Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Ш.Анужин,

Хохирогч Б.Бя- ,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2205000000793 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... тоотод түр оршин суудаг гэх, /РД: /, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ....... тоотод хамтран амьдрагч Б.Бя- тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Б.Бя- ын зүүн гарыг шилэн ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, зүүн гар сарвуу, дунд хуруунд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ........ тоотод хамтран амьдрагч Б.Бя- тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Б.Бя- ын зүүн гарыг шилэн ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, зүүн гар сарвуу, дунд хуруунд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 тал/,

2. Хохирогч Б.Бя- ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Жумбо хүнсний дэлгүүрт ажлын хамтран амьдрагч Б-н хамт ажиллуулдаг. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг өнгөрөөд дэлгүүрээ хаачихаад Б-н бид хоёр хамтдаа Баянгол дүүргийн .... дугаар хороо ....... тоот гэртээ харьсан. 2022 оны 2 дугаар сарын 15-ны шөнийн 3 цаг 00 минут хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж намайг унтуулахгүй байсан. Миний уур хүрээд Б-н тай хэрэлдэж маргалдсан. Гэтэл Б-н  миний өгзөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд биед халдаад байхаар нь би цагдаа дуудах гэхэд миний гар утсыг булааж аваад өгөөгүй. Ингээд намайг гэрээс гаргахгүй дарамталж байгаад шилэн ус буцалгагч аваад миний толгой хэсэг рүү цохих гэж байхад нь би гараараа ус буцалгагчыг хааж миний гарт олон тооны зүсэгдэл үүсэж, шөрмөс тасарсан, гарны яс хугараагүй. Шөрмөсөө хагалгаанд орж байгаад залгуулна гэсэн. Би Б-н тай хамтран амьдраад 1 жил болж байна. ...Бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа. Б-н  хэрэг болсноос хойш архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3099 дугаартай “...Б.Бя- ын биед зүүн гарын дунд хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуу, дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 63, 64 тал/,

5. Шүүгдэгч Б.Б-н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо 41-0-2 тоот гэртээ байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал манай эхнэр Бя  сэрээд унтаж амармаар байна гэсэн. Бя  шөнө гэрээс явах гээд байхад нь би хорьж бид хоёр маргалдсан. Би шилэн ус буцалгагч аваад эхнэр рүүгээ шидэхэд гарыг нь онож гэмтээсэн. ...Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н ы хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 35 тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 36 тал/, нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 тал/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 39, 41 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 43 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-н аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэхээр хуульчилсан. 

Мөн “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Б.Б-н ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал манай эхнэр Бя  сэрээд унтаж амармаар байна гэсэн. Бя  шөнө гэрээс явах гээд байхад нь би хорьж бид хоёр маргалдсан. Би шилэн ус буцалгагч аваад эхнэр рүүгээ шидэхэд гарыг нь онож гэмтээсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бя- ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 15-ны шөнийн 3 цаг 00 минут хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж намайг унтуулахгүй байсан. Миний уур хүрээд Б-н тай хэрэлдэж маргалдсан гэтэл Б-н  миний өгзөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд биед халдаад байхаар нь би цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булааж аваад өгөөгүй. Ингээд намайг гэрээс гаргахгүй дарамталж байгаад шилэн ус буцалгагчаар миний зүүн гарыг цохиж миний гарт олон тооны зүсэгдэл үүсэж, шөрмөс тасарсан, гарын яс хугараагүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3099 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-н , хохирогч Б.Бя-  нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд буюу хамтран амьдрагч байх ба хэрэг гарсан цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гарч явах гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар шүүгдэгч Б.Б- хохирогч буюу хамтран амьдрагч Б.Бя- ын биед халдан зодсон байна.

 

Шүүгдэгч Б.Б-н ы гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.Бя- ын биед зүүн гарын дунд хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, зүүн гарын сарвуу, дунд хуруунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

 

Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагчийнхаа эрх, эрх чөлөөнд нэг бус удаа халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдэл нь хууль бус, мөн Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Мөн шүүгдэгч Б.Б- хохирогч Б.Бя- ыг зодох, цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүх хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-н ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 63 тал/   

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 65-66 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг Б.Б-н д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-н ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-н ы хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бя- ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3099 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 64 дэх талд “...Б-н тай эвлэрсэн тул гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-н аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-н д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н Б-н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-н ыг 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бя-  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА