Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч: Т.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Т-н О-д холбогдох эрүүгийн 2205002061131 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн мэргэжилтэй, “Н” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дүгээр хороолол, ард аюушийн өргөн чөлөө .... тоотод оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, С овогт Т-н О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.О- нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод байдаг өөрийн гэртээ “такси барьж мөнгө үрсэн” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч М.Х-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун сарвуунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Т.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.О- нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод байдаг өөрийн гэртээ “такси барьж мөнгө үрсэн” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч М.Х-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “баруун сарвуунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхрийн хамтаар найзуудтайгаа гадуур гарч явж байгаад сүүлд Өргөө кино театрын хойно нэг бааранд орсон. Бид хэд виски уугаад тарахаар болсон. Би О-н хамт гарж ирээд машин дээрээ ирсэн. Манай нөхөр машинаа бариад харина гэхээр нь би уучихсан юм чинь дэмий байх хоёулаа такси бариад явъя гэсэн чинь эсэргүүцээд машинаа барина гээд байсан учир бид хоёр маргалдсан. Улмаар такси барихаар болоод такси бариад гэртээ ирсэн. Гэрт орж ирсэн чинь нөхөр шал дэмий ойрхон газар такси барьж мөнгө үрлээ гээд уурласан. Тэрнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Нөхөр хэрэгтэй, хэрэггүй өмнө нь болж өнгөрсөн юм яриад хэрүүл хийгээд байсан. Унтлагын өрөөний хаалга гараараа цохисноо намайг алгадаад газар унагасан, тэгээд үснээс зулгааж байгаад толгойгоор газар гудас мөргүүлээд байсан. Миний зүүн гуя руу өшиглөсөн, тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд нөхрийг эрүүлжүүлсэн. ...Манай нөхөр миний хохирлыг барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 919 дугаартай “...М.Х-н биед баруун сарвуунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 72, 73 тал/,

 

4. Шүүгдэгч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний бие эхнэр Х-н хамтаар найзуудтайгаа уулзаж нэг газар сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тараад харихаар болоод миний бие гэр хүртлээ ойрхон газар байсан учир машинаа бариад харъя гэхэд эхнэр дургүйцээд намайг машин бариулалгүй бид хоёр такси бариад гэртээ харьсан. Гэртээ ороод би эхнэртээ хоёрын хооронд газар машинаа бариад ирчих юман дээр такси барьж 3000 төгрөг үрлээ гээд эхнэртэйгээ маргалдсан чинь эхнэр маань миний эцэг эхийн талаар таагүй зүйлсийг хэрүүлдээ оруулаад байхаар нь би уурлаад эхнэрийнхээ толгойноос үсдэж газар унагаагаад гуя руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн чинь эхнэр маань намайг цагдаад дуудаад өгсөн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О-н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломны тодорхойлолт /хх-ийн 52 тал/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 53-63 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.О-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Т.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтлагын өрөөний хаалга гараараа цохисноо намайг алгадаад газар унагасан, тэгээд үснээс зулгааж байгаад толгойгоор газар гудас мөргүүлээд байсан. Миний зүүн гуя руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 919 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Т.О-н үйлдлийн улмаас хохирогч М.Х-н биед баруун сарвуунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 919 дугаар дүгнэлт үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Т.О- нь хохирогч М.Х-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгчийн хохирогчийг зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч М.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас үл ойлголцон харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах, нэгнийхээ Үндсэн хууль, Гэр бүлийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхийг зөрчихгүй байх үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.О- нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод байдаг өөрийн гэртээ “такси барьж мөнгө үрсэн” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч М.Х-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь “баруун сарвуунд зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.О-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 73 тал/ 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 74-75 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.О-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Т.О- нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 919 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 22-24 дэх талд “...Манай нөхөр миний хохирлыг барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж, 72 дахь талд “...миний бие гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.О-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Т-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д овогт Т-н О-г 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.О-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Х гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА