Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 436

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  хурлын  танхимд хаалттай хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Д.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Г.Болормаа, Б.Гантулга нарт  холбогдох  “Эцэг тогтоож, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”- ыг  хүссэн хэргийг   хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

            Нэхэмжлэгч Д.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1983 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ном зүйч  мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Бэлчир 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 037 тоотод оршин суух  хаягтай,  Сумын нийтийн номын сангийн эрхлэгч ажилтай 

                                    Монгол  овгийн  Даваадоржийн Сувдмаа  

                                    регистрийн  дугаар: МЖ- 83032208

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам  нар   оролцов.

                                                                           

     Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Бэлчир 2 дугаар баг,  2 дугаар хэсэг, 037 тоотод оршин суух  хаягтай Монгол овгийн  Даваадоржийн Ганзориг /регистрийн дугаар МЖ-77050819/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ...Миний бие Б.Болормаатай 2000 онд танилцаж, улмаар нэг гэрт хамтран амьдрах болсон. 2001 онд  охин Г.Энххүслэн төрсөн. 2006 онд бид гэр бүлийн зөрчлөөс болж  салж тусдаа амьдрах болсон. Тухайн үед Г.Болормаа нь охин Г.Энххүслэнг өөрийн аав, ээждээ үрчлүүлсэн. 2007 онд  Б.Болормаа нь  Б.Гантулгатай хамтран амьдрах болсноор 2007 онд охин Г.Энххүслэнг өвөө, эмээ дээрээ үрчлүүлснийг хүчингүй болгуулж, Б.Болормаа, Б.Гантулга нарт буцаан үрчлүүлсэн байна. Одоо миний бие амьдралын боломж бололцоотой болсон. Төрсөн охин Г.Энххүслэнг өөрийн нэрээр овоглуулах хүсэлтэй. Мөн охин Б.Энххүслэн  16 нас хүрч сургууль төгсөхөд нь бичиг баримтын зөрчил үүсээд байгаа тул  Б.Гантулга, Б.Болормаа нарт охин  Б.Энххүслэнг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү!.

              Миний бие Б.Болормаатай 2000 онд танилцаж  хамтран амьдрах болсон. 2001 онд бидний дундаас охин Б.Энххүслэн төрсөн.  Бусдын адил бид сайхан л амьдарч байгаад миний бие 2006 онд амьдралдаа алдаж, түүнээс хойш Б.Болормаа бид 2 салж тусдаа амьдрах болсон. 2007 онд эхнэр  Б.Болормаа нь Б.Гантулгатай гэр бүл болсон. Охин Б.Энххүслэн нь өвөө, эмээ дээрээ болон Б.Болормаагийн сүүлд суусан нөхөр болох Б.Гантулгаар овоглож яваа тул төрсөн эцэг хүний хувьд миний бие охиноо өөрийн нэрээр овоглож эцэг тогтоолгох нэхэмжлэлийг Б.Болормаад холбогдуулан гаргаж байна. Иймд 2001 онд төрсөн охин Б.Энххүслэнгийн төрсөн эцэг нь Д.Ганзориг мөн болохыг тогтоож өгнө үү! ... гэжээ.

                                               

         Хариуцагч, үрчлэн авагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Бэлчир 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 041 тоотод оршин суух Б.Гантулга /регистрийн дугаар МЖ-79011112/,  Гомбын Болормаа /регистрийн дугаар УС-79112706/ нар шүүхэд гаргасан тайлбартаа:

      ...Охин Энххүслэнг аав Д.Ганзоригийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Үүнд маргаан байхгүй. Охин Энххүслэн нь  5-6 наснаасаа хойш  аав дээрээ одоог хүртэл өсч хүмүүжсэн учир  бидний зүгээс үрчлэлийг хүчингүй болгуулж, охиныг ааваараа овоглохыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

       

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сувдаа шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

     ... Миний төрсөн ах Д.Ганзориг нь Г.Болормаатай 2000 онд танилцаж, хамтран амьдарч байгаад  2003 онд охин Энххүслэнг төрүүлсэн. Тэр хоёр  албан ёсоор гэр бүл болоогүй байсан юм. Тэгээд дараа нь гэрлэж суугаагүй ба Б.Болормаа нь охин Энххүслэнгээ өөрийн эцэг, эх Баясгалан, Уяабуриад нарт үрчлүүлэн өгсөн байсан. Дараа нь 2007 онд Гантулгатай гэр бүл болохдоо охиноо “Гантулгаар овоглон буцааж үрчлэн авсан байсан. Тэгээд Гантулга, Болормаа нар нь хамт амьдарч байх хугацаандаа “охиноосоо болоод хэрүүл маргаан үүсээд байна” гэснээр манай ах Д.Ганзориг нь 2007 онд охиноо өөр дээрээ авч өсгөсөн ба үүнээс хойш охин Энххүслэн нь одоо болтол 10 гаруй жил аавтайгаа хамт амьдарч байгаа юм. Одоо ингээд сургууль соёл төгсөх болоход ааваараа овоглох гэхээр “Гантулга, Болормаа нарт үрчлүүлсэн үрчлэлт хүчинтэй байгаа, мөн ахыг маань охиныхоо төрсөн эцэг болохыг баталсан баримт байхгүй байгаа зэрэг шалтгаанаас болж “Д.Ганзоригийг охин Энххүслэнгийн төрсөн эцэг мөн болох, Б.Гантулга, Г.Болормаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан юм. Дүү Энххүслэн маань цаашид аавтайгаа “хамт байна” гэсэн болохоор ах Д.Ганзоригийг Энххүслэнгийн төрсөн эцэг болохыг тогтоож, мөн Энххүслэнг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү!... гэв.

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

Үндэслэх нь:

                Нэхэмжлэгч Д.Ганзориг нь Б.Гантулга, Г.Болормаа нарт холбогдуулан төрсөн охин Энххүслэнг үрчилсэн  “Хүүхэд үрчилснийг хүчингүйд  тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэл  шүүхэд гаргажээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Ганзориг, Г.Болормаа нар нь  хамтран амьдарч байх хугацаанд 2001 оны 09 дүгээр сарын 28-нд охин Энххүслэн төрж,  охин Б.Энххүслэнг 2005 онд өөрийн эх, эцэг болох Р.Баясгалан, М.Уяабуриад нарт үрчлүүлж, 2007 оны 07 дугаар сарын 18-нд эх Г.Болормаа, Б.Гантулга нарт үрчлүүлэн,  “Гантулга овогтой Энххүслэн” гэж бүртгэсэн байна.

           Харин 2007 оноос хойш охин Г.Энххүслэнг төрсөн эцэг Д.Ганзориг нь өөрийн асрамжинд авснаар охин одоог болтол эцгийн хамт амьдарч байгаа, охин цаашид “төрсөн эцгийнхээ хамт амьдрана”  гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

         Д.Ганзоригийн шүүхэд гаргасан “охин Г.Энххүслэнгийн төрсөн эцэг болох, мөн Г.Болормаа, Б.Гантулга нарт охиноо үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг  хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн, энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй байна. 

           Иймд  Даваадоржийн Ганзоригийг 2001 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин Энххүслэнгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, охин Б.Энххүслэнг Б.Гантулга, Б.Болормаа нарт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар захирамжаар  үрчлүүлсэн, үрчлэлтийг хүчингүйд тооцож”  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 113.1-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.7-д зааснаар Монгол овгийн Даваадоржийн Ганзоригийг  2001 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин Г.Энххүслэнгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4,  145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2007 оны 07-р сарын 18-ны өдрийн 145 дугаар захирамжаар Б.Энххүслэнг Б.Гантулга, Б.Болормаа нарт үрчлүүлсэн   “Хүүхэд үрчилснийг хүчингүйд” тооцсугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Г.Энххүслэнг төрсөн эцэг Д.Ганзоригийн асрамжинд үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Болормаа, Б.Гантулга нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

8. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

           

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ