Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0229/Э |
Дугаар | 2022/ШЦТ/211 |
Огноо | 2022-03-25 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
2022 03 25 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Б.Х-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М- овогт Б-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110022050264 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М- овогт Б-гийн Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 7 тоотод М.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож биед нь ахар сүүлийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Х-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өшиглөсөн учир тухайн гэмтлийг би учруулсан, маргахгүй байгаа, тохирсон торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байр, 9 тоотод найз Ариунжаргалынд сууж байхад намайг архи уу гээд Х-, Мөөгий гэх хоёр залуу архиар шахаад байсан. Тэгээд би дахиж уухгүй, согтчихно гээд үүдний хэсгийн буйдан дээр сууж байсан чинь Х- гэх залуу энийг чинь харин алаад хаячихмаар нөхөр үү, үгүй юу гээд миний нүүрэнд гараараа цохисон. Тэгээд би цохиулаад босоод ирсэн чинь Х- намайг хөл тавьж, намайг унагаасан, би бөгсөөрөө газар унахад дээрээс гараараа миний дух, толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би босох гэсэн чинь миний бөгс, ахар сүүл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр өдөр цагдаа дээр ирэхэд миний бөгс, ахар сүүл хөндүүрлэхгүй өвдөхгүй байсан. Тэгээд би цагдаагаас гараад буцаж очоод Ариунжаргалынд хоноод өглөө нь босох гэсэн чинь чадахгүй, миний ахар сүүл орчмоор хатгаж байгаа юм шиг өвдөж байсан. ...Намайг Х- зодож байхад Мөөгий нь хамт байсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой ...би Г-ийн хамтаар 4 ширхэг пиво аваад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 7 тоотод гэртээ ороод сууж байтал Мөөгий ах гаднаас Х- гэх найзтайгаа орж ирсэн, нэлээн согтуу байсан. Тэгээд том шилтэй хоёр архитай орж ирсэн. Бид хэд манай гэрийн том өрөөний ширээ тойроод буйдан дээр сууцгааж байсан. Тэгсэн чинь Х- босож ирээд Г-ийг буйдан дээр сууж байхад нь цохиж авсан. Тэгээд Г- Х- хоёр барьцалдаад авсан ба нүд ирмэхийн зуурт л бүх юм болсон. Тэгээд Мөөгий ах бид хоёр салгах гэж оролдсон. Тэгсэн чинь Мөөгий ах намайг чи цаашаа байж бай гэж хэлээд түлхэж унагаагаад тэгээд хаалгаа хааж татчихаад намайг гаргахгүй байсан. Тэр хэд коридорт барьцалдаж аваад байсан. Тэгээд намайг гарсан чинь Г- доор нь хэвтчихсэн Х- дээрээс нь цохиж байсан. Гэрэл их бүдэг харанхуй байсан учир сайн харагдахгүй байсан. Тэгсэн чинь Х- Г-ийг чи хаашаа залгаад байгаа юм гэж хэлээд тагтнаас татаж оруулж ирээд цохиод, дахиад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд Х- Мөөгий ах хоёр Г-ийг дэгээдэж унагаагаад Мөөгий ах Г-ийн нүүр лүү цохисон. Харин Х- нуруу хэсэг рүү өшиглөж байсан. Тэгээд удалгүй тэр хоёр бид ер нь явлаа гээд гараад явсан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,
Гэрч О.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г- том өрөөний буйдан дээр суучихсан Х-г өдөөд ёжлоод байсан. Яг юу гэж хэлснийг одоо бас санахгүй байна, ямар ч байсан өдөөн хатгаад байсан. Тэгээд Х- уурлаад шууд Г-ийн нүүр рүү 2-3 удаа цохиод авахад нь би очоод Х-г тэвэрч аваад салгаад шууд аваад гарсан чинь өөдөөс цагдаа гараад ирсэн...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,
Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өшиглөх болон бөгсөөрөө хүчтэй унах үед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал үүсэх боломжтой юм. М.Г-ийн биед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Харин баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух цээжин дэх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...Мөнх-Эрдэнэ бид хоёрыг очиход Ариунжаргал найз Г-ийн хамт сууж байсан. Тэгээд дөнгөж архиа задлаад ууж байхад Г- агсам согтуу тавиад чи надаас дүү юм байна. Миний өмнө сөгдөж суугаад ярь гээд дарамталсан. ...Г- элдэв үгээр ёжлоод харааж зүхээд байхаар нь нүүрэнд нь 3 удаа цохисон. Г- хойшоо буйдан дээр унасан...” /хавтас хэргийн 53-54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №11618 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Г-ийн биед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 12 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-15 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 68-72 дахь тал/,
- Хохирол төлсөн тухай баримт /хавтас хэргийн 74 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Х-н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 56 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 57 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 58 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 62 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Х- 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны 7 тоотод М.Г-тэй маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож биед нь ахар сүүлийн 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Г-ийн “....Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө найз Ариунжаргалынд сууж байхад намайг архи уу гээд Х-, Мөөгий гэх хоёр залуу архиар шахаад байсан. Тэгээд би ахиж уухгүй согтчихно гээд үүдний хэсгийн буйдан дээр сууж байхад Х- энийг чинь харин алаад хаячихмаар нөхөр үү, үгүй юу гээд миний нүүрэнд гараараа цохисон. Тэгээд би цохиулаад босоод ирсэн чинь Х- хөлөөрөө дэгээ тавьж намайг бөгсөөр унагаагаад миний дээрээс гараараа миний дух толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би босох гэсэн чинь миний бөгс, ахар сүүл рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн, гэрч Г.Ариунжаргалын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой ...би Г-ийн хамтаар гэртээ сууж байтал Мөөгий ах гаднаас Х- гэх найзтайгаа нэлээн согтуу, том шилтэй хоёр шил архитай орж ирсэн. Бид хэд манай гэрийн том өрөөний ширээ тойроод буйдан дээр сууцгааж байсан. Тэгсэн чинь Х- босож ирээд Г-ийг буйдан дээр сууж байхад нь цохисон, Г- Х- хоёр барьцалдаад авсан, нүд ирмэхийн зуурт л бүх юм болсон, Мөөгий ах бид хоёр салгах гэж оролдсон. Тэр хэд коридорт барьцалдаж аваад байсан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн, гэрч О.Мөнх-Эрдэнийн “...Г- том өрөөний буйдан дээр суучихсан Х-г өдөөд ёжлоод байсан, яг юу гэж хэлснийг одоо санахгүй байна. Ямар ч байсан өдөөн хатгаад байсан. Тэгээд Х- уурлаад шууд Г-ийн нүүр рүү 2-3 удаа цохисон, би очоод Х-г тэвэрч аваад салгаад шууд аваад гарсан чинь өөдөөс цагдаа гараад ирсэн...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн, шинжээч Б.Даваасүрэнгийн “...Өшиглөх болон бөгсөөрөө хүчтэй унах үед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал үүсэх боломжтой юм. М.Г-ийн биед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Харин баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух цээжин дэх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Х-н “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...Мөнх-Эрдэнэ бид хоёрыг очиход Ариунжаргал найз Г-ийн хамт сууж байсан. Тэгээд дөнгөж архиа задлаад ууж байхад Г- агсам согтуу тавиад чи надаас дүү юм байна, миний өмнө сөгдөж суугаад ярь гээд дарамталсан. ...Г- элдэв үгээр ёжлоод харааж зүхээд байхаар нь нүүрэнд нь 3 удаа цохисон. Г- хойшоо буйдан дээр унасан...” /хавтас хэргийн 53-54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №11618 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Г-ийн биед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-15 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд учирсан “...ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Х-н түүний цохиж, газар унагаасан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-н хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.Х- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.Х- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын хөндлөн хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2,150,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2110022050264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогт Буйжумагийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буйжумагийн Х-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоо, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110022050264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Х- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР