Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0446

 

Б.Бүркитийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Бүркит, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхзаяа нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2016/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Бүркитийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2016/0012 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бүркитээс “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон шийдвэр гаргахыг томилох эрх бүхий этгээдэд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Миний бие Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ын 8 дугаар зүйлийг баримталж 2015 оны 11 дүгээр сарын 09-19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймаг, Хөвсгөл аймаг, Ховд аймаг, Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулан зарласан Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны газар зүйн мэдээллийн систем, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд нэрээ бүртгүүлэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн. Бүх сумдад Мал эмнэлгийн үржлийн тасаг анх 2010 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолоор байгуулагдаж нэгжийн хариуцах ажлын үйл ажиллагааны чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 дүгээр тушаалын хавсралтаар мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг баталсан. Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн үржлийн тасгийн бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, үйлчилгээний асуудал хариуцсан байцаагч мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг ажлын хэсэг анх боловсруулахдаа Сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар болон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 2009 оны 34 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу боловсруулж тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад “...газар зохион байгуулагч...” мэргэжилтэй хүн ажиллаж болох талаар тодорхой тусгаж өгч уг ажлын хэсгийн боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн гарын үсэгтэй ажлын байрны тодорхойлолтыг тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Соронзонболд 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

Мөн энэ албан тушаалд анх сул орон тооны захиалгыг өгөхдөө дээрхи тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хамт өгсөнөөр М.Ботакөз нь энэ албан тушаалд томилогдсон байна. М.Ботакөз нь ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сард аймагт шилжсэнээр сул орон тоо гарсан. Сул орон тоо гарснаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавин шийдвэрлүүлэхээр зохицуулагдсан юм.

Цэнгэл сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Ерболат нь журмын 5.1, 5.2, 5.3.1-д тус тус заасан нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа албан ёсоор дээрхи баталгаажсан ажлын байрны тодорхойлолтын хамтаар холбогдох салбар зөвлөлд ирүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй байхад тамгын газраас 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бий болсон сул орон тоог нуун дарагдуулж, төрийн албыг хувийн алба болгон хувирган уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй урьд нь шалгалтанд орж тэнцээгүй, шалгалтанд ороогүй К.Нуршашыг дур мэдэн томилон ажиллуулж байгаад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд сонгон шалгаруулалт зарлаж сул орон тоог нөхөж өгөхийг хүссэн хүсэлтээ олон хоног өнгөрсөний эцэст буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 03/523 дугаар албан тоотоор мэдэгдсэн.

Төрийн албаны салбар зөвлөл нь Цэнгэл сумын засаг даргыг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй хууль бус томилгоо хийсэн гэж үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд уг орон тоог нийтэд зарлах замаар нөөцөөс нөхөхөөр шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлд сул орон тооны захиалгыг хүргүүлэхдээ Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын урьд нь өгч байсан Х.Соронзонболдын гарын үсэг бүхий 2010 оны 12 дугаар сарын 13-ны ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжлийн шаардлагыг “...газар зохион байгуулагч, ..." мэргэжилтэй байхаар тодорхойлон хүргүүлсэн. Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг хүргүүлсэн. Уг мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт мэргэжлийн шаардлагыг “Агроном, эдийн засагч, МАА-н менежер, таваар судлаач, газар зохион байгуулагч, ХАА-н инженер, усны инженер, бусад" мэргэжилтэй байхаар заагдсан.

Төрийн албаны зөвлөлөөс уг сул орон тоонд газар зохион байгуулагч мэргэжилтэй хүн ажиллах боломжтойгоор нийтэд зарлагдсан тул нөөцөд бүртгэлтэй байгаа миний бие уг албан тушаалд нэрээ бүртгүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөл нөөцөнд бүртгэлтэй байгаа миний нэрийг уг албан тушаалд томилохоор 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай" хүчин төгөлдөр 01 тоот тогтоолыг гаргасан. Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар шийдвэрийг биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 17.3, 17.4 дэхь заалтуудаар томилох ёстой.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн ажлын байрны тодорхойлолтын дагуу авч үзэхэд миний бие энэ албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа. Үүнийг миний хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн 2010 оны 12-р сарын 13-ний өдөр баталсан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Соронзонболдын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байцаагч мэргэжилтний ажлын байрны баталгаажсан тодорхойлолтын эх хувь бүрэн нотлоно.

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор тайлбарласан тайлбарт “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ” гэж тодорхой тусгасан тул хууль зөрчиж томилогдон ажиллаж байгаа К.Нуршашийн ажиллаж байгаа орон тоо нь сул орон тоогоор зарлагдсан.

Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр  нотлох баримтад гэрчүүдээс дарамтлан авсан мэдүүлгээр няцаалт өгч, хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтыг дутуу үнэлж зөвхөн нэг талыг баримтлан ажиллаж алдаатай дүгнэлтийг хийж 2010 онд уг маргаан бүхий орон тоонд газар зохион байгуулагч мэргэжилтэй хүн ажиллах боломжтойгоор ажлын байрны тодорхойлолт батлагдсан эсэх нь Х.Муратбек, Ц.Октябрь, Х.Соронзонболд, М.Ботакөз нарын гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэжээ. Үүнийг би зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн үед тамгын газраас томилогдсон ажлын хэсэг ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа Сайдын үлгэрчилсэн загварт үндэслээд журмын дагуу уг ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад ХАА-н эдийн засагч, МАА-н менежер, таваар судлаач, агрономич, газар зохион байгуулагч, хөдөө аж ахуйн болон усны инженер мэргэжилтэй хүн ажиллаж болох талаар тодорхой тусган өгч боловсруулсан ажлын байрны тодорхойлолтонд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ц.Октябрь, Х.Соронзонболд нарын гарын үсгийг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр зуруулан Засаг даргын хүчин төгөлдөр тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Энэхүү ажлын байрны тодорхойлолтыг ... М.Ботакөз нь ажлаас чөлөөлөгдөх үед авч явсан нь тогтоогдсон ба ажлын байрны тодорхойлолт гэх баримт нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 9 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг бүрдүүлэх үндсэн баримтын нэг болохын хувьд уг журмын дагуу маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр томилох эрх бүхий этгээдээс дахин боловсруулж баталсаныг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ.

Иргэн М.Ботакөз нь ажлаас чөлөөлөгдөх үед хариуцагч Б.Ерболат өөрөө Цэнгэл сумын тамгын газрын даргаар ажиллаж байсан. Албан хаагчдын хувийн хэргийн материалыг сумдын тамгын газрын дарга нарт хариуцуулсан ба ажилчдын хувийн хэргийн материал болон ажлын байрны ажлын байрны тодорхойлолтыг тамгын газрын ажлын албанд тамгын газрын дарга хадгалдаг. Дарга ажлын байрны тодорхойлолтыг 3 хувь гаргуулан нэг хувийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэн, нэг хувийг тамгын газрын ажлын албаны архивын материалд хадгалж, нэг хувийг ажилчдын хувийн хэргийн материалтай хамт хувийн хэрэгт хадгалах үүргийг хулээсэн албан тушаалтан. Архивт хадгалагдах ёстой маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтын нөгөө эх хувь нь байх ёстой.

Ажлын байрны үндсэн зорилт нь “Бэлчээр хадлан тариалангийн талбайг ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, холбогдох мэдээллийн санг бий болгох, хяналт шинжилгээ хийж үр дүнг тооцох, үнэлгээ өгөх, газар тариалангийн үйлдвэрийн холбогдолтой хууль тогтоомж төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сумын төвшинд зохион байгуулж, гүйцэтгэлийг нэгтгэх, дүгнэх, дэд шатны байгууллагад мэдээлэх, тайлагнах, ХАА-н гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх борлуулах зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах арга хэмжээг зохицуулах хяналт тавих” зэргээр ажлын байрны үндсэн зорилтыг тодорхойлсон байгаа. Ажлын байрны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд ч тусгасан байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2010 онд батлагдсан гэх ажлын байрны тодорхойлолтод “газар зохион байгуулагч"-ийн мэргэжил ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын хэсэгт тусгагдсан нь маргаантай буюу бусад холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй” гэсэн байна.

Нэхэмжлэгч миний шүүхэд гаргаж өгсөн 2010 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд “газар зохион байгуулагч”-ийн мэргэжил ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын хэсэгт тодорхой тусгагдсан болох нь миний хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн ажлын хэсгийн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын үндсэн эх хувиар бүрэн нотлогдсоор байхад шүүгчийн хариуцагч нараас түүнийг албан ёсоор няцаах баримтыг гаргуулж чадаагүй мөртлөө маргаантай тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан үзээд хэрэгсэхгүй болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын дагуу ажиллуулж өгөхийг Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболатад даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Б.Бүркитийн давж заалдах гомдолд “... газар зохион байгуулагч гэсэн мэргэжлийг заасан ажлын байрны тодорхойлолт байсаар байхад мэргэжлийн шаардлага хангаагүй гэж хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн ...” талаар дурджээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/230 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт нийцүүлж баталсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Уг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад “газар зохион байгуулагч” мэргэжлийг гэж заагаагүй байх тул нэхэмжлэгч Б.Бүркитийг шаардлага хангаагүй гэж үзэж, тухайн албан тушаалд томилоогүйг хууль бус гэж үзэж, ажилд томилохыг даалгах үндэслэлгүй юм.  

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2010 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтод “газар зохион байгуулагч” гэж тусгагдсан, түүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс Б.Бүркитийг нэр дэвшүүлсэн зэргээс үзвэл уг ажлын байранд тавигдах шаардлагад “газар зохион байгуулагч” мэргэжилтэй байж болохоор тусгагдсан байсныг үгүйсгэхээргүй байна.

Гэвч хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу сул орон тоог гарсан үед нь нийтэд мэдээлээгүй, ажлын байрны өөрчлөгдсөн тодорхойлолтыг хүргүүлээгүй байхад төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байрны захиалгыг төрийн албаны төв байгууллагад хүргүүлэхдээ ажлын байранд тавигдах шаардлагад “газар зохион байгуулагч” гэж тусган хүргүүлснээс Б.Бүркитийг нэрийг дэвшүүлсэн байх бөгөөд төрийн байгууллагуудын уялдаагүй, хариуцлагагүй энэхүү үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр байгаа ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага хангаагүй Б.Бүркитийг ажилд томилохыг даалгах үндэслэл болохгүй. Харин үүний улмаас Б.Бүркит нь хохирол учирсан гэж үзвэл холбогдох байгууллагад зохих журмын дагуу хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. 

Мөн гомдолд “мэргэжлийн бус, төрийн албаны шалгалт өгөөгүй Х.Нуршашыг томилон ажиллуулж байгаа ...” гэх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2016/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бүркитийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ