Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

2022         04          07                                      2022/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан,    

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,  

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2125003850052 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, өөрт байхгүй эрх хэмжээгээ байгаа мэтээр бусдад ойлгуулж зориуд зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар, иргэн Г.П-гийн “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө” гэж хуурч, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 1.338.600 төгрөг авч залилсан,

иргэн Б.Д-гийн “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 1.000.000 төгрөг авч залилсан,

иргэн М.С-эс “түүний аав Д.Мөнхсүхийн тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 2020 оны 9 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглаж, 2.300.000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.П-гийн “...Би 2020 онд Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүсэж байсан юм. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар орж тэтгэвэрт гарахтай холбоотой зөвлөгөө авсан, “та тэтгэвэр тогтоолгох боломжтой байна, хувиараа хөдөлмөр эрхлээд нийгмийн даатгал төлөөгүй 2005-2016 онуудын нийгмийн даатгалыг төлөх шаардлагагүй” гэж хэлсэн. Уг нь 12 жилийн даатгалаа төлчих юм бол миний тэтгэврийн хэмжээ өндөр тогтох ёстой байсан юм. ...Бат-Эрдэнэ мөнгө нэхээгүй бөгөөд “би танд тусалж өгье, харин холбогдох хүмүүстэй уулзана шүү, тэр үед мөнгө хэрэг болох байх” гэж хэлсэн. Ингээд би эхнэр Т.Оюунаагийн 5094429965 данснаас Ж.Бат-Эрдэнийн 5090434796 данс руу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь “purevdee” гэж бичиж,

2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эхнэрийн Хас банкны 5000708529 дугаарын данснаас Ж.Бат-Эрдэнийн данс руу 200.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь “purevdee” гэж бичиж,

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийн Хаан банкны 5094429965 дугаарын данснаас Ж.Бат-Эрдэнийн 5090434796 дугаарын данс руу 450.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь “purevdee” гэж бичиж шилжүүлсэн.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эхнэрийн хаан банкны данснаас түүний данс руу 88.600 төгрөг шилжүүлсэн.

Ж.Б нь надаас 1.338.600 төгрөгийг “миний ажлыг бүтээж өгнө, бүтэх гэж байна” гэж хэлж авсан. ...би түүнтэй 2020 оны 12 дугаар сарын 20-нд биечлэн уулзахад “таны тэтгэвэр болсон, нөгөө нөхөн төлөлтийн асуудлыг чинь шийдчихсэн, одоо бичилт хийгдэж байгаа таны тэтгэвэр 1.180.000 төгрөгөөр тогтож байна, та одоо өргөдлөө өгөөд тэтгэврээ тогтоолго” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, тэтгэвэрт гарсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр надад тэтгэвэр гэх 387.432 төгрөг орж ирсэн, тэгэхээр нь би Ж.Бэс “яасан, юу болчихов оо, тэтгэвэр багаар орж ирлээ” гэхэд “асуудалгүй ээ, таных нөхөгдөөд ороод ирнэ” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

“...Би тухайн үед Бат-Эрдэнэд хувиараа хөдөлмөр эрхэлсэн жилүүдийнхээ төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх ажлыг зохицуулуулахаар мөнгө өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/,

гэрч Д.Н-н “...Ж.Б...2018 онд манай байгууллагад анх ажилд орсон бөгөөд 2021 оны хавар ажлаасаа халагдсан. Эрэгтэй хүн 21 жилээс дээш жил ажилласан, 60 настай, эмэгтэй хүн мөн 21 жилээс дээш ажилласан 55 настай бол бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэс бүрддэг, мөн 10-20 жил ажилласан бол хувь тэнцүүлж тэтгэврээ тогтоолгодог. ...2017 онд “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай” хууль 2020 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжсэн бөгөөд одоо 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Энэ хуулийн гол онцлог нь ажилласан жил нь суурь жил буюу 21 жилдээ хүрэхгүй даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа иргэн өөрөө нөхөн төлөх боломжийг нээж өгсөн.

Тухайлбал; хувиараа хөдөлмөр эрхлэгч нь хүн амын орлогын албан татварыг төлсөн байх, малчин бол мал тооллогын А дансанд малаа тоолуулж, бүртгүүлсэн байх, ажилласан жил нь тэтгэвэр тогтооход дутсан байх гэсэн шаардлагыг хангасан хүмүүсийн хувьд энэ хууль хамаарч байгаа юм. ...Зарим хүмүүс 21 жил ажилласан хэр нь урьд даатгал төлөөгүй жилийнхээ даатгалыг нөхөж төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгох сонирхолтой байдаг боловч тэрийг нь хязгаарласан журам, чиглэл байдаг. Ж.Б нь Г.П гэх хүний нийгмийн даатгал төлөөгүй орхигдуулсан жилүүдийн даатгалыг нөхөж төлөх, Г.П гэх хүний тэтгэврийг өндөр тогтоолгохоор надтай ямар ч асуудал гаргаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

гэрч Б.А-н “...Ж.Б...манай байгууллагад хүний нөөц, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, 2017 онд анх ажилд орсон бөгөөд 2021 онд ажлаас халагдсан. Түүнтэй холбоотой иргэдээс гомдол ирж албан тушаалаа урвуулан ашигласан, “юмыг нь бүтээж өгнө” гэж, мөн нийгмийн даатгалын ажилчдын нэр барьж хүмүүст худлаа хэлсэн асуудлуудыг гаргасан. Түүнийг төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр, төрийн алба хаагчийн ёс зүйн хариуцлага алдсан гэсэн санкциар халсан. Ж.Б болон өөр хэн нэг нь Г.П гэх хүний нийгмийн даатгал төлөөгүй орхигдуулсан жилүүдийн даатгалыг нөхөж төлөх, тэтгэврийг өндөр тогтоолгохоор надтай юу ч яриагүй, тийм асуудал болоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Ж.-н яллагдагчаар өгсөн “...Би дансаар 1.338.600 төгрөгийг авсан нь үнэн, ...Пүрэвдээ ахад бичиж өгсөн цаасны тухайд гэвэл тэрээр надаас болж тэтгэврээ өндөр тогтоолгож чадсангүй, учирсан хохирол гэж их мөнгөн дүн нэхэхээр нь би хүлээн зөвшөөрч гар бичмэл бичиж өгдөг байсан. Миний хувьд түүнд 1.800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,

хохирогч Г.П-гийн “...Ж.Б нь миний төлөгдөөгүй жилүүдийн нийгмийн даатгалын төлбөрийг зохицуулж өгнө гэж мөнгө авч залилсан гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 4, 6 дахь тал/,

Ж.Бат-Эрдэнийн хохирогч Г.П-д хандан гаргасан “...авсан 10.000.000 төгрөгөө 2021.08.05-ны өдрийн байдлаар өгч чадаагүй байна. 8.000.000 төгрөг олсон, үлдсэн 2.000.000 төгрөг нэмж олон 2021.08.08-ны дотор 10.000.000 төгрөгөө бүрдүүлж дансанд шилжүүлж хохиролгүй болгоно.” гэсэн тайлбар /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,

хохирогч Г.П-гээс Ж.Б-д мөнгө шилжүүлсэн тооцоо болон Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 16, 18-19 дэх тал/,

Ж.Бат-Эрдэнийн 5090434796 дугаартай хаан банкны данс хуулга /1 дэх хавтаст хэргийн 47-53 дахь тал/,

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 717 дугаартай албан бичиг болон Ж.Бд холбогдох албан бичгүүд, Ж.Бат-Эрдэнийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, хохирогч Г.Пгийн талаарх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 55, 56-60, 61, 62-67 дахь тал/,

Ж.Бат-Эрдэнийн хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Г.Пгээс зээлж авсан мөнгөө барагдуулсан гэх дансны гүйлгээний 2ш зураг /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 875 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,

 хохирогч Г.П-гийн Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан “...Ж.Б миний хохирлыг барагдуулаагүй байхад албан тушаалын залилангийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хэргийг дахин нягтлан шалгаж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү.” гэсэн өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

хохирогч Г.П өөрийн эхнэр Т.Оюунаагийн 5094429965 данснаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, 5000708529 данснаас 5 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 5094429965 данснаас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 450.000 төгрөг, 5094429965 данснаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 88.600 төгрөг нийт 1.338.600 төгрөгийг Ж.Бат-Эрдэнийн 5090434796 дансанд шилжүүлсэн тухай банкны баримтууд /1 дэх хавтаст хэргийн 47, 48, 53 дахь тал/,

гэрч Ж.Б, хохирогч Г.П нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 167-170 дахь тал/,

Ж.Б Эмгэг судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлтийн албаны даргын ажилд томилогдсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 228-232 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн “...2019 оны 5 дугаар сард хүү Авирмэдийн ангийн багш Гансүх “хүнд хортой нөхцөлд ажилладаг юм чинь тэтгэвэр тогтоолгох боломжтой юм байна шүү дээ, таныг тэтгэвэр тогтоож өгөх хүнтэй танилцуулъя” гээд намайг дагуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж Ж.Б-тэй танилцуулсан. Миний нийгмийн даатгалын шимтгэл 1990-1999 оныг хүртэл төлөгдсөн, дунд нь 1991 оны 1 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сар хүртэл төлөгдөөгүй байсан учир Ж.Б “уг төлөгдөөгүй асуудлыг зохицуулаад, тэтгэвэр тогтоох асуудлыг шийдэж өгье, асуудлыг шийдэхэд хүмүүстэй уулзах тул мөнгөний хэрэг гарна” гэж хэлсэн. ...Би 1.000.000 төгрөгийг Ж.Б-д “тэтгэвэр тогтоолгож өгнө” гэсэн үгэнд нь итгэж залилуулсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,   

гэрч Б.Гансүхийн “...Би 2019 онд Б.Д-гийн хүү Авирмэдтэй Булган аймаг Орхон сум руу хувийн ажлаар хамт явж байхад “манай ээж тэтгэвэр тогтоолгох гэж байгаа” гэсэн яриа болсон, дараа нь гадуур явж байгаад Б.Д-тэй таарахад Б.Д “манай хүүтэй тэтгэврийн талаар ярьсан байна, хэрхэн яаж хөөцөлдөх юм бол” гэхээр нь “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст миний таньдаг хүн байгаа, хоёулаа хамт очиж хэрхэн яаж тэтгэвэр тогтоолгодог талаар асууж тодруулъя” гээд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.Бат-Эрдэнийн ажил дээр өрөөнд нь уулзсан. Тэгээд дараа нь Ж.Б надаас “сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь би Б.Д эгчтэй утсаар ярьж “Ж.Б-д мөнгө зээлэх боломж байгаа юу, хэрвээ та мөнгө зээлэх юм бол тэтгэвэр тогтоолгох асуудалд чинь тусалж магадгүй” гээд Ж.Бат-Эрдэнийн 99169104 дугаарыг өгсөн. 2021 оны намар Б.Д эгч над руу залгаад, “Ж.Б мөнгө аваад байдаггүй” гэхээр нь би Ж.Б рүү залгаж “хүний мөнгө өгөхгүй яасан юм бэ” гэсэн чинь “ээж маань нас барсан, би Ковид тусаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, боломжгүй байна, удахгүй өгнө.” гэдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 35-36 дахь тал/,

Ж.Ба-яллагдагчаар өгсөн “...2019 оны  дугаар сард Гансүх багш надад “манай ангийн хүүхдийн ээж Дуламсүрэн гэж хүн байгаа юм, өндөр насны тэтгэвэрт гарах гээд хөөцөлдөж байгаа, гайгүй өндөр хэмжээтэй тогтоогоод өгөх боломж байна уу, зөвлөөд өгөөч” гэж манай ажил дээр ганцаараа ирсэн. Үүнээс хойш би Гансүхээс “мөнгө зээлэх үү” гэтэл “би чамд яриад байсан Дуламсүрэнгээс мөнгө аваад өгөх үү” гэхээр нь “өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 500.000 төгрөг орж ирсэн бөгөөд хэн нь хийснийг мэдээгүй. ...хэд хоногийн дараа Гансүх нь Дуламсүрэн гэх эгчийг дагуулаад манай ажил дээр ирсэн, би уулзахад Дуламсүрэн эгчийн ажилласан жил нь хүрэхгүй, тэтгэвэрт гарах нас нь болоогүй байсан бөгөөд “хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч болох уу” гэж байсан. Би “Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргаж болно, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрээ авч ирээд өгчих, хүнээс асууя” гэж хэлсэн. Үүний дараа тэрээр дэвтрээ авч ирж өгсөн бөгөөд би нэг байцаагчаас асуухад “тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй юм байна” гэдэг хариу өгсөн. Би Б.Д-гээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 46-47 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн “...2019 онд Ж.Б гэх хүний “тэтгэвэр тогтоолгож өгнө” гэсэн үгэнд итгэж 1.000.000 төгрөгийг залилуулсан гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 235, 237 дахь тал/,

Ж.Б нь Б.Д-д баталгаа бичиж өгсөн тухай баримт /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн эзэмшлийн Капитрон банкны 130100325979 дугаарын дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 240-243 дахь тал/,

Ж.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5090434796 дугаарын дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 2-9 дэх тал/,

Ж.Бат-Эрдэнийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хүний нөөцийн асуудал, Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтнээр түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаал /2 дахь хавтаст хэргийн 58-63 дахь тал/,

хохирогч М.-С-д “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би аавынхаа тэтгэврийг тогтоолгохоор Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү ороод бүрдүүлсэн бичиг баримтаа өгөх гэсэн чинь “заавал өөрийн биеэр байх шаардлагатай” гээд бүрдүүлсэн бичиг баримтыг маань аваагүй. Тэгтэл Ж.Б гэх хүнтэй таарч аавынхаа тэтгэврийг тогтоолгохоор явж байгаагаа хэлтэл “асуудалгүй би өөрөө дотор нь ажиллаж байгаа болохоор бүрдүүлсэн материал хэрэггүй, иргэний үнэмлэх, мөнгөө л өгчих” гэхээр нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн, хэсэг хугацааны дараа “юмыг чинь хөөцөлдөж байна” гээд бага багаар авсаар байгаад 2.300.000 төгрөг авсан. ...Би 2.300.000 төгрөгийг аавынхаа төлөгдөөгүй саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэж Ж.Бд өгсөн, гэтэл төлсөн ч юм байхгүй, аавын тэтгэврийг тогтоолгосон ч юм байхгүй залилсан. ...тухайн мөнгөнөөс улбаатай мөнгө хүүлэгч нараас 1 жил 8 сарын хугацаанд мөнгө зээлж, өрнөөс өрний хооронд, хүүнээс хүүний хооронд явж, 6.420.000 төгрөгийн өртэй байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 90, 92 дахь тал/,

Ж.Бат-яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сард Сувд-Эрдэнэ надтай хүнээр дамжуулж танилцаж байсан, тухайн үед Сувд-Эрдэнэ надад “аавынхаа тэтгэврийг хөөцөлдүүлэх гэсэн юм” гэж хэлсэн, би “тэгье” гэж хэлсэн. ... “бид нарын зүгээс ямар тусламж байна” гэж байсан, би түүнд “надад 2.000.000 төгрөг хэрэгтэй байна, зээлчих, харин тэтгэвэр тогтоолгох асуудал дээр хэдэн төгрөг яаж хэрэг болохыг мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...маргааш нь би өөрийнхөө 5090434796 дансаар түүнээс 1.500.000 төгрөг авсан, дараа нь цувуулж мөнгө авсан бөгөөд нийтдээ 2.300.000 төгрөг авсан. Харин аавынх нь тэтгэвэр тогтоолгох асуудлыг би судалж үзсэн бөгөөд болохооргүй болохоор нь хөөцөлдөөгүй. Хэрвээ түүнд “аавынх нь асуудал бүтэхгүй байна” гээд хэлчихвэл надаас мөнгө нэхнэ гэж бодоод “судалж байна” гээд удаа дараа хэлж хойшлуулж байсан. Тухайн үед Сувд-Эрдэнэ надад “хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн, одоо хүү нь өсөөд нэхэгдээд байна” гэдгийг хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 100 дахь тал/,

хохирогч М.Су “бусдад залилуулсан” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл болон холбогдох баримт /2 дахь хавтаст хэргийн 73, 74-75 дахь тал/,

хохирогч М.Сувд-Эрдэнийн шүүгдэгч Ж.Бтэй харилцсан мессеж, чат болон бусад баримт /2 дахь хавтас хэргийн 78-83 дахь тал/,

хохирогч М.Сэ-с шүүгдэгч Ж.Б рүү шилжүүлсэн мөнгөний Хаан банкны баримт /2 дахь хавтас хэргийн 85-86 дахь тал/,

Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 192 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтас хэргийн 194-195 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтас хэргийн 196-199 дэх тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Батбаярын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 22/74 албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал/,

Эрүүгийн 2225000000053 дугаартай хэргийг эрүүгийн 2125003850052 дугаартай хэрэгт нэгтгэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 234 дэх тал/,

Эрүүгийн 2225000000063 дугаартай хэргийг эрүүгийн 2125003850052 дугаартай хэрэгт нэгтгэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /2 дахь хавтас хэргийн 72 дахь тал/,

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Монголын нотариатчдын танхимын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, огноо тодорхойгүй Ж.Б болон Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ж.Бэс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ба-гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ж.Б нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж,

1.2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Г.П-гийн “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.338.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Г.П-гийн “...Ж.Б нь надаас 1.338.600 төгрөгийг “миний ажлыг бүтээж өгнө, бүтэх гэж байна” гэж хэлж авсан. ...Би тухайн үед Бат-Эрдэнэд хувиараа хөдөлмөр эрхэлсэн жилүүдийнхээ төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх ажлыг зохицуулуулахаар мөнгө өгсөн.” гэх,

гэрч Б.Анарын “...Ж.Б...иргэдээс гомдол ирж албан тушаалаа урвуулан ашигласан, “юмыг нь бүтээж өгнө” гэж, мөн нийгмийн даатгалын ажилчдын нэр барьж хүмүүст худлаа хэлсэн асуудлуудыг гаргасан. Түүнийг төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр, төрийн алба хаагчийн ёс зүйн хариуцлага алдсан гэсэн санкциар халсан.” гэх,

Ж.Б-“...би дансаар 1.338.600 төгрөгийг авсан нь үнэн.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Г.П өөрийн эхнэр Т.Оюунаагийн 5094429965 данснаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, 5000708529 данснаас 5 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 5094429965 данснаас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 450.000 төгрөг, 5094429965 данснаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 88.600 төгрөг нийт 1.338.600 төгрөгийг Ж.Бат-Эрдэнийн 5090434796 дансанд шилжүүлсэн дансны болон Ж.Бат-Эрдэнийн 5090434796 дугаартай хаан банкны данс хуулгуудаар,

хохирогч Г.П-гийн Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан “...Ж.Б миний хохирлыг барагдуулаагүй байхад албан тушаалын залилангийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хэргийг дахин нягтлан шалгаж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү.” гэсэн өргөдөл зэрэг баримтуудаар,

2.2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн Б.Д-гийн “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Д-гийн “...Би 1.000.000 төгрөгийг Ж.Б-д “тэтгэвэр тогтоолгож өгнө” гэсэн үгэнд нь итгэж залилуулсан.” гэх,

гэрч Б.Гансүхийн “...Ж.Б надаас “сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь би Б.Д эгчтэй утсаар ярьж “Ж.Б-д мөнгө зээлэх боломж байгаа юу, хэрвээ та мөнгө зээлэх юм бол тэтгэвэр тогтоолгох асуудалд чинь тусалж магадгүй” гээд Ж.Бат-Эрдэнийн 99169104 дугаарыг өгсөн. 2021 оны намар Б.Д эгч над руу залгаад, “Ж.Б мөнгө аваад байдаггүй” гэхээр нь би Ж.Б рүү залгаж “хүний мөнгө өгөхгүй яасан юм бэ” гэсэн чинь “ээж маань нас барсан, би Ковид тусаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, боломжгүй байна, удахгүй өгнө.” гэдэг байсан.” гэх,

Ж.Бат-Эрдэнийн “...би Гансүхээс “мөнгө зээлэх үү” гэтэл “би чамд яриад байсан Дуламсүрэнгээс мөнгө аваад өгөх үү” гэхээр нь “өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 500.000 төгрөг орж ирсэн бөгөөд хэн нь хийснийг мэдээгүй. ...Дуламсүрэн эгчийн ажилласан жил нь хүрэхгүй, тэтгэвэрт гарах нас нь болоогүй байсан ...би Дуламсүрэнгээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Б.Д-гийн эзэмшлийн Капитрон банкны 130100325979 дугаарын дансны болон Ж.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5090434796 дугаарын дансны хуулга зэрэг баримтуудаар,

3.2020 оны 9 дүгээр сард иргэн М.С-эс “түүний аав Д.Мөнхсүхийн тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч М.Сувд-Эрдэнийн “...Ж.Б гэх хүнтэй таарч аавынхаа тэтгэврийг тогтоолгохоор явж байгаагаа хэлтэл “асуудалгүй би өөрөө дотор нь ажиллаж байгаа болохоор бүрдүүлсэн материал хэрэггүй, иргэний үнэмлэх, мөнгөө л өгчих” гэхээр нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн, хэсэг хугацааны дараа “юмыг чинь хөөцөлдөж байна” гээд бага багаар авсаар байгаад 2.300.000 төгрөг авсан. ...Би 2.300.000 төгрөгийг аавынхаа төлөгдөөгүй саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэж Ж.Б-д өгсөн, гэтэл төлсөн ч юм байхгүй, аавын тэтгэврийг тогтоолгосон ч юм байхгүй залилсан.” гэх,

Ж.Б “...би өөрийнхөө 5090434796 дансаар түүнээс 1.500.000 төгрөг авсан, дараа нь би цувуулж мөнгө авсан бөгөөд нийтдээ 2.300.000 төгрөгийг авсан. Харин аавынх нь тэтгэвэр тогтоолгох асуудлыг би судалж үзсэн бөгөөд болохооргүй болохоор нь хөөцөлдөөгүй. Хэрвээ түүнд “аавынх нь асуудал бүтэхгүй байна” гээд хэлчихвэл надаас мөнгө нэхнэ гэж бодоод “судалж байна” гээд удаа дараа хэлж хойшлуулж байсан. Тухайн үед Сувд-Эрдэнэ надад “хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн, одоо хүү нь өсөөд нэхэгдээд байна шүү” гэдгийг хэлдэг байсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн хохирогч М.Сувд-Эрдэнийн шүүгдэгч Ж.Б-тэй харилцсан мессеж, чат болон хохирогч М.С-эс шүүгдэгч Ж.Б рүү шилжүүлсэн мөнгөний Хаан банкны баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Б нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нэр бүхий 3 хохирогчийг “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө”, “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий хохирогч нар нь шүүгдэгч Ж.Б-н эрхэлж байсан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалын байдалтай нь холбоотойгоор итгэл үнэмшил төрж, эд хөрөнгөө шилжүүлж хохирсон болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан байна гэж дүгнэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ж.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Б нь ард түмэнд үйлчлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг Төрийн албаны тухай хуульд заасан хэд, хэдэн зарчмуудыг зөрчсөн, төрийн байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;

Шүүх шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Х.Оюунбатаас “...хувийн байдал, шилдэг сайн ажилтан, мэргэжлийн тал дээр сайн ажилладаг, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан торгох ялыг хэрэглэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус  гаргасан болно.

          Шүүх шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Г.П, хохирогч Б.Д нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаарх хохирогч Г.П-гийн “надад Ж.Б-д ямар нэг гомдол санал, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй болно.” гэсэн баримт 2 дахь хавтаст хэргийн 112 дахь талд,

хохирогч Б.Д-гийн “Ж.Б миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн баримт 2 дахь хавтаст хэргийн 113 дахь талд,

хохирогч М.Сувд-Эрдэнийн “хохирол чирэгдлээ барагдуулж авмаар байна, гомдолтой.” гэсэн баримт 2 дахь хавтаст хэргийн 114 дэх талд тус тус авагджээ.

Хохирогч М.С нь “Б-с нийт хохирол 6.420.000 төгрөг авна, үүнээс 2.300.000 төгрөг авсан, одоо 4.120.000 төгрөг авах үлдсэн. Миний хувьд өнөөдрийн хуралд сууж чадалгүй Улаанбаатар хотод ирсэн байгаа болохоор та бүхэн үлдсэн 4.120.000 төгрөгийн хохирлыг 14 хоногийн хугацаанд барагдуулж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.” гэсэн хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхийн [email protected] цахим хаягаар ирүүлсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.С-д учирсан хохирол болох 2.300.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б төлж барагдуулсан болох нь хохирогч М.Сувд-Эрдэнийн шүүхэд цахимаар ирүүлсэн дээрх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч М.С-н “...мөнгө хүүлэгч нараас 1 жил 8 сарын хугацаанд мөнгө зээлж, өрнөөс өрний хооронд, хүүнээс хүүний хооронд явж, 6.420.000 төгрөгийн өртэй байна.” гэсэн мэдүүлэг 2 дахь хавтас хэргийн 92 дахь талд авагдсан байх боловч хохирогч нь 4.120.000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа талаарх баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, мөн шүүхэд ирүүлээгүй байна.

Иймээс түүнд учирсан хохирлыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч М.С-д нээлттэй үлдээв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч М.С нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ