Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Мягмарсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Н.Мягмарсүрэн түүний өмгөөлөгч Б.Дима, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 1836000000015 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Бүргэдүүд овогт Насанжаргалын Мягмарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 09-08 тоотод Г.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г.Бямбасүрэнгийн цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн Д.Батноровын толгойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Бүргэдүүд овогт Насанжаргалын Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж. сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнг 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож. 10 хоног цагдан хоригдсоныг 150000 төгрөгөөр тогтоож торгох ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнд оногдуулсан 850000 / найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг “...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгасан байна гэж заасны дагуу шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа урьд сонсгосон ялыг өөрчлөх болсон үндэслэл, нотлох баримтыг тодорхой дурдах ёстой байтал огт дурдаагүй, түүнчлэн шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь хохирогч Г.Бямбасүрэнгийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал ямар байдлаар алдагдсаны улмаас Г.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээ төрүүлэхгүйгээр тайлбарлаж. дүгнэсэн нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.Бямбасүрэн, гэрч Н.Энхжаргал, шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.Мягмарсүрэнг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж улмаар хохирогчийг хутгалж хүнд хохирол учруулсан гэж үзэн ял шийтгэл оногдуулсан байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээрх мэдүүлгүүдийг дүгнэхэд хохирогч Г.Бямбасүрэн нь шүүгдэгч Н.Мягмарсүрэнг орж ирэх явцад ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Улсын дээд шүүх сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах гэдгийг тайлбарлахдаа хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарлажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Бямбасүрэнгийн Н.Мягмарсүрэн нь миний цээжин хэсэгт цэнхэр иштэй хутгаар нэг удаа хутгалсан би хохирлоо барагдуулж авмаар байна.Хохирогч Д.Батноров Г.Бямбасүрэн рүү дайраад хоолны шкафан дээрээсээ хутга аваад Г.Бямбасүрэнгийн цээжин хэсэг рүү нэг удаа хутгалчихаар нь босоод иртэл миний толгой хэсэгрүү нэг удаа хутгалсан бид бүгд биеэ авч явах чадвартай байсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, гэрч М.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн дахин өгсөн мэдүүлэг намайг Г.Бямбасүрэн нь хүчиндэхийг болон завдсан, оролдсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, яллагдагч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Г.Бямбасүрэн нь ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Г.Бямбасүрэн, Д.Батноров нарыг хутгалж, Г.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Батноровын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Б.Дима давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг нарийн шалгаж тогтоогоогүй. Хохирогч нар анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн өдөр юу болсон хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг нарийн тайлбарлаж ярьсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй  байна.

             Н.Мягмарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 09-08 тоотод Г.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй /өөрийн эхнэр М.Энхзаяаг, Г.Бямбасүрэн нь оролдсон байна гэж хардаж/ харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Г.Бямбасүрэнгийн цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан мөн Д.Батноровын толгойн тус газар хутгалж, хохирогч Д.Батноровын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Н.Мягмарсүрэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ховд аймгийн хяналтын прокуророос Н.Мягмарсүрэнгийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл: Хохирогч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ . . . би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Н.Мягмарсүрэнгийн гэрт нь Д.Батноров, Н.Энхжаргал бид гурав нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч очсон. Очиход Н.Мягмарсүрэн нь эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Бид дөрөв уг архийг хувааж уусан. Дуусаад жаахан согтохоор нь би унтсан. Намайг унтаж байхад Д.Батноров босоод ир нэг шил архи аваад ирлээ гээд намайг дуудсан.

            Тэгэхээр нь би босоод ирэхэд тэд нар нэг шил 0.75 литрийн Ерөөл архи аваад ирсэн байсан.Тухайн үед би орон дээр унтаж байсан. Н.Мягмарсүрэнгийн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ байшингийн хойморт газраар хэвтэж байсан. Архи авч ирсний дараа Н.Мягмарсүрэн, эхнэртэйгээ хэрэлдээд дараа нь надтай хардаад надруу авгай хүүхэдтэй янз бүр боллоо гээд дайраад бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгж байхад Н.Мягмарсүрэнгийн эхнэр М.Энхзаяа, Д.Батноровд намайг манай нөхөр ингэж харддаг байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тэр гурав хоорондоо бас маргалдсан. Тэгж байгаад Н.Мягмарсүрэн нь хутга аваад миний цээжрүү хутгалсан. “  . . . Намайг хэвтэж байхад Д.Батноров намайг хутгалчихлаа гээд толгойн хэсгээс нь цус гараад орилж байсан.. .” “ . . .Н.Мягмарсүрэн нь миний цээжин хэсэгт цэнхэр иштэй хутгаар нэг удаа хутгалсан . . .” гэх мэдүүлэг / хх-н 20-21 /,

            Хохирогч Д.Батноровын мөрдөн байцаалтад өгсөн : “ . . .Тэгээд 2018 оны 01 сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим би Н.Мягмарсүрэн, Н.Энхжаргал нарын хамт архинд явсан. Н.Мягмарсүрэнгийн гэрт Г.Бямбасүрэн унтаад үлдсэн. Тэгээд бид гурав 6 дугаар сургуулийн арын “ Орхын гол “ гэх нэртэй дэлгүүрээс “ Ерөөл “ нэртэй 0.75-ийн 1 шил архи аваад 10 орчим минутын дараа буцаж очоод Г.Бямбасүрэнг сэрээгээд авч очсон архи тойруулсан.     

             Тэгтэл Н.Мягмарсүрэн унтлагын өрөөрүүгээ орж гарч ирээд Г.Бямбасүрэнг манай эхнэртэй унтсан байна гээд Г.Бямбасүрэнрүү дайраад хоолны шкаф дээрээс хутга аваад Г.Бямбасүрэнгийн цээж хэсэгрүү 1 удаа хутгалчихаар нь босоод иртэл миний толгой хэсэгрүү 1 удаа хутгалсан. Тэгээд Н.Мягмарсүрэнг, Н.Энхжаргал барьж авсан . . . “ гэх мэдүүлэг / хх-н 16-17 /,

            Гэрч М.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ . . .2018 оны 01 дүгээр сарын16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим миний нөхөр Н.Мягмарсүрэн, Д.Батноров, Н.Энхжаргал нар дахиж архинд яваад, Г.Бямбасүрэн орон дээр хэвтээд үлдсэн. Ойролцоогоор 10 орчим минутын дараа нөхөр Н.Мягмарсүрэн, Д.Батноров, Н.Энхжаргал нар Ерөөл нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч ирж уусан.

            Тэгтэл миний нөхөр Н.Мягмарсүрэн намайг Г.Бямбасүрэн оролдсон байна гээд хардаад улмаар Г.Бямбасүрэнтэй маргалдаад хоолны шкафан дээрээс хутга аваад Г.Бямбасүрэнгийн цээжин хэсэгт нь 1 удаа хутгалсан тэгээд намайг ална гээд надруу дайртал Д.Батноров зогсоох гээд урдуур нь ортол толгойн хэсэгт нь 1 удаа хутгалсан. . . .” гэх мэдүүлэг / хх-н 24-25 / мөн М.Энхзаяагийн гэрчээр дахин өгсөн “. . . намайг Г.Бямбасүрэн нь хүчиндэхийг завдсан болон, оролдсон зүйл байхгүй . . .” гэх мэдүүлэг / хх-н 33х / зэрэг нотлох баримтуудаар Н.Мягмарсүрэн нь Г.Бямбасүрэнг эхнэрээ оролдсон байна гэж хэрүүл, маргаан үүсгэж улмаар гал тогооны өрөөнөөс хутга авч Г.Бямбасүрэнг хутгалж, хувийн сэдэлтээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

            Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өөрчилсөн байхад уг мэдүүлэгт хөтлөгдөж, шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь хохирогч Г.Бямбасүрэнгийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг хутгалж, хүнд хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авлаа.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06 -ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мягмарсүрэнд  холбогдох  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Н.Мягмарсүрэнд урьд авсан нэг сая төгрөгийн /1000000/ барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

Б.ДАМБА