Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2018/01316/И |
Дугаар | 001/ХТ2020/00010 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2020/00010
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа. Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ М Ц” ХХК-д холбогдох,
“Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг биелүүлж, орон сууцыг хүлээлгэж өгөхийг даалгах, орон сууцыг ашигласан хугацааны зардлыг төлсөн холбогдох баримтуудыг нэхэмжлэгчид өгч, тус орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,
Шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ М Ц” ХХК-тай 2016.5.16-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж 70 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаагаар зээлсэн. “ М Ц” ХХК нь зээл авснаас хойш хүүгийн төлбөрт 1 572 800 төгрөг төлсөн боловч зээлийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөлгүй 2016.10.26-ны өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтэрч, зээл хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг барагдуулах тухай хугацаат мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч зээл төлөгдөөгүй тул зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байрны 104 тоот орон сууцыг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 77 214 268 төгрөгт тооцон худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож 2016.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн өдөр буюу 2016.10.27-ны өдөр Нөхцөл тохирох гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд М Ц ХХК-д орон сууцыг буцаан худалдан авах, зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй бол орон сууцыг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон ч гэрээнд заасан хугацаанд буцаан худалдаж аваагүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, ашигласаар байна.
Иймд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгаж, талуудын хооронд байгуулагдсан нөхцөл тохирох гэрээний 4.2.7-д заасны дагуу орон сууц ашигласан хугацааны ашиглалтын зардлыг төлсөн баримт, холбогдох бусад баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байр 104 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ М Ц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулж, хариуцагч орон сууцаа барьцаалсан. Орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн нөхцөл тохирох гэрээ байгуулсан. Нөхцөл тохирох гэрээгээр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 77 214 268 төгрөгийг 3, 4 сарын хугацаанд төлөх, заасан хугацаанд зээл төлөгдөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоотой. Зээлийн барьцааны гэрээнд хоёр орон сууц барьцаалсан, хүчин төгөлдөр байсаар байтал Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байрны 104 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан нь хууль зөрчсөн. Зээлийн графикийн хугацаа дуусаагүй байхад худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлаад байрыг авсан. Тохирсон данс руу мөнгө орсон зүйл байхгүй. Орон сууцыг худалдаж авсан үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Нөхцөл тохирох гэрээ байгуулж барьцаанаас өөр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тулгасан нь хууль зөрчсөн бөгөөд уг нөхцөл тохирох гэрээ нь өөр хэлцлийг халхавчилж хийгдсэн.
Тиймээс үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчиж хийгдсэн, мөн өдрийн нөхцөл тохирох гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ханын материал 18062, үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр, 104 тоот хаягт байршилтай 61,18 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч “Х” ХХК-нд хүлээлгэн өгөхийг хариуцагч “ М Ц” ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууц ашигласан хугацааны зардал төлсөн баримтыг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ М Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 544 021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ М Ц” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 29-ний өдрийн дугаар 184/ШШ2019/00350 шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 27-ны өдрийн дугаар 566 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хариуцагчийн зээл төлөх хугацаа дуусаагүй байсан бөгөөд Банкны тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д "Банк энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмшиж болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй." гэж заасан. Ийм байтал Х нь банкинд хориглосон үйл ажиллагаа явуулж зээлийн хугацаа дуусаагүй байхад Банкны тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж зээлийн барьцаалсан хөрөнгө биш СХД-ийн 6 хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр, 104 хаягт байрлалтай 61,18 м2, 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөр төлүүлэх зорилгоор Худалдах худалдан авах гэрээ, Нөхцөл тохирох гэрээ хийж авсан байдаг. Гэрээнд заасан “ М Ц" ХХК-ийн дансанд ямар нэгэн төлбөр ороогүй. Худалдах-худалдан авах гэрээ болон Нөхцөл тохирох гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүйгээр Иргэн хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10 дахь заалтуудыг хэрэглэхгүйгээр шийдвэр магадлал гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаас хальж Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан болон Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 566 магадлалдаа талуудын хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй мэтээр үнэлж, хуульд харшлахгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь “ М Ц” ХХК-д холбогдуулан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг биелүүлж, орон сууцыг хүлээлгэж өгөхийг даалгах, орон сууцыг ашигласан хугацааны зардлыг төлсөн холбогдох баримтуудыг нэхэмжлэгчид өгч, тус орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх маргаж буй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, банк Банкны тухай хууль зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар “ М Ц” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-тай №1160031965 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 70 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний талаар зохигч маргаагүй байна.
2016 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар зээлдэгч 2016 оны 06 дугаар сард зээлийн хүүд 1 555 000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлбөр хийгээгүй, гэрээний хугацааг 103 хоногоор хэтрүүлсэн, зээлийн үлдэгдэл төлбөр 77 214 268.50 төгрөг байжээ.
Талууд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах”, “Нөхцөл тохирох гэрээ”-г тус тус байгуулсан.
“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр зээлдэгч “ М Ц” ХХК өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 тоот байр 104 тоотод байршилтай, амьдран суух зориулалттай, 61.18 м.кв талбай бүхий орон сууцыг 77 214 268.50 төгрөгөөр “Х” ХХК-д худалдах, худалдан авагч төлбөрийг худалдагчийн санал болгосон Х дахь 5001758514 тоот дансанд шилжүүлэхээр, “Нөхцөл тохирох гэрээ”-гээр “...Банк өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдахгүй байх, заасан хугацаанд зөвхөн харилцагчид худалдаж авах боломжийг олгож, түүний өмчлөлд шилжүүлэх, “ М Ц” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн 77 214 268.50 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож, төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөр зээлдэгчийн зээлийг хаасан байна.
Улмаар “Нөхцөл тохирох гэрээ”-нд заасан орон сууцыг буцаан худалдаж авах хугацаа болсон боловч Х шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх буюу 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлдэгч орон сууцыг буцаан худалдан авахаар санал гаргаагүй, тус орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогджээ.
Талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-г Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар зээлдэгч “ М Ц” ХХК зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээгээр сольж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул “Х” ХХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Түүнчлэн тухайн орон сууцанд амьдарч байгаа этгээдийг хариуцагчаар татаагүй тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, холбогдох баримтыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтад нийцсэн болжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдах авах гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-нүүд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 189 дүгээр зүйлийн 189.1., 238 дугаар зүйлийн 238.1. дэх заалтад нийцсэн, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Банк зээлдэгчээс зээлийн төлбөрт өөрийн хөрөнгийг санал болгож, гэрээний үүргийг биелүүлснийг хүлээн авч, зээлдэгчийн хөрөнгийг худалдан авсан нь Банкны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэх давж заалдах шатны дүгнэлт Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД