Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

 

 

2022         04          21                                        2022/ШЦТ/150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Л.Энхтайван,

хохирогч Д.Н,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Сэмжидийн С.Нд холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ****тоотод Д.Нийн нүүрэн тус газарт цохих, гар дээр нь гишгэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Болсон асуудлыг санахгүй байгаа юм. Бид 2 нийлж 2 жил архи уусан...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг гэртээ унтаж байхад Д.Н залгаад би шартаад байна хоёулаа ганц юм уух уу гэхээр нь дэлгүүр нээгээгүй байна нээхээр нь чамд хэлье гэж хэлээд хэсэг байж байгаад өглөөний 09 цагийн үед уулзаад 1 шил 0.75 литрийн архи аваад Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ****тоотод манай гэрт очиж авсан архиа хувааж уусан. Ууж дуусаад байж байтал Д.Н усаа аваад харилаа гээд явснаа эргэж ирээд хоёулаа дахиад нэг шил архи ууя гэхээр нь зөвшөөрөөд Д.Н гэртээ усаа үлдээгээд дахиад 1 шил 0.75 литрийн архи аваад манай гэрт очсон. Ойр зуурын юм яриад сууж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна... тасраад сэрэхэд шөнийн 02 цаг болж байсан. Ганцаараа сэрсэн... гал тогооны өрөөний угаалтуурын хажуугаар шалан дээр цус болчихсон байсан. Тэгээд би арай Д.Нийг зодчихсон юм байхдаа гэж бодсон... Д.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

- Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худаг дээр бид хоёр таарсан. Тэгээд ганц шил юм ууя гээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авсан. Бид хоёр авсан архиа хувааж уугаад талдаа орсон байх шиг байсан. Тэгээд л юм санахгүй байна... нэг мэдсэн чинь С.Н намайг гэрээсээ хөөгөөд яв гэж хэлээд миний дух хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод автал халуу дүүгээд цус гараад эхлэхээр нь гэрээс нь гараад өөрийн гэртээ очоод унтаад өгсөн. Тэгээд манай дүү цагдаад хандсан... Миний биед учирсан гэмтлийг С.Н надад учруулсан... миний зүүн гаранд учирсан гэмтлийг газар уначихсан байхад гишгэчихсэн... эмнэлэг дээр очиж духан дээрээ 3 оёдол, зүүн гарын чигчий хураанд 2 оёдол тавиулсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд: “...Д.Нийн биед зүүн гар, нүүрэнд 6 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15х/,

 

- Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: ... Тухайн өдөр би эрт гэрээсээ гарсан. Ах Д.Н өглөө гэрээсээ гарахдаа нүүр ам нь зүгээр байсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө гэртээ иртэл Д.Н ах орон дээрээ хэвтэж байсан. Нүүр, ам, гар нь нэлэнхүүдээ цус болоод хатчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... С.Нтай 2 шил архи хувааж уусан. Тэгсэн чинь С.Н маань намайг зодоод ийм болгочихлоо гэж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 8х/,

 

- Шүүгдэгч С.Нн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32, 40х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч С.Н, хохирогч Д.Н нар нь таарч, С.Нгийн Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ****тоот гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар С.Н нь Д.Нийн нүүрэн тус газар гараараа цохиж, гар дээр нь гишгиж, зүүн гар, нүүрэнд 6 тооны зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Нийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Нн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч С.Нг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Нн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Нн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх бөгөөд хохирогч Д.Н нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

   Улсын яллагчаас “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

   Шүүх шүүгдэгч С.Нн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч С.Н нь сард 400,000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэх тул түүнд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

       Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Н нь 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ