнгэ цүнхтэй мөнгө болон бусад эд зүйлээ хүнд алдсан л гэж ярисан би тухайн хэргийн талаар мэдэхгүй. …Би Жавзансэнгэтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой 20 цагаас 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг хүртэл цагдаагийн ахлагч Т.Эрдэнэчулууны хамт Ачит 116 машинт эргүүлийн чиглэлд 7, 9, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01:30 минутын үед Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-лаагийн 12 дугаар гудамжинд цүнхтэй 500,000 төгрөг, гоо сайхны хэрэгслээ дээрэмдүүлчихлээ, дээрэмдсэн хүн нь улаан алаг куртиктэй туранхайвтар залуу зугтаачихлаа гэж дуудлага мэдээлэл ирсний дагуу Мон-лаагийн тухайн гудамжны ойролцоо эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байхад Мон-лаагийн 10 дугаар гудамжны орчим улаан алаг куртиктэй залуу явж байхад нь зогсоож шалгахад согтуу байсан тэгээд хаа хүрэх гэж байгаа юм бэ гэхэд Хилчин хотхоны тэнд манай ажлын ах байдаг юм тэр ахтай хамт архи уучихаад харих гээд явж байна манайх Зээлд байдаг юм гэсэн. Тэгэхээр нь машиндаа суулгаад хэрэг болсон гэх газар очиход хохирогч гээд 2 эмэгтэй байсан дараа нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн цаанаас ирж байсан тэгээд хохирогч нараас юу болсон талаар асуухад цүнхтэй мөнгөө гоо сайханы эд зүйлийн хамт дээрэмдүүлсэн гэсэн, та дээрэмдсэн хүнээ таних уу гэхэд Жавзансэнгэ нь би харвал танина гэхээр нь машинд суулгасан улаан алаг куртиктэй залууг харуулахад хаалганы гаднаас харчихаад яг мөн байна энэ залуу миний цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэн гэхэд миний машинд сууж байсан залуу юу яриад байгаа юм бэ гэж байсан. …Хэрэг болсон газрыг Жавзансэнгээр заалгахад тухайн газар байсан 1 ширхэг том атгасан гарын чинээ хэмжээтэй чулууг Жавзансэнгэ зааж уг чулууг эд мөрийн баримтаар гялгар уутанд хийлгэж хурааж авсан. Тэгээд улаан алаг куртиктэй Золжаргал гэх залууг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирж жижүүрт хүлээлгэн өгсөн. Дараа нь түр саатуулах байранд хүргэж өгсөн. …Золжаргалын биед үзлэг хийсэн ямар ч гэсэн их хэмжээний мөнгө болон гоо сайхны хэрэгсэл биеэс нь гараагүй би ямар ямар эд зүйл байсан талаар одоо санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

 

Гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  манай Золжаргалын эхнэр Баасанжав манай хүргэний 86257535 гэсэн дугаар луу залгаж Золжаргал хэрэгт холбогдчихсон байна гэж хэлсэн. Ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна. …Манай хүү Золжаргал нь 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд терсөн. Бага насандаа миний гар дээр өссөн, цэцэрлэг, сургуульд сураагүй. Өөрөө уншиж бичиж л сурсан байх, гэхдээ бичиг үсгэнд муу. Золжаргал хүүхэд байхаасаа дөлгөөхөн гайгүй байсан. Хүнд тусархуу зантай. Улсад ямар нэгэн ажил хийж байгаагүй, улсаас ямар нэгэн гавьяа шагнал авч байгаагүй. Ингээд 17 наснаасаа хойш шилжилтийн насан дээрээ жаахан хэрэгт холбогдоод асуудал үүсгэх болсон. Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх хуулиар суллагдаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 38-14 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдрах болсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 х/,

Өргөдөл /хх-ийн 4 х/

С.Жавзансэнгэ-н бичгээр гаргасан хүсэлт, тайлбар /хх-ийн 5, 6 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14 х/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70 х/

2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-134 х/

2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-78 х/

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-80 х/

2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1-67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-89 х/

2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 х/ гэх зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Золжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа этгээдийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгох бөгөөд илрэх хэлбэр нь идэвхтэй үйлдэл байдаг. Энэхүү үйлдэл нь үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болдог. Л.Золжаргалын зүгээс үгээр айлган сүрдүүлсэн үйлдэл хийсэн талаар хэрэгт авагдсан, нотлож тогтоосон баримт байхгүй.

Довтолсон гэдэг бол бусдын эд хөрөнгийг авахаар илээр болон гэнэдүүлэн хүч хэрэглэн халдсан байдаг бөгөөд дээрх довтолгоон бодитойгоор хийгдсэн гэж үзэх нь эргэлзээтэй. Амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж, ялласан боловч хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж хохирогчийн бие махбодид бодитой хор уршиг учруулаагүй.

Хохирогч нарын мэдүүлгээр гартаа чулуу барин довтолсон, мөн хэргийн газраас чулуу олдсон, гэрч нарын мэдүүлгээр “гартаа атга дүүрэн чулуу барисан явсан” гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бөгөөд чулуу барьж явсан гэдгээр нь түүний үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэх нь хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хийсэн үйлдэлтэй тохирохгүй байна гэж шүүх үзсэн. Учир нь гэрч Н.Нацагдорж, Н.Ганболд нар “гартаа атга дүүрэн чулуу барисан явж харагдсан” гэх мэдүүлгийг өгдөг боловч яг хэрэг болсон нөхцөл байдал, уг чулууг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх талаар тэдгээр гэрчүүдэд харсан зүйл байхгүй, хохирогч С.Жавзансэнгэ рүү чулуу барин довтолсон гэх байдал хөндлөнгийн нотлох баримтуудаар бүрэн гүйцэд нотлогдоогүй. Хэргийн газраас шүүгдэгчийн “барьж явсан гэх чулуу” олдсон, эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг боловч эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...түүнтэй адил том чулуунууд олон байгаагүй тул түр хураан авав. …” гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй, олон гэдэг ойлголтын /олон байгаагүй гэж/ утгыг алдагдуулж тэмдэглэл үйлдсэн, дээрх тэмдэглэлээс үзэхэд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх чулууг хурааж ирүүлсэн эсэх нь эргэлзээтэй.

Хохирогч С.Жавзансэнгэ 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр анх өгсөн мэдүүлэгтээ “...би гараараа хаах үед чулуугаа газар хаяад миний барьж явсан цүнхийг булаагаад зугтаасан, араас нь гүйгээд гүйцээгүй...” гэж, дараагийн мэдүүлгүүдэд “...эгч рүү чулуугаар шидсэн ... араас нь хөөгөөд гүйцээгүй ...” гэх байдлаар зөрүүтэй мэдүүлдэг эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

Мөн хохирогчоор тогтоож байцаалт өгсөн  С.Хажидмаагийн “... Бид хоёр нэг айлын хашааны дайтай газар араас нь гүйгээд буцаад ахынх руу орсон ...”,

Хохирогч С.Жавзансэнгэ-н “... тэр хүн миний баруун гар луу гараараа цохичихоод миний цүнхийг аваад цаашаа гүйгээд явчихсан. Араас нь бид хоёр хашгираад бага зэрэг гүйсэн боловч гүйцээгүй ...”, шүүгдэгч Л.Золжаргалын “...Мон-Лаагийн тийшээ ганцаараа явж байсан чинь миний урд 2 эмэгтэй хүн явж байсан. Би тэр хоёр эмэгтэйгийн нэг эмэгтэйнх нь баруун талын мөрөнд байсан бараан өнгийн цүнхийг булаагаад аваад зугтаасан ...” гэх тайлбаруудаас үзэхэд хохирогчийн мөрөнд байсан цүнхийг аваад шууд зугтаасан, тэдгээрийн бие махбодид халдаж хохирол учруулаагүй, хохирогч нар эд зүйлээ авах гэж араас нь хөөсөн болох нь тогтоогдсон тул Л.Золжаргалын дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Иймд Л.Золжаргалд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон хөнгөрүүлэн зүйлчлэв.

Шүүгдэгч Л.Золжаргал нь урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж уг ялын үлдсэн хугацаа 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан учраас дээрх хэргийн ялтай байдал тоологдож байгаа түүний ялтай байдлыг өршөөлийн хуульд давхар хамруулах боломжгүй тул булаалтын гэмт хэргийг давтан үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн.

 

Шүүгдэгч Л.Золжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Монлаагийн 12 дугаар гудамжинд хохирогч С.Жавзансэнгэ-н 520,000 төгрөг болон бусад эд зүйлс бүхий цүнхийг булаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Л.Золжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн: “… Би гудамж уруудаад Мон-Лаагийн тийшээ ганцаараа явж байсан чинь миний урд 2 эмэгтэй хүн явж байсан. Би тэр хоёр эмэгтэйгийн нэг эмэгтэйнх нь баруун талын мөрөнд байсан бараан өнгийн цүнхийг булаагаад аваад зугтаасан. Эргээд зугтаж байх үед миний өмнөөс хэдэн хүн гараад ирэхээр нь уг цүнхийг хашаа давуулаад шидчихсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 60-61 х/,

 

Хохирогч С.Жавзансэнгэ-н: “… Би цочирдоод арагшаа болох үед Хажидмаа эгч гар утасныхаа гэрлээ тусгасан тэр хүн миний толгой хэсэг рүү цохих гэж байгааг нь би хараад би зүүн гараараа тэр хүний гарыг хаасан чинь тэр хүн миний баруун гарт байсан цүнхнээс татаад би бас өөрлүүгээ цүнхээ татахад тэр хүн миний баруун гарлуу гараараа цохичихоод цүнхийг аваад цаашаа гүйгээд явчихсан. Араас нь бид хоёр хашгираад бага зэрэг гүйсэн боловч гүйцээгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 х/,

 

Гэрч Н.Ганболд /хх-ийн 37-38 х/, Ц.Баасанжав /хх-ийн 23-25 х/, Р.Хүрэл-Энх /хх-ийн 28 х/, Л.Лхагвасүрэн /хх-ийн 31-32 х/, Ц.Цэцэгмаа /хх-ийн 33-34 х/ нарын мэдүүлэг, Сэжигтэн этгээдийг  таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 63-64 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Хохирогч С.Жавзансэнгэ нь цүнхэн дотор 20,000 төгрөгтэй улаан өнгийн эмэгтэй хүний хэтэвч, 500,000 төгрөг, гар цүнх 20,000 төгрөгөөр, хувцаснуудаа нийтэд нь 45,000 төгрөгөөр утасны цэнэглэгчээ 10,000 төгрөгөөр, гоо сайхны хэрэгслээ 30,000 төгрөгөөр нийт 625,000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч шүүгдэгч Л.Золжаргалын зүгээс 600,000 төгрөгийг төлсөн, хохирогч хохиролд 600,000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Л.Золжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хохирогч гэж ямар хүн байдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Хажидмаа гэх хохирогч нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн ямар хохирол хүлээсэн нь тодорхой бус байна. Хажидмааг ямар байдлаар хохирсон талаар нэг ч асуусан асуулт хавтаст хэрэгт байхгүй мөртлөө хохирогчоор байцаасан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл байна. Хохирогч Жавзансэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хажидмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь илт зөрүүтэй байна. Хохирогч нь эх сурвалжаа зааж чадахгүй байна. Гудамжинд шөнийн 23 цагт гартаа чулуу барьсан байсныг яаж хараад байгааг ойлгохгүй байна. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Хажидмаагаас дахин байцаалт авах хүсэлттэй байна. Хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах боломжтой болно гэснийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Үүнд:

С.Хажидмаад дээрэм болон булаалтын гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол хүлээсэн зүйл байхгүй тул түүнийг уг гэмт хэргийн хохирогч гэж үзсэн нь хууль зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Гартаа чулуу барьж явсан эсэхийг туршилтаар тогтоолгох, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах асуудлуудын хувьд шүүхээс шүүгдэгч Л.Золжаргалыг гэмт хэрэг үйлдэхдээ чулуу ашигласан гэх байдал нь хөдөлбөргүй тогтоогдоогүй эргэлзээтэй гэдэг үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн учраас дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзсэн.

 

Л.Золжаргал энэ удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж байгаа хэдий ч удаа дараа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдэлж байсан, өмнөх хэргийн ялтай байдал дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмд ял эдлүүлэх нь хуульд нийцэж байгаа болно.

 

Л.Золжаргал гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдлуудад тус тус  тооцсон болно.

 

            Шүүгдэгч Л.Золжаргалын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, нийт 119 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Золжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Хишигт овогт Лхагваа-н Золжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар Л.Золжаргалыг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Л.Золжаргалд оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Л.Золжаргалын цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Л.Золжаргалын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 600,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Золжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

 

                                              ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                           Г.МӨНХЗУЛ