Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

    2022         03          22                                       2022/ШЦТ/201

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Б.М-, нарийн бичгийн дарга  Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000252 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, , ам бүл 3, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн М,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.М-тай дүү Ц.Мөнхчимэгийг хүүхдийн хувцас дээр цүнх тавилаа гэх шалтгаанаар маргалдаж, хуванцар сандал шидэж, газар унагаж нуруунд нь гараараа хоёр удаа цохиж, гарт байсан тамхийг авах гэж баруун гараас татаж байгаад дунд хурууг нь хойш дарж эрүүл мэндэд нь баруун гарын дунд хурууны шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.М-: “...Эхнэрийнхээ дүүг ад үзэж маргалдаж, эхнэрээ гэмтээсэн нь миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, ийм асуудал гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...дүүг битгий ад үзээд бай гээд уурлаад эргээд харахад над руу хуванцар сандал аваад шидэхээр нь би уурлаж мөрөн дээр нь цохисон. Тэгтэл намайг газар дэвссэн гудсан дээр дараад хөдөлгөөнгүй хэвтүүлчихсэн. Би газраас босоод тайвшрах санаатай ...тамхи аваад зогсож байхад миний гараас тамхи авах гээд гарыг татаж байгаад баруун гарын дунд хурууг хойш нь дарчихсан. ...Маргалдаж байх үедээ миний нуруун дээр намайг дарж суугаад хүзүү орчим гараараа дараад байсан...” /хавтас хэргийн 8-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед М- ах намайг хүүхдийн хувцас тохчихсон байсан хувцас хатаагч дээр цүнхээ тавьчихсан байсан гэж уурласан. Тэр үед эгч чи дүүг ад үзэж дандаа ингэж уурладаг, тэгж тавихад яадаг юм гэхэд хүргэн ах түүн рүү сандал шидчихсэн. Тэр хоёр угаалгын өрөө рүү явж ороод удалгүй, гар гэмтээчихлээ, хуруу эвгүй болчихлоо гэж орилсон...” /хавтас хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр Ц.М-тай төрсөн дүү Мөнхчимэгийн талаар маргалдаж араас нь хуванцар сандал, шидэж, нуруунд нь цохисон. Эхнэр уурлаад над руу дайрч миний гар хэсэгт нэг, хоёр удаа цохихоор би газар гудас дээр дарж байгаад нуруу болон гарын булчин хэсэгт 1-2 удаа гараа атгаж байгаад гарынхаа ар хэсгээр цохисон. ...Би тамхиа авах гэхэд эхнэр өгөхгүй байхаар нь би авах гээд баруун гарынх нь дунд хурууг хойш дарж тавиулахад үеэрээ мултач байгаа юм шиг дугарсан...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2764 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.М-ын биед баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн сарвуу, бугалга, шуу, цээж, эрүү, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-20/,

- Хохирол төлсөн тухай баримт /хавтас хэргийн 54 дэх тал/,

- Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 35 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.М-тай дүү Ц.Мөнхчимэгийг хүүхдийн хувцас дээр цүнх тавилаа гэх шалтгаанаар маргалдаж, хуванцар сандал шидэж, газар унагаж нуруунд нь гараараа хоёр удаа цохиж, гарт байсан тамхийг авах гэж баруун гараас нь татаж байгаад дунд хурууг нь хойш дарж эрүүл мэндэд нь баруун гарын дунд хурууны шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.М-ын “....2022 оны 02 дугаар сарын 07-ны орой ...дүүг битгий ад үзээд бай гэж уурлаад эргээд харахад над руу хуванцар сандал аваад шидэхээр нь би уурлаж мөрөн дээр нь цохисон. Тэгтэл намайг газар дэвссэн гудсан дээр дараад хөдөлгөөнгүй хэвтүүлчихсэн. Би газраас босоод тайвшрах санаатай ...тамхи аваад зогсож байхад миний гараас тамхи авах гээд гарыг татаж байгаад баруун гарын дунд хурууг хойш нь дарчихсан. ...Маргалдаж байх үедээ миний нуруун дээр намайг дарж суугаад хүзүү орчим гараараа дараад байсан...” /хавтас хэргийн 8-10 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Мөнхчимэгийн “... 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед М- ах намайг хүүхдийн хувцас тохчихсон байсан хувцас хатаагч дээр цүнхээ тавьчихсан байсан гэж уурласан. Тэр үед эгч чи дүүг ад үзэж дандаа ингэж уурладаг, тэгээд тавихад яадаг юм гэж уурлахад хүргэн ах түүн рүү сандал аваад шидсэн. Тэр хоёр угаалгын өрөө рүү явж ороод удалгүй, гар гэмтээчихлээ, хуруу эвгүй болчихлоо гэж орилсон...” /хавтас хэргийн 15 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.М-ийн “...Би эхнэр Ц.М-тай төрсөн дүү Мөнхчимэгийн талаар маргалдаж араас нь хуванцар сандал, шидэж, нуруунд нь цохисон. Эхнэр уурлаад над руу дайрч миний гар хэсэгт нэг, хоёр удаа цохихоор би газар гудас дээр дарж байгаад нуруу болон гарын булчин хэсэгт 1-2 удаа гараа атгаж байгаад гарынхаа ар хэсгээр цохисон. ...Би тамхиа авах гэхэд эхнэр өгөхгүй байхаар нь би авах гээд баруун гарынх нь дунд хурууг хойш дарж тавиулахад үеэрээ мултарч байгаа юм шиг дугарсан...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2764 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ц.М-ын биед баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн сарвуу, бугалга, шуу, цээж, эрүү, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-20/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд учирсан “...баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн сарвуу, бугалга, шуу, цээж, эрүү, баруун гуянд цус хуралт...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Ц.М-ийн түүний гарыг хойш дарсан болон цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ийн хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-д холбогдох тухайн хэрэг гарсан цаг хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэж бичсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн хэрэг явдал 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчим үйлдэгдсэн байна. Дээрх зөрчил нь хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөвтгөн дүгнэж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.М- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд баруун гарын дунд хурууны угийн шивнүүрийн бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн сарвуу, бугалга, шуу, цээж, эрүү, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 90,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Ц.М- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн М-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.М- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР