Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0095

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Х.Б-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, ..... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаар шийдвэртэй, Х.Б-н нэхэмжлэлтэй, Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ц овогтой Хайдавын Б миний бие 2004 онд Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд мэргэжилтнээр томилогдож ажилд орсон. Улмаар 2006 оны Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж 2006 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Үйлдвэр худалдааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2008 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн захирамжаар Захирагчийн ажлын албаны Тамгын газрын даргаар томилогдож ажилласан. Мөн 2012 оны 5 дугаар сарын24-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 76 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж үүрэгт ажлаа эрхэлж ирсэн.

Улмаар 2013 оны “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар захирагчийн ажлын албаны даргаар томилогдож 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийтдээ тус байгууллагад 10 жил ажилласан байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэнэт ажлаас чөлөөлөх захирамж гарсан ажлаа хүлээлгэж өг хэмээн 17 цаг 40 минутад дуудаж ажил хүлээлцэх комисс ямар нэг тушаал шийдвэр уншиж дуулгалгүй, гарсан тушаал шийдвэрийг албан ёсоор гардуулалгүй хуулиар олгогдсон ажлын цаг дууссаны дараа буюу 18 цаг 23 минутад ажил хүлээлцэж 19 цаг 50 минутад дууссан. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их Хурлаар батлагдаж 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжсэн ба энэ хуулиар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч гэж байсныг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч гэж болгосон юм. Мөн Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 126 дугаар тогтоолоор чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан бөгөөд Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Б-г томилж, мөн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар тушаалаар чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан байдаг. X.Б миний биеийг Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар захирагчийн ажлын албаны даргаас чөлөөлж, Захирагчийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. Улмаар Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Захирагчийн ажлын албаны дарга”-аар томилоогүйд гомдолтой байна.

Захирагчийн хууль бус шийдвэрийн талаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд гаргасан бөгөөд хариуцсан референт Энэбишийн зүгээс утсаар холбогдож тайлбар авсан. Тайлбарт ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан, тушаал буурсан талаар гомдол маш их ирж байгаа бөгөөд хувь хүн бүрд тусгайлан хариу өгөхгүй байгаа бөгөөд Салбарын яаманд нь хууль зөрчсөн тушаалыг эргэж залруулах талаар дүгнэлтээ байнгын хорооноос хүргүүлж байгаа. Мөн Өргөдлийн байнгын хорооноос гаргасан 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг чиглэл болгосон Өргөдлийн байнгын хорооны 10 дугаар тогтоол”-ыг баримталж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлийг өгсөн.

Мөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 906 тоот албан бичгээр миний гомдлын хариуг өгсөн. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Д-той өөрийн биеэр уулзахад “Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тань нээлттэй бөгөөд манай байгууллагын зүгээс нэмэлт тайлбарыг шүүхэд гаргаж өгөхөд бэлэн” гэж зөвлөсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтныг шалгаруулж авна” гэж заасан ба миний урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад Чөлөөт бүсийн тухай хууль шинэчлэн батлагдсан гэдэг нэрийдлээр ажил, албан тушаал буруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Х-н Б би урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилуулах хүсэлттэй байна. Иймд Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалаас Х-н Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Х-н Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү”. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “Х-н Б миний Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Ажлын албаны даргаар ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэж ихэсгэж байна”. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахдаа: “...Х-н Б миний “Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Ажлын албаны даргаар ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц овогтой Х-н Б-гийн нэхэмжлэлтэй хэрэг тус захиргааны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Х.Б гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар түүнийг гэнэт ажлаас халсан гэжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд захирамж гаргах ба түүнийгээ өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй талаар зохицуулсан. Тус заалтын дагуу чөлөөт бүсийн захирагч тус Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Анх Үйлдвэр, худалдааны сайдын 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Бүсийн захирагч ТЗ-13, Ерөнхий менежер ТЗ-11, Тамгын газрын дарга ТЗ-10 гэх мэт нийт 16 албан хаагчтайгаар тус тус баталсан. Харин энэ тушаалыг 2005 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэр, худалдааны сайдын 33 дугаар тушаалаар хүчингүй болгож тус тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан Ерөнхий менежерийн албан тушаал дээр Захирагчийн ажлын албаны дарга хэмээх чиг үүргийг нэмж ажил үүргийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан ба энэ нь нэг албан тушаалаар батлагдсан.

Гэвч тухайн үеийн удирдлагууд дээр дурдсан 2005 оны сайдын тушаалыг зөрчин нэг орон тоон дээр 2 албан хаагчийг ажиллуулсан байх ба Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга гэх 1 орон тоог задлан Ерөнхий менежер, Захирагчийн ажлын алба гэх 2 орон тоог бий болгон ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-ийг зөрчсөн үйлдэл байсан. Ийнхүү 2015 онд Чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс “Замын-Үүд” чөлөөт бүс болон өөрчлөгдөж, үүнтэй холбогдуулан бүтэц орон тоог мөн адил шинэчлэн баталсан юм. Ингэхдээ Ерөнхий менежер гэх албан тушаалыг хасаж Ерөнхий менежер, Захирагчийн ажлын алба болон Тамгын газрын даргын чиг үүргүүдийг нэгтгэж нэгдсэн нэг Захирагчийн ажлын алба гэх орон тоог бий болгосон юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр хэдий Захирагчийн ажлын алба гэх орон тооны нэршил хуульд заасны дагуу хэвээр хадгалагдаж байгаа боловч энэ орон тоо нь агуулгын хувьд дээрх 3 албан тушаалыг нэгтгэсэн нэг албан тушаал болон өөрчлөгдсөн. Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба гэж байхад “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/13 тоот захирамжаар баталсан Ерөнхий менежерийн ажлын байрны тодорхойлолт /цаашид “АБТ” гэх/-д Ерөнхий менежерт тавигдах шаардлагад мэргэжлийн хувьд бизнесийн удирдлага, эдийн засаг, инженер мэргэжилтэй, мэргэшлийн хувьд төрийн удирдлагаар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан гэх тусгайлсан шаардлага байдаг ба түүний удирдлагад Захирагчийн ажлын албаны дарга болон Захирагчийн ажлын албаны нийт ажилчид харьяалагддаг. Харин тухайн үед дагаж мөрдөж байсан Захирагчийн ажлын албаны даргын АБТ-д тавигдах шаардлагад дарга нь төрийн удирдлага, эдийн засагчийн мэргэжилтэй, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх, мөн түүний удирдлагад Захирагч болон Ерөнхий менежерээс бусад ажилтан албан хаагчид ажилладаг. Чөлөөт бүсийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Захирагчийн ажлын албаны бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай 126 дугаар тогтоол гарч, үүний дагуу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Аж үйлдвэрийн сайдын Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 93 дугаар тушаал гарсан байдаг ба тус тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор нийт ажилчдын АБТ-ыг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн захирагчийн захирамжаар шинэчилсэн юм.

Энэхүү баримт бичгүүдээс үзэхэд Х.Б-н нэхэмжлэлийн 2 дахь хуудсанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг иш татан, урьд эрхэлж байсан АБТ-д заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад Чөлөөт бүсийн тухай хууль шинэчлэн батлагдсан гэх нэрийдлээр ажил, албан тушаал бууруулж байна гэсэн гомдол үндэслэлгүй юм. Аж үйлдвэрийн сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс манай байгууллага бүтцийн өөрчлөлт хийж зарим нэг албан тушаалуудыг нэгтгэж, зарим хэлтсийг шинээр бий болгох шаардлага гарсан тул АБТ-уудыг шинэчлэн баталсан. Захирагчийн ажлын албаны даргын шинэчилсэн АБТ-ын тавигдах шаардлагад магистр болон түүнээс дээш зэрэгтэй, инженер, эдийн засагч, эрх зүйч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, төрийн албанд 5-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх шаардлага тавигддаг юм. Х.Б нь мэргэжил, ёс зүйн хувьд хуулийн энэхүү шаардлагыг биелүүлж чадаагүй нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Захирагчийн Б/14 тоот захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, АБТ, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн сахилга зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авагдсан. Энэхүү бодит байдлуудыг болон байгууллагын бүтэц өөрчлөгдсөн, түүнтэй холбогдуулан түүний ажлын чиг үүрэг өөрчлөгдөн үйл ажиллагааны үр дүн, мэдлэг, ур чадварыг нь харгалзан Х.Б-г Олон улсын гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан хэдий ч түүний урьд нь авч байсан цалин хөлсийг бууруулаагүй хэвээр олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б нь Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан гаргасан “Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Ажлын албаны даргаар ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, захиргааны хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалын Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х-н Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилогдох албан хаагчийг шалгаруулж авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

... Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлээр хүний хөдөлмөрлөх нөхцөл, баталгааг хуульчилсан байдаг. Хэдийгээр энэхүү маргаан нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрх зүйн байдлаас шалтгаалж, захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэх маргаан боловч цаад агуулга нь хөдөлмөрлөх журамт үүрэг, хөдөлмөрлөх баталгаагаар хангуулах гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан юм. Тиймээс дээр дурдсан хуулийн ерөнхий зохицуулалт манай тохиолдолд хэрэглэгдэх учиртай.

... Х.Б миний эрх шүүхэд хандаж, маргаан бүхий актыг хүчингүй болгуулснаар сэргэж чадсангүй шүүх миний урьд өмнө эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон мэтээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Миний урьд өмнө эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод нэмэлт орсон, 2008 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн захирамжаар Захирагчийн ажлын албаны Тамгын газрын даргаар томилогдож ажилласан туршлагатайн хувьд тухайн нэмэлт чиг үүргийг бүрэн гүйцэтгэж чадна. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн үүргийг гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаал гарах үед эгүүлэн томилохгүй байгааг зөвтгөж буй ажлын байрны тодорхойлолт батлагдаж гараагүй байсан нь ажил албан тушаал бууруулах үндэслэлгүй  байсны нотолгоо гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-д зааснаар өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга ньхэвээр байхыг хэлнэ гэж заасан байдаг.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 70.2.8-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн, түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг хэрэглэснээр миний эрх зүйн байдлыг ойлгомжгүй байдалд оруулаад байна. Өөрөөр хэлбэл, миний бие ажил албан тушаал бууруулж, өөр ажилд томилуулсан тушаалаа хүчингүй болгуулсан, хэзээ болох нь мэдэгдэхгүй Захирагчийн ажлын албаны даргын сонгон шалгаруулалтыгхүлээсэн “сул” иргэн болж, “сахил хүртэх гээд шал дордов” болж байгааг анхаарч үзнэ үү.

Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Б-г Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийн хавсралтаар Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.7.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаар тогтоол, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэст олон улсын гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчид холбогдуулан “Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалын Х-н Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Х-н Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 41 албан хаагчтайгаар шинэчлэн тогтоож, уг тогтоолыг үндэслэн Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар тушаалаар Захирагчийн ажлын албаны Тамгын газрын дарга, Ерөнхий менежер, Ажлын албаны дарга гэсэн 3 орон тоог нэгтгэж, Ажлын албаны дарга гэсэн 1 орон тоотой байхаар баталжээ.

Уг шинээр зохион байгуулагдсан бүтэц орон тооны ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгч Х.Б-н өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдсөн, тодруулбал Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга болон Тамгын газрын даргын чиг үүргүүдийг нэгтгэсэн, өөрөөр хэлбэл бүтэц зохион байгуулалтаар чиг үүрэг нь өөрчлөгдөн 3 орон тоог нэгтгэсэн Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд нэхэмжлэгчийг шууд томилохыг хариуцагчид даалгах боломжгүй талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.  

Нэхэмжлэгч “... миний бие ажил албан тушаал бууруулж, өөр ажилд томилуулсан тушаалаа хүчингүй болгуулсан, хэзээ болох нь мэдэгдэхгүй Захирагчийн ажлын албаны даргын сонгон шалгаруулалтыг хүлээсэн ажилгүй иргэн болж ... байна” гэж давж заалдах гомдол гаргасан байх ба анхан шатны шүүх ажилд томилохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн одоо ажиллаж байгаа албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалын Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг өөрчилж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах нь хариуцагч байгууллагын бүрэн эрхийн асуудал байхад шүүх Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилогдох албан хаагчийг шалгаруулж авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн байх тул тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалын Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Замын-Үүд-ийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргаар томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                           

 

           

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ