Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

    2022         03          14                                       2022/ШЦТ/170

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Мижиддорж, шүүгдэгч О.У-,  нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П овогт О-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000198 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АААААА хотхоны 9 дүгээр байрны 122 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, П овогт О-ын У,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.У- нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АААААА хотхоны А-9 дүгээр байрны 122 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Б.И-ийг гэрээс гаргахгүй гэсэн шалтгаанаар нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч О.У-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, эхнэртэйгээ хамт амьдраад 10 жил болж байна, гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хоёр хүүхэдтэй, хүүхдүүд надаар овоглодог, эхнэртэйгээ эвлэрсэн, надаас нэхэмжилсэн төлбөр мөнгө байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.И- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 9-10 цагийн үед хамаатны эгч Шараатай уулзахаар гарах гэхэд ...нөхөр гаргахгүй гэж уурлан бид маргалдсан.О.У- миний толгой руу нэг удаа, нүүрэнд нэг удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч П.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө ...И- гарах гэж байхаар нь хаачих гэж байгаа юм бэ, үүр цайгаагүй байна гэхэд гялс гараад ирье гээд байсан. Тэгэхээр нь нөхөр У-т эхнэр чинь гарах гээд байна, яасан юм бол гэхэд У- сэрээд эхнэртэйгээ маргалдсан. ...Тэр хоёр унтлагын өрөөнд орсон, удахгүй И- намайг цохичихлоо гээд духнаас нь цус гарчихсан унтлагын өрөөнөөс орилж гарч ирсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Эхнэр И- гадагшаа гарах гээд үүдэнд гутлаа өмсөөд байж байхаар нь хаачих гэж байгааг нь асуухад гараад ирье гэхээр нь би гаргахгүй гээд өрөө рүү оруулсан, тэгэхэд гарна гээд зөрүүдлээр байхаар нь нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2681 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.И-ийн биед зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 21-22 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Б.И-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-6 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 39-40 дэх тал/,

- Шүүгдэгч хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.У- нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АААААА хотхоны А-9 дүгээр байрны 122 тоот өөрийн гэртээ өөрийн эхнэр Б.И-ийг гэрээс гаргахгүй гэсэн шалтгаанаар гараараа нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.И-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 9-10 цагийн үед хамаатны эгч Шараатай уулзахаар гэрээсээ гарах гэхэд ...нөхөр У- гаргахгүй гэж уурлаад бид маргалдсан. Нөхөр У- гараараа миний толгой руу нэг удаа, нүүрэнд нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн, гэрч П.Мөнхжаргалын “...Өглөө ...И- гарах гээд үүдэнд зогсож байхаар нь хаачих гэж байгаа юм бэ, үүр цайгаагүй байна гэхэд гялс гараад ирье гээд байсан. Тэгэхээр нь нөхөр У-т эхнэр чинь гарах гэж байна, яасан юм бол гэж хэлэхэд У- сэрээд эхнэртэйгээ маргалдсан. ...Тэр хоёр унтлагын өрөөнд орсон, удахгүй И- намайг цохичихлоо гээд духнаас нь цус гарчихсан орилоод унтлагын өрөөнөөс гарч ирсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн, шүүгдэгч О.У-ын “...Эхнэр И- гарах гээд үүдэнд гутлаа өмсөөд байж байхаар нь хаачих гэж байгааг нь асуухад гараад ирье гэхээр нь би гаргахгүй гээд өрөө рүү оруулсан, тэгэхэд гарна гээд байхаар нь нэг удаа нүүрэнд нь гараараа цохисон...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны  №2681 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.И-ийн биед зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 21-22 дэх тал/ гэсэн дүгнэлт,  Б.И-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-6 дахь тал/, зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.И-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.У-ын түүний нүүрэнд цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1. гэр бүлийн бусад гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн бусад гишүүн, асран хамгаалагч нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч О.У-, хохирогч Б.И- нар нь гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдраад 10 жил болсон, дундаасаа хоёр хүүхэдтэй талаар хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.У- нь өөрийн гэр бүлийн гишүүн болох хамтран амьдрагч Б.И-ийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч О.У-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.У-т нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч О.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч  О.У- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.И-ийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, зовхинд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000198 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.И- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт О-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын У-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.У-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000198 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.И- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР