Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0226/з |
Дугаар | 128/ШШ2020/0335 |
Огноо | 2020-05-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0335
2020 оны 05 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2020/0335 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дүгнэлт гаргагч: Э,
Хариуцагч: Б,
Дүгнэлтийн шаардлага: 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0149443 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Э, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э би тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагч Бг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “ Оийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа цогцолборын зүүн талд байрлах түргэн үйлчилгээний цэг ажиллуулсан гэх зөрчлийг илрүүлж холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан 17-200049 дугаартай материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналаа.
Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн тархалт өсөн нэмэгдэж байгаатай холбоотой хүн амыг урьдчилан сэргийлүүлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах тухай хууль"-д заасан бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх, олон улсын хөл хорио болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож ажиллахыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаартай зарлигаар Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Монгол улсын Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна.
Дээрх үүссэн нөхцөл байдал болон тус улсад шинэ төрлийн коронавирус өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний худалдаанаас бусад бүх төрлийн зах, худалдаа, үйлчилгээний цэг, түүний салбар, халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, түүний салбар, дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газар, смарт карт цэнэглэх, борлуулах цэгээс бусад бүх төрлийн түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 дугаартаа захирамж гаргасан.
Төрийн болон төрийн бус байгууллага нь хувь хүн хуулийн этгээдээс үл хамааран гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэхээр тодорхой хуульчилж өгсөн байдаг.
О нь 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэгт 21 дүгээр хороонд байрлах түргэн үйлчилгээний цэг ажиллуулж гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1 дэх хэсэгт “иргэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх хэргийн зөрчлийн илрүүлсэн боловч От Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул тохирох шийтгэлийг зөв хүлээлгэх нь зүйтэй.
Б байцаагчийн хариу тайлбарт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гэдгийг мэдэж байсан гэж ойлгогдож байна. Учир нь гамшгаас хамгаалах улсын байцаагчийн торгох ёстой зүйл анги байсан тул төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэдэг зүйл ангиар шийтгэл оногдуулсан гэж ярьж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд аливаа зөрчлийн шинжтэй үйлдлийг хяналт шалгалт илрүүлсэн тохиолдолд харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг зааж өгсөн. Хариуцагч нь ийм зөрчил илрүүлсэн тул удирдах албан тушаалтандаа танилцуулаад, удирдах албан тушаалтан гамшгийн байцаагчид шилжүүлж өгөх ажиллагаа нь нээлттэй. Прокурорын дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 15.2.1.1 дэх заалтад Төрийн албан хаагчийн тавьсан шаардлага нь үндэслэлтэй юу үгүй юу гэж бичигдсэн болохоос биш энэ зүйл ангиар хэнд шийтгэл оногдуулах вэ гэж дүгнэлтэд тусгаж өгөөгүй. Төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж байна. О нь тухайн үед тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй гэдэг нь хэргийн материалд авагдсан мэдүүлгээр тогтоогдож байна. Ямар нэгэн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зүйл огт гаргаагүй
Хариуцагчийн шийтгэл оногдуулсан зүйл анги буруу байна гэдэг үндэслэлээр дүгнэлт би бичсэн. Тэрнээс биш гамшгийн байцаагчид шилжүүлэх эсэх нь дараагийн үйл ажиллагаа юм. Прокурорын байгууллага Монгол ылсын хэмжээнд Зөрчлийн хуулийн хэрэгжилт, хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд тухайн зөв зүйл заалтаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж байгаа эсэхийг хянадаг. Бүгд л нэг зорилготой явж байгаа нэг хариуцагч нөгөө нь нэхэмжлэгч болоод маргаад байхыг аль болох эрмэлздэггүй. Тухайн үед ойлголцоод явахыг хичээдэг. Гэсэн хэдий ч миний оногдуулах зүйл заалт биш тул энэ заалтаар нь оногдуулсан. Хуулийн этгээдээр торгуулах нь өндөр дүнтэй байсан тул хувь хүнээр нь оногдуулсан гэх мэт зүйл болдог учир цааш цаашдаа хүнийг эрх ашгийг хамгаалах үүднээс прокурорын дүгнэлтийг бичсэн...” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн өглөөний 9 цагаас 03 дугаар сарын 15-ны өглөөний 09 цагийн хооронд Дүүргийн Онцгой байдлын штабт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэхэд Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн гал сөнөөгч н.Чойсүрэн болон жолооч н.Чулуун нарын бүрэлдэхүүн тухайн өдөр гарсан ковид 19 вирусээр урьдчилан сэргийлэхтэй холбогдсон гомдол мэдээлэл болон иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэйгээр ажилласан. Тухайн өдөр штабын бүрэлдэхүүн авто тээврийн 4 товчоо, Өлзийт нэг, Өлзийт хоёр, Таван толгойн постуудын хэрэгжилтэд хяналт тавьсан. Замаараа үйл ажиллагаа зогсоосон газруудад хяналт тавьж ажиллах хооронд 21 дүгээр хороо Буянт ухаа цогцолборын зүүн талын зам дагуу 3 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн амралтын өдөр гадаа дулаахан тул иргэд олноороо бөөгнөрч, уул гарж байсан. Бид бөөгнөрсөн, олноороо цугларсан хүмүүсийг тараагаад явж байх хооронд 3 ТҮЦ үйл ажиллагаа хүмүүст явуулж байсан. О нь ТҮЦ-ндээ хуушуур хийж борлуулдаг, ус ундаа зараад, аль аль үйл ажиллагааг нь явуулсан. Энэ 3 ТҮЦ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй ажилдаг. Урьд нь манай хүнс худалдааны чиглэлийн байцаагчид удаа дараа хяналт шалгалтаар торгууль тавьж, ачиж журамлаж байсан.
Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамжаар үйл ажиллагаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоосон. Тэр зөрчил илэрсний дагуу 3 ТҮЦ-ийн холбогдох үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй нь уулзаж арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамж болон бусад Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийн дагуу мэдэгдэл, зөвлөмжүүдийг хүргэж өгсөн. Энэ захирамж болон Нийслэлийн Засаг даргаас гаргасан зөвлөмжийг хүргэсэн. эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийг оффис болон гэрийн нөхцөлд хийж хэрэгжүүлэх тухай гарсан зөвлөмжүүдийг хүргэж өгсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт дуусаагүй байхад үйл ажиллагаа явуулсан, улсын байцаагчийн шаардлага зөрчсөн гэх үндэслэлүүдээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан.
Тухайн үед манай дүүргийн нийт 24 байцаагч, 99 аж ахуй нэгж байгууллага 350 иргэнд Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамж болон мэдэгдлүүдийг хүргэж өгөн дүн мэдээгээ нэгтгэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Гэтэл хяналтын прокурор нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.2 дахь заалтаар арга хэмжээ авах ёстой байсан гэх дүгнэлт бичсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалт нь гамшгаас хамгаалах улсын байцаагчийн эрх хүрээний асуудал гэж харьяаллыг заасан байна.
Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл 5.13.1 дэх хэсгийг баримтална гэж заасан. Миний бие тавьсан шаардлага, өгсөн зөвлөмжийг хангаж ажиллаагүй зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтаар 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамж нь Засгийн газрын 2012 дугаар оны 8 дугаар тогтоол, 2020 оны 30 дугаар тогтоолыг Нийслэлийн Онцгой байдлын комиссын хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэж, удирдлага болгон гаргасан. Хурлын тэмдэглэлд Мэргэжлийн хяналтын газарт Иргэд олон нийтээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад халдваргүйжүүлэлтийн ажлыг үр дүнтэй хийлгэж, тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудад шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг түр зогсоох хүртэл зохицуулалтыг арга хэмжээг авна гэсэн шийдвэр гарсан.
Засгийн газраас гарсан 30 дугаар тогтоолд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад “Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.”гэсэн зохицуулалт байдаг. Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар мэргэжлийн хяналтын нийтлэг дүрмийг баталсан. Үүгээр чиг үүргийг зааж өгсөн. Дүрмийн 3.1 дэх хэсэгт “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.1 дэх хэсэгт “Улсын байцаагч нь тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай этгээдэд төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж тус тус заасан байдаг.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл болон 10 дугаар зүйлд мэргэжлийн хяналтын байгууллагын бүрэн эрх, улсын байцаагчийн бүрэн эрхийг мөн зааж өгсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заасны дагуу хяналт шалгалт хийсэн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсэгт хууль ёсны шаардлага биелүүлээгүй, эсэргүүцсэн гэж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд иргэнийг 50.000 төгрөгөөр торгоно гэж заасан ба үүнийг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Энэ нь миний бүрэн эрхэд хамаарч байгаа тул заавал шилжүүлэх шаардлагагүй.
Дэлхий дахинд болон Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслээд Засгийн газар, удирдах дээд байгууллагаас гарч байгаа шийдвэрийн дүрэм журмын хэрэгжилтийг хангахаар чиглэн ажилласан. Нэгэнт манай улсад гамшиг болоогүй, гамшгаас хамгаалах урьдчилсан сэргийлэх ажиллагаа хийгдэж байгаа. Иймд бид мэдэгдлээ албан ёсоор гардуулаад та нар үйл ажиллагаагаа хаагаад гэр орондоо ч гэсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хангаж ажиллах чиг үүргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан зөвлөмжүүдийг тухайн өдөр хүлээж байгаад аваад гарцгаасан.
Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, ашиг орлого нь багассан. Ийм хүнд, хэцүү үед холбогдогч нь 40.000 төгрөгийн орлоготой байсан. Тэр орлого дээрээ 10.000 төгрөг нэмж торгуулаа төлсөн. Би гэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх талаар бодож шийтгэлээ оногдуулаагүй. Хуулийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Заавал гамшиг үүссэн нөхцөл байдалдаа оруулж байж, гамшгийн улсын байцаагчид шилжүүлэх ёстой, мөн тэр хүнийг эрх ашгийг хөндөөд 100.000 төгрөгийн торгуул оногдуулах ёстой байсан гэж байна. Энэ хүн ТҮЦ-ийн үйл ажиллагаагаараа талхныхаа мөнгийг олдог ба одоо тухайн ТҮЦ-ийн албадан нүүлгэсэн байгаа. Иймд иргэний эрх ашиг, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээнэ үү...”гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр дүгнэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б, Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Чойсүрэн, жолооч Б.Чулуун нарын бүрэлдэхүүн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэх явцад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25-24 тоотод оршин суух О нь тус өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа цогцолборын зүүн талд ТҮЦ ажиллуулж байсан гэх зөрчлийг илрүүлж, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0149443 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.
Дүгнэлт гаргагчаас “илэрсэн зөрчилд хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн” гэж, хариуцагчаас “Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын тухай хуульд зааснаар улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд шийтгэл ногдуулсан” гэж тус тус маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирус /ковид-19/ өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус өвчний тархалтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа дор дурдсан байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл түр зогсоосугай” гээд тус зүйлийн 1.1-д “Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний худалдаанаас бусад бүх төрлийн зах, худалдаа, үйлчилгээний цэг, түүний салбарууд” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл зөрчил гаргагч Оийн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил бус харин Зөрчлийн тухай хуулийн 15.13 дугаар зүйлд заасан “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 30,39,62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 01,02,03,04,05,06,07,08 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тэмдэглэл зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд “Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирус өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор” зарим байгууллага, үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан бөгөөд уг хугацааны дотор буй 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдөр зөрчил гаргагч О нь зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллуулсан болох нь улсын байцаагчийн хамтарсан шалгалт, зөрчлийн тэмдэглэл, холбогдогчоос авсан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, мөн хуулийн 15.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0149443 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар дүгнэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ