Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 45

 

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Дима, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолтой, Н.*******д холбогдох эрүүгийн 1836000000015 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Мон улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй,******* овогт ******* ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч *******гийн цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн *******ын толгойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж. сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******г 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож. 10 хоног цагдан хоригдсоныг 150000 төгрөгөөр тогтоож торгох ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 850000 / найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг “...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгасан байна гэж заасны дагуу шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа урьд сонсгосон ялыг өөрчлөх болсон үндэслэл, нотлох баримтыг тодорхой дурдах ёстой байтал огт дурдаагүй, түүнчлэн шүүгдэгч Н.******* нь хохирогч *******гийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал ямар байдлаар алдагдсаны улмаас *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээ төрүүлэхгүйгээр тайлбарлаж. дүгнэсэн нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч *******, гэрч Н.Энхжаргал, шүүгдэгч Н.*******гийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.*******г хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж улмаар хохирогчийг хутгалж хүнд хохирол учруулсан гэж үзэн ял шийтгэл оногдуулсан байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээрх мэдүүлгүүдийг дүгнэхэд хохирогч ******* нь шүүгдэгч Н.*******г орж ирэх явцад ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Улсын дээд шүүх сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах гэдгийг тайлбарлахдаа хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарлажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн Н.******* нь миний цээжин хэсэгт цэнхэр иштэй хутгаар нэг удаа хутгалсан би хохирлоо барагдуулж авмаар байна.Хохирогч ******* ******* рүү дайраад хоолны шкафан дээрээсээ хутга аваад *******гийн цээжин хэсэг рүү нэг удаа хутгалчихаар нь босоод иртэл миний толгой хэсэгрүү нэг удаа хутгалсан бид бүгд биеэ авч явах чадвартай байсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, гэрч М.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн дахин өгсөн мэдүүлэг намайг ******* нь хүчиндэхийг болон завдсан, оролдсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, яллагдагч Н.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч ******* нь ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.******* нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж *******, ******* нарыг хутгалж, *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.Дима давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг нарийн шалгаж тогтоогоогүй. Хохирогч нар анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн өдөр юу болсон хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг нарийн тайлбарлаж ярьсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй  байна.

             Н.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод *******тэй хувийн таарамжгүй /өөрийн эхнэр М.Энхзаяаг, ******* нь оролдсон байна гэж хардаж/ харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч *******гийн цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан мөн *******ын толгойн тус газар хутгалж, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүгдэгч Н.*******гийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Н.*******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ховд аймгийн хяналтын прокуророос Н.*******гийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл: Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ . . . би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Н.*******гийн гэрт нь *******, Н.Энхжаргал бид гурав нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч очсон. Очиход Н.******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Бид дөрөв уг архийг хувааж уусан. Дуусаад жаахан согтохоор нь би унтсан. Намайг унтаж байхад ******* босоод ир нэг шил архи аваад ирлээ гээд намайг дуудсан.

            Тэгэхээр нь би босоод ирэхэд тэд нар нэг шил 0.75 литрийн Ерөөл архи аваад ирсэн байсан.Тухайн үед би орон дээр унтаж байсан. Н.*******гийн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ байшингийн хойморт газраар хэвтэж байсан. Архи авч ирсний дараа Н.*******, эхнэртэйгээ хэрэлдээд дараа нь надтай хардаад надруу авгай хүүхэдтэй янз бүр боллоо гээд дайраад бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгж байхад Н.*******гийн эхнэр М.Энхзаяа, *******д намайг манай нөхөр ингэж харддаг байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тэр гурав хоорондоо бас маргалдсан. Тэгж байгаад Н.******* нь хутга аваад миний цээжрүү хутгалсан. “  . . . Намайг хэвтэж байхад ******* намайг хутгалчихлаа гээд толгойн хэсгээс нь цус гараад орилж байсан.. .” “ . . .Н.******* нь миний цээжин хэсэгт цэнхэр иштэй хутгаар нэг удаа хутгалсан . . .” гэх мэдүүлэг / хх-н 20-21 /,

            Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн : “ . . .Тэгээд 2018 оны 01 сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим би Н.*******, Н.Энхжаргал нарын хамт архинд явсан. Н.*******гийн гэрт ******* унтаад үлдсэн. Тэгээд бид гурав 6 дугаар сургуулийн арын “ ******* “ гэх нэртэй дэлгүүрээс “ Ерөөл “ нэртэй 0.75-ийн 1 шил архи аваад 10 орчим минутын дараа буцаж очоод *******г сэрээгээд авч очсон архи тойруулсан.     

             Тэгтэл Н.******* унтлагын өрөөрүүгээ орж гарч ирээд *******г манай эхнэртэй унтсан байна гээд *******рүү дайраад хоолны шкаф дээрээс хутга аваад *******гийн цээж хэсэгрүү 1 удаа хутгалчихаар нь босоод иртэл миний толгой хэсэгрүү 1 удаа хутгалсан. Тэгээд Н.*******г, Н.Энхжаргал барьж авсан . . . “ гэх мэдүүлэг / хх-н 16-17 /,

            Гэрч М.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ . . .2018 оны 01 дүгээр сарын16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим миний нөхөр Н.*******, *******, Н.Энхжаргал нар дахиж архинд яваад, ******* орон дээр хэвтээд үлдсэн. Ойролцоогоор 10 орчим минутын дараа нөхөр Н.*******, *******, Н.Энхжаргал нар Ерөөл нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч ирж уусан.

            Тэгтэл миний нөхөр Н.******* намайг ******* оролдсон байна гээд хардаад улмаар *******тэй маргалдаад хоолны шкафан дээрээс хутга аваад *******гийн цээжин хэсэгт нь 1 удаа хутгалсан тэгээд намайг ална гээд надруу дайртал ******* зогсоох гээд урдуур нь ортол толгойн хэсэгт нь 1 удаа хутгалсан. . . .” гэх мэдүүлэг / хх-н 24-25 / мөн М.Энхзаяагийн гэрчээр дахин өгсөн “. . . намайг ******* нь хүчиндэхийг завдсан болон, оролдсон зүйл байхгүй . . .” гэх мэдүүлэг / хх-н 33х / зэрэг нотлох баримтуудаар Н.******* нь *******г эхнэрээ оролдсон байна гэж хэрүүл, маргаан үүсгэж улмаар гал тогооны өрөөнөөс хутга авч *******г хутгалж, хувийн сэдэлтээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

            Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өөрчилсөн байхад уг мэдүүлэгт хөтлөгдөж, шүүгдэгч Н.******* нь хохирогч *******гийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг хутгалж, хүнд хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авлаа.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06 -ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.*******д  холбогдох  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Н.*******д урьд авсан нэг сая төгрөгийн /1000000/ барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

Б.ДАМБА