| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2017/00152/и |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******
Өмнөговь аймгийн *******ийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сумын эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2411332 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн төлөөлөгч З.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргалгүй өгсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж ирсэн болно. Миний бие өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж түргэн шуурхай, байнга яаралтай тусламжийн бэлэн байдалд ажилладаг байсан бөгөөд анх надад хүлээлгэж өгсөн эмнэлгийн машин нь эвдрэл ихтэй асдаггүй байсныг өөрийн боломж бололцоогоор засварлаж сайжруулан асааж ойрын дуудлагадаа явдаг болсон. Тухайн машиныг засварлах хугацаанд төсөв мөнгө гаргаж өгч байгаагүй. Холын дуудлагад хэдийгээр асаад явж байгаа ч эмнэлгийн машин муу учир найдвартайг нь бодож өөрийн хувийн машинаар байнга явдаг байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч З.******* дуудаж төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа учир чамайг ажлаас чинь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж байна гэж надад мэдэгдэх хуудас өгөөд ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргуулж өгсөн. Тухайн үедээ намайг төсөв мөнгөгүй, цалингийн сан хүрэлцэхгүй учир ажлаас чинь чөлөөлөхөөр болж байна гэсэн. Харин тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэн чадвар сул, мэргэжлийн ур чадвар дутсан гэж ажлаас чөлөөлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох шалгалтыг явуулж дүгнэлт гаргаж байгаагүй атлаа дээрхи үндэслэлээр намайг ажлаас халсныг би хууль бус гэж үзэж хуучин ажиллаж байсан ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэртээ нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй болсон шалтгаан нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн дарга дуудаж уулзсан. Эрүүл мэндийн шаардлага муу, унаа тэрэг чинь явахгүй байгаа болохоор түр зогсолт хийнэ тэгэхдээ 60%-аар цалинжуулах уу? яах уу гэдгийг асууж сураглаад эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Би 2017 оны 02 дугаар сарын 14-өдөр хүртэл ажлаа хийж гүйцэтгэж байсан. Тэр өдөр намайг дуудаад мэдэгдэх хуудас өгсөн. Тэр хуудсан дээр хэрэглэж буй машин нь эвдрэл ихтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй, хэвийн үйл ажиллагаа хангаж чадахгүй, сул зогсолт хийгээд олон сар болж байгаа, ажилтан өөрийн идэвхи санаачилга дутмаг, байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, урсгал зардал хийгдэх төсөв байхгүй, автомашины засвар үйлчилгээ хийгдэх нь одоогоор тодорхой бус байгаа тул 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн байгууллагын санаачилгаар *******ийг ажлаас чөлөөлсүгэй гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлаад, түр хугацааны гэрээ байгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэж хэлсэн. Би ажлаас гараад явж байхад араас залгаад ээлжийн амралтыг чинь өгье гээд хэлсэн. Би ажилд ороод 8 сар болж байсан. Тэрнээс хойш миний ээлжийн амралтыг бодож өгсөн байсан. Би амралтаа авъя гэсэн бодол байгаагүй, ээлжийн амралт авах эрх үүсээгүй байсан. Амралт дуусаад цагаан сарын амралт болсон. Тэрний дараа ажлаас чөлөөлөх тушаалаа аваарай гэсэн. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр очиж авсан. Тэгэхэд энэ тушаал нь байсан. Өгсөн тушаал нь 04 дугаартай байсан. Сүүлд нь 05 болж өөрчлөгдсөн байсан. Ажлаас халагдчихаад би Гурвантэс сумынхаа Үйлдвэрчний эвлэлд хандахад манайх таны асуудлыг шийдэж өгөх боломжгүй байна хуулиараа яв гэж хэлсэн учраас би нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудас өгсөн байдаг. Ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ мэдэгдэх хуудсан дээрээ өөрөөр тайлбарласан байдаг. 2017 оны 03 дугаар сарын 15-нд хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 буюу ажиллах мэргэжлийн ур чадвар дутсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 40.1.2-оор мэргэжлийн ур чадвар дутсан гэж үзэх юм бол энэ хүний мэргэжлийн ур чадвар дээр дүгнэлт гаргах ёстой байдаг. Дүгнэлт гаргалгүйгээр тушаалыг гаргасан байна. Хэргийн хүрээнд бол ажилчдын, хуралдааны тэмдэглэл гээд хоёр тэмдэглэл гаргадаг боловч энэ тэмдэглэлийг үндэслэж ажлаас халаагүй нь мэдэгдэх хуудсаар нотолдог. Өөрөөр хэлбэл хурал хийхээс өмнө 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энэ мэдэгдэх хуудсыг гаргаад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр С.*******ид гардуулсан байдаг. Мэдэгдэх хуудаснаасаа өөр үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан нь хуульзүйн үндэслэлгүй, анхнаасаа С.*******ийг ажлаас халах зорилготой байсныг харуулж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цалин болох 2411332 төгрөг, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслээд сүүлийн 3 сар цалингийн жагсаалтыг хэргийн хүрээнд гаргаж өгсөн байгаа. Эдгээрийг үндэслээд сүүлийн 3 сарын цалинг бодсон. Энэ нь нийтдээ 1972888 төгрөг, сарын дундаж цалин 657629 төгрөг, нэг өдрийн цалин 31316 төгрөг тэгээд 77 хоногоор үржүүлэхэд 2411332 төгрөг болж байгаа юм. Ажлаас чөлөөлөх тушаал бол С.*******ид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр б/04 дугаартай ажлаас халах тушаалыг өгсөн. Гэтэл хэргийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг. Энэ 2 тушаалын агуулга нь зөрөөтэй, өөрөөр хэлбэл тушаах хэсгийн 1 дүгээр заалт дээр нэмж үндэслэл бичсэн байдаг. Тэрэн дээр сул зогсолтын үед нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тасалдуулахгүй байхын тулд цалингийн доод жишгээр цалинжуулах шаардлагатай үед дуудагдан ажиллах санал зэргийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсүгэй гэсэн байдаг. Ер нь бол С.*******ийг ажлаас халах үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж байдаг. Хөдөлмөрийн хуулийн 40.1.2 буюу ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадвар, түвшин тогтоох комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа болон албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарна гэж заасан байдаг. Ажлаас халах тушаал дээр мэргэжил ур чадвар дутсан гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ байгууллагын дотоод дүрэм эсхүл хөндлөнгийн байгууллагын дүгнэлт байхыг шаарддаг. Хэргийн материалыг шинжлэн судлаад үзэхээр хоёр хурлын тэмдэглэл байдаг. Энэ хоёр хурлын протоколоо үндэслэсэн юм уу гэхээр үгүй. Хурлын протокол нь 02 дугаар сарын 22, 24-ний өдрийн тэмдэглэл байгаа. Энэ хурлаа хийхээсээ өмнө мэдэгдэх хуудсаа гардуулсан. Хурлыг хийхээс өмнө энэ хүний ажлын ур чадварт дүгнэлт хийхээс өмнө ажлаас чөлөөлөх гэж байгаа тушаалтай адилхан гээд байгаа мэдэгдэх хуудсаа С.*******ид гардуулсан юм. Мөн хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байдаг. Түүнд дээр С.*******ийг удирдлагын баг, хамт олны хурлаар авч хэлэлцээд гээд хариу тайлбар дээрээ дурьдсан байдаг. Хуралдахаасаа өмнө энэ шийдвэрээ аль хэдий нь гаргачихсан хурал дээрээ зүгээр уншаал саналыг асуусан зүйл байгаад байдаг. Тиймээс энэ тушаал нь өөрөө үндэслэлгүй, мөн дүгнэлт байхгүй, өөрөө энэ тушаалаа гаргачихсан дараа нь үүнийгээ авч хэлэлцээд хурал хийсэн хурлын тэмдэглэлээ өнөөдөр тушаал гаргах болсон үндэслэл, дүгнэлт гэж хэлээд байгаа учраас тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс С.*******ийг ажилд нь эгүүлэн томилох үндэслэлтэй гэж бодож байна гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн ******* овогтой ******* нь тус сумын ЭМТ-д 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр жолоочоор ажилд орсон бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 15-ны б/04 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь:
- Эрүүл мэндийн сайдын 2009 оны 442 дугаар тушаалын 1 хавсралтын Ажилтаны ажлын байрны тодорхойлолтонд заасан
Б. Ажлын байрны гол үйл ажиллагаа:
- Авто машиныг 24 цагийн турш яаралтай бэлэн байдалд бэлэн байлгах
- Сул зогсолтын үеийн засвар үйлчилгээг тогтмол хийх
- Машины гадна дотор үзэмж, цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьж тав тухтай орчныг хангах үйлчилгээг тогтмол хийх
В. Тавигдах шаардлага:
- Мэргэшил: Авто машины эвдрэл гэмтлийг өөрөө оношилж, засах чадвартай байх
- Ур чадвар: Жолооны зохих ур чадварыг эзэмшсэн байх гэсэн заалтуудыг биелүүлээгүй Эрүүл мэндийн төвөөс тавьсан шаардлага хангахгүй байсан. Ажилд орсноос хойш 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 196 удаа дуудлага ирсэн байхад ******* 12-хон удаа өөрийн хувийн машинаар эсвэл эмнэлгийн нөгөө машинаар голчлон явсан байх жишээтэй. Мөн 2017 оны байдлаар 99 дуудлага ирсэнээс 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэг ч дуудлаганд яваагүй сул зогсолт хийсэн бөгөөд энэ хугацаанд бүтэн цалинжуулж байсан байна. Энэ байдлаа Өмнөговь аймаг авто тээврийн газраас мэргэжлийн ур чадварт дүгнэлт гаргаж өгөх талаар лавлахад боломжгүй гэсэн хариу өгч машинаа хэвийн явуулж чадахгүй бол мэргэжлийн ур чадвар илт дутсан хангалттай шалтгаан мөн төрийн албаны жолооч нарыг мэргэшүүлсэн байхаар шаардаж байгаа гэсэн зөвлөгөө өгч байсан тул ЭМТ нөгөө жолоочид мэргэшүүлэхийн шалгалтанд оруулж өгөхөөр албан ёсны хүсэлт хүргүүлээд ажиллаж байна. 2016 онд ӨМӨ 96-20 автомашинд төсвөөс 979800 төгрөгийн запас сэлбэг авч өгсөнийг хувийн хэрэг ня-бо, нярав нарын гаргаж өгсөн жагсаалтаас харж болно. Санхүүгийн баримтыг 2016 оны баримтанд хавсаргасан болно. Сул зогсолт хийж 3-4 cap болсон тул байгууллагын санхүүжилт хомс байгаатай холбогдуулан машины парк шинэчлэл хийтэл тодорхойгүй хугацаагаар ажилтнаа хохироохгүйн тулд нийгмийн даатгал, эрүүл мэндийг тасалдуулахгүй байхын тулд хөдөлмөрийн тухай хуулийн 56.2 зааснаар цалингийн доод хэмжээ эсвэл ажилласан хугацаанд нь тохирсон гэрээ байгуулах зэрэг арга хэмжээ авахаар санал болгоход хүлээн зөвшөөрөөгүйн дээр үгүйсгэсэн болно. 2016 оны 2 сарын 01-ний өдөр 2 жолоочийг байлган үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулан ажлаас чөлөөлөх болж байгааг 02 дугаар сарын 02-ны өдрийн ажилчидын хурлаар албан ёсоор танилцуулан 02 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар мэдэгдэх хуудас 1 сарын өмнө өгсөн. С.*******ийг Удирдлагын багийн хурал, хамт олны хурлаар авч хэлэлцэн гаргаж байгаа шийдвэрээ танилцуулан ярилцахад ажлаас чөлөөлөх саналтай санал хураагдаж хамт олны дунд нэр хүнд, мөн ажилдаа хандаж байгаа талаар хурлын тэмдэглэлд тэмдэглэгдэн гарын үсгээр баталгаажуулсан болно. 2017 оны байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлд хариуцсан ажил мэргэжил дээрээ мэргэжлийн ур чадваргүй болох нь нотлогдсон. Өөрийн ажлын байранд заагдсан ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс ажлын байранд хөдөлмөрийн маргаан үүсгэх зэрэг заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 5-д зааснаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ажил хохироосон зэрэг нь гэрээгээ зөрчсөн. 2006 оны 07 сарын сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 33 тоот тогтоолын 29-д зааснаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл нь ажилтаны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэсэн заалтын дагуу дээрхи бүх баримт нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн жолооч С.*******ийг ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Эрүүл мэндийн төв 2 жолоочтой байдаг. 2017 он гараад 72 удаа манай 2 жолооч дээр дуудлага ирсэн байдаг. Тэрний нэг ч дуудлаганд явааагүй байх жишээтэй. Удирдлагын зүгээс үзэхэд түргэний жолооч нар байнгын бэлэн байдалтай байх ёстой. 96-20 улсын дугаартай машин нь нийдтээ 12 удаа дуудлаганд С.*******ийг байхад явсан байдаг. С.******* нь 96-20 улсын дугаартай машинаар 3 удаа дуудлаганд явсан байдаг. Манай 2 жолооч ээлжилж явах хувааритай байдаг. 2016 онд хамгийн ойрын дуудлагуудад сумын төв дээр явсан. Тэрнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэл дуудлаганд яваагүй байдаг. 3, 4 сарын хугацаанд ажил хийлгэхгүйгээр өгдөг цалингаа өгч байсан. С.*******ийг би их дэмжиж байсан. Эрүүл мэндийн төв 25 орон тоотой. Тэрэнд нь сантехникийн орон тоо манай эмнэлэгт байдаггүй байсан. Сантехникийн ажлыг бас С.*******оор хийлгүүлж цалин дээрээс нь 20% нэмэгдэл олгож дэмжиж ажиллуулж байсан. Манай байгууллагын ажилчид С.******* ажлаа хийхгүй, нөгөө жолооч дуудлаганд яваад байна. Та С.*******той ямар холбоотой юм гэсэн яриа бас гарч байсан. Эмнэлгийн машинаар хэвийн бус хүмүүс явдаг. Удаа дараа манай ажилчид С.*******ийг зөрчил гаргаад байна гэж хэлж байсан. Би С.*******ийг янз бүр болоход нь би дэмжээд юм хэлэхгүй өнгөрдөг байсан. Энэ хүнд сайн тал байгаа ажилдаа цагтаа ирнэ, ажлаа таслахгүй гэх мэтчилэн. Гэтэл энэ хүн маань ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу бэлэн байдалд байж чадахгүй байсан учраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр удирдлагын баг хуралдсан. Би шууд халаагүй хамт олноороо ярилцаж шийдвэр гаргасан. Машин тэрэг нь болохгүй эвдрэл ихтэй байгаа болоод машинаас болоод дуудлаганд явж болохгүй байгаа юм болов уу гэж бодоод авто тээврийн техникийн үзлэг хийлгүүлсэн. Тэгэхэд танай машин хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Хамт олны болон удирдлагын багийн хурлаар хэлэлцээд шийдвэр гарсны дараа тушаал гарсан. Энэнээс өмнө ийм байдалтай байна гэдгийг хамт олны хурал дээр танилцуулж байсан. Өөрөө хариуцлагатай эрхэлсэн ажилдаа сайн байсан бол манай хамт олон дэмжээд явах байсан. Хамт олон маань өөрсдөө ажилдаа хариуцлагатай хүмүүс байдаг. Би шийдвэрээ гаргахдаа хамт олноороо ярилцаж гаргасан өөрийн хувийн ашиг сонирхолыг хараагүй. Одоо би С.*******ийг буцааж ажилд авч үнэхээр чадахгүй, өөрийнхөө гаргасан шийдвэртээ итгэлтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмнэлгийн жолооч гэдэг бол маш хариуцлагатай байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. С.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгаа. Үүн дээр тодорхой заагаад өгсөн байдаг. Машин техник, эвдрэлээ өөрөө оношилдог, мэргэшсэн байх ёстой гээд заагаад өгсөн байдаг. 2 тал хоорондоо тохиролцоод хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байдаг. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс энэ хүн үйл ажиллагаагаа эхэлж ажилд ороод 8 сарын хугацаанд 12 удаа дуудлаганд явсан байдаг. 3 удаа л 96-20 гэсэн дугаартай машинаар явсан байдаг. 2 дуудлага нь сумын төв дээр явсан. Энэ машин бол төрийн өмч хэвийн бэлэн байлгах нь С.*******ийн үүрэг юм. Нээрээ энэ машин нь эвдрээд янз бүр болоод байдаг юм болов уу гээд эрх бүхий байгууллага болох авто тээврийн газарт үзлэг, оншилгоо хийлгүүлэхэд хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь өөр хүн жолоодоод яваад болоол байсан. С.*******ийг авснаас хойш эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Үнэхээр машин тэрэг эвдрээд дуудлаганд явж болохгүй байна гэхээр нь 972000 төгрөгний сэлбэг хэрэгсэл авч өгөхөд хэвийн үйл ажиллгаа нь явагдахгүй хэвээрээ зогсолтын байдалтай байсан. Энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.5-т зааснаар ажлаас халах хууль зүйн үндэслэл байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч хэлж байна. Миний ур чадварыг тогтоогоогүй гэж хэлж байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулинд ганц жолоочийн асуудал биш бүх хөдөлмөрлөж байгаа хүмүүст хамааралтай хууль учраас зөвхөн жолоочийн ур чадварыг тогтооно гэсэн заалт байхгүй. Удирдлагын багаараа ярилцаж үзээд шийдвэрлэсэн байдаг. Эмнэлгийн эрхлэгч, хамт олон нь С.*******ийг дэмжиж ажиллуулахыг үнэхээр хичээсэн байдаг. С.******* намайг ээлжийн амралт эдлэх хугацаа болоогүй байхад ээлжийн амралт олгосон гэж хэлдэг. Ажилласан хугацаанд чинь тааруулаад ээлжийн амралтыг нь олгож байгаа нь боломж юм. Үүнийг ойлгоод амралтаа эдлээд явж байна гэдэг бол ажлаас чөлөөлөх нь ойлгомжтой болж байгаа. Мэдэгдэл өгсөн нь тушаалаас өөр байна гэж хэлээд байна. Энэ мэдэгдэл чинь тушаалаасаа өөр болсон юм биш. Яагаад гэвэл машин тэрэг чинь эвдрэл ихтэй байна, сул зогсолт ихтэй байна, тийм учраас хэвийн ажиллуулах нь ажилтны идэвхи санаачилга дутмаг байна, ур чадвар дутаж байна. Ийм болохоор манай цалингийн сан хүрэлцэхгүй улмаас таныг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Хуулийн зүйл заалтыг өөрчилсөн зүйл бол байхгүй. 2 өөр тушаал байна гэж хэлж байна. Тухайн гаргасан актын эрх зүйн үр дагварыг гаргасан этгээд өөрөө хариуцаж байгаа учраас тэр боломж нь бол нээлттэй байгаа юм. Энэ хүнийг ажиллуулж байгаа хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа учраас аль болох бүрэн бодитой, хууль зүйн үндэслэлтэй тушаал гаргах ёстой. Тийм учраас энэ үүднээс болсон нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож тушаалдаа өөрчлөлт оруулсан юм. Бусдаар хоёр өөр агуулгатай зүйл гарсан юм байхгүй, үндэслэлийн хувьд адилхан, ганцхан доор нь тайлбарлаж бичсэн байдлыг оруулсан юм. Мөн С.******* яагаад илүү цалин аваад бид нарын илүү цалинг өгдөггүй юм бэ гэх асуудлуудыг хамт олон нь гаргасан. Би *******тэй ярилцаж үзсэн. Та тушаалыг өөрчлөөд өөр албан тушаалд томилоод хоорондоо тохироод ажилд нь байлгаж болдоггүй юм уу? гэж хэлэхэд ахиж би С.*******ид итгэл хүлээлгэж үнэхээр чадахгүй, хамт олныхоо дунд эвгүй байдалд орж хамт олондоо хардуулж сэрдүүлээд байгаа, залуу хүүхэд юм чинь дэмжээд ажиллуулъя гэж зөндөө хичээж олон сар харсан. Энэ хүний ур чадвар дутсан нь үнэн, дараа нь миний итгэлийг алдсан учраас би ахиж энэ хүнд төрийн ажлыг даалгаж чадахгүй гэж хэлсэн учраас эвлэрэх боломжгүй ур чадвар дутмаг гэдэг нь тогтоогдсон учраас тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хөдөлмөрийн гэрээ /хх-4-6/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/05 дугаартай тушаал /хх-7/, мэдэгдэх хуудас /хх-8/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/04 дугаартай тушаал /хх-15/, хариу тайлбар /хх-17-19/, хөдөлмөрийн гэрээ /хх-20-22/, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт /хх-23-25/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх26-28/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-29-30/, мэдэгдэх хуудас /хх-31/, 2016 онд 96-20 ӨМӨ номертай машинд зарцуулсан сэлбэгийн жагшаалт /хх-32-33/, түргэн тусламжийн дуудлагын бүртгэл, тооцоо СТ-19 /хх-34-41/, Гурвантэс ЭМТ түргэн тусламжийн дуудлагын бүртгэл, тооцоо /хх-42-54/, авто тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /хх-55-58/, дотоод журам ******* 1/2/2017 /хх-59-66/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын засаг дарын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/06 дугаартай ажилд томилох тухай захирамж /хх-67/, С.*******, Б.Оюунтунгалаг нарын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69-70/, мэдэгдэх хуудас /хх-73/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/04 дугаартай тушаал /хх-74/, С.*******ийн 0189106 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-75-79/, С.*******ийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-86/, хүсэлт /хх-87/, Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-89/, С.*******ийн хүсэлт /хх-96/, С.*******ийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-97/, Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-99/, С.*******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга /хх-105/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/05 дугаартай тушаал /хх-106/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-107-108/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын засаг дарын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/06 дугаартай ажилд томилох тухай захирамж /хх-109/, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн З.*******, Н.Нарангарав нарын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-110-112/, С.*******ийн 2017 онд авсан цалингийн хүснэгт /хх-115/, С.*******ийн 2016 онд авсан цалингийн хүснэгт /хх-116/, С.*******ийн хүсэлт /хх-117/, харицагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлт /хх-126/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай алан бичиг /хх-129/, харицагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлт /хх-130/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн а/04 дугаартай захирамж /хх-131/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дотоод хяналтын баг, чанарын алба томилох тухай а/02 дугаартай тушаал, 0451623 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-133/, хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт /хх-137/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн *******ийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сумын эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2411332 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсчээ.
Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн *******д жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр б/04 тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч уг тушаалыг үндэслэлгүй гэж, хариуцагч тал нэхэмжлэгчийг ажиллах чадвар сул, мэргэжлийн ур чадвар дутсан учир ажлаас чөлөөлсөн ба дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргадаг.
Ажил олгогч ******* өөрийн санаачилгаар ажилтан С.*******ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэлээ болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ.
Жолооч С.******* нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзах үндэслэлээ: “...Удаа дараа манай ажилчид С.*******ийг зөрчил гаргаад байна гэж хэлж байсан. Энэ хүн маань ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу бэлэн байдалд байж чадахгүй байсан учраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр удирдлагын баг хуралдсан байгаа. Ингээд олонхийн саналаар ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа. Би шууд халаагүй хамт олноороо ярилцаж шийдвэр гаргасан” гэж тайлбарладаг.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Дотоод хяналтын баг, Чанарын албыг бий болгож, комиссын даргаар Э.*******, гишүүдэд Г.*******, Ц.******* нарыг томилсон болох нь тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тушаалаар нотлогдож байна.
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн удирдлагын баг хуралдаж С.*******ийг ажлаас чөлөөлөх талаар ажилчдын хурлаар шийдвэрлэхээр болсныг мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт үзэх үндэслэлгүй байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн С.*******ийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хамт олны хуралдааны тэмдэглэлийг С.*******ийг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд С.******* нь мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.
С.******* нь Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг хуульд заасны дагуу тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
С.*******ийн ажиллаж байсан сүүлийн гурван сар болох 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01, 02 дугаар саруудын цалин 1972888 төгрөг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр /хх-77-79/, болон 2016, 2017 онуудын цалингийн тооцоолол /хх-115-116/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд түүний дундаж цалин хөлсийг /699400+566400+707088= 1972888 төгрөг, сарын дундаж цалин 1972888:3=657629 төгрөг, нэг өдрийн цалин 657629:53=12408/
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэжээ.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 955416 төгрөгийг /12408*77=955416/ хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.
Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд С.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох С.*******ийн үнэмлэхийн хуулбар /хх-3/, хөдөлмөрийн гэрээ /хх-4-6/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/05 дугаартай тушаал /хх-7/, мэдэгдэх хуудас /хх-8/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/04 дугаартай тушаал /хх-15/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын засаг дарын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/06 дугаартай ажилд томилох тухай захирамж /хх-67/, мэдэгдэх хуудас /хх-73/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-107-108/ зэрэг баримтууд нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ