Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2022/0037/Э |
Дугаар | 36 |
Огноо | 2022-04-05 |
Зүйл хэсэг | 20.17.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1-р хороонд оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 05 сарын 26-ны өдөр суллагдсан, Х овогт Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 сарын 23-наас 24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А зочид буудлын В1 давхарын караокены ... тоот өрөөнд буюу олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохин байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд Э, О, О-н найз гэх Н нарын хамт Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А нэртэй зочид буудал руу орж О найзын хамт өрөө захиалах гээд дээшээ гарсан. Харин Э бид хоёр дуулж, хоол захиалж идэх гээд зочид буудлын В-1 давхарт байрлах караокены ... дугаартай өрөөнд орж дуулж, хоол захиалсан. О удахгүй орж ирээд бид гурав хоол идэж, дуу дуулсан. Бид нарын байж байхад Б, Б, Ц, М нар ар араасаа цуваад орж ирсэн. Тэгээд бид нар хэсэг дуулж байгаад 22 цагийн орчимд байх Ц, Б, Б, Э нарын хамт 13 гэх нэртэй хөзрийн тогтоом тоглож байсан. Мөн тухайн өрөөнд хүмүүс орж гараад яваад байсан. Тэгээд би А зочид буудлын эзэн гэх Б-тай уулзаад караокены өрөөг авахаар тохирсон. Тэгээд би тухайн караокены өрөөнд Б, Ц, Б, Э, О нарыг караокены өрөөнд байсан ширээн дээр покер нэртэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Туайн үед би өөрөө тоглоогүй. Харин дээрх 5 хүн тоглосон. Тэгээд өссөн пот бүрээс 20,000 төгрөг авч 470,000 төгрөг цуглуулсан байсан. Тэгээд бид нарыг байж байхад цагдаагийн алба хаагч нар орж ирж, цагдаа руу авч явсан. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Б караокед хүмүүстэй дуулж байна гэж бодож байсан болохоос мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа талаар мэдээгүй. Тухайн үед зарим нь миний найз нар байсан. Найзуудыгаа дагуулж ирж, мөрийтэй тоглож байсан болохоор намайг мөрийтэй тоглоом зохион байгуулсан талаар мэдээгүй байх гэжээ. /хх-ийн 123-124/
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түргэн шуурхай шийдэж өгнө үү. Эрдэнэс таван толгойд ажилд орох гээд анкет өгчихсөн байгаа гэв.
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.М нь найзуудын хамт өрөө авах гэсэн юмаа гээд надтай манай зочид буудлын 1 дүгээр давхарт уулзсан юм. Тэгэхээр нь би ресепшнд В1 давхарын ... тоот караокены өрөөрүү оруулчих гэж хэлсэн. Би тэд нараас өрөөнд ороод юу хийх гэж байгаа талаар асуугаагүй. 10 гаруй цаг буюу маргааш өдөр хүртэл 780,000 төгрөгөөр бодож түрээслэсэн гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны өдөр найз Э-той уулзаад Замын-Үүд сумын А буудлын караокед 20 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд удалгүй Э-н найзууд нэг нэгээрээ ирсэн. Тэгээд дуу дуулж байгаад бөөндөө мөрийтэй тоглох санал гарган хөзөр тоглож эхэлсэн. Тэгээд хүний 1,000,000 төгрөгөөр тоглож эхэлсэн. Хөзөр тоглохдоо покор тоглосон. Тэгээд 2021 оны 12 сарын 24-ний өдөр мөрийтэй тоглож байгаад баригдсан. Манай найз Э, Ц, Б, Б гэх хүмүүстэй хамт мөрийтэй тоглоом тоглосон. Уг тоглоомыг бид 5 тоглосон. Анх эхлэхдээ нэг хүний 1 сая төгрөгөөр тоглож эхэлсэн. Би нийт 4 сая төгрөг алдсан байсан. Тэгээд 2021 оны 12 сарын 24-ний өдөр мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдахдаа 6,690,000 төгрөгтэй баригдсан. Тэгээд уг мөнгийг хураан авсан. Хожсон мөнгө нь 2 сая гаран төгрөг байсан гэжээ. /хх-ийн 35-36/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны үдээс хойш 15 цагийн үед буудалд хамт нэг өрөөнд байсан хуурай дүү Х Цагаан тэмээтийн караоке орж дууллаа гээд яваад өгсөн. Би тухайн үед буудалдаа амарч байгаад 19 цагийн үед буудлаасаа гарч Ц буудлын доошоо караокений өрөө рүү орсон. Өрөөнд ороход таньдаг хуурай дүү нар болох Э, Х, М, Д нар дуулж байсан. Тэгээд бид нарыг дуулж байхад 22 цагийн үед бид нарын өрөөнд Б, Ц, Г нар орж ирсэн. Бас миний танихгүй 3 залуучууд хамт орж ирсэн. Олуулаа болоод дахин үргэлжлүүлэн дуулцгаж эхэлсэн. Тэгээд удалгүй бид нар олуулаа санал нийлээд бүгдээрээ 13 тоглоё гээд тэр дуулж байсан өрөөндөө тоглож эхэлцгээсэн. Тоглоомондоо улайраад бид нар бүгдээрээ шөнөжин тоглоод маргааш өглөө нь бас тоглоод сууж байхад цагдаа нар орж ирээд бид нар цагдаагийн байгуллага дээр ирсэн. Э, Б, Ц бас нэг танихгүй залуу бид 5 тоглосон. Бид нар мөрийтэй тоглосон. Хүн тус бүрийн 500,000 төгрөгийн дэнчин тавиад покерийн дүрмээр өөрийн хүссэнээр өсгөх зарчмаар хөзрөөр мөрийтэй тоглосон. Надад нийт 5,700,000 төгрөг бэлнээр байсан. Би мөрийтэй тоглоом тоглоод 1,000,000 төгрөг алдсан. ... Бид нарыг тоглож байхад өссөн тоглолт бүрээс 20,000 төгрөгийг Д.М авч байсан. Энэ мөнгийг тоглолтын дундуур ундаа, ус, тамхи, хоол, караоке өрөөний төлбөр зэргийг төлөөд үлдэгдлийг үйлчилсэн хүн нь авдаг, тухайн үед М үйлчилж байсан юм гэжээ. /хх-ийн 39-40, 43-45/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 21 цагийн үед найз Б-тэй хамт явж байгаад А буудлын караокены үүдэнд Э-той таарсан. Тэгээд хамт дуулахаар болж Э-н сууж байсан өрөөнд ороход Г, М, Г, Б, танихгүй хотын залуу нар байсан. Хэсэг дуулж байгаад хоорондоо ярилцаад мөрийтэй покер тоглоом тоглохоор болсон. Тоглолтын ширээн дээр би Б, Б, Э, танихгүй хотын залуу бид 5 мөрийтэй покер тоглож эхэлсэн. Бид нар шөнөжин тоглоод 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 12 цаг хүртэл тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирээд тоглоом зогссон. Би, Б, Б, Э, танихгүй хотын залуу бид 5 тоглосон. Харин тоглоогүй тоглолтыг харж байсан Г, М, Г, Г, Б, Б нар байсан. Хүн тус бүрийн 1,000,000 төгрөгийн дэнчин тавиад покерийн дүрмээр өөрийн хүссэнээр өсгөх зарчмаар хөзрөөр мөрийтэй тоглосон. Надад нийт 2,000,000 төгрөг бэлнээр байсан. Би мөрийтэй тоглоом тоглоод 470,000 төгрөг тоглоомонд алдсан. ... Тоглолт явагдаж байхад мөрийг нь өсгөсөн үе болгонд М нь 20,000 төгрөг суутгаж авч байсан. Энэ 20,000 төгрөгийг аваад цуглуулаад хэдэн төгрөг орчим болдогийг нь мэдэхгүй тухайн тоглолт явагдсан караокены төлбөр, хоол, ус, ундаа зэргийг авдаг, тэдгээрээс үлдсэн мөнгийг нь М тоглолт хөтөлсөн гэж авдаг юм. Яг мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл хийсэн гэдгийг юу гэж ойлгодог болохыг би мэдэхгүй. В1 давхарын ... тоот караокены өрөөний тооцоог М нь тоглолтын мөнгөнөөс хураамж хэлбэрээр авч төлөх ёстой байсан. Би анх тоглолт эхлэнэ зэдгийг мэдээгүй. Б-н хамтаар А буудал дотор Э-той таараад дотор эхлээд караокед дуулж байгаад тоглолт эхэлсэн гэжээ. /хх-ийн 48-53/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны өдөр гэртээ амарч байсан чинь орой 20 цагийн үед манай найз Ц над руу залгаж А буудалд караокед дуулья гэж хэлэхээр нь зөвшөөрч 20:30 минутын үед хоёулаа очиход тус буудлын подвалын текний зүүн талын өрөөнд ороход Э, М, О нар дуулж байсан. Тэгээд Ц бид хоёр ороод хамт дуулж байгаад хөзөр тоглох уу гээд бид нар ярилцаад ширээгээ нийлүүлж хөзөр тоглохоор болсон. Ингээд би, Э, Б, О, Ц бид тав 10,000 төгрөгийг уландаа хийж тоглосон. Тухайн үед бэлэн мөнгөөр бүгд тоглосон. Тэгээд шөнөжингөө бид тав тоглож өглөө үргэлжлүүлэн тоглож байхад цагдаа нар орж ирсэн. Миний хувьд анх 2,000,000 төгрөгтэй ороод 900,000 төгрөг алдсан. Мөнгө хожоогүй. ... Бид нарыг тоглож байхад өссөн тоглолт бүрээс 20,000 төгрөгийг Д.М авч байсан. Энэ мөнгийг тоглолтын дундуур ундаа, ус, тамхи, өрөөний төлбөр зэргийг төлөөд үлдэгдэлийг үйлчилсэн хүн нь авдаг, тухайн үед Д.М нь үйлчилж байсан юм гэжээ. /хх-ийн 55-61/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 24-ний өдөр өглөө гэрээс гараад өөрийн найз Г-тай уулзах гээд Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах А зочид буудалд байна гэхээр нь 11 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед намайг гаднаас ороход Э, Б, Ц, Б, О гэх 5 хүн мөрийтэй хөзөр тоглож байсан. Манай найз Г дүү Ц-ны тоглохыг хараад сууж байсан. Тэгээд бас бус мөрийтэй тоглоом хараад сууж байсан 6, 7 хүн байсан. Тэгээд би Г-н хамт хоол идэх гээд хоол хүлээнгээ хөзөр тоглохыг хараад сууж байсан. Уг тоглоомыг харж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн гэжээ. /хх-ийн 64-65/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 сарын 23-ны өдөр би 16 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас хувийн ажлаар Замын-Үүд суманд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Мазда маркийн тээрийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд гадуур хувийн ажлаа хөөцөлдөж байсан чинь орой 19 цагийн үед А буудлын гадуур явсан чинь Замын-Үүдийн танил Ц, Х нарын машин гадаа нь байхаар нь буудал руу явж орсон. Дотогш ороод жижүүрээс гадаа зогсож байгаа машины жолооч нар хаана байгаа юм гэсэн чинь доор караокед дуулж байгаа гэсэн. Доошоо караокены өрөө рүү орсон чинь текний зүүн талын өрөөнд Ц, Х, Д, Э, хотоос ирсэн гээд нэг танихгүй залуу байсан. Би өрөөнд ороод хүмүүстэй мэндлээд ширээнд суусан. Намайг ширээн дээр суухад ширээн дээр архи байгаагүй. Тэгээд хүмүүс дуулаад намайг ундаа уугаад байж байгаад гадагшаа гарч гадуур явж байгаад орой 22 цагийн үед буцаад ороод ирсэн чинь ширээн дээр Э, Б, Б, Ц, О нар хөзөр гаргаж ирээд мөнгөө урдаа ширээн дээр тавиад покер тоглож байсан. Би тухайн үед тоглоогүй, харин жаахан нүд хийж байгаад хажуу талын буйдан дээр унтсан. Өглөө 07 цагийн үед сэрчсэн чинь Э, Б, Б, Ц, О нар тоглож л байсан гэжээ. /хх-ийн 72-73/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 24-ний өглөөний 08 цаг 30 минутад гэрээсээ гараад Замын-Үүд сумын 2 дугаар сургуульд зохион байгуулагддаг гар бөмбөгийн дугуйландаа явсан. Гар бөмбөгийн дугуйлан маань 11 цаг өнгөрч байхад тараад би гэр лүүгээ явж байх замд Ц зочид буудлын гадна зогсоол дээр Ц-н машин байхаар нь юу хийж байгаа юм бол гэж бодоод Ц буудал орсон. Ороод буудлын доод талын караокений өрөөнд ороход сахалтай залуу, Б, Б ах, Э, Ц нар урдаа мөнгө тавьчихсан мөрийтэй покер тоглож байсан. Бас Г ах, М ах, Д ах, Г танихгүй хоёр залуу нар тоглож байгаа хүмүүсийг хараад сууж байсан. Би ороод удалгүй миний араас 4 цагдаа нар орж ирээд тоглолтыг зогсоогоод тоглож байсан хүмүүсийг аваад явсан гэжээ. /хх-ийн 76-77/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг А зочид буудлын В1 давхарын караокены өрөөнд Б, Б, О, Ц нарын хамт бэлэн мөнгөний мөрий тавьж мөрийтэй тоглоом тоглож байсан. Бидэнтэй хамт тоглоогүй М, Г, Б, Н, Г нарын 7 орчим хүн байсан. 2021 оны 12 сарын 23-ны оройн 22 цагийн орчим шиг санагдаж байна. Цагийг нь сайн санахгүй байна тэр зочид буудлын караокед дуулж байгаад дээрх хүмүүсийн хамт хөзрөөр техас мөрийтэй тоглож хоносон. А зочид буудлын өрөөг хэдэн төгрөгөөр түрээслэж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Нэг удаагийн хөзрийн техас покер тоглолтонд 6-7 хүн тус бүр 1,000,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр орж хүссэн мөнгөн дүнгээрээ мөнгөө өсгөж тоглосон. Би тус өдөр бэлэн 3,500,000 төгрөгтэй тоглоом тоглохоор орсон бөгөөд 70,000 төгрөг алдсан. Миний биед бэлэн 3,430,000 төгрөг үлдсэн байсан гэжээ. /хх-ийн 84-85/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 12 сарын 03-ны өдөр дахин буудлын туслах ажилтанаар ажиллаад өгөөч гэж Б надаас хүсэхэд нь би дахин цэвэрлэгээ үйлчилгээ хиймээргүй байнаа гэсэн хариу өгсөн чинь буудлын В1 дээр хонгилын давхарт байрлах караокений текэнд тооцоо мөнгө хариуцаад ажиллаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд тус өдрөөс 12 сарын 28-ны өдөр хүртэл ажиллаад 1,200,000 төгрөгний цалин авсан. Би 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 13 цагаас А зочид буудлын В1 давхарын караокед очоод оройны 00 цагаас тухайн өдрийн тооцоогоо Д.Б-д өгөөд буусан. 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим ажил дээрээ очсон. 2021 оны 12 сарын 23-ны өдөр хэсэг бүлэг залуучууд 20 цагийн орчим гаднаас орж ирээд “та бүхэн хэдүүлээ явж байгаа вэ” гэж асуухад нэг залуу нь “түр хүлээж байгаарай би захиралтай чинь ярьж байна” гэж хэлсэнээс хэсэг хугацааны дараа Б миний утсанд залгаад “наад хүмүүс чинь сая надтай ярьлаа ... тоот өрөөнд оруулчих” гэсэн тул би оруулсан. Тухайн хүмүүс манай караокеноос ууж идэх зүйл захиалаагүй. Захирал Б-тай ярьсан гээд гаднаас уух зүйлсээ зөөж байсан. Намайг дуудаад 5 цаг хийлгэсэн караокений машинд. Маш олон залуучууд орж гараад байсан учраас хэдэн хүн байсныг нь би хэлж мэдэхгүй байна. Оройн 00 цагт би захирал Б-д орж тухайн өдрийн орлогоо тушаагаад ... тоотод байгаа хүмүүс яах талаар асуухад “чи гэртээ харьж амардаа, наад хүмүүс чинь гарах болоогүй” гэж надад хэлсэн тул би гэртээ харьсан. Маргааш өдөр 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирсэн мөрийтэй тоглоом тоглосон гэсэн хэрэг гарсан талаар би мэдсэн гэжээ. /хх-ийн 88-90/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 23-ны өдөр А зочид буудалд ресепшнээр ажиллаж байхад орой 19-20 цагийн хооронд зүс мэдэх Д гэх залуу “ирээд шинэ жил тэмдэглэх өрөө байна уу 10 гаруй хүнтэй заал байна уу” гэж надаас асуусан. “5 цаг гаруй болох байх цагийн мөнгө нь хэд бэ” гэж надаас Д гэх залуу нь асуухаар нь “манай захирлаас асуу” гээд Б захирлын ... дугаарын утсыг тэр залууд өгсөн. Тэгээд Б захиралтай яриад тохиролцсон бололтой 21 цаг хүмүүс 20 тоот караоке руу орцгоосон. ...Би нэг удаа 21 цаг өнгөрч байхад хоол, цай ресторанаас зөөж оруулахад дугуй ширээ тойроод цай унд 7-8 хүн уугаад сууж байсан гэжээ. /хх-ийн 93-94/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийг 05-11/
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-21/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар төтөх тухай прокурорын тогтоол /хх-ийн 119-120/
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цахим иргэний үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 130-146/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 150-151/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 153/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 154/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 19 дугаартай тогтоол /хх-ийн 155-156/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 сарын 23-наас 24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А зочид буудлын В1 давхарын караокены ... тоот өрөөнд буюу олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохин байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.О /хх-ийн 35-36/, гэрч Г.Б /хх-ийн 39-40, 43-45/, гэрч Б.Ц /хх-ийн 48-53/, гэрч Г.Б /хх-ийн 64-65/, гэрч Б.Э /хх-ийн 84-85/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, болон бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийг 05-11/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-21/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.М-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Покер стар” гэх бичиглэлтэй 1 ширхэг хөзрийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж шүүгдэгч Д.М-с хураан авсан 470,000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй. Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглож байсан гэрч нараас гэмт хэрэг гарсан өдөр бэлнээр хураан авсан 17,470,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ......., гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан. Гэрч Б.М “...орой 22 цагийн үед буцаад ороод ирсэн чинь ширээн дээр Э, Б, Б, Ц, О нар хөзөр гаргаж ирээд мөнгөө урдаа ширээн дээр тавиад покер тоглож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/, шүүгдэгч Д.М-н шүүх хуралдаанд өгсөн “тоглож байсан хүмүүсээс хурааж авсан 17 гаруй сая төгрөгийг ер нь бол тоглох гэж л хүмүүс авч ирсэн байсан. Мөрийтэй тоглож байсан хүмүүс мөнгөө алдаад ирэхээрээ гарч яваад мөнгө авч ирээд тоглоод байсан юм” гэх мэдүүлэгээр хэрэгт хураагдсан 17,470,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохин байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Төрийн сангийн 1000.6140.6350 дугаартай дансанд байгаа гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого болох шүүгдэгч Д.М-с хурааж авсан 470,000 төгрөг, мөрийтэй тоглоом тоглож байсан гэрч нараас хурааж авсан 17,470,000 төгрөгийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Покер стар” бичиглэлтэй 1 ширхэг хөзрийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б