Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Г.Ундрах, Шүүгдэгч М.Б-н , Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-р овогтой Б-д холбогдох эрүүгийн 2133000460004 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10-р хороо Зүүн наран гудамж 10-97б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэрээд овогт М-н Б-н / РД:ПЖ-/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: М.Б-н нь 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг Туул голын хөвөөнд “Ангархай хошуу” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 1.661.150 /нэг сая зургаан зуун жаран нэгэн нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав: Улсын яллагчаас - 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, - 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-23-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн техник хэрэгсэлд хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/, -2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-33-р хуудас/, - 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ын хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээч Я.Батбаярын дүгнэлт /хх-ийн 39-41 хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Эртэч нар” ХХК-ийн шинжээч Ж.Сэрсмаагийн гаргасан дүгнэлт /хх-ийн 47-60-р хуудас/, -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/, -Гэрч Эрдэнэсүхийн мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/, -Гэрч Д.Шинэбаатарын мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/, -Гэрч Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/, -Гэрч О.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/, -Гэрч Х.Ням-Өлзийн мэдүүлэг /хх-ийн 116-117-р хуудас/, -Гэрч Б.Тэрбишийн мэдүүлэг /хх-ийн 119-120-р хуудас/, -Яллагдагч М.Б-ы мэдүүлэг /хх-ийн 139-141 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно. 1. Гэм буруугийн талаар Шүүгдэгч М.Б-н нь 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “Ангархай хошуу” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, 191.263 эзэлхүүн бүхий 0.175 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 1.661.150 /нэг сая зургаан зуун жаран нэгэн нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын өгсөн: “...10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн Хул азаргын тохой гэх газар дуудлага ирснээр сумын Иргэдийн хурлын дарга, нарийн бигийн дарга, орлогч дарга, иргэдийн хурлын төлөөлөгч, Хөтөлийн цагдаагийн бүрэлдэхүүнтэй очсон. Очиход 5 газар ухсан. 5 экскаватор, 1 Хова, 2 усан буу очиход байсан. 5 газар ухсан байсан... Хохирлоо бүрэн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг, - Шүүгдэгч М.Ба-ы өгсөн: “...Заамараас Орхонтуул суманд техниктэй ирсэн. Өмнө нь өрөнд орчихоод тэрийгээ төлөх гэж явж байгаад тэнд алттай газар гэдгийг сонсоод ирсэн. Ням-Өлзий гэх хүний 2 техникийг түрээсэлж авсан. Техникүүдийг нь түрээсээр авч очоод уурхай байгаа юм чинь юм байж магадгүй гээд дээд талыг нь ухсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд: -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байсан манай Орхонтуул сумын хэсгийн цагдаа Л.Есенжол надад хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг Ангархай хошуу гэх газарт уурхайн олборлолт явагдаж байна гэ хэлэх үед би мэдсэн. Тэгээд шууд Экологийн байцаагч Г.Балбар нэх хүнд мэдэгдсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэдийн хурлын дарга Л.Нямдорж, нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч П.Отгонбаяр нарын хамт зөвшөөрөлгүй уул уурхай ажиллаж байна гэсэн газарт очсон. Биднийг очиход бүх техникээ гаргаад зогсоочихсон. Нэг угаах төхөөрөмж нь суурилуулсан хэвээрээ нэгийг нь салгаад гаргачихсан үйл ажиллагаа нь зогссон байдалтай байсан. Тэгээд шалгахад нэг хүн байсан өөр ямар ч хүн байхгүй голын эрэг дагуу 5 ширхэг нүх ухчихсан зарим нүхийг нь буцаагаад булсан, зарим нь дутуу булчихсан байсан. Тэгээд хаанаас ирсэн ямар учиртай болохыг асуухад би мэдэхгүй гээд байсан. Тэгсэн 20-30 орчим минутын дараа М.Б- гэх залуу ирсэн. Бидэнд ирсэн мэдээллээр “Эрин Эрдэнэс” ХХК нь цаашаагаа ороод шинэ газар ухчихсан байна гэсэн мэдээлэл аваад очсон. Тэгээд шууд уурхай байрны ойролцоо очиход уурхай байран дээр нь ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд цаашаа явахад НямӨлзийгийн уурхайн 2 экскаватор шинээр ухсан газрын цаахан талд байсан. Тэгээд уулзахад манай техникийг түрээсэлсэн гэж хэлсэн. “Эрин Эрдэнэс” ХХК нь манай сум орон нутгаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Тухайн газарт ямар нэгэн ашиглалтын тусгай зөвшөөрөл юу ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/, -Иргэний нэхэмжлэгч Ц.Нямдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хувиараа техник түрээсэлдэг юм. 2021 оны 08 дугаар сарын 15-ний орчимд байсан Ням-Өлзий гэх залуу надтай гэрээ байгуулж Хюндай 500 ЭлСИ-7, Хюндай 2900 маркийн 2 ширхэг экскаваторыг Сэлэнгэ Аймгийн Орхонтуул сумын Хул азаргын тохой гэх газарт нөхөн сэргээлт хийхээр түрээсэлсэн юм. Түрээс нь сардаа 60,000,000 төгрөг байхаар тохирсон. Эхний саруудын түрээсийг цаг тухай бүрт нь төлж байсан. Харин сүүлийн 10 сард ажиллаагүй зогссон гээд төлбөрөө төлөөгүй байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай техникийн жолооч Эрдэнэсүх над руу залгаад техник эвдэрсэн гэж надад хэлсэн. Тэгээд техникийн сэлбэг аваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хул азарганы тохой гэх газарт ирсэн. Тэгтэл замдаа сумын хэсгийн төлөөлөгчтэй тааралдаад манай техникээр хууль бусаар олборлолт явуулсан талаар мэдсэн. Тэгээд хэрэгт манай техникүүдийг битүүмжилсэн байгаа тул би одоо өөрийн техникээ буцааж аваад явах шаардлагатай байгаа тул техникээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/, -Гэрч Д.Эрдэнэсүхийн : “...Манай техникүүдийн түрээсийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусаад Шинэбаатар ах, Энхбаатар, бид гурав техникээ аваад явах гэж байтал Нямсай та хэд байж ба би түрээсийн чинь 7 хоногоор сунгачихсан байгаа. Одоо урагшаа очиж карьер гаргана гээд урд ороод машинтайгаа зам зааж яваад “Туул” голын эргээс 50 метр орчим газар очоод эндээс нэг карьер гаргана гэж хэлээд бид нарыг ажиллуулсан. Нямсай ажиллаж байхад эргий нь сэтлээд оруулчих гээд бид нар эргийг нь сэтэлсэн. Бид нартай цуг цаахайн талд Шижирээ экскаватор, 1 ковш, 1 усан буутай ирчихсэн байсан. Тэгээд бид нар зэрэг шахуу хөрс хуулах ажиллаа эхлүүлсэн. Яагаад Нямсай, Шижирээ хоёр цуг эхэлсэн хоорондоо ямар холбоотойг нь мэдэхгүй байна... Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Учир нь би урьд өгсөн мэдүүлэг дээрээ Х.Ням-Өлзий гэх хүнийг гэрээгээ 7 хоногоор сунгана, шинэ газар карьер ухна гээд зааж өгсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Яг үнэндээ бид нар Ням-Өлзийгийн компанид түрээсийн техниктэй нөхөн сэргээлтийн ажил хийж байсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байсан. Үдээс өмнө 11 цагийн орчим байсан санагдаж байна. Нөхөн сэргээлтийн талбай дээрээ ажиллаж байсан чинь М.Батсайхан гэх залуу ирээд та дуусаж байгаа юм уу? 7 хоног надтай ажил хийх үү гэж асуухаар нь манайх энэ нүхээ булчих юм бол дууслаа шороо хүрэхгүй байна. Ажил байвал ажиллаж болно гэж хэлсэн. Яг хаана ямар ажил гэдгийг нь асуугаагүй. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр М.Б-ы зааж өгсөн газарт очсон. Тэнд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд техник маань эвдэрчихсэн болохоор дахиж ажиллаагүй... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96, 110-111 хуудас/, -Гэрч С.Шинэбаатарын: “...Би 2021 оны 08 сарын дундуур хүү Энхбаатар болон Эрдэнэсүх хоёрын хамт Орхонтуул суманд “Хул азарганы тохой” гэх газарт ирсэн. Бид нарыг Мэндээ Орхонтуул суманд очоод Нямсай гэх залуутай хамт ажиллах болсон. Ирээд удаагүй байж байгаад техникүүдээ лацдуулсан тэгээд би хүү Энхбаатарын хамт хот руу буцаад Эрдэнэсүх техникээ хараад үлдсэн. Тэгээд энэ оны 10 сарын эхээр буцаж ирээд нөхөн сэргээлтийн ажлаа хийсэн. Тэгээд нөхөн сэргээлт дуусаагүй байхад буюу 2021 оны 10 сарын 17-ны өдрийн орчимд манай түрээсийн хугацаа дуусаад бид гурав техникээ аваад хот руу буцах гэж байтал Нямсай би түрээсээ сунгачихсан захиралтай чинь ярьчихсан 7 хоног дахиад ажиллана гэж хэлээд бид гурвыг дагуулж яваад “Туул” голын эрэг дээр очоод одоо энд хөрс хуул гэж хэлээд ажиллуулсан. Бид нарын цаахан талд Шижирээ гэдэг залуу техниктэй ирчихсэн байж байгаад хамт эхэлсэн. Тухайн газарт Нямсай ажил гэж хэлээд бид нар хөрсийг нь хуулсан... Би урьд өсгөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Ням-Өлзий гэрээгээ сунгасан одоо шинэ газар очиж хөрс хуулна, Шинээ гэх залуу хамт эхэлсэн гэсэн нь худлаа байсан. Тухайн үед яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Ямар байсан Х.Ням-Өлзий хотруу явчихсан байсан байх эзгүй байсан. Тэгсэн Эрдэнэсүх түрээсээр өөр газар ажиллахаар болсон гэж хэлсэн. Тэгсэн яг үнэндээ Ням-Өлзий биш М.Батсайхан гэх залуу биднийг түрээсэлж шинэ газарт олборлолт явуулсан юм билээ. Би учрыг нь мэдээгүй. Би Эрдэнэсүхийн амыг дагуулаад тэгээд хэлчихсэн юм. Би яг үнэндээ юу болж байгааг нь ч мэдэхгүй зүгээр түрээсээр ажиллана гэхээр нь явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 113-114 хуудас/, -Гэрч П.Отгонбаярын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө фэйсбүүк зар дээрээс Орхонтуул суманд голын эрэг дээр алт угааж байна гэсэн утгатай бичлэг үзээд засаг даргатай холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь хурлын дарга Нямдоржтой утсаар яриад хурлын гишүүд тухайн газарт очиж газар дээрээс нь байдлыг нь тодруулахаар болоод 11 цагт тамгын газар дээр цуглаад би, хурлын дарга Нямдорж, хурлын нарийн бичиг Мөнхцэцэг, байгаль хамгаалагч Анхбаяр бид хэд цуглаад Анхбаярын машинтай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Хул азарганы тохой” гэх газар луу явсан. Тэгээд бичлэг дээр гарсан газар дээр очих гээд явж байхад бид нарын урдаас 2 экскаваторыг зогсоогоод жолоочоос нь асуухад бид нар түрээсээр ирсэн хоёр хоног ажиллаж байна гэж хэлсэн.Тэгэхээр нь та нар хөдлөхгүй байж байгаараа гэж хэлээд цаад талд нь харагдаж байсан техникүүд зогсож байсан газарт нь очоод үзэхэд голын эрэг дагуу хэсгийн хөрсийг нь хуулчихсан доошоо ухчихсан голын эргийг нь сэтэлчихсэн байсан. Тэгээд нэг усан бууг нь эрэг дээр байрлуулчихсан нөгөөхийг нь чирээд гаргасан байдалтай байсан гэхдээ бид нарыг очиход ус нь дусаж байсан. Хариуцаж байгаа хүнтэй нь уулзах гэтэл нэг залуу өөрөө хэлэхдээ ажилтан нь байна. Би юм мэдэхгүй Батсайхан гэж хүн хариуцаж байгаа гэж хэлсэн өөр хүн байгаагүй техникүүд нь бүгд цоожтой байсан. Тэгэхээр нь бид нар өөр газар ухсан байж магадгүй гэж бодоод голоо дагаад дээшээ өгстөл яг зам дээр нэг газарт ухсан цаашаа 800 орчим метр зайтай голын эрэг дээр ухаад буцаагаад булчихсан байдалтай нэг газар байсан. Тухайн газруудыг нь үзээд зургийг нь аваад буцаад техник байсан газарт ирэхэд нэг цагаан өнгийн машин ирчихсэн байсан гэхдээ хүн нь бид нартай уулзаагүй. Удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Тэгэхэд цагаан машинаас нь хүн бууж ирсэн. Тухайн хүн нь өөрийгөө Батсайхан гэдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105-р хуудас/, -Гэрч О.Мөнхцэцэгийн: “...Би 2021 оны 10 дугар сарын 22-ний орой 2 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул” сум гэсэн фэйсбүүк групп дээрээс ӨсөхИрээдүй гэх хүний тавьсан бичлэгийг үзсэн. Уг бичлэг дээр бол Орхонтуул сумын нутаг “Хул азарганы тохой” гэх газарт Туул голд алт угааж байна гэсэн утгатай дүрс бичлэг байхыг харсан. Тэгээд маргааш өглөө нь манай иргэдийн хурлын төлөөлөгч Алтанхуяг над руу залгаад цаана чинь хүмүүс зөвшөөрөлгүй алт угаагаад байна. Хүмүүс надаас асуугаад та хэд зөвшөөрөл өгсөн юм уу? гээд асуугаад байна. Хэдүүлээ тэр газарт нь очиж үзээд тодруулъя гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг гэх хүнд хуучин төвөөс шинэ төв ирэх унаа олдоогүй наашаа ирж чадаагүй. Тэгээд бид нар ИТХ-ын дотоод чат групп дээр ярилцаад 11 цагаас цуглаад тухайн газарт очиж үзэж танилцахаар болсон. Тэгээд 11 цагийн үед тамгын газар дээр би хурлын Нямдорж, орлогч дарга Отгонбаяр, байгаль хамгаалагч Анхбаяр нар ирсэн. Тэгээд бид хэд шууд Анхбаярын хувийн унаатай нь шууд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Хул азарганы тохой” гэх газарт “Эрэн эрдэнэс” ххк-ийн кемп дээр очих гээд явж байсан. Тэгсэн тухайн газарт техникүүд нь харагдахгүй байсан болохоор нь оролгүй шууд өнгөрөөд явсан. Тэгээд “Эрин эрдэнэс” ххк-ийн кемпыг өнгөрөөд явж байтал бид нарын урд Туул голын эрэг орчимд хэдэн техник зогсчихсон ойр орчмын хөрсийг нь хуулчихсан байдалтай байсан. Тэгээд бид нарын урдаас 2 том техник нь ирж байхаар нь нэгийг нь зогсоогоод асуутал жолооч нь бид нар мэдэхгүй түрээсээр ирж ажилладаг хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр нь цаашаа голын эрэг дээр нь очоод үзэхэд техникүүд нь бүгд нойтон ус нь дусаж байсан. Жолооч нар нь байхгүй байсан нэг залуу байсан тэр нь юу ч мэдэхгүй ирээд 2 хонож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар дахиад өөр газар хөрс хуулсан байж магадгүй гэж бодоод голоо дагаад явж байтал хэд хэдэн газарт их бага хэмжээгээр хөрсийг нь хуулчихсан байсан тэгээд тухайн газруудын зургийг нь аваад бичлэг хийгээд анх очсон техник байсан газартаа буцаад иртэл цагаан машинтай хүн бид нарыг тойроод тоос босгоод яваад байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-108- хуудас/, -Гэрч Х.Ням-Өлзийгийн: “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг Хул азаргын тохой гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Тэгтэл манай ээж Б.Олонбаяр нь Говь-Алтай аймагт коронавирус өвчнөөр өвдөөд бие нь муудаад хүндрээд байна гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн орой 19 цагийн орчимд Орхонтуул сумаас гарч Улаанбаатар хотод хоноод маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр авга ах Д.Батболдын хамт Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт очсон. Тэгээд тэндээ 2 хоноод 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд гараад тэндээсээ явсаар Төв аймгийн Атарын сангийн аж ахуй дээр бууж үлдээд авга ахыгаа явуулаад тэндээсээ замын унаанд дайгаад явсаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар баг “Хул азаргын тохой” гэх газарт уурхай дээрээ ирсэн. Тэгсэн намайг ирэхэд манай уурхайн нөхөн сэргээлтийн талбай дээр түрээсээр ажиллаж байсан 2 ширхэг Хюндай маркийн 5000, 2900 загварын экскаватор байхгүй байсан. Тэгэхээр нь би Доржбалаас асуусан чинь М.Б-н ирээд түлшийг нь хийгээд техникийн жолооч нартай нь тохиролцоод аваад 2-3 хоног ашиглачхаад ирье гээд авч явсан гэж хэлсэн. Тэгээд би их ядарсан байсан болохоор маргааш учрыг нь ольё гэж бодоод шууд унтаж амарсан. Харин би маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ний өглөө 10 цаг өнгөрч байхад би манай уурхайгаас дээш 3-4 киллометр яваад очиход тэрэг техникүүд нь сул зогсолт хийчихсэн, М.Б-н байхгүй байсан. Харин би манайд түрээсээр ажиллаж байсан Ээгий, Шинээ гэх хүмүүстэй уулзахад одоо техникээ аваад нөхөн сэргээлтийн талбай дээр очлоо гэж хэлсэн. Харин би тэндээсээ хөдөлж уулан дээр гарч гар утасны сүлжээ ордог газарт очсон. Тэгтэл М.Б-ы ухсан газрын бичлэгийг “Сэлэнгэ аймгийн Орхонтуул” гэсэн нэртэй фэйсбүүк групп хаягт байршуулаад “Хул азаргын тохой” гэх газарт зөвшөөрөлгүй алт олборлож байна гэж бичсэн байсан. Би Говь-Алтай аймгаас ачаа ачуулсан байсан болохоор ачаагаа тосч авахаар 11 цагийн орчимд Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд хот орж хоноод гэртээ байж байтал 2021 оны 10 дугаар сарын 24-ны өглөө цагдаагаас залгаж намайг ирж мэдүүлэг өг гэж дуудуулсны дагуу цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 116-117-р хуудас/, -Гэрч Б.Тэрбишийн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан санагдаж байна. Би Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Тэгсэн миний 99063537 дугаарын утас руу өдрийн цагаар М.Б-н гэх залуу залгаад би танай техник болон Ням-Өлзийгийн техникийг хамтад нь түрээсэлчихмээр байна гэж асуусан. Тэгэхээр нь би чи хэдээр түрээслэх юм бэ гэсэн чинь 7 хоног л ашиглана та надад түрээсэлчих би 30 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би Ням-Өлзийтэй ярьсан юм уу гэж асуусан чинь болноо би ярьчихна гэж надад хэлсэн. Харин би тухайн үед эхнэр төрөх гээд завгүй явсан болохоор за за чи тэгвэл аваад ашиглаж бай очиж байгаад гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд М.Батсайхан чимээгүй болчихсон. Харин би эхнэрээ төрүүлчихээд 2021 оны 10 дугаар сарын 19-ны орой 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг Өлзий нуга гэх газарт уурхай дээрээ ирсэн. Тэгээд унтаж амарчихаад үдээс хойш 17 цагийн орчимд Ням-Өлзийтэй уулзах гээд “Хул азаргын тохой” орсон чинь уурхайн кемп дээрээ байхгүй байсан. Харин тэнд миний техникийг түрээсэлсэн. М.Б-н гэх залуу байхаар нь уулзсан чинь би таны 3 экскаватор, Ням-Өлзийгийн 2 экскаватор гээд бүх техникийг нь аваад гарчихсан ажиллаж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би ажилчдын хүнсээ бэлтгэхээр Төв аймгийн Заамар сум руу явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цагдаа нар шалгалтаар ирчихсэн М.Батсайханы үйл ажиллагаа явуулсан гэх газарт шалгалт хийж байгаа талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р хуудас/, - “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” “шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...”Huyndai R500LC-7A” маркийн 49-03 УБ улсын дугаартай шар өнгийн эксковатор 1 ширхэг, “Huyndai ROBEX2900LC-7” маркийн 17-99 УН улсын угаартай шар өнгийн экскаватор 1 ширхэг Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар 30 000 000=00 /гучин сая/ төгрөгийн үнэлгээтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/, -“Эртэч наран” ХХК-ны шинжээч Ж.Сэрсмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо буюу 3-р багийн нутаг “Ангархай хошуу” гэх газарт алт олборлох зорилгоор 191,26м3 эзлэхүүн бүхий 0.175 га талбайг эвдсэнээр байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт 1,661.150 мянган /нэг сая зургаан зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин / төгрөгөөр тооцогдож байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хуулиар хамгаалсан бүстэй бүрэн давхцалтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай болон улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна. Мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрэлд өртөөгүй газар байсан бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх техник ажилд 605.59 мянган / зургаан зуун таван мянга таван зуун ерэн/ төгрөг шаардлагатай болно...” гэх дүгнэлт /ххийн 46-59-р хуудас/, -2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, -2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-23-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн техник хэрэгсэлд хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/, -2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-33-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 131-132-р хуудас/, -2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эд зүйл/ баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 133-137-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Прокурорын газраас М.Батсайханыг 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 22- ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг Туул голын хөвөөнд “Ангархай хошуу” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 1.661.150 /нэг сая зургаан зуун жаран нэгэн нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч М.Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, түүнийг хүсэж санаатай хэлбэрээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч нь хурдан хугацаанд, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэж байгаль экологид хохирол учруулсан нь тогтоогдож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.2-т зааснаар Монгол улсын газрын гадаргуу, түүний хэвлийд байгаа ашигт малтмал нь төрийн өмч бөгөөд ашигт малтмалыг эрж хайх, ашиглах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилжээ. Шүүгдэгч М.Б-н нь ашигт малтмал эрж, хайх, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алтны олборлолт явуулсан болох нь түүний мэдүүлэг, Эртэч наран ХХК-ын шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч М.Батсайхан нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчтай маргаагүй ба өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч М.Батсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлох буюу Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ. Шүүгдэгч М.Б-ы ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.661.150 төгрөг, эвдсэн газрыг нөхөн сэргээхэд 605.590 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22/ЭН дугаартай Эртэч Наран ХХК-ын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 47 хуудас/ Мөн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18-04-331/02 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тогтоох тухай дүгнэлтэнд “Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-т Газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 1.661.150x2=3.322.300 төгрөгийн хохирол учруулсан байна... гэж шууд бус хохирлын үнэлгээг тогтоожээ. /хх-ийн 71 хуудас/ Уг хохирлыг шүүгдэгч М.Б-н нь төлж барагдуулаагүй байгаа тул шүүгдэгч М.Б-с байгаль орчинд учруулсан хохирол 3.322.300 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 605.59 мөнгө, нийт 3.927.890 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэлээ. Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн ажлын хөлс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал /хх-ийн 60 хуудас/ 3.254.792 төгрөгийг гаргуулж Эртэч наран ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч М.Б-г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-г үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Энэ ялыг шүүхээс тогтоосон хугацаа болох 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч М.Б-н нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Ц.Нямдагвын эзэмшлийн Hyundai 2900 lc-7 17-99 УН, Hyundai 500 lc-7а 49-03 УБА улсын дугаартай машин механизмыг ашиглаж үйлджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан байна. Иймд дээрх хуулийн заалтын дагуу шүүгдэгч М.Батсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 экскаватор нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш иргэний нэхэмжлэгч Ц.Нямдагвын эзэмшлийн машин механизм байх тул түүнд буцаан олгож, Капитал зууч ХХК-ын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 техникийн үнэ 30.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байгаль экологид учруулсан хохирол 3.927.890 төгрөг, шинжээчийн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.254.792 төгрөг, нийт 7.182.682 төгрөгийг шүүгдэгчийн гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөхөд зарцуулж, хохиролоос илүү гарсан 22.817.318 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. Энэ хэрэгт битүүмжилсэн Hyundai 2900 lc-7 17-99 УН, Hyundai 500 lc-7а 49- 03 УБА улсын дугаартай 2 экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ц.Н-а шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-1, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хэрээд овгийн Мөнхтөрийн Батсайханыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Батсайханыг 5400 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Батсайханд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс гэм хорын хохиролд 3.927.890 төгрөгийг /байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээх зардалд/ гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчээс шинжээчийн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.254.792 төгрөгийг гаргуулжртэч нара “Эн” ХХК-д олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар Hyundai 2900 lc-7 17-99 УН, Hyundai 500 lc-7а 49-03 УБА улсын дугаартай 2 экскаваторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ц.Нямдагвад буцаан олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т заасны дагуу шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөгийг гаргуулан, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн 3.927.890 төгрөг, шинжээчийн зардалд 3.254.792 төгрөг, нийт 7.182.682 төгрөгийг шүүгдэгчийн учруулсан гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөхөд зарцуулж, хохиролоос илүүл гарсан 22.817.318 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн Hyundai 2900 lc-7 17-99 УН, Hyundai 500 lc-7а 49- 03 УБА улсын дугаартай 2 экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн 2133000460004 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батсайханд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН