| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/00015/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам, Улсын яллагч Г.Ундрах, Хохирогч Ц.Б-р, Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-н Г- холбогдох эрүүгийн 2233000240012 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам 4, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг 0-00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй. Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/44 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн гэх, Боржигон овогт Э-н Г- /РД:МЛ-/; Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г- нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Сант Агро" ХХК-ний манаачийн байранд Ц.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Сант Агро" ХХК-ний манаачийн байранд Ц.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч Э.Г-н өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад Б.Мөнхбат ахынд очиж мод хөрөөдсөн. Тэгээд Сант-Агро компанийн хашаанд очиж нэг шил архи ууж байгаад Ц.Батбаяр ахыг цохисон. Согтуу байхдаа цохисон байсан. Цохисондоо их харамсаж, гэмшиж байна. Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг цаашид төлж хохиролгүй болгоно. Гэм буруугаа ойлгож байна. Архи дарс хэтрүүлж хэрэглэхгүй. Архи дарс ууснаасаа ийм хэрэгт холбогдож байна гэж дүгнэж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Б-н өгсөн: “...Э.Гантулга 0.5 литрийн архи аваад манайд 6 цаг болж байхад ирсэн. Би ахтайгаа олон жил ажилласан хувааж уух гэж ирлээ гэхээр нь би хуваагаад уусан. Сүүлд Б.Мөнхбат нь босож ирээд хамар луу, мөр лүү цохисон. Э.Га-а та Батбаяр ахыг яаж байгаа юм тэгж болохгүй ш дээ гэж хэлээд хойш нь татаад орон дээр хэвтүүлсэн. Жоохон байж байгаад танай захирал миний тракторыг авсан гэхээр нь тэрийг би мэдэхгүй дарга цэргийн хоорондын асуудлыг би сайн мэдэхүй захиралтайгаа ярь гэсэн. Чи он жав байж нийлдэг гээд намайг цохисон. Нүд рүү цохиод унагаад өшиглөсөн. Өшиглөөд байж байхад Пүүжээ морь чөдөрлөж яваад араар яваад сонссон байсан. Тэгээд орж ирээд Батбаяр ахыг яаж байгаа юм бэ гээд барьж авахаар нь би хаалгаа онгойлгоод гараад зугтаасан. Араас гарч ирээд үхрийн байрны аман дээр байж байхад өргөж шидээд өшиглөсөн. Дахиад Пүүжээг бариад авахаар нь зугтаагаад үхрийн ферм руу орсон. Үхрийн фермд араас орж ирээд үхэр гаргаж хөөчхөөд намайг хайгаад байсан. Би эргээд малынхаа усны доогуур ороод хэвтэж байхад Санжаа ирээд намайг авч орж ирж захирал руу ярьсан. Одоо зүүн талын нүд зууралттай бүрэлзээд өвчтэй байгаа. Хамраас цус гоожоод Хөтөлийн эмнэлэгт үзүүлээд цус тогтоогч хийлгэсэн. Эмчилгээнд 1.000.000 төгрөг аваад унаа хөлс муутай болохоор нааш, цааш явсан такси автобусанд хэрэглэсэн. Одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мэс засалд орох зардлыг гаргаж өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад 1.Хохирогч Ц.Б-н өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд "Сант Агро" ХХК-ий байранд гэртээ байтал. Урьд нь хамт ажилладаг байсан Э.Гантулга гэх залуу орой 17 цагийн орчимд манай гэрт архи уучихсан халамцуу орж ирсэн. Хамт Мөнхбат гэх хүн явж байсан. Тэгээд надад 1 шил 0.3 литрийн Хараа архи барьчихсан ирээд цагаан cap болох гэж байгаа юм чинь ахтайгаа уух гэж ирлээ гэхээр нь би тэр архинаас нь хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад би нэг шил архи авч өгөхөөр болоод Э.Г-а манай гэрт үлдсэн харин би машин барьж явсан Мөнхбат гэх залуутай хамт сумын төв орохоор явсан. Тэгсэн Мөнхбат гэх залуутай маргалдаад архи авч өгөхөө болиод буцаад гэртээ ирсэн. Тэгсэн Мөнхбат босож ирээд миний хамар, мөр лүү цохиод авсан. Харин би та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Э.Г-а цаанаас ирээд Мөнхбатыг салгаад гэрийн баруун талын орон дээр унтуулсан. Тэгээд байж байсан чинь Э.Г-а танай захирал надаас трактор авсан гэхээр нь чи наад асуудлаа манай захиралтай ярь гэж хэлсэн чинь Э.Г-а “Чи яахаараа мэддэггүй юм бэ: гээд намайг зодсон. Тэгээд байж байтал манай ойролцоо байдаг Пүүжээ гэх залуу манай гэрт орж ирээд сапгасан Тэр хооронд би гэрээс гарч зугтаасан чинь Э.Г- араас гарч ирээд дахиад зодсон. Тэгсэн Пүүжээ араас ирээд дахиад салгахаар нь Би үхрийн ферм рүү ороод нуугдсан. Дараа нь усны тэргэн доогуур ороод сууж байхад Санжаа гээд хамт ажилладаг залуу намайг дуудсан Тэгээд Санжаа дарга руу ярьж цагдаад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал), 2.Гэрч А.Пүрэврагчаагийн өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой би гэртээ байсан ба оройхон морьдондоо ажил хийгээд Монгол газрын ойр орчимд явсан. Би орой 19 цагийн оричмд Сант-Агро ХХК-ийн малын байрны араар явж байхад хүмүүс хоорондоо зодолдож байгаа бололтой орилолдоод байсан. Тэгээд байшинд нь явж ороход Батбаяр, Гантулга хоёр хоорондоо маргалдаж байсан. Нэг хүн орон дээр нь унтаж байсан. Тэгтэл Гантулга Батбаярыг алгадаад цохиж байсан. Тэгэхээр нь би больцгоо салгахад Батбаяр байшингаасаа гүйсэн ба араас нь Гантулга гараад дахиад бариад авсан. Тэгээд дахиад нэг цохих шиг болсон чинь Батбаяр унаад өгсөн ба цээж рүү нь Гантулга нэг өшиглөхөөр нь араас нь очиж салгаж авахад Батбаяр "Тулгаа агаагаа яагаад байгаа юм бэ" гэж орилсон. Намайг Гантулгыг барьж авахад Батбаяр ах би чамайг Баагийд хэлнээ, миний нүд өвдөж байна гээд нүдээ дараад ферм рүү зугтаад явсан. Тэгээд би Гантулгыг болио миний хөгшин гэхэд за гэхээр нь байшин руу оруулчихаад гэртээ харьсан.Тухайн үед Гантулга нь Батбаярыг намайг ороход алгадаж унагааж байсан. Тэгээд би салгасан Харин гадаа гараад нэг удаа нүүр лүү цохиод, нэг удаа цээж рүү нь өшиглөсөн..."гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 14 дугаар тал), 3.Гэрч С.Санжаажавын өгсөн: "...Миний хувьд сайн мэдэхгүй байна. Тухайн үед буюу 01 дүгээр сарын 13-ны орой манай захирал Батсайхан Улаанбаатар хотоос залгаад чи Батбаяр очих хэрэгтэй байна хүн амьтан маргалдаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очиход Батбаяр ах өвөлжөөн дотор нуугдчихсан байдалтай, байшин дотор Гантулга сууж байсан ба хажууд нь 50 орчим насны эрэгтэй хүн орон дээр унтаж байсан. Тэгээд би Батбаяр ахыг байшинд оруулж ирэхэд нүүр нь цус болчихсон нүд нь хөхөрчихсөн байсан. Тухайн үеийн болсон зүйлсийг захирал Батсайхан руу залгаж хэлэхэд цагдаад хандсан байсан.Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. Миний ярьсан хэлсэн зүйл үнэн..."гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал), 4.Гэрч Б.Мөнхбатын өгсөн: "... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байсан Сэлэнгэ аймгийн Сант сумын төвд гэртээ байж байгаад Э.Гантулгыг дуудаад хамт манай хашаанд түлээ хөрөөдсөн. Энэ зуураа ганц шил архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дууссан чинь Э.Гантулга намайг дагуулаад урд бригад дээр байдаг манай найз дээр очъё гээд бид хоёр хамт Сант Агро ХХК-ийн бригадын манаачийн гэрт очсон тэр архиа задлаад би машин барьж яваа болохоор нээх уухгүй гээд орон дээр нь гараад унтчихсан харин Э.Гантулга манаач хөгшинтэй юм яриад суугаад байсан. Тэгээд ярианаас нь сонсоход Э.Г-г Сант Агро ХХК-нд ажиллаж байхад нь захирал нь нэг трактор өгсөн юм шиг байсан. Тэгээд засч янзлаад авсан гэсэн. Тэгсэн Э.Гантулгыг ажлаасаа гарсны дараа трактороо өгөхгүй байгаагаас болоод тэр захиралтайгаа маргаантай байгаа юм шиг байсан. Тэгээд манаач хөгшин болохоор компанийн захиралтай нь он жав учир трактороо яаж авах уу гээд аваад унаад ноцолдоод байгаа юм шиг байсан. Тэгж байгаад Гантулга тэр хоёр тэврэлдэж машин дотроо Э.Гантулгыг түр хүлээсэн. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь буцаж явах гэж байхад 2 ирж байгаа харагдсан би хэн гэдгийг нь мэдэхгүй тэгээд бид хоёр явж Э.Гантулгыг гэрт нь буулгачхаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг/хавтас хэргийн 40-р хуудас/, 5.2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/хавтаст хэргийн 3-р хуудас/, 6.2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хөндлөнгийн гэрч И.Баярсайхан, М.Батмөнх нарыг оролцуулан согтуурал хэмжсэн багажны заалт “2.19%”-тай гарсан болно...” гэх тодорхойлолт, илгэх хуудас, гэрэл зураг/хавтаст хэргийн 4-6-р хуудас/, 7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1878 дугаартай "...Ц.Батбаярын биед зүүн нүдний дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт(хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Э.Гантулга урд өмнө хохирогчтой таарамжгүй харьцаатай байгаагүй болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн “...Цуг ажилладаг байсан. Хааяа ганц, хоёр шил архи хувааж уудаг байсан...Архи ууснаас боллоо” гэх мэдүүлэг болон хохирогчийн “...танай захирал миний тракторыг авсан гээд уурлаад байсан....” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул улсын яллагчийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Шүүгдэгч нь хохирогч Ц.Б-т эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 56-57-р хуудаст авагдсан хохирогчийн хүсэлт болон Төрийн банкны гүйлгээ хийсэн мэдээллийн баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хохирогч Ц.Б-р нь болон түүний өмгөөлөгч нар “... зүүн нүдний дотор ханын хугарал...” гэсэн гэмтэл гарсан зүүн нүдний хараа муудаж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Э.-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж байгааг шүүгдэгч хүлээн зөвшөөрч цаашид гарах зардлыг төлнө гэж байна. Иймд хохирогч Ц.Б-р нь нүдний гэмтлээ ямар эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Г-с нэхэмжлэх эрхтэй болно. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч Э.Га- нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай /хавтаст хэргийн 76/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Э-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогч Ц.Б-т 1.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Ц.Б-р нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Э.Г-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Э.Г-а нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА