Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0323

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 14 өдөр            Дугаар 128/ШШ2020/0323                Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б,

Хариуцагч: УБ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагаас олгосон 197 дугаар гэрлэлтийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд оролцож байгаа та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр би нэхэмжлэгч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

Нэхэмжлэлийн агуулгыг тунилцуулъя. Нэхэмжлэгч Б нь 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Атай танилцаж гэр бүл болж амьдарч байгаад 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Найрамдлын районд гэрлэлтээ батлуулсан. Энэ 2 гэрлэгчдийн онцлог нь хоёулаа эмч мэргэжилтэй хүмүүс байсан учир эмнэлэг байгуулсан. Тухайн эмнэлэгтээ н******* ******* гэдэг нэр өгч ард иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ирсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хоёрын хамтын амьдрал үргэлжилж байгаад 2017 онд нөхөр А нь хүнд өвчний улмаас нас барсан. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад хандан, хүсэлтээ гаргаад, шийдвэрлүүлэх явцад 1988 онд гэрлэлтээ баталгаажуулсан гэрлэлтийг тухайн үеийн бүртгэлийн байгууллагаас албан ёсоор улсын бүртгэлд бүртгээгүй байсан тухай олж мэдсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүднээс удаа дараа Иргэний хэргийн шүүхэд өв залгамжлалтай холбоотой хандсан боловч Захиргааны хэргийн шүүхэд хандаж бүртгэлээ нэг мөр болгосны дараа өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж 2 удаа шүүгчийн захирамж гарч буцаасан байдаг.

Иймд Б нь УБ энэ тухай албан ёсны тайлбар, хүсэлт тавихад таны бүртгэлд өөр хүний бүртгэл бүртгэгдсэн байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн албан тоот хариу мэдэгдэл хүргүүлсээр байсан тул нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах үүднээс З.А*******ын өөрийн эзэмшилд ашиглаж байсан эд хөрөнгийг өөрийн охин хүүхдэдээ өвлүүлэх, залгамжлуулах шаардлагын үүднээс Улсын бүртгэл 198******* дугаартай гэрлэлтийг гэрчилгээг бүртгүүлэх, УБ нэгэнт бүртгэж авахаас татгалзсан тул 197 дугаар бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэлийн даалгах шаардлагыг гаргасан. Яагаад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон бэ гэхээ 2 удаа УБт хандаж өргөдөл, гомдол гаргасан боловч дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна өнөөдөр өв залгамжлалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа тул Улсын бүртгэлийн газар 1988 оны 197 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг бүртгэх нь зүйтэй гэсэн нэхэмжлэлийн даалгах шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар дамжуулан гаргасан.

Энэ үйл ажиллагаатай холбоотой асуудал нь Монгол улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсгүүдэд зааснаар өөрсдөө бүртгээд уг иргэний ашиг сонирхлыг зөрчихгүй байх боломж хууль журмын дагуу байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ нь Бүгд найрамдах ард улсын Н*******ын районоос тамга тэмдгээр баталгаажсан, хууль ёсны гэрлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар тэр хоёрын дундаас төрсөн охины хувьд эцгийнхээ эд хөрөнгийг өв залгамжилж авах. Үүнтэй холбоотой  иргэний хуульд заасан эцэг эхийнхээ амьд ахуйн насандаа өмчилж байсан эд хөрөнгийг өөрийн болгох, өөрийн болгосноор захиран зарцуулах эрх үүсгэх хууль ёсны эрх ашиг хангагдана. Яагаад ингэж үзэж байна гэхээр өмнөх өмгөөлөгч нар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2 удаа хандсан. Хоёуланд нь буцаагдсан. Яагаад буцаасан учир нь улсын бүртгэлд бэртэгдээгүй учир өв залгамжлалын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Иймд арга барсандаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан..” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д байна. А болон Б гэж хоёр хүний гэрлэсэн бүртгэл байгаа гэдэг. 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Найрамдлын районд 197 тоот бүртгэлийг шалгахад өөр иргэдийн бүртгэл байгаа. Тухайн А болон Б гэж хоёр хүний тус бүрийн хувийн баримтыг шалгахад 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн регистрийн дугаар олголтын баримт байгаа. Үүнд  А  нь 1960 онд гэрлэсэн гэрлэлтийн дугаар 13 гэж байдаг. Энэ нь З.А*******ын өмнөх гэрлэлтийн талаар юм. Өөр бусад баримтад Бтай гэрлэсэн талаар ямар ч тэмдэглэгээ байхгүй.

Бын өөрийн хувийн хэрэгт байгаа баримтад бас өмнөх гэрлэлтийн талаар тэмдэглэсэн. 1988 оны регистрийн дугаар олголтын баримтад Атай гэрлэсэн гэрлэлтийн тэмдэглэгээ хийлгээгүй. 1988 оны 4 сарын 25-ны өдөр хийгдсэн бүртгэлд хэрвээ гэрлэсэн бүртгэл хийгдсэн бол 1988 оны 03 дугаар сар хүртэлхийг тэмдэглүүлэх боломжтой. Цэнхэр өнгөтэй хуучин иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Б бас өмнөх гэрлэлтээ тэмдэглүүлсэн. Ч. Б******* нь 1967 онд С.Б******* гэдэг иргэнтэй гэрлэсэн бүртгэл байгаа. Энэ гэрлэлтээ 2004 оны 12 дугаар сарын 29-ны өдөр цуцлуулсан. Тэр хүртэл энэ гэрлэлт хүчинтэй байсан. Хэрэв энэ гэрлэлт хүчинтэй байсан тохиолдолд дараагийн гэрлэлтийг батлуулах боломжгүй. Энэ 2004 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн гэрлэлт цуцлалт нь С.Б*******г нас барсныг үндэслэж хийгдсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс “талийгаач нөхөр Атай 1983 онд танилцаж, 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг гэрчилж, 197 дугаар гэрлэлтийн гэрчилгээг олгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Улаанбаатар хотын Н*******ын районы гэрлэснийг бүртгэх дэвтрийн /1988 оны/ 197 дугаарт Б.Г*******, Д.Т******* нарыг бүртгэсэн байх бөгөөд мөн гэрлэлтийг бүртгэх анкет 197 дугаарт дээрх иргэдийн гэрлэлтийг 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэжээ.

Харин нэхэмжлэгч нь С.Б*******тай 1967 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг гэрлэлтийг бүртгэх анкет 480 дугаарт тэмдэглэж, дээрх гэрлэлт 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.Б******* нь барсан шалтгаанаар дуусгавар болсныг 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн анкетад тэмдэглэгджээ.

Мөн 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн паспорт /улаан/ олголтын бүртгэлийн хавсралтад С.Б*******тай 1967 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг тэмдэглэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн 1967 оны гэрлэлт 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байжээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” хэлнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчид 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон хэдий ч тухайн гэрлэснийг бүртгэх дэвтэр болон гэрлэлтийг бүртгэх анкетад өөр иргэд бүртгэлтэй, өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр байсан  зэргээс дүгнэхэд дээрх гэрлэлтийн гэрчилгээг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Б.Н*******ын нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын даргад холбогдох Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ