Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

2022         04          08                                        2022/ШЦТ/135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сономдэлэгийн С.Гд холбогдох эрүүгийн 2225000000**** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ****тоотод эхнэр Б.Бгийн зүүн гарын бугалганд хутгалж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...эхнэр Б.Б унтлагын өрөөнд хэн нэгэнтэй утсаар ярьж байсан ба “нөхөр байна, өнөөдөр амжихгүй дараа болъё гэх мэт зүйл ярьж байхаар нь миний уур хүрээд хэвтэж байсан газраасаа босож ирээд хэнтэй яриад байгаа юм бэ? утсаа өг гэхэд утсаа өгөөгүй. Энэ үед би түүний подволкных нь захнаас барьж боогоод түлхэхэд эхнэр орны хажууд унасан. Эхнэр чи намайг байнга хардаж байх юм, яасан зовлонтой юм бэ, чи намайг үхчихвэл сүнстэй минь хардах юм уу, гэж над руу дайраад байхаар нь би битгий солиороод байгаарай гэж хэлээд том өрөөнд ороод ширээний доор байсан үлдсэн архийг аваад аяганд хийж байгаад бүгдийг нь уучихсан. Цааш нь юу болсон талаар санахгүй байна... Би нилээн согтуу байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрийнхээ гарыг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59х/,

 

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний зүүн гарын бугалга хэсгийг миний нөхөр С.Г хутгаар зүссэн. Нөхөр С.Гд гараа зүсүүлсний дараа гэртээ очоод олон жил хамт амьдарчихаад миний гарыг зүссэн асуудлын улмаас шоронд орчих вий гэж бодоод өөрийнхөө гарыг зүссэн гэж мэдүүлэг өгсөн. Намайг утсаар ярьж байх үед хардаад миний гарыг хутгаар зүссэн. Миний гарыг хутгалсан хутга ширээн дээр байсан. Шар улаан өнгийн иштэй жижиг хутга байсан...  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...тухайн өдөр би гэртээ байгаагүй. Цагаанчулуун багт байх ээжийнхээ гэрт байсан. Маргааш нь гэртээ ирэхэд эхнэр Лхагважав надад урьд орой эгч Б.Б гараа зүсүүлчихсэн ирсэн. Нөхөр С.Г нь гарыг нь зүссэн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр эгч Б.Бг ирэх үед юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй. Зүүн гарын булчингийн хэсэг нь зүсэгдэж оёдол тавиулсан байсан. Нуруу нь өвдөж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

-  Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 сарын 20-ны орой 19 цагийн орчимд эгч Б.Б над руу залгаад намайг С.Г хутгалчихлаа, эгч нь цус алдаад байна гэсэн... Тэгээд 10-20 минутын дараа манай гэрийн хашааны гадаа машин ирсэн бөгөөд эгч Б.Б такси барьж ирсэн байсан. Таксины 4000 төгрөг өгөөд гэртээ оруулж хувцасыг нь тайлахад зүүн гарын булчингаас нь цус гараад тогтохгүй болохоор нь 103 руу залгаж эмч дуудсан. Удалгүй эмч нар ирээд эгч Б.Бг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр гарын зүсэгдсэн хэсэгт оёдол тавьсан байсан. Б.Б эгч над руу утсаар залгах үедээ намайг С.Г хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

 

- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...би 2022 оны 02 сарын 20-ны өдөр БОЭТөвийн Яаралтай тусламжийн тасагт жижүүрээр ажилласан. ...Б.Б гэх эмэгтэй зүүн гарын бугалга зүсэгдсэн байдалтай 103-н эмч нар авч ирсэн. Зүүн гарын бугалга хэсэгт босоо зүсэгдсэн, урт 15 см, гүн нь 7-8мм орчим байсан тул оёдол тавьж цэвэрлээ хийж боосон. Тухайн хүнээс юу болсон талаар асуухад манай нөхөр зүссэн гэж хэлж байсан. Цагдаад мэдэгдэх гэхэд нөгөө хүн цагдаад мэдэгдээд хэрэггүй гэсэн. Сувилагч нартаа хэлээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 190 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Бгийн биед зүүн гарын бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38х/,

 

 - Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54х/,

 

- С.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ****тоотод эхнэр Б.Бг хардаж, улмаар зүүн гарын бугалганд хутгалж Б.Бгийн биед зүүн гарын бугалганд шарх, цус хуралт гэмтэл учирсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч С.Гд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

 

Шүүгдэгч С.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч С.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сономдэлэгийн С.Гийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Г нь 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ