Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 2022         04            06                                     2022/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Х-т холбогдох эрүүгийн 2225000000139 дугаартай хэргийг 2022 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, М.Х

Шүүгдэгч М.Х нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр “Орхон Молл” худалдааны төвийн 1 давхарт тус төвийн хамгаалагч ажилтай Н.Б-гийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед нэг шүдний титэм хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Н.Б-гийн “...Би 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Орхон Молл” худалдааны төвд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн, 22 цаг 30 минутын үед шил хагарах чимээ гарсан. Тэгтэл нэг давхрын эмийн сангийн хажуу талын шилэн хаалгыг нэг согтуу залуу хагалчихсан, тэр залуу хагарсан хэсгээр гадаа гарахаар нь би араас нь очиж шаардлага тавихад эсэргүүцээд надтай барьцалдаж авсан, захирал Мөнх-Эрдэнэ ирсэн бөгөөд тэр залуутай бас барьцалдаж авахаар нь би салгасан. Тэгээд дотогшоо орсон бөгөөд тэр залуу лифтээр дээш гарч “баар луу орж юмаа авна” гэхээр нь би “явуулахгүй” гээд хориглоход миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон, миний баруун талын дээд араа хугарсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 10-11 дэх тал/,

“...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээнд гарсан 50.000 төгрөгийг Хосбаяр барагдуулсан, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 13 дахь тал/,

гэрч М.Ч “...2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн барагцаагаар 14 цагаас хойш тэр залуу манай байгууллагын хоолны газар, караоке, лоунж зэргээр үйлчлүүлсэн. Тэгээд 22 цагийн үед тооцоо хийх үедээ “танайх валютаар үйлчилдэг үү” гэсэн “үйлчлэхгүй ээ, төгрөгөөр тооцоо хийнэ” гэтэл өөрийн гар утас болон биедээ байсан эд зүйлээ бид нар луу шидээд агсарсан, манай эмэгтэй зөөгчийг цохиж авах гээд байхаар нь бармен Чингүүн салгасан. Тэгээд тэр залууг Чингүүн, Даваа нар доошоо буулгах гээд лифтэнд суулгасан, удалгүй захирал Ундраа над руу залгаж “доор зодоон болоод байна” гэхээр нь би Даваа, Чингүүн нарын хамт буухад хоёр давхрын лифтний урд нөгөө залуу хамгаалагч Жавхааг заамдчихсан байсан. Тухайн үед Жавхаагийн амнаас цус гарчихсан, тэр залуугийн гар нь бас цус болчихсон байсан. Ингээд Даваа, Чингүүн нар нь тухайн залууг цагдаа иртэл хананд шахаж байлгасан, тэгэхгүй бол тэр залуу ийш тийшээ үсчээд байсан, тэр залуу манай байгууллагын В1 давхрын баруун талын гарах хаалганы шилийг хагалсан, гарах гадна талын хаалганы нугасыг эвдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

“...одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

М.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “....Би 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед ганцаараа “Орхон молл” худалдааны төвийн 5 давхрын “Гранд роял” караоке орж үйлчлүүлсэн. “Орхон молл”-ын захирал гэх залуу хүрч ирээд намайг “тооцоогоо хийж чадахгүй, арчаагүй юм байж яах гэж үйлчлүүлсэн юм бэ” гэсэн. Би тэгэхээр нь “гадаад валютаар тооцоо хийдэг болчих” гэсэн, би уурандаа нэг давхар луу бууж гарах гэтэл цоожтой байсан ба шилэн хаалгыг хөлөөрөө жийж, гараараа цохиж хагалсан. Гадаа гарахад над руу хамгаалагч болон бас нэг залуу дайраад байсан. Би хамгаалагч залууг гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 43 дахь тал/, 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай “...1.Н.Б-гийн биед нэг шүдний титэм хугарсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн TXY-622/3226 дугаартай “...Шилэн хаалга 185 х 85 нийт 260.000 төгрөг.” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

хохирогч Н.Б-гийн “...намайг согтуу залуу зодчихлоо.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1, 3 дахь тал/,

М.Х-ын согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

“Орхон Молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6, 7, 8 дахь тал/,

М.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47, 53 дахь тал/,

яллагдагч М.Х-ын “... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  хохирогчид эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.Х-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч М.Х-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч М.Х нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр “Орхон Молл” худалдааны төвийн 1 давхарт тус төвийн хамгаалагч ажилтай Н.Б-гийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед нэг шүдний титэм хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Н.Б-гийн “...тэр залуу хагарсан хэсгээр гадаа гарахаар нь би араас нь очиж шаардлага тавихад эсэргүүцээд надтай барьцалдаж авсан. ...нүүр лүү гараараа нэг удаа цохисон бөгөөд миний баруун талын дээд араа хугарчихсан.” гэх,

гэрч М.Ч “...хамгаалагч Жавхааг заамдчихсан байсан. Тухайн үед Жавхаагийн амнаас цус гарчихсан, тэр залуугийн гар нь бас цус болчихсон байсан.” гэх,  

М.Х-ын “...би хамгаалагч залууг гараараа нэг удаа цохисон. гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт,

хохирогч Н.Б-гийн “...намайг согтуу залуу зодчихлоо.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, М.Х-ын согтуурал шалгасан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

яллагдагч М.Х-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч М.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч М.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Н.Б “...миний эмчилгээнд гарсан 50.000 төгрөгийн зардлыг Хосбаяр барагдуулсан, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг хавтас хэргийн 13 дахь талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Орхон молл” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Орхон молл” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ