| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00404/И |
| Дугаар | 454 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 454
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Р.Нямдоржийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Тавин, Тавин гудамж, 1-12 тоотод оршин суух хаягтай, Засаг даргын Тамгын газарт жижүүр ажилтай
Шаргадуул овгийн Рэнцэнгийн Нямдорж
регистрийн дугаар:МЬ – 57022214
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Р.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Хандгайт” хувьцаат компанид трактор, комбайнчаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэж байсан боловч “Сангийн аж ахуй”-н архив шатсаны улмаас миний бичиг баримтууд устсан тул 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Хандгайт” хувьцаат компанид трактор, комбайнчаар ажилласан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэрчүүдээс өөр нотлох баримт байхгүй ... гэв.
Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Р.Нямдоржийн 1992 оны 6 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл “Хандгайт” компанид тракторч-комбайнчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь: Нэхэмжлэгч Р.Нямдорж нь 1992 оны 6 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл “Хандгайт” компанид тракторч-комбайнчаар ажиллаж байсан гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлгээс өөр бичгийн чанартай нотлох баримтаар нотлож чадаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзал, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуцглуулж, гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Р.Нямдоржтой тухайн үед хамт ажиллаж байсан жолооч Г.Батгэрэл, трактор-комбайнч Г.Баттөр, Ж.Лхагвасүрэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, дээрх хүмүүст хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр Р.Нямдоржийн ажилласан байдлыг тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Рэнцэнгийн Нямдоржийн 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Хандгайт” тракторч-комбайнчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Нямдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА