Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө                                                           

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т.Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Б аймгийн М суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Т.Б,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн Үүдийн ... тоотод иргэн З.Б-г хүзүүн тус газарт хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 21-ний өдөр З.Б-н хүзүү тус газарт нь хутгаар 1 удаа хатгаж бие эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь үнэн. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруугаа хүлээн ухамсарлаж байгаа дахин ийм хэрэг үйлдэхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудлаас боллоо гэж бодож байна. Би урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй. гэжээ. /хх-ийн 35/

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 сарын 21-нд ахындаа нөхрийн хамт очсон. Архи уусан. Тэгээд гэртээ ирсэн. Нөхөртэйгөө маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 21-ний өдөр хадмынхаа гэрт байж байгаад танил айл болох Б-н гэрт эхнэр Б бид хоёр хамт очсон. Айлын хүмүүс архи уугаад сууж байсан. Бид хоёрыг очсоны дараа нэмээд архи ууцгаасан. Эхнэр Б бид хоёр хэн хэн нь согтсон байсан. Тэгээд Б бид хоёр орой 20 цагийн үед гэртээ ирээд юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан би эхнэр Б-тэй маргалдаж байснаа санаад байна. Би тухайн үед орны дэргэд түшлэгтэй сандал дээр сууж байсан чинь Б нь “би чамайг ална” гээд гэнэт л миний зүүн талын мөр хүзүү хэсэгт хутгаар 1 удаа хатгасан, тэгтэл миний зүүн мөр хэсгээс цус гарч эхэлсэн. Тухайн үед Н ах гадагшаа бие засах гээд гарах хооронд тийм зүйл болсон. Н ах гаднаас орж ирж хараад эмнэлэг, цагдаа дуудсан. Миний зүүн талын мөр хүзүү хэсэгт хутгаар хатгагдсан шархтай боолт солиулж байгаа, ямар нэгэн зовиур шаналал, өөр биед учирсан гэмтэл байхгүй. Надад гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 13/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Б болон Б нар хоёр хүүхдээ дагуулаад айл хэсэхээр гарч явсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирэхдээ хоёулаа их хэмжээний согтолттой орж ирсэн. Орж ирэнгүүтээ хоорондоо гэр бүлийн асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Энэ үед нь би хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд жорлон ороод ирсэн чинь Б модон орон дээр суучихсан, нөхөр Б нь өөдөөс нь хараад сандал дээр суучихсан цус алдсан байдалтай байж байсан. Намайг орж ирэхэд Б “Б намайг хутгалчихлаа та хүрээд ирээч” гэхээр нь сандраад очтол Б ардаа хутга нуугаад барьчихсан байхаар нь би шууд хутгийг нь булааж аваад үүд рүү шидсэн. Намайг жорлон ороод ирэх хооронд зүүн эгэм хэсэгтээ хутгалуулсан шархтай болчихсон байсан. Харин Б ардаа хутга барьчихсан байдалтай сууж байхаар нь би хутгыг нь булаагаад шидсэн гэжээ. /хх-ийн 18-20/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/

Шинжээчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 04/078 дугаартай дүгнэлт: 1.З.Б-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. З.Б-н биед хүзүүний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2220000000049 дугаартай тогтоол /хх-ийн 30-31/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 384/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, согтууралын зэрэг шалгах тухай тэмдэглэл  /хх-ийн 44, 46/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 51/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/17 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 53-54, 55-56/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн Үүдийн ... тоотод иргэн З.Б-г хүзүүн тус газарт хутгаар 1 удаа хатгаж хүзүүний зүүн талд зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч З.Б /хх-ийн 13/, гэрч Б.Н /хх-ийн 18-20/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 04/078 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын хувьд:

Хохирогч З.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Б-г энэ хэрэгт бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, будад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.Б