Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, ... оны ...-р сарын ...-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын Улаан хад аймгийн Байран баруун хошууны Даабан Балгасын Ц гацаанд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт БНХАУ-ын Өвөрмонголын Улаан хад аймгийн Байран баруун хошууны Даабан Балгасын Ц гацаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Ц.П  /гадаад поспартын дугаар .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц.П нь 2021 оны 09-р сарын 21-ний өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дүгээр тэмдэгтийн  хэсгээр Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт  “Би Монгол хүн. Багаасаа Хятадуудад дарамтлуулж өссөн. Олон жил Монгол соёлын талаар ярьж ирсэн. Өвөрмонголчууд Монголдоо амьдрах бодолтой байдаг. Манай гэр бүлийнхэн Хятад хэл мэдэхгүй. Би 2017 онд Монгол руу гарч ирсэн. 2017 оноос өмнө миний найзууд нийлж Монголд маш их хандив өгч байсан. Сүүлд манай найз Хятадад барьцаалагдаад би барьцаалагдахгүйн тулд Монгол руу орж ирсэн. Хятадууд гэрээ гаргахгүй гээд биднийг хорьсон. Бид тэр чигтээ Хятадын хараанд орсон. Тэр үед хүмүүсээс Монгол пасспорт асуухад чамд пасспорт өгөхгүй гэсэн. Хятадын шоронд байж байхаар Монголд байж байя гээд Монгол Улсын хилийг зөрчиж орж ирсэн” гэжээ.

Гэрч О.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09-р сарын 21-ний үүрийн 5 цагийн үед харуулын дарга Б.Г-н хамт мотоциклоор хил хамгаалалтын заагийн мөр хянах зурвасыг шалгаж явсан. Ингэж явахад мөр хянах зурвас дээр мөр гарсан шинж тэмдэг ажиглагдаагүй.  Тэгээд орой нь буюу 21 цагт ахлах байлдагч Л.П-н хамт заагийн мөр хянах зурвасыг шалгахаар харуулын байрнаас гараад хилийн ... дугаар тэмдгийн харалдаа хилийн ... заагийн мөр хянах зурвас дээр очсон. Тэндээсээ мөр хянах зурвасыг дагаж алхаад 23 цаг 40 минутын үед хилийн ... тэмдгийн дундуур хавьцаа, ... заагийн мөр хянах зурвас дээр хил зөрчигчийн байж болох мөр байхыг олж харсан.  Тэгээд энэ талаар харуулын дарга Б.Г-д станцаар мэдэгдсэн. Б.Г дарга 5 орчим минутын дараа мөр илэрсэн газарт ирээд мөрийг шалгаж ахлах дэслэгч Т-д мэдэгдсэн. 10 орчим минутын дараа ахлах дэслэгч Т дарга ирсэн. Тэгээд Л.П бид 2 хилийн манаагаа үргэлжлүүлж гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120/,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөөний 08 цаг 30 минутад ...-р анги дээр ирж хил зөрчигчийг эрж хайхад хүмүүсээ хуваарилаад ажиллагааг эхлүүлсэн. Тэгээд хил хамгаалалтын ... заагаас нутгийн гүн рүү чиглэлтэй мөр хайж эхэлсэн. Ингэж мөр хайж явсаар калмарын хөшөөтэй уулзвараас урагш салсан замын 2 хажуугаар эрлийн ажиллагаа хийсэн.  Тэгээд уг урагш салсан замын ертөнцийн зүгээр зүүн талаар эрлийн ажиллагааг хийж байхад том бутны ёроолд нэг хүн явган сууж байсан. Би тухайн үед хүнийг чиглээд очиход тэр хүн өөдөөс “та хүн хайж байна уу” гэж асуусан.  Би хариуд нь “чи юун хүн бэ” гэхэд би хайж байгаа хүн чинь мөн байна гэж хэлсэн. Тэгээд хил зөрчигчийг тэр газарт нь саатуулсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 108-110/,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 11 цаг 45 минутын үед О.П хил хамгаалалтын ... заагийн мөр хянах зурвас мөр илрүүллээ гэж над руу станцаар хэлсэн.  Уг мэдээг аваад би О.П, Л.П нарыг мөр илэрсэн газраа хүлээж бай гэж хэлээд баталгаажуулахаар араас нь очсон. Би очоод хил хамгаалалтын 2-р заагийн мөр хянах зурваст гарсан мөрийг үзэхэд гутлын хажуу талаар гишгэж гарсан. Хил зөрчигчийн мөр байсан. Тэгээд уг мөр гарсан талаар заставын сургалт эрхэлсэн орлогч Х.Т-д мэдэгдсэн. Удалгүй а/д Х.Т, а/х М нар мөр илэрсэн газарт бид нар дээр ирсэн. Тэгээд бид  нарыг илэрсэн мөрний араас яв гэсэн чиглэл өгсөн.Тэгээд бид нар уг мөрийг хөөж нутгийн гүн рүү явахад тухайн мөр нь ямар нэг өсгийгүй, хээгүй мөр байсан учраас мөр илрүүлэхэд хүндрэлтэй байсан.  Ингэж явж байхад хил хамгаалалтын  3-р заагийн торон хашааны доогуур шургаж гарсан мөр илэрсэн талаар станцаар ахлах түрүүч Ө.А мэдэгдсэн. Тэгээд би уг мөр илэрсэн 1-р заагт шууд явж очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/,

Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хил зөрчигч мөр хянах зурвасыг дагаж голцуу өвсөн дээгүүр алхаж явж байгаад мөр хянах зурвасыг харайж гарсан байдаг. Тэгээд хамгаалалтын торон хашааны доогуурх газрыг ухаж хөндийлж байгаад нуруугаараа хэвтээд дээшээ харж торон хашааг гараараа өргөж байгаад нутгийн гүн рүү гарсан байсан. Мөр үлдсэн  газарт хил зөрчигчийн гадуур хувцасны мөр болон тохойны мөр тод үлдсэн байсан. Би яг барьж саатуулах ажиллагаанд оролцоогүй. Хилийн манааны үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 127-128/,

Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.П гэдэг хүнийг танина. Түүнийг Ц гэж гэр бүлийнхэн нь дууддаг... Ц 2019 онд байхаа Монголд ирж ажиллаж байсан юм билээ. Тэр үедээ уулзъя гэдэг байсан ч би зөвшөөрдөггүй байсан. Улаанбаатар хот Их дэлгүүр дээр ирчихсэн байна уулзъя гэж байсан. Түүнийг Монголд байх хугацаанд нь ерөөсөө уулзаагүй. Яагаад гэвэл фейсбүүк найз болохоор нэг их итгээгүй байсан. Тэгээд бид хоёрын харилцаа гүнзгийрсэн бөгөөд Ц надад “чи урилга явуулаад намайг татаад Монгол руу дуудаач” гэж байсан. Би бүтэн 2 жил хөөцөлдөж үзсэн ч болохгүй байсан. Түүнийг Монголд ороод ирвэл бид 2 хамт амьдрах хүсэлтэй байгаа... Тиймээс би түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаа талаар мэдэж байсан.  Ц 2021 оны 09-р сарын 10-ны үеэр байхаа “зөндөө урт хугацаанд хилээр гарах гэж хөөцөлдлөө, ямар ч арга байхгүй байна, энэ ковид чинь 2025 оны хүртэл үргэлжлэх юм байна, тэр болтол хил нээгдэхгүй, хил нээхийг хүлээсээр байтал амьдрал ахуй хэцүүдлээ, тийм учраас сүүлийн арга хэмжээ хил зөрчих санаа байна, аз байвал чам руу очно” гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй түүнд улсын хил аюултай, хэрэггүй гэж хэлсэн чинь “аав, та хоёр л зөвшөөрөхгүй байна” гэхээр нь би “тэгвэл хоёулаа харилцаагаа дуусгая, амьд явж байвал болно шүү дээ” гэж хэлсэн.  Тэгээд хэдэн өдөр муудалцсаны дараа Ц “би хөдөөллөө хил давна” гээд шийдчихсэн байсан. Тэгэхээр нь би “чамайг бурхан ивээг” гэж хэлсэн. Би ч тухайн үед тоглоод байна гэж бодсон чинь хэдэн өдөр таг чиг алга болсон. Тэгээд фейсбүүк дээр 2021 оны 09-р сарын 21-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад гээд гэрийн хаягтай иргэн, эрэгтэй, өнгөлөн далдлах  хувцастай, дурантай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүн улсын хилээр 7,6 км газарт саатуулсан талаар мэдээлэл явж байхаар нь Ц-г байна гэж мэдсэн. Тэрнээс хойш одоог хүртэл холбоо бариагүй байна. Ямар ч байсан хил гарчихлаа гээд над руу хятад дугаараасаа залгаад утас нь тасарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/,

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.П буюу Ц-г танина. Бид хоёр анх фейсбүүкээр танилцсан. Үүнээс хойш харилцаатай болсноор 3 жил гаран болж байна... надад их тус болсон. Хүн чанар сайтай. Тэгээд л ярьж харилцсаар байгаад хайр сэтгэлийн харилцаатай болсон. Бид 2 хамт амьдраад 3 сар орчим болсон. Би Ц-н хамт Эрээн хот руу хэдэн удаа явж байсан. Уг нь цаашаа Өвөр монгол руу аав ээж рүүгээ явна гэж байгаад чадаагүй. Тэгээд нэг урагшаа явчихаад буцаад ороод ирсэн чинь хил хаагаад Ц маань наашаа ирж чадаагүй Хятадад байгаа. Ц наашаа ирмээр байна. Яаж ийж байгаад очно гэж ярьдаг байсан. Хятадын хилийг зөрчөөд гарахад Монголчууд маань намайг буудчихгүй байх гэж байсан удаа бий. Би хил зөрчиж Монгол руу орж ирнэ гэж мэдээгүй тоглоод байна гэж бодсон чинь сая хил зөрчсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/,

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оноос хойш Ц хил зөрчих талаар ярьж байсан. Яагаад хил зөрчих гэж байгаа талаараа надад “хятад цагдаа нар намайг зодсон. Миний  ви чат хаасан. Бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байна гээд зураг явуулах, намайг хятадууд алах гээд байна би энэ орноос явмаар байна” гэдэг байсан... Надад сая хил зөрчих гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Ц Монголд орчуулагчаар ажиллаж байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,

-  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/,

- 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 2-46/4225 тоот хил хамгаалах ерөнхий газрын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 25/,

- Хил зөрчигчийн гэрэл зураг /хх-ийн 19-22/,

- 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 4/5024 тоот М Корпораци ХХК-ний мессеж дугаарын жагсаалт /хх-ийн 28-48/,

- 2021 оны 09-р сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-60/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/,

- Ч.Д-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-91/,

- Л.Т-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-97/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 100/

- Шүүгдэгч Ц.П-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц.П нь өнгөлөн далдлалтын хувцас өмсөж 2021 оны 09-р сарын 21-ний өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дүгээр тэмдэгтийн  хэсгээр хилийн торны доогуур хэсгээр шурган орж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож  байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч Ц.П-ийн  хувьд 2021 оны 09 сарын 21-ний өдөр хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр  БНХАУлсаас Монгол Улс руу хилийн торны доогуур шурган дамжиж нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П-н Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч О.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-120/, гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-110/, гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115/, гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хил зөрчигч мөр хянах зурвасыг дагаж голцуу өвсөн дээгүүр алхаж явж байгаад мөр хянах зурвасыг харайж гарсан байдаг. Тэгээд хамгаалалтын торон хашааны доогуурх газрыг ухаж хөндийлж байгаад нуруугаараа хэвтээд дээшээ харж торон хашааг гараараа өргөж байгаад нутгийн гүн рүү гарсан байсан. Мөр үлдсэн  газарт хил зөрчигчийн гадуур хувцасны мөр болон тохойны мөр тод үлдсэн байсан. Би яг барьж саатуулах ажиллагаанд оролцоогүй. Хилийн манааны үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/, гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тиймээ би түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаа талаар мэдэж байсан. Ц 2021 оны 09-р сарын 10-ны үеэр байхаа “зөндөө урт хугацаанд хилээр гарах гэж хөөцөлдлөө, ямар ч арга байхгүй байна, энэ ковид чинь 2025 оны хүртэл үргэлжлэх юм байна, тэр болтол хил нээгдэхгүй, хил нээхийг хүлээсээр байтал амьдрал ахуй хэцүүдлээ, тийм учраас сүүлийн арга хэмжээ хил зөрчих санаа байна, аз байвал чам руу очно” гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй түүнд улсын хил аюултай, хэрэггүй гэж хэлсэн чинь “аав, та хоёр л зөвшөөрөхгүй байна” гэхээр нь би “тэгвэл хоёулаа харилцаагаа дуусгая, амьд явж байвал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хэдэн өдөр муудалцсаны дараа Ц “би хөдөөллөө хил давна” гээд шийдчихсэн байсан. Тэгэхээр нь би “чамайг бурхан ивээг” гэж хэлсэн. Би ч тухайн үед тоглоод байна гэж бодсон чинь хэдэн өдөр таг чиг алга болсон. Тэгээд фейсбүүк дээр 2021 оны 09-р сарын 21-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад гээд гэрийн хаягтай иргэн, эрэгтэй, өнгөлөн далдлах  хувцастай, дурантай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүн улсын хилээр 7,6 км газарт саатуулсан талаар мэдээлэл явж байхаар нь Ц-г байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/, гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд л ярьж харилцсаар байгаад хайр сэтгэлийн харилцаатай болсон. Бид 2 хамт амьдраад 3 сар орчим болсон. Би Ц-н хамт Эрээн хот руу хэдэн удаа явж байсан. Уг нь цаашаа Өвөр монгол руу аав ээж рүүгээ явна гэж байгаад чадаагүй. Тэгээд нэг урагшаа явчихаад буцаад ороод ирсэн чинь хил хаагаад Ц маань наашаа ирж чадаагүй Хятадад байгаа. Ц наашаа ирмээр байна. Яаж ийж байгаад очно гэж ярьдаг байсан. Хятадын хилийг зөрчөөд гарахад Монголчууд маань намайг буудчихгүй байх гэж байсан удаа бий. Би хил зөрчиж Монгол руу орж ирнэ гэж мэдээгүй тоглоод байна гэж бодсон чинь сая хил зөрчсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/, гэрч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оноос хойш Ц хил зөрчих талаар ярьж байсан. Яагаад хил зөрчих гэж байгаа талаараа надад “хятад цагдаа нар намайг зодсон. Миний  ви чат хаасан. Бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байна гээд зураг явуулах, намайг хятадууд алах гээд байна би энэ орноос явмаар байна” гэдэг байсан... Надад сая хил зөрчих гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Ц Монголд орчуулагчаар ажиллаж байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 2-46/4225 тоот хил хамгаалах ерөнхий газрын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 25/, хил зөрчигчийн гэрэл зураг /хх-ийн 19-22/, 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 4/5024 тоот М Корпораци ХХК-ний мессеж дугаарын жагсаалт /хх-ийн 28-48/, 2021 оны 09-р сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/, Ч.Д-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-91/, Л.Т-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-97/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.П болон түүний өмгөөлөгч Э.Б нар шүүх хуралдаанд “2019 онд Хятад улсад монгол бичгийг хорьсноос болоод үзэл бодлоо чат, фейсбүкээр илэрхийлсэнээс болж, манай найз нар Хятадад барьцаалагдаад би барьцаалагдахгүйн тулд Монгол руу орж ирсэн. Хятадууд гэрээс гаргахгүй гээд биднийг хорьсон. Бид тэр чигтээ Хятадын хараанд орсон учраас Монгол улсад орж ирсэн” гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэргийн материалд энэ үйл баримтыг нотолсон нотлох баримтууд авагдаагүй  бөгөөд шүүгдэгч  Ц.П нь өмнө нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “эхнэр Б, хоёр хүүхэдтэйгээ уулзахын тулд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэж удаа дараа мэдүүлсэн болно. Иймд шүүгдэгч Ц.П үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хавчигдаж, барьцаалагдсаны улмаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.П нь өнгөлөн далдлалтын хувцас захиалж, хутга, нүдний дуран зэргийг биедээ авч явсан нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр зориуд урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэж үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.П Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг зориуд урьдаас төлөвлөж санаатай үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн  хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.П-с энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Ц.П хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хийлийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий нүдний дуран 1 ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөг далдлалтын  хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ц.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах “Шударга ёсны зарчим”-ыг эрх зүйн удирдлага болгон, түүний зүйлчлэгдсэн зүйл ангид байх хорих ялыг сонгон оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.П-д оногдуулсан 6 /зургаа/  сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий нүдний дуран 1 ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөг далдлалтын  хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1  ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Пурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц