Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                   М.Баярмэнд

Улсын яллагч                                   Б.*******

Шүүгдэгч                                            Б.*******

Шүүгдэгч                                            Ц.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Ц.******* нарт холбогдох 2223000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Товцог баг хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сард Завхан аймгийн хаан сум багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун хайрхан” нэртэй уулнаас нэн ховор ургамал болох 218.9 килограмм хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 22.087.010 /Хорин хоёр сая наян долоон мянга арав/ төгрөгийн шууд хохирол учруулсан, уг зөвшөөрөлгүй түүсэн арцыг Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун хайрхан” нэртэй уулнаас Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Цагаан хаалганы пост” хүртэл улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Ц.*******ын зохих зөвшөөрөлгүй түүсэн 218.9 килограмм хэмжээтэй 11 шуудай хонин арцыг Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун хайрхан” нэртэй уулнаас Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Цагаан хаалганы пост” хүртэл улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тэдний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сард Завхан аймгийн хаан сум багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун хайрхан” нэртэй  уулнаас нэн ховор ургамал болох хонин арц түүж бэлтгэсэн, шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Ц.*******ын зөвшөөрөлгүйгээр түүсэн 11 шуудай хонин арцыг Завхан аймгийн хаан сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун хайрхан” нэртэй газрын уулнаас Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Цагаан хаалганы пост” хүртэл улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан  дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...Манай аймгийн нутаг дэвсгэрт Хонин арц, хуурамч хонин арц гэсэн хоёр төрлийн арц ургадаг бөгөөд тухайн арцнууд нь нэн ховор, ховор ургамлын жагсаалтад орсон байдаг тул иргэн, аж ахуй нэгжүүдэд арц түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгодоггүй юм. ...Баруун хайрхан гэдэг газарт арц ургадаг.   ...сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр,

Арц түүж бэлтгэн тээвэрлэсэн талаар мэдүүлсэн Ц.*******ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл 3 хоног Завхан аймгийн хаан сумын нутаг “Баруун хайрхан” гэдэг уулнаас арц түүсэн юм. ...мөнгөний хэрэг гараад байхаар нь арц түүсэн. Би 3 өдрийн дотор 11 шуудай арц түүгээд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орой найз *******ыг гэртээ дуудаад “Би жаахан арц түүсэн байгаа чамд 20 литр бензин 50.000 төгрөгний хөлс өгье чи яваад өгөөч” гэж хэлтэл зөвшөөрсөн. ..түүний улсын дугаартай Мазда Демио маркийн авто машинаар хоёулхнаа явсан. Би Завхан аймгийн хаан сумын нутаг “Баруун хайрхан” нэртэй ууланд нуусан байсан 11 шуудай арцаа *******тай нийлж машинд нь зөөж оруулаад буцаад аймаг руу явж байхдаа цагаан хаалганы пост дээр ирэхэд цагдаа зогсоогоод шалгахад зөвшөөрөлгүй арц түүсэн...” гэсэн мэдүүлгээр,

11 шуудай арц тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн Б.*******ын “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орой өөрийн улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинаар таксинд явж байхад найз Ц.******* 99806299 гэсэн дугаараас над руу залгаад “20 литр бензин 50.000 төгрөгний хөлс өгье, хоёулаа доошоо яваад юм ачаад ирье” гэхээр нь  Ундарга ШТС-аас бензин аваад аймгийн төвөөс гараад явж байхад “хаан сум Баруун хайрхан гэх уулнаас 10-аад шуудай арц ачиж ирнэ” гэж хэлсэн. ...аймгийн төвөөс шөнийн 21 цаг орчимд гарсан. ...Баруун хайрхан гэх уулнаас 11 шуудайтай арцыг өөрийн машинд ачаад аймгийн төв рүү үүрээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орж ирж байхад замд цагдаа нар шалгаад тэгээд баригдсан...” гэсэн мэдүүлгээр,

Арц тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саатуулсан талаар мэдүүлсэн гэрч Ч.ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилгооны дагуу Улиастай сумын “Цагаан хаалга”-ны постод үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл шөнө 05  цагийн орчимд улсын дугаартай Демио маркийн тээврийн хэрэгсэл постон дээр нь ирэхээр нь бичиг баримтыг шалгаж уулзахад Ц.*******, Б.******* нар явж байсан бөгөөд “Агьтын ам” орчихоод явж байна гэсэн. Юу ачиж явж байгаа юм бэ? гэхэд хөнжил гудас ачаад явж байна гэхээр нь сэжигтэй санагдахаар нь жолоочийг *******жаа онгойлгочих гэхэд онгойхгүй байгаа гэхээр нь “Та хойд хаалга онгойлгочих” гэхэд жолооч бууж буруу талын арын хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд ачааг үзэхэд шуудайтай анхилам үнэртэй арц байхаар нь ямар учиртайг асуухад тэр хоёр юу ч хэлэхгүй байсан. Тэгээд би цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулсан юм. ...11 шуудайтай арц байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас байгаль экологид 218,9 кг арц буюу нийт 22.087.010 төгрөгийн хохирол учруулсан ба түүсэн арц нь нэн ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай “11 ширхэг шуудай 218.9 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц (Juniperus Sabina L), тухайн арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад зааснаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад зааснаар 1 килограмм нь 100.900 /Нэг зуун мянга есөн зуу/ төгрөг ба хураагдсан 218.9 килограмм нь 22.087.010 /Хорин хоёр сая наян долоон мянга арав/ төгрөг болно” гэсэн дүгнэлтээр болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, арцыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас  авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь  энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон  хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д  “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус  хуульчилсан.

Шүүгдэгч нарын Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар санаа зорилгоороо нэгдэж, нэн ховор ургамал буюу 218,9 кг хонин арцыг улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Ц.*******ын зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэн ховор ургамлыг түүсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 22087010 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж зааснаар 22087010х5=110435050  төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүж, бэлтгэсэн, шүүгдэгч Ц.*******, Б.*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.******* хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо  төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 11 уут хонин арц, арцыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 300000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинен бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, шүүгдэгч овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч нарын дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт хорих ял  оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11 уут хонин арц, арцыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 300000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж /шүүгдэгч Б.*******аас 150000 төгрөг, шүүгдэгч Ц.*******аас 150000 төгрөг/-ийг тус тус гаргуулж улсын орлого  болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинен бариултай хайчийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.*******аас 110435050 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. ШүүгдэгчБ.*******ын эзэмшлийн улсын дугаартай Мазда Демио маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА