Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0230/Э |
Дугаар | 2022/ШЦТ/237 |
Огноо | 2022-03-30 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/237
2022 03 30 2022/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Ж.П-, түүний өмгөөлөгч У.Бцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ж-ын П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000210100 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 5-150 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ж-ын П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П- нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Дээд бодь” хийдийн урд талын замд Тоёото Приус загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ш.А-, Г.Д- нарыг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөж, Ш.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.П-: “...Өмнө цагдаагийн байгууллагад ослын талаар мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, хохирогч нарт 8,000,000 төгрөг төлсөн, хохирогч нартай уулзсан, биеийн байдал гайгүй байна гэсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Яармагт “Дээд бодь” гээд хийдэд номонд суугаад орой 18 цаг өнгөрч байхад ном дуусаад хийдээсээ гарах үед хамт номонд суусан танихгүй эгч автобусны буудал явах уу гэхээр нь явна гэж хэлээд нөгөө эгчтэй хамт хийдээс гараад явж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, нэг мэдсэн газарт уначихсан, нэг хүн миний цээж хэсгээс өргөөд өөдөөс хараад байх шиг байсан, хэсэг хугацаанд шоконд орсон, яг юу болоод байгааг мэдэхгүй байсан, дахиад нэг мэдсэн эмнэлгийн машин дотор явж байсан, юу болсныг санахгүй байна. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очоод шинжилгээ өгч, эмчид үзүүлсэн, миний аарцагны яс гэмтээд умдагны яс хугарсан байна гэж хэлж байсан. Тухайн үед автомашин ирж байхыг санахгүй байна...” /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осол болох үед хажууд нь байгаагүй, утсаар сонссон. Манай дүү Ш.А- босож чадахгүй хэвтрийн дэглэм бариад хүний асаргаанд, байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа. ...Ш.А-гийн эмчилгээнд жолооч талаас 3 сая төгрөгийн хохирол барагдуулсан. Осол болсон өдрөөс хойш утсаар яриад эргэж очно, эмнэлэгт сахина гэх байдлаар холбоотой байсан. Миний зүгээс болон манай дүү Ш.А-гийн зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...” /хавтаст хэргийн 25, 26 дугаар тал/ гэсэн,
Хохирогч Г.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад “Дээд бодь” хийдээс номонд суучхаад гараад явж байсан, тухайн үед хийдийн хашаанаас гараад урагшаа зам хөдлөн гарах үед ойр орчим машин болон машины гэрэл харагдахгүй байсан. Тэгээд хийдээс надтай хамт гарч явсан танихгүй хүнтэй зам хөндлөн гарч байсан, гэтэл миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөөд газарт унасан, би босох гэтэл хөдөлж чадахгүй байсан, тэгээд би газарт нилээд удаан хэвтэж байтал 103-ын машинтай эмч ирээд намайг үзээд Гэмтлийн эмнэлэгт хүү хүргэж өгсөн. Тухайн үед өвдөлтөөсөө болоод миний ухаан санаа орж гараад байсан. Гэмтлийн эмнэлэгт би ойр ойрхон 2-3 удаа цусаар бөөлжсөн, эмч нар намайг яаралтай зураг аваад үзэхэд надад маш их хэмжээний бэртэл гэмтэл учирсан байсан. Би зам хөндлөн гарахдаа хоёр тийшээ харахад ямар нэгэн гэрэл болон машин байгаагүй...” /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осол болох үед хажууд нь байгаагүй, цагдаагаас над руу орой залгаж хэлсэн. Миний ээж Г.Д-гийн биеийн байдал дээрдэж байгаа, байнгын хүний асаргаанд хэвтрийн дэглэмд байгаа, байнгын өвчин намдаах эм хэрэглэж байна. Ээж Г.Д-гийн эмчилгээний зардалд жолооч талаас 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо манай гэр бүлийн зүгээс болон миний ээж Г.Д-гийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 33, 35 дугаар тал/ гэсэн,
Шүүгдэгч Ж.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Тоёото Приус тээврийн хэрэгслийн засварын газар орох гээд “Дээд бодь” нэртэй хийдийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан, тухайн үед баруун гар тал руугаа буюу төв зам руу харчхаад буцаад урагшаа хартал нэг хүн тулаад ороод ирсэн, би тухайн үед тоормос гишгэсэн боовч зогсож амжаагүй нөгөө хүнийг мөргөөд газарт унагаад зогссон, тэгээд би машинаас буугаад иртэл хоёр хүн газарт хэвтэж байсан, тэгээд би шууд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Нөгөө хүмүүс юм яриад байх шиг байсан, миний чих хатуу учир сонсогдохгүй байсан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө хоёр хүнийг үзээд Гэмтлийн эмнэлэг хүү аваад явсан, араас нь удалгүй цагдаагийн газраас хүмүүс ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн, миний машиныг түр саатуулах байран хүргүүлсэн. Осол болох үед би ганцаараа байсан...” /хавтаст хэргийн 55, 110 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Дээд бодь” хийдийн урд замд үйлдэгдсэн ба уг зам нь асфальт, шулуун тэгш, хальтиргаагүй, суурин доторх үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо хоёр, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв...” /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №798 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ш.А-гийн биед баруун талын умдаг, суудал яс, ууцны 1-р нугалмын далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, тархины суурийн зангилааны 2 талын жижиг, зулай хэсгийн аалзан хальс доорх голомтот цус харвалт, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3. 6 Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаад үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №787 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Д-гийн биед дух яс, духны хөндийн өмнөд, арын хана, баруун ухархайн дээд хана, хоншоор ясны хугарал, баруун суудал яс, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, давсагны урагдал гэмтэл, баруун 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, духанд зулгаралт, дух, баруун зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаад үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 64-66 дугаар тал/ гэсэн,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №296 дугаар дүгнэлтэд: “...Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн болон баруун гар талын их гэрлүүдийн тусгалын тохиргоо хэвийн байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээг, марк, хээ нь ижил байна. Авто тээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: капот гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, салхины шил гол хэсэгтээ цөмөрч, бяцарсан, урд талын хоёр оврын гэрэл зөвшөөрөгдөөгүй өнгийн гэрэлтэй (цэнхэр), урд буфер гол хэсэгтээ хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.
2. Капот гол хэсэгтээ хонхойж сэвтсэн, салхины шил гол хэсэгтээ цөмөрч, бяцарсан, урд талын хоёр оврын гэрэл зөвшөөрөгдөөгүй өнгийн гэрэлтэй (цэнхэр), урд буфер гол хэсэгтээ хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.
3. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна.
4. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг.
5. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтлүүдээ засварлаад тээврийн хэрэгслийн үзлэгт орж тэнцсэний дараа замын хөдөлгөөнд оролцох боломжтой...” /хавтаст хэргийн 73-78 дугаар тал/ гэсэн,
- 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №136 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: “...1. Тоёото Приус загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж-ын П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. Явган зорчигч Гэндэнгийн Д- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/. Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
3. Явган зорчигч Шаравын А- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/. Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” /хавтаст хэргийн 82 дугаар тал/ гэсэн дүгнэлт, магадлагаанууд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-9, 92-99 дүгээр тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- Хохирогч нарын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 128-146, 147-183 дугаар тал/,
- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 37-46 дугаар тал/,
- Шүүгдэгч Ж.П-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Бжаргал, Г.Бболд нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 54 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 113 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 115 дугаар тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хавтаст хэргийн 122 дугаар тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ж.П- нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Дээд бодь” хийдийн урд талын замд Тоёото Приус загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ш.А-, Г.Д- нарыг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөж, Ш.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.А-гийн “...Би ...хийдэд номонд суугаад орой 18 цаг өнгөрч байхад ном дуусаад хийдээсээ гарах үед номонд хамт суусан танихгүй эгч автобусны буудал явах уу гэхээр нь явна гэж хэлээд нөгөө эгчтэй хамт хийдээс гараад явж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, нэг мэдсэн газарт уначихсан, нэг хүн миний цээж хэсгээс өргөөд өөдөөс хараад байх шиг байсан, хэсэг хугацаанд шоконд орсон, яг юу болоод байгааг мэдэхгүй байсан, дахиад нэг мэдсэн эмнэлгийн машин дотор явж байсан, юу болсныг санахгүй байна...” /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-ийн “...Осол болох үед хажууд нь байгаагүй, утсаар сонссон. ...Ш.А-гийн эмчилгээнд жолооч талаас 3 сая төгрөгийн хохирол барагдуулсан. Осол болсон өдрөөс хойш утсаар яриад эргэж очно, эмнэлэгт сахина гэх байдлаар холбоотой байсан. Миний зүгээс болон манай дүү Ш.А-гийн зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...” /хавтаст хэргийн 25, 26 дугаар тал/ гэсэн, хохирогч Г.Д-гийн “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад “Дээд бодь” хийдээс номонд суучхаад гараад явж байсан, тухайн үед хийдийн хашаанаас гараад урагшаа зам хөдлөн гарах үед ойр орчим машин болон машины гэрэл харагдаагүй, хийдээс надтай хамт гарсан танихгүй хүнтэй зам хөндлөн гарч байсан, гэтэл миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөөд газарт унагаасан, би босох гэтэл хөдөлж чадахгүй байсан, тэгээд би газарт нилээд удаан хэвтэж байтал 103-ын машинтай эмч ирээд намайг үзээд Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би зам хөндлөн гарахдаа хоёр тийшээ харахад ямар нэгэн гэрэл болон машин байгаагүй...” /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн “...Осол болох үед хажууд нь байгаагүй, цагдаагаас над руу орой залгаж хэлсэн. Миний ээж Г.Д-гийн биеийн байдал дээрдэж байгаа, ээжийн эмчилгээний зардалд жолооч талаас 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо манай гэр бүлийн зүгээс болон миний ээж Г.Д-гийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 33, 35 дугаар тал/ гэсэн, шүүгдэгч Ж.П-гийн “...2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ засварын газар орох гээд “Дээд бодь” нэртэй хийдийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан, тухайн үед баруун гар тал руугаа буюу төв зам руу харчхаад буцаад урагшаа хартал нэг хүн тулаад ороод ирсэн, би тухайн үед тоормос гишгэсэн боовч зогсож амжаагүй нөгөө хүнийг мөргөөд газарт унагаад зогссон, тэгээд би машинаас буугаад иртэл хоёр хүн газарт хэвтэж байсан...” /хавтаст хэргийн 55, 110 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны №798 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ш.А-гийн биед баруун талын умдаг, суудал яс, ууцны 1-р нугалмын далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, тархины суурийн зангилааны 2 талын жижиг, зулай хэсгийн аалзан хальс доорх голомтот цус харвалт, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаад үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны №787 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Д-гийн биед дух яс, духны хөндийн өмнөд, арын хана, баруун ухархайн дээд хана, хоншоор ясны хугарал, баруун суудал яс, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, давсагны урагдал гэмтэл, баруун 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, духанд зулгаралт, дух, баруун зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 64-66 дугаар тал/ гэсэн дүгнэлтүүд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны №296 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 73-78 дугаар тал/, 2022 оны №136 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: “...Тоёото Приус загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж-ын П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” /хавтаст хэргийн 82 дугаар тал/ гэсэн магадлагаа, дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч нарын өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.П- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ж.П- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан , хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон зэргийг харгалзан шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-гийн эрүүл мэндэд баруун талын умдаг, суудал яс, ууцны 1-р нугалмын далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, тархины суурийн зангилааны 2 талын жижиг, зулай хэсгийн аалзан хальс доорх голомтот цус харвалт, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Г.Д-гийн эрүүл мэндэд дух яс, духны хөндийн өмнөд, арын хана, баруун ухархайн дээд хана, хоншоор ясны хугарал, баруун суудал яс, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, давсагны урагдал гэмтэл, баруун 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, духанд зулгаралт, дух, баруун зовхи, эрүүнд цус хуралт бүхий хүнд хохирол тус тус учирсан, хохирогч Ш.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.О- нараас 3,000,000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч Г.Д-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А- нараас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.П- хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан /хавтаст хэргийн 185 дугаар тал/, хохирогч Ш.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-ээс “...Миний болон манай дүү Ш.А-гийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” /хавтаст хэргийн 27 дугаар тал/, хохирогч Г.Д-гийн хууль ёсны төлөөлөгч Д.А-аас “...Ээж Г.Д-гийн эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, манай гэр бүлийн болон ээж Г.Д-гийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 35 дугаар тал/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2203000210100 дугаартай хэрэгт хураагдаж сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ж.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.П- цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ш.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-, хохирогч Г.Д-гийн хууль ёсны төлөөлөгч Д.А- нар гомдол саналгүй гэснийг, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул хохирогч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.П-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Ж.П-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П- тэнссэн хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2203000210100 дугаартай хэрэгт хураагдаж сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ж.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үед Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-гээс хохирогч Г.Д-д 5,000,000 /таван сая/ төгрөг, хохирогч Ш.А-д 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Д-, Ш.А- нар өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.П-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус тайлбарласугай.
8. Эрүүгийн 2203000210100 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.П- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Д-, Ш.А- нар гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.П-д авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-д авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР