Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

 

    2022         3          25                                       2022/ШЦТ/210

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Б.М-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У овогт Б-ын М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210003060223 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

          Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт Б-ын М,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саямаа” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах жимс, ногооны лангуунаас иргэн М.Ж-ын эзэмшлийн пос машиныг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 594,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.М-: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэмшиж байгаа, санаандгүй аваад гараад явсан, ганцаараа аваад гэртээ аваачаад тавьсан байсан, охин хүргэж өгсөн. Ганц шил архийг хүнтэй хувааж уусан, тухайн худалдааны төв рүү яаж орсноо санахгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...18 цагийн үед ажил дээрээ ирэхэд Уртнасан эгч чиний пос машиныг хулгай авчихлаа, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн...” /хавтас хэргийн 9 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Уртнасан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...ажил дээрээ байж байгаад хажуу лангууныхаа хүний пос машиныг хулгайд алдсан. ...Би тухайн өдөр өөрийн лангуугаа ажиллуулж байсан бөгөөд манай хажуу лангууны Ж- нь өнөөдөр ажилдаа ирэхгүй, миний лангууг хамт ажиллуулж байгаач гэж надад хэлсэн байсан...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Л.Бүрэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ...танихгүй 50 орчим насны эрэгтэй хүн банкны пос машин ундааны мөнгөөр авах уу гэхээр нь ...3,000 төгрөг өгөөд авсан...” /хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ архи уугаад Саямаа дэлгүүрт орж лангуун дээрээс пос машиныг авсан ...Маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...3,000 төгрөгөөр хүнд зарсан...” /хавтас хэргийн 76 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 22-25 дахь тал/,

- Хохирогчийн хүсэлт /хавтас хэргийн 67 дахь тал/,

- Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 38 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 41-60, 88-90 дэх тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саямаа” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах жимс, ногооны лангуунаас иргэн М.Ж-ын эзэмшлийн пос машиныг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч,  хохирогч М.Ж-д 594,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ж-ын “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...18 цагийн үед ажил дээрээ ирэхэд Уртнасан эгч чиний пос машиныг хулгай авчихлаа, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн...” /хавтас хэргийн 9 дэх тал/ гэсэн, гэрч Б.Уртнасангийн “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...ажил дээрээ байж байгаад хажуу лангууныхаа хүний пос машиныг хулгайд алдсан. ...Би тухайн өдөр өөрийн лангуугаа ажиллуулж байсан бөгөөд манай хажуу лангууны Ж- нь өнөөдөр ажилдаа ирэхгүй, миний лангууг хамт ажиллуулж байгаач гэж надад хэлсэн...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн, гэрч Л.Бүрэнжаргалын “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ...танихгүй 50 орчим насны эрэгтэй хүн банкны пос машин ундааны мөнгөөр авах уу гэхээр нь ...3,000 төгрөг өгөөд авсан...” /хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.М-ын “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ архи уугаад Саямаа дэлгүүрт орж лангуун дээрээс пос машиныг авсан ...Маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...3,000 төгрөгөөр хүнд зарсан...” /хавтас хэргийн 76 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 22-25 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч Б.М- нь Саямаа дэлгүүрийн жимс ногооны лангуунаас 594,000 төгрөгийн үнэ бүхий пос машиныг нууцаар авсан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн боловч зориудаар хохирол учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч М.Ж-ын эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсаны улмаас 594,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.М- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж-ын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 594,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эд хөрөнгийг хохирогчид биед байдлаар буцаан өгсөн, хохирогч М.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210003060223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-ад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210003060223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР