| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0124/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/147 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
2022 04 20 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Санжаагийн С.Бт холбогдох эрүүгийн 2225001250*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Б /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн ***** 2-р орцонд Д.Г-ын нүүр рүү мөргөж, хамар руу нь гараараа цохин зодож, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, няцарсан шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би Н.Гийн утас руу хоёроос гурван удаа залгахад утсаа авахгүй байхаар нь шууд 5-8 дугаар байранд байх гэрт нь очихоор болж орой 23 цагийн үед гэрийнх нь хаалганы гадна очиход Д.Г нь Н.Гийн гэрээс гарч ирэх гэж байсан болохоор Д.Гтай таарахгүй гээд 5 дугаар давхар руу гарсан. Д.Гыг орцноос гарахыг хүлээж байгаад орцноос гарсан гэж бодоод орцноос гарах гээд доош бууж байхад Д.Г нь эргэн орц руу орж ирэн 3 дугаар давхарт тааралдахад Д.Г намайг “муу пизда” гэж хараахаар нь би гараа атгаж байгаад Д.Гын нүүрэн хэсэг рүү нь 1 удаа цохиод доош буун явж байхад миний араас зуураад байсан. Тэгэхээр нь орцны 1 дүгээр давхарт дахин Д.Гын нүүрэн хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохиход нүүрэн хэсгээрээ хана мөргөсөн бөгөөд нүүрэн хэсгээс нь цус гарсан. Тэгээд би Д.Гыг орхиод явсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 700,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51х/,
- Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Орхон аймаг Баян-Өндөр сумын _____ багийн _____ тоотод оршин суудаг Н.Гтэй 2016 оноос хойш ажил хэргийн харилцаатай болж Н.Гийн гэрээр хааяа орж гардаг болсон. Бүрэнбүст багийн ____тоотын хаалганы түлхүүр надад байдаг бөгөөд тус байр нь Н.Г бид 2-ын дундын өмч байгаа юм. Тэгээд би хүссэн үедээ ____тоотод очдог. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Гтэй холбоо барилгүйгээр орой 21 цаг 30 минутын үед гэрт нь очиход Н.Г гэртээ хүүхдийнхээ хамт амрах гээд зурагт үзээд хэвтэж байхаар нь бид 2 ойр зуурын юм ярьсан. Энэ үед С.Б нь Н.Г рүү утсаар залгаад байсан. Н.Г утсыг нь аваагүй. Тэгээд би 23 цагийн орчимд ____тоотоос гарахад орцны 5 дугаар давхарт хүн байх шиг байхаар нь шатаар доош буугаад 3 дугаар давхарт ирэхэд С.Б араас гүйж ирээд “чамайг одоо ална” гэхээр нь би за хоёулаа гараад ярилцъя гэсэн чинь шууд миний хөмсөг хэсэг рүү мөргөж, цохисон гэхдээ юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Мөн миний бие рүү өшиглөхөөр нь би гараараа хамгаалахад миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөж таарсан. Тэгээд бид хоёр зууралдан орцноос хамт гарахад миний толгой эргэж, хөмсөгний орчмоос цус ихээр гарсан болохоор сандал түшин зогсож байхдаа “С.Бээ миний нүүрнээс цус гараад байна шдээ, юугаар цохьчихож байгаа юм бэ” гэсэн чинь ертөнцийн зүгээр зүүн зүгийг чиглэн гүйн зугтаад яваад өгсөн. Би эргэж Н.Гийн гэрт ороод Н.Гт “С.Б намайг отож байгаад цохичихлоо” гэсэн чинь над руу залгаад байхаар нь утсыг нь аваагүй юм тэгээд чамайг ирсэн гэж бодоод сахиж зогссон юм байлгүй дээ гэж надад хэлсэн... Би өөрөөс гарсан цусаа цэвэрлээд эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг Н.Гтэй холбоотой байдаг болохоор С.Б нь надад дургүйцэж олон жилийн өмнөөс гар утсаар над руу залгаж намайг ална, цогцос болгоно гэж янз бүрээр хараадаг байсан. С.Бтэй урьд өмнө дөрөв таван удаа 5-8 дугаар байрны орц болон гадна талд таарч байсан... 700,000 төгрөгийг дансаар өгч хохирлыг зохих хэмжээнд барагдуулсан учир миний зүгээс шүүх хуралд оролцож хохирол, гомдол санал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 22х, 139х/,
- Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Бүрэнбүст багийн ____тоотод амарч байсан. Тэгсэн гаднаас Д.Г орж ирээд гал тогооны өрөө рүү орж цай уучихаад гараад явсан... Удалгүй буцаж орж ирэхдээ баруун хөмсөгнийхөө дээд талд цохиулсан цус гарсан орж ирээд танай гадаа С.Бт цохиулчихлаа гэсэн... Би С.Бтэй 2019 онд танилцсан 2021 оныг хүртэл үерхэж байхад Д.Г нь С.Батахишигийн талаар мэддэг болсон... С.Бтэй үерхэж байхад Д.Г нь манай гэрээр орж гараад, над руу залгадаг байсан болохоор С.Б нь Д.Гыг надаас асууж мөн миний утсыг аваад Д.Гтай хэд хэдэн удаа муудалцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28, 31х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Гын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг дээр 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, бүсэлхий, зүүн шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, 6 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
4. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
6. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
7. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-7х/,
- С.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62х, 55х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Бийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед шүүгдэгч С.Б нь Н.Гтэй уулзахаар Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ____тоотод ирсэн бөгөөд хохирогч Д.Гтай таарч Д.Гын нүүр лүү нь мөргөж, хамар луу нь цохиж улмаас түүний биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг дээр 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, бүсэлхий, зүүн шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, 6 тооны зулгаралт бүхий гэмтэл учирсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Гын “...би 23 цагийн орчимд ____тоотоос гарахад орцны 5 дугаар давхарт хүн байх шиг байхаар нь шатаар доош буугаад 3 дугаар давхарт ирэхэд С.Б араас гүйж ирээд “чамайг одоо ална” гэхээр нь би за хоёулаа гараад ярилцъя гэсэн чинь шууд миний хөмсөг хэсэг рүү мөргөж, цохисон гэхдээ юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Мөн миний бие рүү өшиглөхөөр нь би гараараа хамгаалахад миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөж таарсан. Тэгээд бид хоёр зууралдан орцноос хамт гарахад миний толгой эргэж, хөмсөгний орчмоос цус ихээр гарсан болохоор сандал түшин зогсож байхдаа “С.Бээ миний нүүрнээс цус гараад байна шдээ, юугаар цохьчихож байгаа юм бэ” гэсэн чинь ертөнцийн зүгээр зүүн зүгийг чиглэн гүйн зугтаад яваад өгсөн...” гэсэн, гэрч Н.Гийн “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Бүрэнбүст багийн ____тоотод амарч байсан. Тэгсэн гаднаас Д.Г орж ирээд гал тогооны өрөө рүү орж цай уучихаад гараад явсан... Удалгүй буцаж орж ирэхдээ баруун хөмсөгнийхөө дээд талд цохиулсан цус гарсан орж ирээд танай гадаа С.Бт цохиулчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Гын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Бийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Д.Гын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Бийн толгой болон гараараа хохирогчийн нүүр хэсэгт цохьсон үйлдэл болон хохирогч Д.Гын биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг дээр 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, бүсэлхий, зүүн шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, 6 тооны зулгаралт зэрэг мохоо зүйлийн үйлчилэлээр учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Б нь иргэн Н.Гийг хохирогч Д.Гтай хардаж, улмаар Д.Гын эрх чөлөөнд халдсан байна.
Иймд шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохиролын талаар:
Шүүгдэгч С.Б нь хохирогч Д.Гад 700,000 төгрөг өгсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.
Шүүгдэгч: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Бийн хувийн байдал болох насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг, 1,000,000 төгрөгний сарын орлоготой зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ