Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

 

    2022         03          22                                       2022/ШЦТ/202

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, хохирогч Э.Э-, шүүгдэгч С.А-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110021110086 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, “bartender” мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт С-ийн А,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.А- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амны байшинд болсон үдэшлэгт Б.Э-ийг өөрийн найз охинтой хардаж улмаар түүний нүүрэнд гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч Б.Э- “...2021 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед ууж байгаад согтсон тул нэг өрөөнд орж унтсан, унтаж байхад бөөндөө орж ирээд над руу дайраад байсан. Би юу болж байгааг ойлгоогүй тул хариу үйлдэл үзүүлсэн. Намайг С.А- цохисон тул хамраас цус гарсан. ....Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ажил хийхгүй байгаа, орлого байхгүй, саяхан би бас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, надад торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнө ...03 цаг өнгөрч байхад намайг алгадаад сэрээсэн, тэгээд учир зүггүй надтай заамдалцаад барьцалдаад дээшээ орноос босгоод миний толгой руу гараараа цохиод байсан. Нэг мэдсэн миний нүдний шил хагараад миний хацар, хамар гэх газруудаас цус гарч байхаар нь би нөгөө хүнээс салаад ариун цэврийн өрөөнд нүүр гараа угааж байхад А- гэх залуу орж ирснээ намайг найз охинтойгоо хардаад толгой, нүүр хэсэгт рүү баруун гараа атгаж байгаад 4-5 удаа хүчтэй цохихоор нь би газар сууж байхад гаднаас хүмүүс орж ирээд А-ыг аваад гарсан...” /хавтас хэргийн 8 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч С.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз охин орж ирээд хайраа хүн орж ирээд намайг оролдоод байна гэж хэлэхээр нь уурлаад нэг давхрын өрөөнд орох гэхэд дотроос нь цоожилсон байсан. ...Дотогшоо ороход миний үдэшлэгт ирсэн Э- гэх залуу унтаж байсан, найз охин Анужингаас энэ залуу мөн үү гэхэд мөн байна гэхээр нь очоод сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь 4-5 удаа алгадахад нөгөө залуу босож ирсэн. ...Би баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь 4-5 удаа цохисон...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №10781 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Э-ийн биед зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Зүүн нүдний дотор булан, зүүн хацрын шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Шүүгдэгч С.А-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн  43 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч С.А- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амны байшинд болсон үдэшлэгт Б.Э-ийг өөрийн найз охинтой хардаж улмаар түүний нүүрэнд гараараа цохин биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э-ийн “....2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнө ...03 цаг өнгөрч байхад намайг алгадаад сэрээгээд учир зүггүй надтай заамдалцаад барьцалдаад дээшээ орноос босгоод миний толгой руу гараараа цохиод байсан. Нэг мэдсэн миний нүдний шил хагараад миний хацар хамар гэх газруудаас цус гарч байхаар нь би нөгөө хүнээс салаад ариун цэврийн өрөөнд нүүр гараа угааж байхад С.А- гэх залуу орж ирснээ намайг найз охинтойгоо хардаад толгой, нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 4-5 удаа хүчтэй цохихоор нь би газар сууж байхад гаднаас хүмүүс орж ирээд А-ыг аваад гарсан...” /хавтас хэргийн 8 дахь тал/ гэсэн, шүүгдэгч С.А-ын “...Дотогшоо ороход миний үдэшлэгт ирсэн Э- гэх залуу унтаж байсан, найз охин Анужингаас энэ залуу мөн үү гэхэд мөн байна гэхээр нь очоод сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь 4-5 удаа алгадахад нөгөө залуу босож ирсэн. ...Би баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь 4-5 удаа цохисон...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №10781 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Э-ийн биед зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний дотор булан, зүүн хацрын шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.А-ын түүний нүүрэнд цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.А- нь хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч С.А- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч С.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд зүүн нүдний дотор булан, зүүн хацарт шарх, зүүн зовхинд зулгаралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110021110086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заажээ. Шүүгдэгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн боловч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдог талаараа баримт ирүүлээгүй тул торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа учир торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн А-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.А-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй

 

5. Эрүүгийн 2110021110086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР