Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1404

 

Г.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Отгонлхагвад холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 468 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Судар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Судар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт болсон зам тээврийн осолд С.Отгонлхагвагийн буруутай үйлдлийн улмаас миний унаж явсан машинд 4 440 000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүхэд хэрэг хянагдаж байхад эрүүгийн хэргийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэж дахин үнэлүүлэх хүсэлт гаргаж шүүх дахин шинжээч томилж “Ю Би Пропертиз” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Тоёота Приус маркийн автомашнд учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг 3 468 000 төгрөг гэж үнэлсэн. Иймд зам тээврийн ослоос үүдэн гарсан зардал нь 3 468 000 төгрөгийг С.Отгонлхагваас нэхэмжилж байна. Тухайн үед зам тээврийн осол болоход хариуцагч С.Отгонлхагвын машин эсрэг урсгалд орж ирж 2 машин, мөргөлдсөн бөгөөд зам тээврийн ослын актанд Тоёота Прадо маркийн 21-55 УББ дугаартай автомашины жолооч С.Отгонлхагва нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8-2-т заасан заалтыг зөрчсөн гэсэн акт гарсан. С.Отгонлхагва намайг гэрлээ шилжүүлээгүй гэж байгаа нь үндэсгүй шөнийн 00 цагт гэрэл шилжүүлэхгүй явах боломжгүй, эрүүгийн хэрэгт намайг гэрэл шилжүүлээгүй гэж дүгнэлт гараагүй гэжээ.

 

Хариуцагч С.Отгонлхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талыг зориуд өөртөө ашигтай зохиомол оношлогоо, хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэж байна. “Ю Би Пропертиз” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч тал намайг автомашинаа оношлуулж, үнэлгээ хийлгэхдээ байлцуулаагүй. Эрүүгийн хэрэгт “Хос стандарт” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 4 440 000 төгрөгийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тухайн үед би гомдол гаргаж чадаагүй.

Нэхэмжлэгч тал Приус-20 автомашинд засвар хийлгэхдээ надад огт мэдэгдээгүйгээс миний дахин оношлогоо, үнэлгээ хийлгэх хүсэлт бүрэн хангагдах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход хүндрэлтэй болгосон.

Замын цагдаагийн газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол тогтоосон актаас үзэхэд нэхэмжлэгч талын автомашинд зүүн талын хоёр хаалга, урд гупер, карлан, толь, зүүн урд дугуй тэнхлэг, дотор.дэр гарсан буюу нийт 7 ширхэг эд ангид эвдрэл гарсан байна. Тэдгээрийг Г.Лувсансамбуу буюу нэхэмжлэгч талаас өөрсдөөс нь авсан нэхэмжлэх баримтан дээрх үнээр тооцоход 1 405 000 төгрөг болж байна, үүнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4 900 000 төгрөгөөс хасч тооцож, мөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзвэл гэм хорын хэмжээ нь нэлээд буурахаар харагдаж байна. Тухайн нэхэмжлэх болон үнийн харьцуулалт бүхий хүснэгтийг хавсаргасан болно.

Нэхэмжлэгч тал нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 15 дугаар зүйлийн 15.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд тэдгээр нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад дан ганц намайг буруутгаж байгааг эсэргүүцэж байна. Учир нь миний машин замын аль хэсэгт явж байснаас бус нэхэмжлэгч талын машин маш хурдтай явж байснаас шалтгаалж хоёр машин илүү хүчтэй мөргөлдөж, эвдрэл их гарч, хохирлын хэмжээ нэмэгдсэн. Энэ шалтгаанаар нэхэмжлэгч талыг давхар буруутгах үндэслэлтэй төдийгүй хэрэгт хавсаргасан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээрээс харахад хоёр машин хоорондоо шүргэлцсэн, мөргөлтийн A цэгээс замын зах хүртэл 2,6 метр зай байсан бөгөөд prius 20 автомашины өргөн 1,7 метр тул ослоос зайлсхийхэд хангалттай 90 см зай сул орон зайг нэхэмжлэгч тал ашиглаж ослоос урьдчилан сэргийлээгүй эс үйлдэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэх заалтын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Осол гарах үед 2 см битүү цастай, 6,3 м/сек хурдтай хүчтэй салхитай, тас харанхуй буюу цаг агаарын хувьд автомашин жолоодоход хүнд нөхцөл байсан нь цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/506 тоот цаг агаарын тодорхойлолтоор нотлогдож байна. Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөлөө байсан гэдгийг шүүх харгалзан үзнэ гэж найдаж байна. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хэмжээг бууруулан тооцохыг хүсч байна.

Хэрэгт хавсаргасан Төв аймгийн Замын цагдаагаас гаргасан осол гарсан замын байдал актыг надад танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр орхигдуулсан, мөн тус аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 996 дугаар тогтоолын 5 дугаар шийдвэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр шууд шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт хавсаргасан байна. Энэ тогтоолыг надад танилцуулаагүйгээс гадна надад эрүүгийн болон захиргааны ямар нэг хариуцлага тооцоогүй тул тогтоолд гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг дан ганц энэ тогтоолыг үндэслэхгүйгээр, энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж, шийдвэрлэхийг хүсч байна.

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар энэ ослын улмаас миний унаж явсан Toyota Prado маркийн машинд 3 005 000 төгрөгийн хохирол учирсан. Тус автомашины эзэн нь миний хүргэн ах бөгөөд миний бие түүний автомашиныг гуйж унаж явсан тул уг машины засварыг бүрэн хариуцаж төлсөн. Мөн шүүгчийн захирамжаар үнэлгээ хийлгэсэн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч тал хариуцна гэсэн байхад одоо болтол төлөөгүй бөгөөд би тухайн зардлыг төлсөн. Энэ мэтчилэн уг ослын улмаас миний төлсөн төлбөр багагүй болоод байгаа болно. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Отгонлхагвагаас 3 468 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лувсансамбууд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээрүлдээж, хариуцагч С.Отгонлхагвагаас 70 438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лувсансамбууд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Отгонлхагва давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Гэрч Г.Баянзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь эсрэг урсгалаас ирж явсан нэхэмжлэгч талын машиныг гэрлээ шилжүүлээгүй, хурдтай явж байсан болон тийм ч олон эд анги эвдрээгүй болохыг нотолж байхад хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болохгүй хэмээн шүүхийн шийдвэртээ дурьдсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч тал нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 хэсэгт “Суурин газрын гадна замд цагт 80 км хэтрүүлэхгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1 хэсэгт “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэгт хавсаргасан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч талын гэм буруутай үйлдэл нь осолд нөлөөлсөн болохыг хавтаст хэрэгг хавсаргасан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд суусан иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэгийн тайлбарт дурьдагдсан байхад зөвхөн намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч талын гаргасан оношлогоо хийх эрхгүй болох нь хэрэгт хавсаргасан гэрчилгээний хуулбараар нь нотлогдсон “Гурван баян жигүүр” ХХК гэх компаний оношлогооны тайлан, өөр компаний үнэлгээний тусгай зөвшөөрлийн дугаар болох 233/15 дугаарыг ашигласан “Хос стандарт” ХХК гэх компаний үнэлгээний тайлан, автомашин нь засагдаад зарагдсан хойно нь хараагүй байж үнэлсэн “Ю Би Пропертиз” ХХК гэх компаний үнэлгээний тайланг шийдвэрийн үндэс болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Бодит хохирлын хэмжээг тогтоолгохын тулд ослыг шинжлэх ухааны үүднээс тайлбар хийх шинжээч томилуулах хүсэлт гаргахад үндэслэлгүй шалтгаанаар түдгэлзүүлсэн. Бодит хохирлын хэмжээг нотлох автомашины сэлбэг худалдан авсан, засуулсан баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргахад мөн үндэслэлгүй  шалтгаанаар түдгэлзүүлсэн. 233/15 дугаартай үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг эх хувиар нь хэрэгт хавсаргуулах хүсэлтийг мөн үндэслэлгүй шалтгаанаар түдгэлзүүлсэн. Осол гарахад нөлөөлсөн талуудын гэм хорын хэмжээ, ослоос үүдсэн бодит хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоохгүйгээр ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Лувсансамбуу нь хариуцагч С.Отгонлхагвад холбогдуулан гэм хорын хохирол 3 468 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч С.Отгонлхагва нь Тоёота Прадо маркийн 21-55 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа буюу Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар орох замын 66 дахь км-т 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 50 минутын үед Тоёота Приус 20 маркийн улсын дугааргүй автомашиныг Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч Г.Лувсансамбуугийн эзэмшлийн машинд хохирол учруулсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын актаар тогтоогдож байна.

/хэргийн 144-156 дугаар тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч С.Отгонлхагва нь 2 жолоочийн хэн алины буруугаас осол гарсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг ослын улмаас учирсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан үлэмж хэмжээнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр хариуцагч С.Отгонлхагвад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Төв аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолд, түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон талаар дүгнэсэнд тэрээр гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу тухайн үед Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан Ш.Судар гэрэл шилжүүлээгүй болон хурд хэтрүүлсэн нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл, тайлбарыг тэрээр баримтаар нотлож чадаагүй байна.

 

Гэрч Г.Баянзул нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэрэл шилжүүлээгүй гэж мэдүүлж байх боловч үүний улмаас хариуцагч зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1012/ШЗ2016/13182 дугаар захирамжаар “Ю Би Пропертиз” ХХК нь шинжээчээр томилогдож Тоёота Приус-20 маркийн автомашины хохирлын хэмжээг 3 468 000 төгрөг гэж үнэлснийг, осол гаргах үед “Хос стандарт” ХХК-иас 4 440 000 төгрөг гэж үнэлсэн тайланд тусгагдсан эвдэрсэн эд ангийн хэмжээтэй харьцуулан үзэхэд ослын үед эвдэрээгүй эд ангийг хохирлын үнэлгээнд оруулан тооцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 30-32, 68-72 дугаар тал/

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад буюу тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тогтоосон “Хос стандарт” ХХК болон “Ю Би Пропертиз” ХХК-ийн дүгнэлт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн сэлбэгийн үнийн харьцуулалт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж, 3 468 000 төгрөгийг хариуцагч С.Отгонлхагвагаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Отгонлхагвын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 238 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ      

            

                                                                                           С.ЭНХТӨР