Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0130

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарганарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.Э, С.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 623 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221070 дугаар актыг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...УМБГ-ын 2013 оны албан бичиг, ТЕГ-ын даргын 2013 оны Хяналт шалгалт хийх удирдамж-ийн хавсралтанд дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичиж өгсөн компанийн жагсаалтанд орсон Түмэнхишиг сайхан, Тэсрэлт гал цог, Зэв зургаадай, Төгс үчинбэр компаниудаас Д ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авсан байсан.

Хуурамч падаан зардаг байсан талаараа Т ХХК-ийн захирал Б.Ө сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Тиймээс эдгээр компаниудын бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь бусдад бараа бүтээгдэхүүн борлуулсан болон ажил үйлчилгээ үзүүлсэнд олгосон биш гэдэг нь гэрчлэгдсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221070 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д ХХК нь би Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 12 сарын 19-ны 623 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-ийг удирдлага болгон гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт " ...2013 оны 07 сарын 01-ний өдрийн 221070 тоот татварын улсын байцаагчийн актад дурьдагдсан маргаан бүхий падаануудад бичигдсэн худалдан авалт бодит байдалд хийгдээгүй. Уг падаанууд хуурамч ажил гүйлгээтэй буюу хий бичилттэй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна" гэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайлбал:

Харин худалдан авалт нь бодит байдалд хийгдсэн. Өөрөөр хэлбэл барилгын дээврийн ажлын засварууд хийгдсэн. Ажил хийгдсэн учраас захиалагч тал төлбөрөө төлсөн, ажлыг нь хүлээн авсан. Ийм байхад худалдан авалт огт хийгдээгүй гэж дүгнээд байгааг зөвшөөрөхгүй байна. Тэгээд материал худалдан аваагүй юм бол Д ХХК яаж ажил гүйцэтгэсэн байх вэ? Д ХХК-ийн хувьд НӨАТ шингэсэн үнээр бараа материал худалдан авсан бөгөөд холбогдох нотлох баримтууд нь хэргийн материалд байсаар байтал захиргааны хариуцлага оногдуулсан татварын байцаагчийн актыг хэвээр үлдээж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Д ХХК-д захиргааны хариуцлага оногдуулж байгаа бол гэм буруу нь тогтоогдсон байх ёстой. Гэм буруугүй гэдэг нь хавтаст хэрэгт байх нотлох баримтаар нотлогдож байгаа учраас Д ХХК нь хариуцлага хүлээлгэх субъект биш.

Д ХХК хий бичилт хийгээгүй авсан материалынхаа үнийн дүнгээр бодитоор бичүүлж авсан.

Борлуулж байгаа этгээдүүд хоорондоо тохирсон эсэх, хууль бус зүйл хийсэн эсэхэд Д ХХК-ийн оролцоо байхгүй. Өлзийхишиг гэдэг хүний өгсөн тайлбараас харахад уг этгээд гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд 'Д" ХХК-тай холбоогүй нь тогтоогдож байгаа. Тэрээр "Барилгын материал худалддаг цөөн хүнтэй холбоотой байсан. Тэдгээр хүмүүс падаан бичүүлье гэхээр нь бичиж өгдөг байсан" гэдэг. "Төгс Үчинбэр" ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Өлзийхишиг нь нэгэнт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас татварын байгууллагад учирсан хохирлыг төлөх учиртай. Татварын байгууллага гэм буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх Тухайн үйлдлийг санаатай хийсэн гэм буруутай этгээдүүдийн өмнөөс санхүү, татварын тайлангаа үнэн зөвөөр нь гаргаж байсан хуулийн этгээд хариуцлага хүлээх учиргүй.

"Т" ХХК, Т" ХХК, Т" ХХК, "З" ХХК зэрэг компаниудаас Д ХХК-д өгсөн НӨАТ-ын падаануудыг анхнаасаа хий бичилттэй байсан гэдгийг нь мэдээгүй. Өөрөөр хэлбэл Д ХХК-д НӨАТ-ын падаан өгч буй этгээдүүдийг шалгах үүрэг хуулиар байхгүй далдыг харах боломжгүй учраас гэм буруу байхгүй үгсэн хуйвалдаагүй. НӨАТ-ын падаан худалдан аваагүй.

Хэрвээ НӨАТ-ын падаан нь зөрчилтэй байсан гэдгийг мэдсэн бол тухайн этгээдүүдээс бараа, материал худалдан авахгүй байсан. НӨАТ-ын падаан бол үнэт цаас юм. Үүнийг татварын байгууллага олгодог. Хуурамчаар үйлдэх боломжгүй. Падаанууд Татварын байгууллагаас олгогдсон гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл татварын албанаас олгогдсон оргинал падаан дээр бичилт хийж өгсөн байдаг. Энэ талаар "Дээрх долоон ширхэг падаан нь борлуулагч компаниудын татварын албанаас авсан падааны бүртгэлтэй таарч байна'" гэсэн байдаг.

Мөн уг актад " ... нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч ажил гүйлгээтэй барилгын материалын худалдан авалтыг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтад тусгаж, татвар ногдох орлого бууруулан ..." гэсэн нь үндэслэлгүй. Учир нь "Хуурамч ажил гүйлгээ" гэдэг нь ойлгомжгүй байна. Тэгвэл ямар гүйлгээ нь хуурамч байгааг тогтоох ёстой. Энэ нь ажлын гүйцэтгэлээр тогтоогдох ёстой болохоос хий бичигдсэн гэх падаанаар тогтоогдохгүй. Гэтэл Д ХХК хуурамч гүйлгээ байхгүй. Бүх бараа материалыг нь бодитоор худалдан авч, хэрэглэсэн. УДШ-ийн тайлбараар "татвар ногдох орлого бууруулсан" гэдэгт татвар ногдох тоо, хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах зэрэг үйлдлийг ойлгоно. Гэтэл Д ХХК-ийн хувьд энэхүү зөрчлийн аль нь байхгүй. Үнэн бодитоор л тайландаа тусгасан. Харин НӨАТ-ын падааныг хий бичилттэй гэдгийг мэдэх боломжгүй байсан. Мөн энэхүү актад "...МУ-ын НӨАТ-ын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй" гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглэж ... " гэсэн байдаг. Гэтэл Д ХХК-ийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүх баримтууддаа тусгасан байдаг бөгөөд НӨАТ-ын тайландаа тусгасан байгаагаар нотлогдож байна.

Уг падаануудыг бичсэн гэх Өлзийхишиг болон түүний хамсаатан этгээдүүд нь уг падаануудыг татварын падаанаас авсан субъектүүд юм. Тэгэхээр хий бичилт гэж байгаа бол уг субъектүүдэд хариуцлага тооцох ёстой.

Ийнхүү худалдан авалт бодит байдал дээр хийгдээгүй, падаан хуурамч буюу хий бичилттэй гэж Д ХХК-ийг буруутган /татварын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж/ энэхүү нөхцөл байдлыг нотолж байгаа гэж үзсэн нотлох баримтууд нь бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй, нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримтууд юм. Тухайлбал: Өлзийхишигийн өгсөн мэдүүлэг болон ярилцлагууд нь зөвхөн өөрөө хууль бус зүйл хийсэн, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн л баримтууд. Өлзийхишиг нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Д ХХК-ийг мэдэхгүй гэдгээ хэлдэг. Өөрөөр хэлбэл Өлзийхишигийн буруутай үйлдлийн хариуцлагыг Д ХХК үүрэх ёсгүй. Д ХХК-ийн хувьд ч Өлзийхишигийг танихгүй, уулзаж байгаагүй учраас хуурамчаар хийлгэх, хий бичилт хийлгэх боломжгүй. Татварын улсын байцаагчийн дүгнэлтүүд, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслан зөвлөлийн тогтоол зэрэг нь маргаан шийдвэрлэсэн баримт болохоос шууд үндэслэл болгох нотлох баримт бий. Энэхүү дүгнэлт тогтоолууд нь мөн Өлзийхишигийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлэлгүй орхисон нь илэрхий нэг талд үйлчилсний илэрхийлэл юм.

2. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн ''хуульзүйн үндэслэл" гэсэн хэсэгт хууль тогтоомжийг дурьдахдаа зөвхөн хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах утга агуулгаар тайлбарлан бичсэн байгааг зөвшөөрөхгүй. Мөн уг хэсэгт " ... Д ХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна" гэсэн нь үндэслэлгүй.

Д ХХК-ийн хувьд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг яг хуульд заасны дагуу бүрдүүлж, хугацаанд нь татварын байгууллагад тайлагнаж байсан. Энэ талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байтал үнэлсэнгүй. Энэ талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох Аудитын байгууллагын дүгнэлт хүртэл хэргийн материалд бий. Тэгээд ч анхан шатны баримтуудад үзлэг хийж үзээгүй байж хууль зөрчсөн гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна.

Д ХХК-ийн хувьд татвар төлөгчийн үүргээ хангалттай биелүүлж байсан.

3. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт "... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ татварын улсын байцаагч нар тухайн үедээ татварын тайланг хуульд заасны дагуу хянан үзэж, хүлээн авсан мөртлөө сүүлд акт тогтоож буй нь үндэслэлгүй, татварын улсын байцаагч нар тухайн үедээ үүргээ биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалан нэхэмжлэгчийг их хэмжээний өр, алданги торгуулийн хэмжээнд оруулж байна гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий актад дурьдсан зөрчлүүдийг үгүйсгэх үндэслэл биш" гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

Маргаан бүхий актад дурьдсан зөрчлүүд гэж Д ХХК-д хамаатуулан бичээд байгаа үндэслэлгүй. Дахин хэлэхэд Д ХХК зөрчил гаргаагүй.

Татварын байгууллага нь сар бүр НӨАТ-ын тайланг хүлээн авч, шалгадаг Өөрөөр хэлбэл тайлан үнэн зөв үү, НӨАТ-ын падааны дугаар мөн үү, татварын албанаас олгосон НӨАТ-ын падаан мөн үү гэх мэтчилэн. Энэ нь нэг удаа хийгдэж байгаа зүйл биш. Татварын алба 2010 оны 5,7,12 сар мөн 2011 онд хүлээн авч саруудад тайланг хүлээн авч баталгаажуулсан байдаг. Тэгэхээр татварын байгууллагын буруу ч бий. Уг падаануудыг хий бичилттэй эсэхийг шалгаж, иргэд байгууллагыг эрсдэлээс хамгаалах ёстой байсан. Тайланд НӨАТ-ын падааныг хавсаргаад л тайлан өгөөд байхад хүлээж аваад л баталгаажуулаад байсан байж, сүүлд нь хуурамч байсан гээд акт тавиад байгаа нь үндэслэлгүй. Мөн дээрх байгууллагууд ч мөн сар бүр тайлангаа өгсөн байх ёстой.

Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 12 сарын 19-ны 623 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

                       

Тагнуулын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хяналт шалгалт хийх удирдамж-ийн дагуу хийсэн шалгалтаар тогтоосон зөрчлийн талаар үйлдсэн дүгнэлтийг шийдвэрлэх тухай Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/5-4664 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нар Д ХХК-ийг 2010-2011 онуудад Төгс-Үчинбэр, Тэсрэлт гал цог, Түмэнхишиг сайхан, Зэв зургаадай ХХК-уудаас нийт 135,748.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч ажил гүйлгээтэй барилгын материалын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтад тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэсэн үндэслэлээр 13,574.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,072.5 мянган төгрөгийн торгууль, 4,508.4 мянган төгрөгийн алданги, нийт 22,155.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221070 дугаар актыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Д ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн барилгын материалуудыг бодитоор худалдан авсан бөгөөд тухайн үед уг падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж тухайн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ө-ийн мэдүүлэг болон Б.Ө-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан өөрсдийн компанийн нэр дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, НӨАТ-ын падааныг бусдын хүсэлтээр хуурамчаар бичиж өгдөг байсанмэдүүлгээс үзэхэд бодит байдал дээр Д ХХК болон Т, Т цог, Т, З ХХК-уудын хооронд 135,748.9 мянган мянган төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдах, худалдан авалт хийгдээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд тэдгээр компаниуд нь үйл ажиллагаа явуулдаггүй тул нэхэмжлэгчийн худалдан авалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар улсад төлөгдөөгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Д ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримтууд байгаа боловч тэдгээр баримтууд нь гагцхүү тухайн бараа материалыг зөвхөн тухайн компаниудаас худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөд хэрэглэгдэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь худалдан авалтаа 100 айлын барилгын материалын зах, Гурвалжингийн гүүрний 44 захууд дахь бусад этгээдүүдээс худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Д ХХК-ийг 2010, 2011 онуудад хийж гүйцэтгэсэн ажлууддаа зориулж бусдаас барилгын материал худалдан авсныг үгүйсгээгүй бөгөөд харин Төгс-Үчинбэр, Тэсрэлт гал цог, Түмэнхишиг сайхан, Зэв зургаадай ХХК-ууд нь бусдад ямар ч бараа материал худалдаагүй учир нэхэмжлэгч нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр худалдан авсан байх боломжгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй гэж үзэхээр байна.

Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1 ... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасан урьдчилан төлөгдсөн байх шаардлагыг хангаагүй учир мөн зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн төлөх татвараас дээрх бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн гэж үзэн хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР