Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.З-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс өөлд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, ам бүл 5, аав, ээж, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 4-р хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б.З,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 11-р сарын 30-ны өдөр Б нэртэй фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “Монгол чатны аппликейшн рүү зээлийн төлөлт төлүүлэх нэрийдлээр иргэн Ч.А-г хуурч Х банкны ... дугаарын дансанд 3 удаагийн үйлдлээр 98,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь Б гэсэн фэйсбүүк хаягтай байсан юм. Тэгээд уг хаягаасаа Монгол чат аппликейшээс зээл гаргаж өгнө гэсэн постыг 2021 оны 10-р сарын сүүлээр оруулсан юм. Тэгсэн чинь над руу Ч.А гэж эмэгтэй  чатаар холбогдоод би Монгол чат аппликейшныхаа зээлийг төлж чадахгүй байна зээл яаж төлөх вэ гэж асуусан юм. Тэгэхээр нь би ... гэсэн дугаарыг өгөөд, энэ дугаар луу төлөлтөө хийчих гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Ч.А гэж хүн нь миний өгсөн ... дугаараар орж зээлийн төлөлт болох 98,000 төгрөгийг хийсэн юм. Уг мөнгийг нь би Н.Ц гэж хүний ... дугаарын данс руу шилжүүлээд, 1хбет сайт дээр цэнэглүүлэлт хийлгээд, тэрийгээ би өөрөө сайтнаасаа өөрийнхөө ... дугаарын данс руу шилжүүлж авсан юм. Ч.А гэж хүнийг надтай холбогдохоос өмнө ... дугаартай хүн зээл авахаар надаар шалгуулсан юм. Гэвч уг хүний зээл гарах боломжгүй байсан ба би уг хүний аппликейшнийг гар утаснаасаа гаргаагүй  байсан юм. Мөн Ч.А гэж хүн нь урьд нь зээлээ авчихсан, зээлийнхээ төлөлтийг хийх гэж байсан учраас би тэрийг нь өөрөө аваад хэрэглэчихсэн юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарчихсан байсан юм.Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 11-р сарын 30-ны өдрийн 1 цаг өнгөрч байхад Монгол чат зээлийн апликейшний зээл төлөх хугацаа болоод төлөлтөө хийх гэсэн боловч “карт гаргагч банкнаас гүйлгээ хийхээс татгалзлаа” гэсэн бичиг гарч ирээд төлөлт хийж болохгүй алдаа заагаад байхаар нь фэйсбүүк дээр байсан Монгол чатаас зээл авч өгнө гэсэн зар байхаар нь тэр зарын коммент хэсэгт нь би Монгол чатны зээл яаж төлөх вэ гэсэн коммент бичиж үлдээсэн. Удалгүй Б гэсэн хаягнаас миний хувь чат руу та картаа холбосон уу гэж чат ирсэн. Би тэр хүнтэй чатлахад Монгол чат төлөх аргачлал зааж өгсөн. Тэгээд би зааж өгсөн зааврын дагуу Монгол чат апликейшн рүү ороод төлөлтөө хийхдээ надад хэлсэн ... гэсэн утасны дугаарыг чатны төлөлт хэсэгт хийхэд Gsb Capital гэсэн бичиг гарч ирэхээр нь би зөв хийж байна гэж бодоод 2021 оны 11-р сарын 30-ны өдөр 3 удаагийн нийт 98,000 төгрөгийг Монгол чатны апликешн ашиглан шилжүүлсэн боловч миний зээлийн төлөлт хийгдээгүй болохоор нь оператор руу залган асуухад таны зээл төлөгдөөгүй байна. Та өөр хүний хаяг руу мөнгөө шилжүүлсэн байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-8/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69/

 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн 5374/486 дугаартай Н.Ц-н Х банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 85-105/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 11-р сарын 30-ны өдөр Б нэртэй фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “Монгол чатны аппликейшн рүү зээлийн төлөлт төлүүлэх нэрийдлээр хохирогч Ч.А-г хуурч Х банкны ... дугаарын дансанд 3 удаагийн үйлдлээр 98,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны 11-р сарын 30-ны өдрийн 1 цаг өнгөрч байхад Монгол чат зээлийн апликейшний зээл төлөх хугацаа болоод төлөлтөө хийх гэсэн боловч “карт гаргагч банкнаас гүйлгээ хийхээс татгалзлаа” гэсэн бичиг гарч ирээд төлөлт хийж болохгүй алдаа заагаад байхаар нь фэйсбүүк дээр байсан Монгол чатаас зээл авч өгнө гэсэн зар байхаар нь тэр зарын коммент хэсэгт нь би Монгол чатны зээл яаж төлөх вэ гэсэн коммент бичиж үлдээсэн. Удалгүй Б гэсэн хаягнаас миний хувь чат руу та картаа холбосон уу гэж чат ирсэн. Би тэр хүнтэй чатлахад Монгол чат төлөх аргачлал зааж өгсөн. Тэгээд би зааж өгсөн зааврын дагуу Монгол чат апликейшн рүү ороод  төлөлтөө хийхдээ надад хэлсэн ... гэсэн утасны дугаарыг чатны төлөлт хэсэгт хийхэд Gsb Capital гэсэн бичиг гарч ирэхээр нь би зөв хийж байна гэж бодоод 2021 оны 11-р сарын 30-ны өдөр 3 удаагийн нийт 98,000 төгрөгийг Монгол чатны апликешн ашиглан шилжүүлсэн боловч миний зээлийн төлөлт хийгдээгүй болохоор нь оператор руу залган асуухад таны зээл төлөгдөөгүй байна. Та өөр хүний хаяг руу мөнгөө шилжүүлсэн байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-8/, 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн 5374/486 дугаартай Н.Ц-н Х банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 85-105/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.З-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.З-н үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад 98,000 төгрөгний хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд  сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.

Хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.А нь хохирол төлбөрт 98,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүгдэгч Б.З нь дээрх хохирогчид учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.А-д 98,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.  Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй,  түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа  үйлдсэн нь  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Б.З нь уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө буюу 2021 оны 08-р сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож ... оны ...-р сарын ...-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг өнөөдрийн байдлаар эдлээгүй нь өөрийн тайлбар болон 2022 оны 03-р сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2/244 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З нь Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 4-р хороонд оршин суудаг бөгөөд Улаанбаатар хотын Т... ажиллаж байгаа тул түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн  хугацаагаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан  шүүгдэгч Б.З-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялын эдлэх хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.Ц