Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.Д-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 04 сарын 04ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Э.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 02-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Соёлын төвийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай тоёота аука маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийг хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, биед нь духны зүүн талд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын зүүн талд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зөөлөн няцрал гэмтэл учруулж, хувцас хэрэглэл болох  хар хөх өнгийн ханцуйтай цагдаа цамцанд зүүн энгэрийн дээд хэрэглэл болох хар хөх өнгийн ханцуйтай цагдаа цамцанд зүүн энгэрийн дээд захаас 21.5 см зайд, доод захаас 14.5 см зайд, цахилгаан тогтоох хэсгийн оёдолд 25 см урттай татан чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин урагдал үүсгэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 02 сарын 25-ны өдөр би архи уусан байсан. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Тухайн өдөр хөдөө айлд очиж уусан. Сумаас 40 км зайтай байдаг. Уг нь адуу хөнгөлөх зорилгоор очсон. Тэгээд 4-үүлээ архи уусан. Согтуугаар машин жолоодсон зөрчилдөө  эрхээ хасуулсан. Соёлын төв рүү хамт явсан хүн тийшээ орчихсон байсан. Тэгээд араас нь орсон юм гэв.

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний бие архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд нилээн согтсон байсан тул цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд ийм асуудал гарсан байна. Миний зүгээс хохирогчид учирсан хохирлын нөхөн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53/

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь ... албан тушаал дээр ажилладаг. 2022 оны 02-р сарын  25-ны өдөр тус сумын Соёлын төвд төрийн албан хаагч нарын зөвлөгөөн болоод хөл хөдөлгөөн ихтэй байсан тул би 18 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад ... улсын дугаартай хар өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Э.Д Соёлын төвийн баруун талд ирж зогсоод Соёлын төв руу яваад орсон. Миний гар утас руу Засаг даргын тамгын газрын дарга Г.А залгаад Соёлын төв дотор Э.Д согтуу орж ирээд ажил хийлгэхгүй агсан согтуу тавиад байна гэж ярьсан. Тэгээд би ойрхон эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байсан тул Соёлын төв орох гээд гадаа нь ирсэн чинь Засаг даргын орлогч Ч.Б иргэн Э.Д-той хамт Соёлын төвөөс гараад ирэх үед би Э.Д-д хандаж юу болсон юм бэ? гэж асуухад үгийн зөрүү байхгүй миний хамар болон нүүр хэсэг рүү баруун талын гараараа 2 удаа цохиод авахаар нь би бариад авсан чинь миний цагдаагийн дүрэм хувцас буюу хээрийн кителийн урд энгэр хэсгээс барьж аваад зуураад татаж аваад урсан. Тэгээд би Э.Д-н гарыг нь гавлах гэж байхад төрсөн ах Э.Ө ирээд юу болсон юм бэ гэж асуухаар нь болсон зүйлийн талаар хэлээд дүүгээ дагуулаад Цагдаагийн хэсгийн байранд ир гэж хэлээд би хэсгийн байр луу явж байхад нөгөө Э.Ө дүүгээ дагуулаад ээжийнхээ гэр лүү яваад өгөхөөр нь би араас нь очоод ээжийнх нь гэрт ороод та хоёр яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд цаашаа яваад өгөв гэж хэлэхэд Э.Д нь намайг хутгалж ална гээд ширээн дээр байсан тавагтай махны дунд байсан хутга руу ухас хийх үед ээж нь тэр хутгыг авсан. Мөн Э.Д намайг ална гээд хутга хайгаад намайг хэл амаар доромжлоод, шанага аваад миний зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа цохиж, өөрийн гар утсаа миний өөдөөс шидсэн энэ үед ах Э.Ө нь бид хоёрын дундуур орж ирээд бид гурав гэрээс гараад Э.Д арай нэг тайвширчихаар нь би хоёрыг гарын нь гавлаж аваад цагдаагийн хэсгийн байр луу явж байхад чамайг дээгүүр ярьж байгаад хэн ч биш болгоно, би өөрөө цэвэр үлдэн гэх мэт хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Эрдэнэ сумаас Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх баривчлах байранд иргэн Э.Д-г авч ирж эрүүлжүүлсэн. ...Иргэн Э.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, мөн Соёлын төв дотор үйл ажиллагаа болж байхад тэнд агсан согтуу тавьж зөрчил гаргасан тул миний өөдөөс дайран миний хамар болон нүүр хэсэг рүү цохиж, дүрэмт хувцасны энгэр хэсгийг урж, хэл амаар доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Эрдэнэ суманд гэртээ оройны 17 цагийн үед байж байсан чинь миний ... дугаарын утсаар сумын эмнэлгийн О гэх эмч залгаад Ө танай дүү чинь соёлын төвөөс сумын орлогч дарга аваад гарлаа дүү чинь  архи уучихсан байсан шүү гэхээр нь би сумын соёлын төвийн гадаа очсон чинь манай сумын цагдаа Б манай дүүг газар унагаасан байдалтай дээр нь гараад суучихсан дараад байж байсан тэгэхээр нь  юу болсон талаар асуусан чинь сумын цагдаа Б нь надаа танай дүү чинь архи уучихсан  согтуу байна гэхээр нь би  дүүгээ загнаад  чи чинь ямар хаашаа юу бэ хаана ингэтлээ архи уучихсан юм бэ гэсэн чинь сумын иргэдийн нийтийн хурлын дарга Г-тай хамт архи уусан гэж байсан. ...Б манай ээжийнд ирээд араас яваад ир гэж байхад яагаад яваад өгч байгаа юм бэ гэж хэлсэн тэгтэл манай дүү Д нь Б цагдаагийн өөдөөс агсам тавьж  хөгдөөгч дээр байсан төмөр шанага аваад Б цагдаагийн мөр хэсэгт нэг удаа цохисон. Цохих явцдаа миний нүүрэнд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Арга хэмжээний үеэр Соёлын төвд манай сумын гаралтай Д гэх залуу согтуу орж ирэн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед тамгын дарга Г.А Д-г танхимаас аваад гарсан....цонхоор хартал А-тай зууралдаад явахгүй байгаа харагдсан. ..Би Д-д хандан чи ингэж болохгүй. Гэртээ очиж амар гэх мэтээр хэлэхэд явахгүй зууралдаад байсан. Тэр үед сумын цагдаа Б ирээд цагдаагийн хэсэг рүү явъя гэхэд Д эсэргүүцэл үзүүлэн Б-н нүүр хэсэгт цохьсон.  Тэгэх үед Б Д 2 барилцаж аваад Д Б-н хувцаснаас татаж урсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 04/90 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-Б.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.

- Б.Б-н биед духны зүүн талд цус хуралт, зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамрын зүүн талд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

-Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн61/

Шүүгдэгч Э.Д-н оршин суугаа газрын хаягийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/

2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 03/05 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 03 сарын 09-ны өдрийн ТХҮ-622/3201 дугаартайцагдаагийн өдөр тутмын гадуур хүрмийг 20,000 төгрөгийн үнэтэй” гэсэн тайлан /хх-ийн 37-39/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 73-75/

Хохирогч Б.Б-н хохирол төлбөрийг барагдуулж авсан, гомдол саналгүй гэх тайлбар /хх-ийн 94/

2022 оны 03-р сарын 31-ний өдрийн 5/22 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 95-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 02-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Соёлын төвийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай тоёота аука маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийг хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, биед нь духны зүүн талд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын зүүн талд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зөөлөн няцрал гэмтэл учруулж, хувцас хэрэглэл болох  хар хөх өнгийн ханцуйтай цагдаа цамцанд зүүн энгэрийн дээд хэрэглэл болох хар хөх өнгийн ханцуйтай цагдаа цамцанд зүүн энгэрийн дээд захаас 21.5 см зайд, доод захаас 14.5 см зайд, цахилгаан тогтоох хэсгийн оёдолд 25 см урттай татан чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин урагдалт үүсгэж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Д-н дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч Э.Д-н хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд би ойрхон эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байсан тул Соёлын төв орох гээд гадаа нь ирсэн чинь Засаг даргын орлогч Ч.Б иргэн Э.Д-той хамт Соёлын төвөөс гараад ирэх үед би Э.Д-д хандаж юу болсон юм бэ? гэж асуухад үгийн зөрүү байхгүй миний хамар болон нүүр хэсэг рүү баруун талын гараараа 2 удаа цохиод авахаар нь би бариад авсан чинь миний цагдаагийн дүрэм хувцас буюу хээрийн кителийн урд энгэр хэсгээс барьж аваад зуураад татаж аваад урсан. Тэгээд би Э.Д-н гарыг нь гавлах гэж байхад төрсөн ах Э.Ө ирээд юу болсон юм бэ? гэж асуухаар нь болсон зүйлийн талаар хэлээд дүүгээ дагуулаад Цагдаагийн хэсгийн байранд ир гэж хэлээд би хэсгийн байр луу явж байхад нөгөө Э.Ө дүүгээ дагуулаад ээжийнхээ гэр лүү яваад өгөхөөр нь би араас нь очоод ээжийнх нь гэрт ороод та хоёр яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд цаашаа яваад өгөв гэж хэлэхэд Э.Д нь намайг хутгалж ална гээд ширээн дээр байсан тавагтай махны дунд байсан хутга руу ухас хийх үед ээж нь тэр хутгыг авсан. Мөн Э.Д намайг ална гээд хутга хайгаад намайг хэл амаар доромжлоод, шанага аваад миний зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа цохиж, өөрийн гар утсаа миний өөдөөс шидсэн энэ үед ах Э.Ө нь бид хоёрын дундуур орж ирээд бид гурав гэрээс гараад Э.Д арай нэг тайвширчихаар нь би хоёрыг гарын нь гавлаж аваад цагдаагийн хэсгийн байр луу явж байхад чамайг дээгүүр ярьж байгаад хэн ч биш болгоно, би өөрөө цэвэр үлдэн гэх мэт хэл амаар доромжлоод байсан. Иргэн Э.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, мөн Соёлын төв дотор үйл ажиллагаа болж байхад тэнд агсан согтуу тавьж зөрчил гаргасан тул миний өөдөөс дайран миний хамар болон нүүр хэсэг рүү цохиж, дүрэмт хувцасны энгэр хэсгийг урж, хэл амаар доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч Э.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эрдэнэ суманд гэртээ оройны 17 цагийн үед байж байсан чинь миний ... дугаарын утсаар сумын эмнэлгийн О гэх эмч залгаад Ө танай дүү чинь соёлын төвөөс сумын орлогч дарга аваад гарлаа дүү чинь  архи уучихсан байсан шүү гэхээр нь би сумын соёлын төвийн гадаа очсон чинь манай сумын цагдаа Б манай дүүг газар унагаасан байдалтай дээр нь гараад суучихсан дараад байж байсан тэгэхээр нь  юу болсон талаар асуусан чинь сумын цагдаа Б нь надаа танай дүү чинь архи уучихсан  согтуу байна гэхээр нь би  дүүгээ загнаад  чи чинь ямар хаашаа юу бэ хаана ингэтлээ архи уучихсан юм бэ гэсэн чинь сумын иргэдийн нийтийн хурлын дарга Г-тай хамт архи уусан гэж байсан. ...Б манай ээжийнд ирээд араас яваад ир гэж байхад яагаад яваад өгч байгаа юм бэ гэж хэлсэн тэгтэл манай дүү Д нь Б цагдаагийн өөдөөс агсам тавьж  хөгдөөгч дээр байсан төмөр шанага аваад Б цагдаагийн мөр хэсэгт нэг удаа цохисон. Цохих явцдаа миний нүүрэнд цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Арга хэмжээний үеэр Соёлын төвд манай сумын гаралтай Д гэх залуу согтуу орж ирэн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед тамгын дарга Г.А Д-г танхимаас аваад гарсан....цонхоор хартал А-тай зууралдаад явахгүй байгаа харагдсан. ..Би Д-д хандан чи ингэж болохгүй. Гэртээ очиж амар гэх мэтээр хэлэхэд явахгүй зууралдаад байсан. Тэр үед сумын цагдаа Б ирээд цагдаагийн хэсэг рүү явъя гэхэд Д эсэргүүцэл үзүүлэн Б-н нүүр хэсэгт цохьсон.  Тэгэх үед Б Д 2 барилцаж аваад Д Б-н хувцаснаас татаж урсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, 2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 04/90 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,  яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/, 2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 03/05 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33/, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 03 сарын 09-ны өдрийн ТХҮ-622/3201 дугаартайцагдаагийн өдөр тутмын гадуур хүрмийг 20,000 төгрөгийн үнэтэй” гэсэн тайлан /хх-ийн 37-39/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 73-75/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэдийгээр хохирогч Б.Б-н биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл учруулаагүй боловч түүний хамар болон нүүр хэсэг рүү баруун талын гараараа 2 удаа цохьсон, зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа цохьсон мөн хохирогчийн дүрэмт хувцсыг урсан нөхцөл байдал нь хүч хэрэглэсэн гэж үзэх, түүнчлэн хохирогч Б.Б-г хутгалж ална гэх, ...чамайг дээгүүр ярьж байгаад хэн ч биш болгоно, би өөрөө цэвэр үлдэнэ гэх мэт хэл амаар доромжлох үг хэллэг хэрэглэж, цагдаагийн байгууллага руу явахгүй гэж эсэргүүцэж байгаа нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэх юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хүний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Д-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Д нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Э.Д-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Б.Б нь  хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч, уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцож  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Д-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д-д торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Д-г 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус, тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц