Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ДШМ/50

 

Д.Зд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

  Прокурор                                                   Л.Мөнхбаяр 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Я.Баярсайхан

  Шүүгдэгч                                                    Д.З нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Я.Баярсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын давж заалдах гомдлоор Д.Зд холбогдох эрүүгийн 1821000000183 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Д.З. Монгол Улсын иргэн, регистрийн дугаартай, 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, тоотод оршин суух,  гавъяа шагналгүй, урьд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.  

Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” худалдааны төвийн нийтийн байрны В11 тоот өрөөнд Х.Б-н цээжин тус газар хутгаар хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Д.Зыг “хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Х овогт Д.Зыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зод оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зын цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ...

6/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зоос бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 7656.530 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тоотод оршин суух, Х.Х, Ц.Н нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 9087.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.З мөрдөн байцаалтын шатанд эхнээс нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг болон гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, үйлдсэн хэргийнхээ хор хөнөөлийг ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эхсүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг үндэслэн Д.Зод оногдуулсан 10 жилийн хорих ялаас хуулийн дагуу хөнгөрүүлж өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдолд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, Х.Х нарт учруулсан хохирол болох 7656530 төгрөгийг төлсөн тухай банкны гүйлгээний баримт 2 хуудас материалыг хавсаргав.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Д.З нь согтуугаар 2018 оны 05 сарын 17-ны өдөр Х.Бг 3 удаа хутгалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр, найз охиныг нь элдвээр хэлснээс болж маргалдаад гараад явсан. Эргэж орж ирэхийг нь мэдээд хаалганы хажууд хутга бариад зогсож байгаад орж ирэнгүүт нь нүдэн тус газарт буюу хөмсгийг нь сэтэлж, хамрын хянган хүртэл хутгалаад нүдээ дараад доош тонгойсон үед нь хутгалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдалд хүргэж нүдээ дараад доошоо тонгойсон үед нь ар нуруун хэсэгт нь 2 удаа хутгалан онц харгис хэрцгийгээр уушиг болон дотор эрхтнүүдийг мөн гол судсыг нь гэмтээж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн. Хутга нь авагдахгүй хутгаа эргүүлж байж татаж авсан тухай гэрчүүд мэдүүлсэн байдаг. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нь газар дээрх ганц үрээ бусдын гарт хөнөөлгөчихөөд Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхээ эдэлж хууль зүйн туслалцаа авсан. Хэрвээ үр хүүхдийг нь Д.З онц харгис хэрцгийгээр алаагүй байсан бол хууль зүйн туслалцаа авч бодит зардал гаргахгүй байсан. Иймд өмгөөлөгчийн хөлсийг бодит зардал гэж үзэн өмгөөллийн хөлсөө /2000000 төгрөг/ нэхэмжилнэ. Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 16744470 төгрөгийн үлдэгдэл болох 9244470 төгрөгийг нэхэмжилнэ.” гэжээ.

Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч Д.З мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж харамсаж байгаа. Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нд учруулсан 7656530 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.Зод оногдуулсан 10 жилийн хорих ялаас хасаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа гомдол дээр “...хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцсонгүй.  Д.Зын үйлдлийг онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэж хүндрүүлж зүйлчлэх шаардлагатай байна...” гэжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тиймээс прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татан ял сонсгож шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд өмгөөлөгчийн зардал, бусдаас авсан зээл, журмын хашаанд тавигдсан тээврийн хэрэгслийн зардлууд орохгүй учраас хохирогчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзнэ…” гэснийг үндэслэж анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн Д.Зод тохирох ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” худалдааны төвийн нийтийн байрны В11 тоот өрөөнд Х.Б-н цээжин тус газар хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан шүүгдэгч Д.Зын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, гэрч Э.Э, О.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны яцад өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 107, 380, 89, 90, 91, 92, 93, 3828, 5790, 72 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 42 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Зын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

 Шүүгдэгч Д.З нь амь хохирогч Х.Бтай хөзөр тоглох явцдаа маргалдан улмаар харилцан зодолдож түүний цээжин тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсны улмаас хурц цус алдаж нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Зод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлыг зориудаар бий болгосон, гэм буруутай хүний хувийн хэрцгий байдал, хандлага зэргийг ойлгох юм.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,744,470 төгрөгнөөс хохирогчийг оршуулахтай холбогдсон залшгүй зардалд 7,656,530 төгрөгийг тооцон гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас  хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, тэтгэврийн зээлийн 3,997,932 төгрөг, журмын хашааны төлбөр 2,790,000 төгрөг нийт 8,0787,932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн төлсөн 300,000 төгрөгийг төлөх мөнгөнөөс нь хасч тооцсоныг хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан “…Д.Зод оногдуулсан 10 жилийн хорих ялаас хуулийн дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдол, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан “…Д.Зын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн өмгөөлөгчийн хөлсийг /2,000,000/ бодит зардал гэж нэхэмжилнэ. Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 16 744 470 төгрөгийн үлдэгдэл 9 244 470 төгрөгийг нэхэмжилнэ” гэх давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдолдоо хохирогчийн төлөөлөгч нарт гэм хорын хохирол болох 7,656,530 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргав гэсэн байх боловч 7,563,530 төгрөг /3000000+4563530=7,563,530/ төлж 93000 төгрөг дутуу төлсөн байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Зын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Д.З нь шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан 7,656,530 /долоон сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун гуч/ төгрөгнөөс 7,563,530 /долоон сая таван зуун жаран гурван мянга таван зуун гуч/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                        Ж.ДОЛГОРМАА