Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар   2022/ШЦТ/161

 

 

 

 

 

 

   2022         3           10                                      2022/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,  улсын яллагч Б.Чинзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103004140040 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Г-ын Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны урд замд Тоёота Приус-20 маркийн 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 16.1-т заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Г-, Ч.Ш- нарыг мөргөж Н.Гомбын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Ч.Ш-ын амь нас хохирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-: “...Би хохирогч Н.Г- болон талийгаач нарын зээ хүү, тухайн хэрэг гарсан өдөр манай өвөө, эмээ хоёр гэрийнхээ ойролцоо явж байгаад машинд мөргүүлсэн байсан. Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой 11 цаг 20 минутын орчим над руу эмнэлгээс утсаар залгаж хэлж, энэ асуудлыг мэдсэн. Манай өвөөг Г- гэдэг, энэ ослоос болж хүнд гэмтэл авч хэвтэрт орсон, босож явж чадахгүй байгаа, эмээ маань нас барсан. Хохиролд баримтаар нийт 39,549,803 төгрөгийн оршуулгын ажил явдал, эмчилгээний зардал гарсныг Г.Б- төлсөн. Цаашид өвөө Н.Гомбыг эмчлүүлэх эмчилгээний зардал, асаргаа сувилгааны зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтаар гарсан бүх хохирлыг бүрэн авсан. Манай өвөө Гомбын биеийн байдал, сэтгэл санаа одоогоор маш хүнд байдалд байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

          Шүүгдэгч Г.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...гэмтлийн эмнэлэг дээр очиход амилахуйн тасагт орон дээр өвөө, эмээ хоёр хоёулаа хэвтэж байсан. ...Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд рентген зураг авхуулж ...эмээг амилахуйн тасагт оруулсан, ...удаагүй эмээ нас барсан. ...Өвөө 8 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гараад хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэж байгаа...” /хавтас хэргийн 52 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Н.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр Ш-ын хамт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрээс гараад замын урд талд Мишээл экспо худалдааны төвийн хойд талын төв зам дагуу байрлах явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарсан. Зүүнээс баруун тийш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээ рүү орох үед гэнэт машин гарч ирээд бид хоёрыг мөргөж унагаасан...” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн,

 

 Гэрч Д.Нямдолгор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...явган хүний гарцаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам хөндлөн гараад ...бараг дуусаж байхад зүүн талаас явсан хөх өнгийн машинд мөргүүлж эрэгтэй нь явган хүний гарцаас баруун тийш 2 метр орчим зайд унаж, эмэгтэй нь цаашаа машины урд унасан. ...Зам гараад очиход машины жолооч ах буучихсан машины урд байсан эгчийг босгоод машин түшүүлээд зогсоочихсон, жолоочтой хамт явж байсан эгч ахын толгойг өвөр дээрээ тавьчихсан байсан. ...Би өөрийн утсаар түргэн дуудсан...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Н.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Г.Б- өөрийн эзэмшлийн машинаа жолоодон ...19 дүгээр хорооллын урд замаар замын нэгдүгээр эгнээнд явж байхад гэнэт урд хоёр хүн гарч ирээд мөргүүлсэн. Бид хоёр машинаа зогсоогоод буухад баруун талын хажуу хэсэгт хөгшин ах суучихсан, хөгшин хаана байна гээд асуусан, манай нөхөр машины урагшаа очиход нэг эгч байсан. ...Түргэний эмч ирээд хоёр хөгшнийг аваад явсан. ...шөнө нөхөр залгаад мөргүүлсэн эмэгтэй нас барчихлаа гэсэн...” /хавтас хэргийн 67 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагаас иргэн Г.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл аваад Тоёота Приус 20 загварын, 0000 УБЭ улсын дугаартай автомашиныг барьцаа болгож, фидуцийн гэрээний үндсэн дээр байгууллагын нэр дээр шилжүүлсэн байгаа. Гэхдээ иргэн Г.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлж, зээлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хааж, барьцаанд нэр шилжүүлсэн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Иймд манай байгууллагын зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” /хавтас хэргийн 163 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12066 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Гомбын биед баруун умдаг ясны доод салаа, сүүжний тогооны үеэр салсан хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалам, ууцны 1 нугалам, баруун атгаал ясны далд хугарал, зулайн хуйх, баруун шагайн үе, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35 хувиас дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн /хавтас хэргийн 74-75 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2639 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Амь хохирогч Ч.Ш-ын цогцост баруун атгаал, баруун 2, 3 дугаар хавирга, умдаг ясны баруун доод салааны сэлтэрхий бүхий далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, дух, зулай, чамархай, тархины хатуу хальс, давсаг, умай, булчин зөөлөн эд дэх цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, духанд шарх, бугалга, шуу, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт, өвчүү, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун атгаал, баруун 2, 3 дугаар хавирга, умдаг ясны баруун доод салааны сэлтэрхий бүхий далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, дух, зулай, чамархай, тархины хатуу хальс, давсаг, умай, булчин зөөлөн эд дэх цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, духанд шарх, бугалга, шуу, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой ба гэмтэл учирсан дарааллыг тогтоох боломжгүй. Харин өвчүү болон баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийхэд үүсгэгджээ.  

3. Амь хохирогч нь зүрхний булчингийн эмгэгшил, элэг, цөс, давсагны архаг үрэвсэлт өвчтэй байжээ.

4. Цээж, мөчид, аарцагийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины судсанд өөхөн бөглөөдөс үүсч амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ.

5. Ходоодонд 10 мл орчим шаргал өнгийн өтгөн агууламжтай байсан болно.

6. Цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.

7. Цус, ходоодонд шингэн спиртийн агууламж илрээгүй байна...” /хавтас хэргийн 84/ гэсэн,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаанд: “...Дүгнэлт 1. Тоёота Пирус 20 маркийн, 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ч.Ш-, Н.Г- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.” /хавтас хэргийн 111/ гэсэн дүгнэлтүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-13 дахь тал/, 

- Бичиг баримт түр хураан авсан, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17-19/,

-  Хохирлын баримтууд /хавтас хэргийн 21-49, 73-74, 88-94 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Даваасүрэн, Г.Бямбаддорж нарын мэдүүлэг /хавтас хэргийн 131, 134 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 116 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 118 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 119 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 120 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хавтас хэргийн 136 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны урд замд Тоёота Приус 20 загварын 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт: жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Г-, Ч.Ш- нарыг мөргөсөн, улмаар явган зорчигч Н.Гомбын эрүүл мэндэд баруун умдаг ясны доод салаа, сүүжний тогооны үеэр салсан хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалам, ууцны 1 нугалам, баруун атгаал ясны далд хугарал, зулайн хуйх, баруун шагайн үе, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд хохирол учирсан, явган зорчигч Ч.Ш-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Гомбын “...Би эхнэр Ш-ын хамт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрээс гараад замын урд талд Мишээл экспо худалдааны төвийн хойд талын төв зам дагуу байрлах явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарсан. Зүүнээс баруун тийш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээ рүү орох үед гэнэт машин гарч ирээд бид хоёрыг мөргөж унагаасан...” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн, гэрч Д.Нямдолгорын “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...явган хүний гарцаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам хөндлөн гараад ...бараг дуусаж байхдаа зүүн талаас явсан хөх өнгийн машинд мөргүүлж, эрэгтэй нь явган хүний гарцаас баруун тийш 2 метр орчим зайд унаж, эмэгтэй нь цаашаа машины урд унасан. ...Зам гараад очиход машины жолооч ах буучихсан машины урд байсан эгчийг босгоод машин түшүүлээд зогсоочихсон, жолоочтой хамт явж байсан эгч ахын толгойг өвөр дээрээ тавьчихсан байсан. ...Би өөрийн утсаар түргэн дуудсан...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн, гэрч Н.Ичинхорлоогийн “...Манай нөхөр Г.Б- өөрийн эзэмшлийн машинаа жолоодон ...19 дүгээр хорооллын урд замаар замын нэгдүгээр эгнээнд явж байхад гэнэт урд хоёр хүн гарч ирээд мөргүүлсэн. Бид хоёр машинаа зогсоогоод буухад баруун талын хажуу хэсэгт хөгшин ах суучихсан, хөгшин хаана байна гээд асуусан, манай нөхөр машины урагшаа очиход нэг эгч байсан. ...Түргэний эмч ирээд хоёр хөгшнийг аваад явсан. ...Шөнө нөхөр залгаад мөргүүлсэн эмэгтэй нас барчихлаа гэсэн...” /хавтас хэргийн 67 дахь тал/ гэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №12066 дугаартай дүгнэлтэд: Н.Гомбын биед баруун умдаг ясны доод салаа, сүүжний тогооны үеэр салсан хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалам, ууцны 1 нугалам, баруун атгаал ясны далд хугарал, зулайн хуйх, баруун шагайн үе, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35 хувиас дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн /хавтас хэргийн 74-75 дахь тал/, мөн хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны №2639 дугаартай дүгнэлтэд: Амь хохирогч Ч.Ш-ын цогцост баруун атгаал, баруун 2, 3 дугаар хавирга, умдаг ясны баруун доод салааны сэлтэрхий бүхий далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, дух, зулай, чамархай, тархины хатуу хальс, давсаг, умай, булчин зөөлөн эд дэх цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, духанд шарх, бугалга, шуу, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт, өвчүү, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун атгаал, баруун 2, 3 дугаар хавирга, умдаг ясны баруун доод салааны сэлтэрхий бүхий далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, дух, зулай, чамархай, тархины хатуу хальс, давсаг, умай, булчин зөөлөн эд дэх цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, духанд шарх, бугалга, шуу, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой ба гэмтэл учирсан дарааллыг тогтоох боломжгүй. Харин өвчүү болон баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийхэд үүсгэгджээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн эмгэгшил, элэг, цөс, давсагны архаг үрэвсэлт өвчтэй байжээ. Цээж, мөчид, аарцагийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины судсанд өөхөн бөглөөдөс үүсч амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ /хавтас хэргийн 84/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаанд: Тоёота Пирус 20 маркийн, 0000 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 111/ гэсэн дүгнэлтүүд,  дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-13 дахь тал/,  бичиг баримт түр хураан авсан, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17-19/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Г.Б- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгчийн насны болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ш-ын амь нас хохирсон, хохирогч Н.Гомбын эрүүл мэндэд баруун умдаг ясны доод салаа, сүүжний тогооны үеэр салсан хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалам, ууцны 1 нугалам, баруун атгаал ясны далд хугарал, зулайн хуйх, баруун шагайн үе, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оршуулгын зардал, эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн зардалд шүүгдэгчээс нийтдээ 39,549,803 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-: “...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүх хохирлоо бүрэн авсан, хохирогч Н.Гомбын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн тул  шүүгдэгч Г.Б-аас энэ тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болно. Харин хохирогч Н.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2103004140040 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-ын №91316 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн 04 /дөрөв/ жилийн хугацаанд шүүгдэгч Г.Б-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Б- нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2103004140040 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-ын №91316 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-, хохирогч Н.Г- нарт 39,549,803 (гучин есөн сая таван зуун дөчин есөн мянга найман зуун гурав) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЖИГҮҮР