Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 438

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.Батсайхан, Ч.Ариунгэрэл нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 3.207.86625 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                        Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 3.207.866.25 төгрөг гаргуулах

   Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Ч.Батсайхан, Ш.Ариунгэрэл нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Жавхлант тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/ТТЗХ-14/399 тоот зээлийн гэрээ байгуулан 7700.000/ долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан юм.

    Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4702.787.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2084.992.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24205.15 төгрөг, нийт 6811.984.79 төгрөгийг төлж барагдуулсан болно.

     Зээлдэгч  нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 125 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.   

    Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг үнэдсэлэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.  Үүнд:

  1. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/ТТЗХ-14/399 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
  2. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах
  3. Үндсэн төлбөр                                    2997.212.47 төгрөг
  4. Зээлийн хүүгийн төлбөр                    203.074.68 төгрөг
  5. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт         7579.10  төгрөг

 

нийт 3207.866.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ. 

 

             Хариуцагч Ш.Ариунгэрэл 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         ...“ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй 3.207.86625 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Ч.Батсайхан нь  2017 оны 02 дугаар сараас элэгний өвчнөөр хүнд өвчлөөд 2017 оны 02 дугаар сараас хойш төлөлт  хийгээгүй. Миний бие эхнэр Ч.Батсайханы зээлийн төлбөрийг ганцаараа бүрэн хариуцаж 3.207.86625 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ноос эхлэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд Ч.Батсайханыг зээлийн дээрх төлбөрөөс чөлөөлж өгнө үү.

 

                                                       Тайлбар гаргасан:

 

                            Ш.Ариунгэрэл                                     / гарын  үсэг/ гэжээ. 

 

                                                          Үндэслэх нь:

             “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь Ч.Батсайхан, Ш.Ариунгэрэл нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 3.207.86625 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ш.Ариунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байна.

            Зээлийн гэрээний 4.2.12-т ... “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Ариунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрсөн байх тул Ч.Батсайханаас уг зээлийн төлбөрийг гаргуулах шаардлаггүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.27586 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 66.27586 төгрөгний тал хувь буюу 33.13748 төгрөгийг хариуцагч Ш.Ариунгэрэлээс,  үлдэх тал хувь болох 33.13748  төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй. 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.Батсайхан, Ш.Ариунгэрэл нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 3.207.86625 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч  Ш.Ариунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.27586 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 66.27586 төгрөгний тал хувь буюу 33.13748 төгрөгийг хариуцагч Ш.Ариунгэрэлээс,  үлдэх тал хувь болох 33.13748  төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан  нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                 ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ