Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 171/2022/0125/Э |
Дугаар | 2022/ШЦТ/143 |
Огноо | 2022-04-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
2022 04 15 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
улсын яллагч Л.Энхтайван,
хохирогч Х.Э,
шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Төмөрчөдөрийн Т.Шт холбогдох эрүүгийн 22250009*0**** дугаартай хэргийг 2022 оны 03 дугар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гадна Х.Эгийн толгойн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Ш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед гэр рүүгээ явах гээд Уртцагааны гудамжаар ганцаараа явж байхдаа нэрийг нь мэдэхгүй, өмнө нь зүс харж байсан залуутай таарч 2,5 литрийн багтаамжтай 1 ширхэг пиво аваад гудамжинд уусан. Тэр залуу буудалд өрөө авчихсан байгаа хамт орох уу гэхээр нь би тэгье гэж хэлээд тэр залууг дагаад “***” гэх нэртэй буудалд очиход ресепшин эмэгтэй оруулаагүй. Үүнээс болж ресепшин эмэгтэйтэй маргалдаж улмаар толгойн тус газарт нь нэг удаа гараараа, доошоо суучихсан байхад нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэр рүүгээ явах гээд Баян худалдааны төвийн урд талд таксинд суучихсан байхад надад цохиулсан эмэгтэй нөхрийнхөө хамт ирээд намайг цагдаагийн газарт хүргэж өгсөн... Тухайн үед би нэлээн согтуу байсан. Хамт явж байсан гэх залуутай уулзахаас өмнө 1 шил архи ганцаараа уусан байсан... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирол төлбөр төлөөгүй, шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
- Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд ресепшинээр ганцаараа ажилллаж байсан. Шөнийн 04 цагийн үед буудлын хаалгыг 2 эрэгтэй хүн тогшихоор нь очоод өрөө байхгүй, дүүрчихсэн гэж хэлэхэд явчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр эрэгтэй дахиж ирээд... манай найз 205 тоот өрөөнд байна гэж утсаар хэлсэн, би найзтайгаа уулзмаар байна гэхээр нь буудлын хаалгыг онгойлгож өгөөд 205 тоотын хажууд очиход махлаг биетэй залуу нь 203 тоотын хаалгыг өшиглөсөн. Би тэр хоёр залууг яаж байгаа юм бэ гэж хэлээд буудлын 2 давхараас буулгахад туранхай биетэй залуу түрүүлээд гараад явсан. Махлаг биетэй залуу ганцаараа үлдчихээд өрөө гаргаж өг, тэгэхгүй бол чиний өрөөнд хамт унтана, эсхүл пиво авч өг гэж хэлсэн. Би махлаг биетэй залууг буудлаас гаргачихаад хаалгаа цоожилсон. Тэр үед буудлын 206 тоот өрөөг авсан хүн гаднаас орж ирэхээр нь хаалга онгойлгож өгөхөд нөгөө махлаг биетэй залуу буудал руу орж ирэх гээд байхаар нь түлхсэн чинь намайг татаад буудлын гадна гаргаад хоёулаа унтах уу, эсхүл надад пиво авч өг гэж хэлсэн. Би тэр залууд хандаж юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд хүн чамтай эвтэйхэн ярьж байхад эвтэйхэн байгаарай гичий минь гэж хэлээд толгой руу нэг удаа гараараа цохисон. Намайг доошоо явган суухад нүүрэн тус газарт нэг удаа өшиглөөд чаддаг юм бол цагдаадаа өгөөрэй гичий минь гэж хэлчихээд явсан. Би буудал руугаа буцаж ороод нөхөр М.Ч утас руу залгаж болсон үйл явдлын талаар хэлж дуудсан. Манай нөхөр М.Ч таксинд явж байсан болохоор хурдан хүрээд ирсэн. Бид хоёр гадуур намайг цохисон гэх махлаг залууг хайж байгаад олоод цагдаа дээр очсон... зодуулснаас болж нэг хэсэгтээ ажилдаа явж чадаагүй. Эмчилгээний зардалд 400,000 төгрөгийг зарцуулсан боловч гаргаж өгөх баримт байхгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 11 хоног ажиллаагүй. Эдгээр өдрүүдийн цалин болох 770,000 төгрөгийг нэхэмжилнэ... Уг нь эм тариа авсан баримт маань байсан боловч бага насны хүүхэдтэй болохоор хүүхэд маань базаад хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15х/,
- Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...Шөнө 04 цаг өнгөрч байхад эхнэр Х.Э миний утас руу залгаж “сая танихгүй эрэгтэй хүнд зодуулчихлаа хүрээд ирээч” гэж хэлсний дагуу “***” буудал дээр очиж эхнэрийн хамт нөгөө зодсон гэх махлаг биетэй залууг хайгаад Баян худалдааны төвийн урд талаас хайж олоод цагдаад хүргэж өгсөн... Тэр залуу манай эхнэрийг гараараа цохисон, хөлөөрөө толгойн тус газарт нь өшиглөсөн байсан. Тухайн үед буудлын бичлэгийг харсан. Хуулбарлаж аваад шалгаж байсан хэсгийн байцаагч залууд өгсөн...Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр Х.Э толгой байнга өвдөж байна гээд өвчин намдаах эм ууж байгаа. Бусдаар бол зүгээр байна. Мөн ажилдаа хэд хоног яваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтэнд: “1. Х.Эгийн биед тархи доргилт, духанд 1 тооны зулгаралт, хуйх, дух, баруун өвдөгт зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25х/,
- Т.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39, 38, 40х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Шыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд 22-ны шөнө 04 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын ресепшин Х.Этай маргалдаж улмаар Х.Эгийн толгойн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, доошоо суухад нь хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн үүний улмаас Х.Эгийн биед тархи доргилт, духанд 1 тооны зулгаралт, хуйх, дух, баруун өвдөгт зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл учирсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Х.Эгийн “...Махлаг биетэй залуу ганцаараа үлдчихээд өрөө гаргаж өг, тэгэхгүй бол чиний өрөөнд хамт унтана, эсхүл пиво авч өг гэж хэлсэн. Би махлаг биетэй залууг буудлаас гаргачихаад хаалгаа цоожилсон. Тэр үед буудлын 206 тоот өрөөг авсан хүн гаднаас орж ирэхээр нь хаалга онгойлгож өгөхөд нөгөө махлаг биетэй залуу буудал руу орж ирэх гээд байхаар нь түлхсэн чинь намайг татаад буудлын гадна гаргаад хоёулаа унтах уу, эсхүл надад пиво авч өг гэж хэлсэн. Би тэр залууд хандаж юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд хүн чамтай эвтэйхэн ярьж байхад эвтэйхэн байгаарай гичий минь гэж хэлээд толгой руу нэг удаа гараараа цохисон. Намайг доошоо явган суухад нүүрэн тус газарт нэг удаа өшиглөөд чаддаг юм бол цагдаадаа өгөөрэй гичий минь гэж хэлчихээд явсан...” гэсэн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.Эгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Шын үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Х.Эгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Шын гараараа болон хөлөөрөө хохирогчийн нүүр толгойн хэсэгт цохисон үйлдэл болон хохирогч Х.Эгийн биед учирсан тархи доргилт, духанд 1 тооны зулгаралт, хуйх, дух, баруун өвдөгт мохоо зүйлийн үйлчилэлээр учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хувьд архидан согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүний эрх чөлөөнд халдсан байна.
Иймд шүүгдэгч Т.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Х.Э “... хэргээс болж 11 хоног ажилдаа яваагүй 770,000 төгрөг, 400,000 гаран мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн нийт 1,170,00 төгрөгийг нэхэмжилнэ” гэх боловч хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт авагдаагүй харин ажлаа хийгээгүй талаар “Арвилах” ХХК-ны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, цалин хөлс авсан талаарх цалингийн карт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Хохирлын талаарх нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх уг нотлох баримтуудыг үнэлж 700,000 төгрөгийг шүүгдэгч Т.Шаас гаргуулж хохирогч Х.Эд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 470,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хохирогч “эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн карт байгаа...” гэх тул уг гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Т.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шыг 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэв.
Шүүгдэгч: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Шт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Шт улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.Шаас 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Х.Э нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ