Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1403

 

М.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00773 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 273 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Амарбаясгалан нь Иргэний нисэхийн ерөнхий газартай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн Нисэх буудлын даргаар ажиллаж байсан. Гэтэл тус газар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсаар 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Б/23 тоот тушаалаар ажилдаа эргэж орсон. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүртэл буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 3 сарын цалинг нэг сарын 1 091 100 төгрөгөөр тооцон 3 273 300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч М.Амарбаясгаланг энэ хугацааны мөнгийг авахаас татгалзсан гэж байгаа нь үндэслэлгүй. Захиргаа олгох ёстой цалин хөлсийг өгөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй. Хэрэв нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ нь тусдаа асуудал. Ажилдаа буцаан томилсны дараа 2016 оны 3 дугаар сарын 10-нд нэхэмжлэгчийг дахин ажлаас чөлөөлсөн. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр ажилгүй байсан дээрх хугацааны цалингаа авахаар тус байгууллагад хандаж өргөдөл өгсөн боловч хариуг өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Амарбаясгалан нь тус газрын Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаандаа тэрээр байгууллагын илүүдэл эд хөрөнгийг хулгайлж завшсан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн нь тогтоогдсон. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч шүүх түүний гаргасан зөрчлийг нотолсон аудитын дүгнэлт баримтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч М.Амарбаясгалан нь тус байгууллагад 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орьё, гэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны олговрыг авахгүй гэдгээ илэрхийлсэн өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу өөртэй нь уулзаж зөвшилцөөд түүнийг тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Энэ тохиролцоог хийх үед хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч байгууллагад бодитоор хохирол учруулсан гэдгээ өөрөө ойлгож ухамсарлаж байсан тул мөнгө авахгүй гэсэн хүсэлтээ өөрөө өгсөн. Буцаж ажилдаа орсны дараа түүний талаарх гомдол Зам тээврийн яаманд очсон байсан. Ингээд Зам тээврийн яамны сайдын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх буудлын ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулахад ажлаас халахгүйгээр хүсэлтээрээ чөлөөлөгдье гэсэн өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргаанд ирүүлсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөгдсний дараа 2016 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны олговроо авья гэсэн өргөдлийг ирүүлсэн нь үнэн. Хариуг тухайн үед амаар өөрт нь өгч байсан.

Нэхэмжлэгч М.Амарбаясгалангаас ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэхгүй гэсэн хүсэл зоригоо бичгээр илэрхийлж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 273 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Амарбаясгаланд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 678 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67 322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Амарбаясгаланд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

М.Амарбаясгалан нь Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замын засварт ашиглах 1200 кг мастик авч гарсан ба бусад хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Хэдийгээр шүүх “зөрчил гаргаснаас хойш 6 cap илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авна” гэх Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр М.Амарбаясгаланг ажилд нь эгүүлэн томилсон боловч тэрээр ажилдаа эргэж орохдоо буруугаа хүлээн зөвшөөрч ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр ажилдаа эгүүлэн томилогдоё, ажилдаа томилогдох хүртэлх хугацааны олговрыг дахин шүүхэд нэхэмжлэхгүй гэсэн өргөдөл бичиж өгсөн.

Талуудын хоорондын тохиролцооны дагуу тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар М.Амарбаясгаланг ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл М.Амарбаясгалан нь Хөвсгөл нисэх буудлын ажилтнуудын гомдол Зам, тээврийн яаманд ирсний дагуу Зам, тээврийн сайдын 2016 оны Ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд ажилласан.

Тэрээр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны дараа түүний цалингийн урьдчилгаанд авсан 3 сая төгрөгийг байгууллага түүнээс нэхэмжлэхэд М.Амарбаясгалан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгууллагаас ажилд томилогдох хүртэлх хугацааны мөнгөө авья гэх өргөдөл бичиж, Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын даргаар дамжуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

Гэтэл шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг талууд харилцан зөвшөөрсөн гэж үнэлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлага хангаагүй хууль бус шийдвэр болсон.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаясгалан Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж өргөдөл гаргаж байсан гэж тайлбарласан, энэхүү өргөдлөө нотлох баримтаар Иргэний нисэхийн ерөнхий газраас авахуулж амжсангүй, он cap нь хэдийд гэдгийг мэдэхгүй байна, 2016 оны 3 сард байх гэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өргөдөл өгч байсан, гэхдээ яг он сарыг нь мэдэхгүй байна, нилээн хойно гаргасан гэж тайлбарласныг шүүх 3 сардаа багтааж өгсөн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Энэ тохиолдолд хэргийн хугацаанд шүүх ач холбогдол өгч шийдвэрээ гаргах гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг үндэслээд хэрэгт ач холбогдол бүхий өргөдлийг шаардах эрх нь байсан.

Гэтэл шүүгч хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай, хариуцагчийн эрх, ашгийг хөндсөн хууль бус шийдвэр болсон.

Жич: Шүүх хуралдааны явцад яригдсан өргөдлийг байгууллагад ирээд шүүж үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 131 тоот албан бичгээр Хөвсгөл аймаг дахь нисэх буудлаас Иргэний нисэхийн ерөнхий газар ирүүлсэн, нэхэмжлэгч өөрөө 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бичсэн өргөдөл байсан.

Иймд хэрэгт авагдаагүй нотлох баримтыг харсан мэтээр нэхэмжлэгчийн үгээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М.Амарбаясгалан нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 273 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр магадлалаар М.Амарбаясгаланг Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөвсгөл аймгийн нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 5-9, 30-37 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх ба талууд энэ талаар маргаагүй байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгч М.Амарбаясгаланг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй гэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч М.Амарбаясгалан нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эргэн орох хүсэлтдээ шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэхгүй талаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт бичиж өгснөөр түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар түр зогссон байх боловч тэрээр хариуцагчид ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай өөрийн хүсэлт бүхий өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ гаргасан болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байх тул мөн үеэс дээрх хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн тоолно.

 

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаанаас хойш 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс үргэлжлүүлэн тоолох талаар шүүх дүгнэлт хийлгүй, ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 273 300 гаргуулах тухай нэхэмжлэгч М.Амарбаясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 273 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Амарбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                            С.ЭНХТӨР