Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2208001710169 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух /РД: /,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх, Ж овогт Д-н Б.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хохирогч Н.М нь фэйсбүүкээр Норд бенз загварын автомашины кабин худалдан авах зорилгоор зар байршуулсны дагуу түүнтэй холбогдож, Норд бенз загварын автомашины кабиныг 6.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ......... тоот дансаар 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах буюу цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг Шүүгдэгч Д.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

2. Хохирогч Н.М-н Хас банкны “...зарлага 5.400.000 төгрөг, 2021.12.07-ны өдөр...” гэх дансны хуулга, утасны жагсаалт /хх-ийн 6, 7-8 тал/,

3. Гэрч Н.О-н Хаан банкны дансны “...2021.12.07 өдөр, 5.400.000 төгрөг орлого, зарлага...” гэх хуулга /хх-ийн 10-13 тал/,

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/,

5. Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ байхдаа өөрийн ... гэх фейсбүүк хаягаар ороод Норд бенз кабин худалдаж авна гэсэн зар тавиад өөрийн ..... гэсэн дугаарыг үлдээсэн. Удалгүй над руу ... гэсэн дугаараас залгаад норд бензийн кабин байна 6.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь би фейсбүүк хаягаа өгчхөө дүрсээ харж яръя гэсэн чинь надад хэлэхдээ миний утасны сүлжээ унаад байна дүрсээ харж ярих боломжгүй байна. Говь-Алтай аймгийн төв рүү ороод сүлжээтэй болж байгаад харуулъя гэхээр нь би тэг гэсэн. Би удалгүй тухайн дугаар руу залгаад кабин хаана байгаа талаар асуухад Говь-Алтай аймагт байгаа гэхээр би зарах гэж байгаа 6.000.000 төгрөгөөсөө жоохон багасгаж болох уу? Би наад Норд бензийн кабиныг Улаанбаатар хот руу тээвэрлүүлэх зардлын хасмаар байна гэсэн чинь надад хэлэхдээ жоохон байж байгаад ярина гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд 30 орчим минутын дараа над руу залгаад энд ачаа буулгаад хоосон буцах гэх байгаа машин байна хот руу 1.000.000 төгрөгөөр ачъя гэж байна гэхээр нь би тийм үнэтэй ачуулахгүй гээд би гар утсаа тасалсан. Удалгүй над руу мессежээр ... гэсэн дугаар явуулаад наад дугаар чинь хот руу явах гэж байгаа жолоочийн дугаар та өөрөө залгаад яриад үз гэсэн. Тухайн өдрийн 20 цаг 25 минутын орчимд ... гэсэн дугаараас над руу залгаад би хоосон хот явна тийм болохоор би норд бензийн кабиныг чинь хот руу ачаад авъя гоё цэвэрхэн кабин байна гэсэн. Би тухайн жолоочдоо 600.000 төгрөгөөр тохироод .... гэсэн дугаар руу залгаад би наад хот руу явах жолоочтой ачааны хөлс болгож 600.000 төгрөг өгөхөөр боллоо тийм болохоор би чамд одоо 5.400.000 төгрөг өгнө гэж хэлсэн чинь заа болно гэж хэлээд намайг мөнгө шилжүүлчих гэхээр би Норд бензийн кабинаа харж байж шилжүүлнэ гэж хэлээд мөнгө шилжүүлээгүй. Тухайн өдрийн 22 цаг 05 минутын орчимд над руу ... гэсэн дугаараас залгаад би нөгөө норд бензийн кабиныг чинь ачуулчихлаа одоо над руу мөнгөө хий гээд залгахаар нь би харж байж мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд над руу ... гэсэн дугаараас залгаад кабин ачсан машин чинь өглөө эрт гараад явсан одоо над руу мөнгөө хий гээд 5005860806 гэсэн дугаартай дансны дугаар өгсөн. Тэгээд би тухайн данс руу 12 цаг 40 минутад 5.400.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлчхээд тухайн дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь кабин ачсан гэх ... гэсэн дугаар луу залгасан чинь бас холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

6. Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хамаатны ах З-н Чингэлтэй дүүрэгт байрлах гэрт нь очиж хоол идээд сууж байсан чинь З ахын гэрт гаднаас үл таних нэг эрэгтэй орж ирээд З ахтай юм ярьж сууж байгаад З ахаас Хаан банкны данс байна уу? гэж асуусан чинь З ах над руу хараад миний дүү Хаан банкныхаа дансны дугаарыг өгчих гэхээр нь би тухайн үл таних залууд өөрийн хаан банкны дансны дугаараа хэлсэн. Тэгсэн чинь тэр ах надад хэлэхдээ дансанд чинь мөнгө ороод ирвэл ахдаа аваад өгөөрэй гэсэн. Золбоо ах, нөгөө үл таних эрэгтэй бид 3 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ОК гэсэн нэртэй угаалгын газар ороод нөгөө ах өөрийн цагаан өнгийн D-5 маркийн автомашинаа угаалгын газар үлдээгээд өөрөө миний машинд суусан чинь миний Хаан банкны 5005860806 дугаартай дансанд 5.400.000 төгрөг ороод ирсэн. Тэгээд бид 3 тухайн мөнгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний Хаан банкнаас авахаар явсан. Хаан банкны гадаа очоод З ах, нөгөө үл таних залуутай цуг миний машинд үлдээд би Хаан банк руу орж нөгөө үл таних хүн миний данс руу шилжүүлсэн 5.400.000 төгрөгийг авч гарч ирээд нөгөө ахад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

7. Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би фэйсбүүкээр юм үзэж байсан чинь Норд Бенз ачааны автомашины кабин авна гэсэн зар байхаар нь зар тавьсан хүнтэй нь утасны дугаараар нь холбогдсон чинь кабин авмаар байна гэхээр нь би надад кабин байгаа гэж хэлээд 6.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. ...Нийт 5.400.000 төгрөгийг таньдаг дүү болох О-н Хаан банкны дансаар авсан. Би О-н данснаас мөнгөө Хорооллын ахуй үйлчилгээний автобусны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-с гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шүүгдэгч Д.Б-н Хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход: Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.М-н фэйсбүүкээр Норд бенз загварын автомашины кабин худалдан авах зорилгоор зар байршуулсны дагуу түүнтэй холбогдож, Норд бенз загварын автомашины кабиныг 6.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Хорооллын ахуй үйлчилгээний Хаан банкны АТМ-ээс гэрч Н.О-н Хаан банкны 5005860806 тоот дансаар дамжуулан 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.М-н Хас банкны дансны хуулга, гэрч Н.О-н Хаан банкны дансны хуулга, хохирогч Н.М, гэрч Н.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Б-г  “Залилах гэмт хэрэг буюу цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Б-н асап сангийн лавлагаа /хх-ийн 35-40 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 59 тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60-61 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-75, 76-79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь одоо ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, энэ шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тус харгалзаж, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-д 5.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Б- нь шүүхийн шатанд хохирогч Н.М-д 5.400.000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шүүгдэгч Д.Бямбадоржийн хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 /зургаан зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.М-д хохиролд тооцож 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА