Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

Б.Лувсан-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэндэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Лувсан-Очир түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9  дүгээр сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Лувсан-Очирт холбогдох эрүүгийн 201721000112 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 27-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, Боржигон овогт Баатархүүгийн Лувсан-Очир нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-39 хоа улсын дугаартай эксел маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Дархижавын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баатархүүгийн Лувсан-Очирыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал  болон ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баатархүүгийн Лувсан-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 201721000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  6960000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь  80 хоног  цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэндэн нь сэтгэл санааны хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лувсан-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорьж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 67 дугаа зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Лувсан-Очирын насанд хүрээгүй 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Л.Маралмаа, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Л.Бат-Эрдэнэ нарт асран хамгаалагч тогтоохыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Лувсан-Очир түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх хуулийн шаардлагыг зөрчсөнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 2-д шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулна. Гэтэл хохирогчийн хүсэлтээр гэм буруугийн шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Б.Лувсан-Очир нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнд 6960000 төгрөгийн хохирол төлсөн, Б.Лувсан-Очир нь бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү. Өөрөөр хэлбэл бага насны хоёр хүүхэд нь эцгийн асран хамгаалалтанд байсан бөгөөд асран хамгаалагч тогтоох боломжгүй нөхцөлд хүрч, хүүхдийн эрх ашиг ноцтойгоор хохирч байна. Ийд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэндэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдүүдийн хувьд эх нь өнгөрч, эцэг нь хорих ял авч, асрах хүнгүй үлдэж байна. Бид ярилцаж, эцэг нь хүүхдүүдээ асран хамгаалах нь зүйтэй гэж үзсэн. Би анхан шатны шүүхийн шуух хуралдаан дээр ял оногдуулах талаар хэлээгүй. Хохирогчийн талаас гомдолгүй. Шүүгдэгч нь хүүхдүүдээ сайн харах хэрэгтэй. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, ашгийг хөндөөгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруугийн талаар маргаагүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг авсан нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тэнсэж хянан харгазах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.                                          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Б.Лувсан-Очирт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Ховд аймгийн прокурорын газраас Б.Лувсан-Очирыг “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3.-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овогт Баатархүүгийн Лувсан-Очирыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  Б. Лувсан-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.

            Шүүгдэгч Б.Лувсан-Очир нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах  ундааны зүйл   хэрэглэсэн үедээ 17-39 ХОА улсын дугаартай “Эксел” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2.7.а-д “согтуурах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Дархижавын тархины эдийн голомтлог баруун нүдний дээд зовхи зулай, зулайн хуйх,дух хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд авч ухаан балартах үед бөөлжисний улмаас амьсгалын замд хоолны агууламж орж амьсгалын замыг бөглөсний улмаас амьсгал бүтэж нас барсан болох нь

            Ховд аймгийн Цагдаагийн газрын замын  цагдаагийн  тасгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэд: “...Эксел маркийн 17-39 ХОА улсын дугаартай авто машин жолоодож явсан Б.Лувсан-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2.7.а-д “согтуурах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч Б.Лувсан-Очир нь архидан согтуурч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.”гэжээ. /1 дүгээр хавтаст хэрэг 111 дүгээр тал/

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлтэд:”... Б.Дархижавын цогцост учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл биш юм. Б.Дархижавын үхлийн шалтгаан болох амьсгалын зам гадны биетээр бөглөрсөнөөс амьсгалын замын хурц дутагдалд орж нас барсан тохиолдолд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн үед ч амь насыг нь аврах боломжгүй. Б.Дархижав нь амьсгалын замын гадны биетээр /цагаан мөгөөрсөн хоолой болон салаалсан хэсэг,гуурсан царуудад байх хоолны агууламж/ бөглөрснөөс амьсгалын замын хурц дутагддалд орж нас барсан.” гэжээ. 1 дүгээр хавтаст хэрэг 167дугаар тал/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын19-ний өдрийн 831 дүгээр дүгнэлтэд:”...Талийгаачийн цогцост тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөөгүй ба амьсгалын замын шингэнээр бөглөрсөн нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломж багатай байсан байна.” гэжээ. 1 дүгээр хавтаст хэрэг 140 дүгээр тал/

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”...дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хохирогч Б.Дархижав нь тархины битүү гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зөөлөн эдийн няцрал, авч ухаан балартах үед бөөлжисний улмаас  амьсгалын замд хоолны агууламж орж амьсгалын замыг бөглөсний улмаас амьсгал бүтэж нас барсан...” гэжээ. 1 дүгээр хавтаст хэрэг 120 дугаар тал/

            Гэрч Б. Цэндхүүгийн    2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүний бага тархи хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Хохирогч бага тархиндаа гэмтэл аваагүй тохиолдолд бөөлжсөө гадагшлуулах боломжтой байсан.” Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөөгүй, бөөлжис нь амьсгалын замын эрхтэн рүү орсноор амьсгал бүтэж нас барсан байх боломжтой.Энэ тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Хохирогчийн бага тархинд учирсан голомтлог цус харвалт нь нөлөөлсөн байх боломжтой...” гэх мэдүүлэг

            Гэрч Д.Тогтохын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүний бага тархи нь булчингийн үйл ажиллагааг зохицуулдаг.

            Ийм учраас амьсгалын замын булчингийн үйл ажиллагааг ч мөн зохицуулна. Хохирогчийн үхлийн шалтгаан нь амьсгалын замд хоолны агууламж орсноос болж амьсгал бүтэж нас барсан. Энэ нь бага тархиндаа гэмтэл авснаас шалтгаалан булчингийн үйл ажиллагаа суларснаас үүдэлтэй гэж үзэх боломжтой... ” гэх мэдүүлэг

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналт дүгнэлтийн хуудас, Цогцост үзлэг хийсэн тухай тогтоол, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар  тогтоогджээ.

            Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч  Б.Лувсан-Очирын  үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  “Б.Лувсан-Очирт хорих ял оногдуулж, шүүх хуралдааны танхимаас шууд ялыг хэрэгжүүлснээр гэрт нь түүний бага насны 2 хүүхэд харж хандах, асран хамгаалах хүнгүй эзгүй хоцорсон. Б.Лувсан-Очирын бага насны охин Л.Маралмаа, хүү Л.Бат-Эрдэнэ нар бага наснаасаа эцгийн асран хамгаалалтанд байсан бөгөөд асран хамгаалагч тогтоолгох боломжгүй нөхцөлд хүрч, хүүхдийн эрх ашиг ноцтойгоор хохирч байна.” Б.Лувсан-Очирын  бага насны 2 хүүхдийн цаашдын амьдрал хувь заяа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж түүнд оногдуулсан   ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгөх”-ийг хүсчээ. 

            Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

              Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг,Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх” эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Иймд шүүгдэгчийн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчийн санал хүсэлт, хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах зэргийг  харгалзан үзэж   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б. Лувсан-Очирт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж түүнийг шүүх хуралдааны танхимаас даруй суллах нь  зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  2018/ШШ/126 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 

3 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.-д  зааснаар шүүгдэгч Б.Лувсан-Очирт оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.”   гэж,

            5. дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.5.-д  зааснаар шүүгдэгч  Б.Лувсан-Очирын цагдан хоригдсон 80 /ная хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж,

            7 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар шүүгдэгч Б.Лувсан-Очирт оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.” гэсэн

            8.дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч  Б.Лувсан-Очирын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.”гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолын 7, 8 дахь заалтыг хүчингүй болгож, 1,2,4,6,9 дэх заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Б.Лувсан-Очир нь134 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар    шүүгдэгч   Б.Лувсан-Очирыг шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.    

             4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Лувсан-Очирт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА