Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

   2022         04           18                                    2022/ШЦТ/50

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             С.Б,   

Улсын яллагч                                               Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ц,

Шүүгдэгч                                                       Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000220033 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 2 дугаар хороо, Хужиртын ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/14 дугаартай захирамжаар Б.Батболдод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Б-н Б /РД: /.

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр С.Л-н итгэмжлэн хариуцуулан үлдээсэн адуунаас 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны адууг өөрийн эзэмшлийн адуу гэж худал хэлэн Б.Б-д өгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо уурхайн шорооны хажууд 20 гаран тооны адуу байхаар нь дундаас нь 1 тооны хязаалан байдас адууг нь туугаад уурхайн шорооны урд, хогийн цэгийн баруун талд байрлах Чөдөрөө гэх залуугийн гэрийн гадна хэлээд уяж үлдээгээд 1 байдас өгөх ёстой байсан Батхүүтэй гар утсаар нь холбогдоод “Чөдөрөөгийн гэрийн гадна байдсыг чинь үлдээсэн шүү, очоод аваарай” гэж хэлсэн. Тухайн байдсыг Л-н адуу гэдгийг мэдэж байсан, би зүсээр нь танина. Л хөдөө явахдаа намайг адуугаа харж байгаарай гэж захиж үлдээсэн нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 46-р хуудас/,

            Хохирогч С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 47-р хуудас/,

            Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,    

            Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,    

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай үнэлгээ /хх-ийн 25-р хуудас/,

            Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбогдох баримт бичиг /хх-ийн 50-60-р хуудас/,

            Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Б.Б нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр С.Л-н итгэмжлэн хариуцуулан үлдээсэн адуунаас 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны адууг өөрийн эзэмшлийн адуу гэж худал хэлэн Б.Б-д өгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх” гэдэг нь өмчлөгч өөрөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрөө хүсч түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгө, эд юмс, эрхийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

            - Хохирогч С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн 2 дугаар хороонд мал маллаж амьдардаг. 2021 оны 12 дугаар саын 04-ний өдөр эхнэрийн хамт Орхон аймаг руу ажлаар явахдаа Б.Б-д “манай адуу уурхайн шороо дотор байгаа, адуу харж байгаарай” гээд захиад явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр адуун дээрээ очтол хязаалан насны хонгор байдас алга болсон байсан. Тэгэхээр нь Б.Б-с хонгор зүсмийн байдсаа асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд би ойр хавиар 2-3 хоног хайгаад олоогүй. Тэгээд сураг тавиад байж байтал Багануур дүүргийн 2 дугаар хороо уурхайн шорооны урд талд Чөдөрөө гээд Багануурын залуугийн авгайтай таарсан, нэрийг нь мэдэхгүй байна. Хонгор байдсаа асуусан чинь “Б.Б 12 дугаар сарын 06-ны өдөр манай гадаа хонгор зүсмийн байдас авч ирж уясан, удалгүй Микро маркийн машин ирээд 4 хөлийг нь боогоод ачаад явсан” гэхээр нь лавшруулаад Дормон тамгатай хонгор байдас гээд асуусан чинь “мөн Дормон тамгатай хонгор байдас” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б дээр очоод “миний хонгор байдсыг авсан байна, хүн харсан байна” гээд асуутал “тиймээ би авсан, оронд нь өөр адуу өгнө” гэж надад хэлсэн. Б.Б гэгч нь Багануур дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д.О-ийн адуучин, нэг хороонд амьдардаг, цуг адуунд явдаг залуу байгаа юм. ...миний хохиролд 1,040,000 төгрөгийг төлсөн тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 47-р хуудас/,

            - Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 12 тооны адуугаа 2021 оны 4 дүгээр сард Батболдод харуулах гээд өгсөн. Тэгээд би 8 сард Дорнод аймаг руу хадландаа яваад 10 дугаар сард ирээд адуугаа тоолсон чинь 11 тооны адуу байсан бөгөөд хар байдсан гүү байхгүй байсан. Би Б-д хандан асуусан чинь мэдэхгүй гээд байхаар нь цагдаад өгнө гэсэн чинь миний маллаж байгаа адуунд хөлсөндөө авах байдсан гүү байгаа гэж хэлсэн. Тэгээд хориод хоногийн өмнө надруу өглөө 09 цагийн орчим залгаад “байдсаа ирээд ав, би уурхайн шороонд адуугаа хумиад явж байна” гэж хэлээд намайг хүрээд ир гэхээр нь би “машин тэргээ галлаагүй байна” гэсэн чинь “айлын гадаа үлдээчихнэ, очоод аваарай” гэж хэлэхээр нь би Хьюндай маркийн микротой очоод амьдаар нь ачаад Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүний 15-3 тоотод аваачсан. Тэгээд 2-3 хоногийн дараа махлаад махыг нь хувь хүнд өгөөд 700,000 төгрөг болгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,   

            - Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б манай гэрийн гадна хонгор зүсмийн байц адуу үлдээгээд хүн ирж авна гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэгээд танихгүй 2 хүн микротой ирээд Б-ын үлдээсэн байдас адууг амьдаар нь ачаад аваад явсан. Б “миний адуу байгаа юм, О гуай, гуниг Х нарт битгий хэлээрэй” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,    

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай үнэлгээнд: “Хонгор зүсмийн хязаалан насны байдсыг өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 1,040,000 төгрөгөөр тогтоов” гэжээ /хх-ийн 25-р хуудас/,

            -шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,040,000 төгрөгийг хохирогч С.Л-д төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хх-ийн 47-р хуудас/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/14 дугаартай захирамжаар оногдуулсан 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 2 сар 2 хоногоор тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Б.Б-ын хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цагийн хугацаагаар оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, өөр хэлэх зүйлгүй.”  гэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 720 /долоон зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт тооцон 90 /ер/ хоногийн хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/14 дугаартай захирамжаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/-н сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоов.

Шүүгдэгч Б.Б-д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/14 дугаартай захирамжаар, мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/09 дугаартай захирамжаар тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хугацааг тооцож Б.Б-ын цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 2 /хоёр/ жил 3 /гурав/-н сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шовгийн Б-н Б-ыг Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шовгийн Б-н Б-д 720 /долоон зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 720 /долоон зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт тооцон 90 /ер/ хоногийн хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/14 дугаартай захирамжаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/-н сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хугацааг тооцож шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 2 /хоёр/ жил 3 /гурав/-н сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорихх байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан 1,040,000 /нэг сая дөчин мянга/-н төгрөгийг хохирогч С.Л-д төлж барагдуулсан болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,  прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН