Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 160

 

Д.Даваажавт  холбогдох

эрүүгийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Энхтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, Г.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол,

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 201503000387 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, Г.Энхбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1953 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамбын Даваажав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Даваажавыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Даваажавт 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Даваажав болон өмгөөлөгч М.Алтанчимэг, Г.Энхбаяр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, М.Алтанчимэг, Г.Энхбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхээс Д.Даваажавыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай шийдвэр болсон.  Д.Даваажавын үйлдэл нь санаатай идэвхтэй үйлдлийг хийж, Эрүүгийн хуульд заасан гэм хорыг хэдий учруулсан боловч хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл юм.

Хохирогч Ө.Авирмэд нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэрүүл маргааныг өдөөж, эхнэр Д.Төмөр-Очир, хадам ээж Ц.Эрдэнэчимэг нарыг зодож, улмаар биед нь гэмтэл учруулсан бөгөөд уг зодооныг таслан зогсоохоор гэрт нь орж зүй ёсны шаардлага тавьсан хадам аав Д.Даваажавыг хэл амаар доромжилж, түүнийг өшиглөхөд Ө.Авирмэдийг цохиод гэрээсээ гарч явдаг. Гэтэл араас нь Ө.Авирмэд гэнэт хүрз барьж ирээд Д.Даваажавыг цохиод авахад баруун гараараа хаасан боловч мөрөнд нь цохиод авахаар нь айлын хаяа шуусан байсан сүхний ишээр Ө.Авирмэдийг цохиж амь насыг нь хохироосон.

Д.Даваажав ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт “намайг хүрзээр цохиод байхаар нь амиа хамгаалах гэж л сүхний ишийг гэрийн хаяанаас авсан, аргагүй хамгаалалт хийж, сүхний иш модоор ганц удаа цохисон” талаар мэдүүлсэн байдаг. Тухайн айлд нилээн хүмүүс байсан боловч тэр хоёрыг гадаа зодолдох үед А.Долгор хажууд нь байсан. Тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би гэрээсээ гартал талийгаачийн том гэр болон манай гэр хоёрын хооронд тэр хоёр нэг уургын хоёр талаас нь барьчихсан дамнуулаад байж байсан. Тэгэхээр нь би та нар яах нь уу бие биенийгээ сүлбүүлж алах нь уу гэж хэлээд нэг талаас нь чангааж, хөлөө цохиулан байж арай хийж аваад уургыг нь гэрээс холдуулж  тавьсан. Тэгээд буцаад гэрлүүгээ явтал талийгаач нэг улаан өнгийн хүрз барьчихсан, Д.Даваажав гартаа сүхний иш барьчихсан” гэж мэдүүлсэн бөгөөд эндээс үзэхэд хууль бус довтолгоо, халдлага бодитойгоор хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Д.Даваажавын дээрх үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хэрэгжүүлж, хохирогчийн шүүгдэгч рүү хандсан нийгэмд аюултай хууль бус үйлдлээс өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хэрэгжүүлж уг үйлдлийг хийсэн байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Даваажавыг цагаатгаж өгөхийг хүсье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Даваажаваас 402,100 төгрөг гаргуулж хохирогч Ө.Энхтайванд олгохоор шийдвэрлэсэн мөнгийг миний бие хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн болно...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүх Д.Даваажавт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д.Даваажав нь аймгийн төв орчихоод гэртээ буцаад ирэхэд түүний бага охины нөхөр болох талийгаач Ө.Авирмэд нь эхнэр Д.Төмөр-Очир болон хадам ээж Ц.Эрдэнэчимэг нарт агсан тавьж, хэн алиныг нь зодож байсан ба энэ асуудлыг зогсоох зорилготой хүргэнийдээ орж “Яагаад ингээд байдаг” талаар хэлэхэд хадам аавыгаа шээс, гөлөгөөр нь дуудаж, улмаар түүнийг өшиглөж гараад явахад араас нь дагаж ирж элдэвээр дуудаж, хүрзийг зэвсэг болгон ашиглан мөрөн тус газар цавчиж гэмтээсэн байдаг. Үүнээс болж Д.Даваажавын уур гэнэт хүрч талийгаачийг сүхний иш модоор цохисон үйлдэл нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон цаг үедээ хийсэн үйлдэл юм.

Талийгаач хадам эцгийгээ хүрзээр цавчиж, өшиглөх, хэл амаар доромжлох, мөн хадам эхийгээ зодсон зэрэг үйлдэл нь талийгаачийн гэр бүлийн харилцаан дахь ёс суртахууны байдал,  хүндлэл, зан заншил, уламжлалын дагуу хадам эцэг эх, хүргэний хооронд байвал зохих харилцан хүндлэлийг үгүйсгэсэн хууль бус болон ёс зүйгүй авирласан буруутай үйлдэл бөгөөд энэ хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Даваажавт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье. Хэрвээ хяналтын шатны шүүх шүүгдэгч Д.Даваадоржийг гэм буруутай байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэснийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санаа нь хүчтэй давчидан цочирдсоны улмаас тухайн хэргийг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хохирогч нь эхнэр болон хадам ээжтэйгээ маргалдаж, байхад хадам аав нь орж ирэн шууд цохьсон байдаг. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж цохиулсны дараа буюу довтолгоон дууссаны дараа айлын хаалгаар шагайж, сүхний ишийг хайж олоод хохирогчийн толгойн тус газар нь цохьсон байдаг. Дээрхээс харахад сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдсэн үйлдэл болон хоромхон зуур болоод өнгөрсөн үйл явдал болох нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нь өөрийн үйл ажиллагаандаа бүрэн хяналт тавьж өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Амь хохирогч Ө.Авирмэдийн шүүгдэгч  Д.Даваажавыг хүрзээр цохиж, түүний охин Д.Төмөр-Очир, эхнэр Ц.Эрдэнэчимэг нарыг үсдэж зодож гэмтээсэн үйлдэл нь ойрын төрөл садан хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжилд харш, тэднийг дарлаж доромжилсон шинжтэй байхаас гадна Д.Даваажавт болон эхнэр, хүүхдэд нь хүнд хор уршиг учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

Хохирогчийн дээрх үйл ажиллагаа нь Д.Даваажавын санаа сэтгэлд хүчтэй нөлөөлсний улмаас үйлдлээ удирдан жолоодох чадвар нь суларч, учрах хор уршгийг зөв тооцож, төсөөлөлгүйгээр амь хохирогчийг сүхний ишээр цохиж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон байна.

Д.Даваажавын үйлдэл нь нийгмийн хор аюулаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаатай бөгөөд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын гомдлыг хүлээн авч, прокуророос Д.Даваажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 3 жил 6 сарын хорих ял оногдуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалд “Шүүгдэгч Д.Даваажавыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Д.Даваажавт 3 жил 6 сар хорих ял оногдуулсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                   Ч.ХОСБАЯР