Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 439

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар С.Ирагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал  тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

       Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн  суманд 1961 онд төрсөн, дээд боловсролтой, багш  мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суварга 2 дугаар баг, 2-3 тоотод  оршин суух, Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай   

                                          Сэмжид  овгийн Сэмжидийн Ира   

                                          регистрийн  дугаар  МА- 61122108

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Янжиндулам  нар  оролцов.                                        

                                                             

                                                         Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч:  С.Ира шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ...Миний бие анх 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Хөдөө аж ахуйн техникум”-д боловсролын яамны томилолтоор багшаар ирж ажилласан. Ингээд 8 жил ажиллаад 1991 оны 08 дугаар сарын 20-нд өөрийн хүсэлтээр гарч 1991 оны 08 дугаар сарын 25-нд Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар орж одоог хүртэл ажиллаж байна.

         Тухайн үед Алтанбулаг “Хөдөө аж ахуйн техникум”-д  орсон гарсан тушаал үрэгдсэн мөн Алтанбулаг 8 жилийн дунд сургуульд орсон тушаал байхгүй учир улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү! ... гэжээ.

                            

Нэхэмжлэгч: С.Ира  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... Би 1984 онд дээд сургууль төгсч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь “Хөдөө аж ахуйн Техникум”-д орос хэлний багшаар томилогдон ирж ажиллаж байгаад 1991 оны 08 дугаар сарын 20-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн тус сумын Ерөнхй боловсролын сургуульд шилжин орж ажилласан юм. Тэгтэл миний анх томилогдон ирж ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй, архивт ч ирээгүй байна. Харин техникумд ажиллаж  байсан болохыг хөдөлмөрийн дэвтэрт маань бичиж баталгаажуулсан байна. Иймд намайг техникумд ажиллаж байхад хамт ажиллаж байсан багш С.Бааст, Д.Баасанжав, тогоочоор ажиллаж байсан  Ё.Уранчимэг нарын тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн техникумд ажиллаж байсан жилийг минь тогтоож өгнө үү!...гэв.

             

 

 

 

                     Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                             Үндэслэх нь:

 

           Нэхэмжлэгч С.Ира  нь  шүүхэд 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь “Хөдөө аж ахуйн Техникум”-д багшаар ажиллаж байсан боловч  ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд нь архивт шилжин ирээгүй байх тул ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл шүүхэд  гаргажээ.    

           С.Ира нь 1984 онд дээд сургууль төгсч Ардын боловсролын яамны  томилолтоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь “Хөдөө аж ахуйн Техникум”д орос  хэлний багшаар 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 08 дугаар сарын 20-ныг  хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан  нэхэмжлэгчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь “Хөдөө аж ахуйн Техникум”-ын захиргаанаас олгосон №217554 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн Техникумын захирлын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 112 тоот тушаалын  “1984 оны 07 дугаар сарын 01-нд Ардын боловсролын Яамны 1065 тоот томилолтын үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн Техникумд орос хэлний багшаар томилон  ажиллуулав” гэх, мөн дэвтэрт бичигдсэн тус техникумын захирлын 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 98 тоот тушаалын  “өөр газар шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлж аймгийн боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв” гэх бичилт болон  нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх багш С.Бааст, Д.Баасанжав, тогооч Ё.Уранчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд,  дээрх хүмүүст хууль сануулан авсан гэрчийн “...С.Ира нь 1994 оны 7 дугаар сард сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Хөдөө аж ахуйн техникумд багшаар ирж ажилласан... 1991 оны хичээлийн жилд С.Ира нь 8 жилийн сургуульд багшаар шилжин ажилласан...” гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн С.Ираг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн Техникумд орос хэлний багшаар 1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 08-дугаар сарын 20-ныг  хүртэл ажиллаж  байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн   115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэмжид  овгийн Сэмжидийн Ираг  1984 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 08 дугаар сарын 20-ныг  хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн Техникумд орос хэлний багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ирагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн  дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ