Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

2022         04          15                                       2022/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2225000********** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.М /РД:*********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын Аз хотхоны гаднах авто зогсоолд байсан иргэн А.Тийн эзэмшлийн Тоёота Сай загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын дохионы гэрлийг санаатайгаар устгаж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой хамт ажилладаг байсан залуу ЧБыг хотоос ирчихсэн байна гэхээр нь 20 цагийн үед уулзахаар болсон. ЧБ эхнэрээрээ машин бариулчихсан өөрөө пиво уучихсан явж байсан. Бид хоёр хүний 2 лааз пиво уучихаад ЧБын найз дээр очихоор болоод замаараа 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво аваад Шандын баруун задгайд байх гэрт нь очсон. Тэгээд пиво уугаад хөзөр тоглоод сууж байтал ЧБын найз нь над руу үг хаяад, хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Би удалгүй явахаар болоод ЧБын эхнэр Н.Дгаар Цагаанчулуут багийн Аз хотхонд эгчийнхээ гэрт хонохоор хүргүүлсэн. Эгчийн гэр рүү орох гээд залгатал эгч утсаа авахгүй байсан. Тэгээд бухимдаад Аз хотхоны гадна байсан Тоёота Сай маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байхаар нь жолооч талын арын гэрэл рүү нь 2 удаа машиныг өшиглөсөн... А.Тийн эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын дохионы гэрлийг өшиглөн хагалж, 900,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хохиролд 200,000 төгрөг төлсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 30х/,

 

- Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цаг 35 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Аз хотхоны авто зогсоол дээр байсан миний өөрийн эзэмшлийн Тоёота Сай маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хойд дохионы гэрлийг зүс үл таних залуу хагалсан байсан... Байрны гадна талын бичлэг дээрээс харахад хоёр удаа өшиглөж байгаа харагдсан. Эрээн хувцастай намхан туранхай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

 

- Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний хүү А.Т нь 7 дугаар хорооллын Аз хотхоны 5-156 тоотод амьдардаг. Миний хүү А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Аз хотхоны байрны гадна талын зогсоолд машинаа байрлуулсан байсан. Маргааш өглөө нь босоод харахад машины баруун хойд бөгсний гэрлийг нь хагалсан байсан. Тухайн үед хяналтын камер шүүхэд үл таних нэг залуу миний хүүгийн машины бөгсний гэрлийг хөлөөрөө өшиглөж хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

- Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 12х/,

 

- Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 514 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 14х/,

 

- С.-М.-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/,

 

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44х/,

 

- Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.м-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар С.М нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын Аз хотхоны гадна байсан иргэн А.Тийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэглийн хойд талын дохионы гэрлийг өшиглөж 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч С.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Тийн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цаг 35 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Аз хотхоны авто зогсоол дээр байсан миний өөрийн эзэмшлийн Тоёота Сай маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хойд дохионы гэрлийг зүс үл таних залуу хагалсан байсан...” гэсэн, гэрч Ц.Агийн “...Миний хүү А.Т нь 7 дугаар хорооллын Аз хотхоны 5-156 тоотод амьдардаг. Миний хүү А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Аз хотхоны байрны гадна талын зогсоолд машинаа байрлуулсан байсан. Маргааш өглөө нь босоод харахад машины баруун хойд бөгсний гэрлийг нь хагалсан байсан. Тухайн үед хяналтын камер шүүхэд үл таних нэг залуу миний хүүгийн машины бөгсний гэрлийг хөлөөрөө өшиглөж хагалсан байсан...” гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.М-нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хохирогч А.Т нь “...үнэлгээний компаний дүгнэлтээр 900,000 төгрөг гэсэн бөгөөд үүнээс 200,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 700,000 төгрөгийг өгнө үү...” гэж нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт “Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр гэрэлийг 900,000 төгрөгөөр үнэлсэн, мөн үнэлгээ хийлгэхэд хөлс 40,000 төгрөгийг төлсөн баримтууд авагдсан байх бөгөөд хохирогчид нийт 940,000 төгрөгний хохирол учирсан, үүнээс шүүгдэгч 200,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч С.Мэс 740,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Төд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Мэс 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг **** тоотод оршин суух,  А.Т-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ