Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө                                                        

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...ы өдөр С аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Ц.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ... тоотод 2022 оны 03 сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Т.Н-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр архи уугаад гэртээ ирж хоноогүй өглөө ирэхдээ архи нь гараагүй ирсэн. Тэгээд би уурлаад хэрүүл хийгээд гэрээс хөөсөн тэгсэн гарахгүй байхаар нь гар хөлнөөс нь татаж чирсэн бас баруун гараараа дух руу нь хоёр удаа цохисон. Би архи уугаагүй байсан эхнэр урьд шөнийх нь архи гараагүй архи үнэртэж байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учирсан гэмтлүүдийг би учруулсан маш их харамсаж байна ахиж ийм асуудал гаргахгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 45-47/

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03-ны 05-ны орой 17 цагийн үед эхнэр Н гэрээс гараад явсан. Баяр тэмдэглэнэ гэсэн. Тэгээд тэр орой ирээгүй маргааш нь буюу 06-нд ирсэн. Орой нь хүүхэд уйлаад байсан учир би уурласан уурандаа эхнэрээ зодсон. Миний буруу. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Гэмшиж байна, буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан гэв.

Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага Мартын 8 тэмдэглээд би архи уугаад ажил дээрээ хоночихсон байсан тэгээд өглөө гэртээ ирсэн. Манай нөхөр хардаад хэрүүл эхэлсэн. Урьд нь намайг зодож байгаагүй. Намайг зодуулж байхад манай гурван хүүхэд манай өөрийн ээж байсан. Би гэртээ ороод орон дээр хэвтэж байсан тэгсэн зайл гээд л хөлнөөс татаад чирч гаргах гээд байсан. Тэгсэн манай том хүү болиоч ээ аав гэж хэлж байсан. Би тухайн үед архи гүйцэт гараагүй манараатай байсан. Би нүүрээ хамгаалаад хэвтэж байсан. Баруун гарын шуу хэсгээр хөхрөөд хөндүүрлэсэн , духан дээр бас цохисон юм шиг байна лээ. Зүүн талын шилбэ хөхөрчихсөн байсан. Нурууны ард хэсгээр хөндүүрлэж байсан. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Ямар ч байсан зүүн талын хөлнөөс татаад чирээд байсан болохоор зүүн талын хөл хөхөрчихсөн. Баруун гар луу 2-3 удаа хөлөөрөө өшиглөчихөөд цаашаа яваад өгсөн. Духан дээр гар хөлөөрөө өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тэр үед том хүү М, ээж Т нар харсан. Эдгээр гэмтлийг манай нөхөр учруулсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Нөхөртэйгээ хамт байгаа. Ээж хүүхдүүдтэйгээ бүгд хамт амьдарч байгаа гэжээ. /хх-ийн 16-18/

Насанд хүрээгүй гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өглөө гэртээ байсан гэрт ээжийг ирэхээс өмнө аав, эмээ, дүү нарынхаа хамт байсан. Би тухайн үед унтаж байсан тэгсэн гэнэт намайг эмээ сэрээчээ гэхээр сэрсэн чинь аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг болиулах гээд дундуур нь салгах гэж оролдсон. Тухайн үед аав ээжийг гэрээс гар зайл гээд ээж намайг болон эмээ, дунд дүү М нарын хамт гэрээс гараад ээж машинаа бариад төв зам гарчихаад цагдаад дуудлага өгсөн. Бид нар цагдааг иртэл байрныхаа гадаа байж байгаад цагдаа нартай гэрлүүгээ орсон. Цагдаа нар аавыг аваад явсан. Аав оройхон ирээд ажлынхаа хувцсыг аваад ажилдаа явсан. Маргааш өглөө аав ирсэн тэрнээс хойш аав, ээж хоёр дахиж хэрүүл зодоон болоогүй.” гэжээ. /хх-ийн 53-54/

Эрүүгийн хэрэг бүртгэлтийг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 04/092 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Т.Н-н биед гэмтэл тогтоогдлоо. 2.Т.Н-н биед духны баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун шууны дотор дунд талд цус хуралт, баруун бугалганы ар дунд талд, зүүн бугалганы ар дунд талд, хажуу дунд талд цус хуралт баруун гуяны дотор талд зулгаралт, зүүн гуяны урд талд, дотор доод талд цус хуралт гэмтлүүлд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 27-28/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

Шүүгдэгчийн иргэний мэдээлэл, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34, 37-38, 58-60/

Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тухай прокурорын 2220000410063 тоот тогтоол /хх-ийн 39-41/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-70/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/18 дугаартай тогтоол /хх-ийн 72-73/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 74/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 79-80/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ... тоотод 2022 оны 03 сарын 06-ны өдрийн 12 цагийн үед эхнэр Т.Н-тай маргалдан зодож духны баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун шууны дотор дунд талд цус хуралт, баруун бугалганы ар дунд талд, зүүн бугалганы ар дунд талд, хажуу дунд талд цус хуралт баруун гуяны дотор талд зулгаралт, зүүн гуяны урд талд, дотор доод талд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Н /хх-ийн 16-17/, насанд хүрээгүй гэрч Э.М /хх-ийн 53-54/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 04/092 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Э-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохиролын хувьд:

Хохирогч Т.Н нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Э-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Э.Б