Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0253/Э |
Дугаар | 2022/ШЦТ/239 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/239
2022 03 31 2022/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч, шүүгдэгч Ж.Э-, хохирогч, шүүгдэгч Б.А-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ж-ын Э-, шүүгдэгч А овогт Б-гийн А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000259 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ж-ын Э,
2. Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Б-гийн А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “СUE” бааранд 2022 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Б.А-тэй хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь цохиж биед нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “СUE” бааранд 2022 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Ж.Э-той хэрүүл маргаан үүсгэн, толгойн тус газар нь цохиж биед нь зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Ж.Э-: “...2022 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө найзын төрсөн өдөр болоод тухайн газарт очсон, согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Б.А-тэй тааралдаад маргалдсан, зодолдсон, биедээ гэмтэл авсан, компьютер томографын зураг авхуулсан, тэр мөнгийг би өөрөө гаргасан, Б.А-гээс нэхэмжлэхгүй, одоо гомдол санал байхгүй...” гэв.
Хохирогч Б.А-: “...Зодоон болсны дараа 3 дугаар эмнэлэгт очиж зүүн нүдэндээ 3 оёдол тавиулсан, эмчилгээний зардалд нийтдээ 2,200,000 төгрөг гарснаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,900,000 төгрөг гарсан, надаас 300,000 төгрөг гарсан байсныг Ж.Э- төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.А-: “...Урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, согтуурсан, эрүүл биш байснаас болж хэрэгт холбогдсон, сарын 1,300,000 төгрөгийн орлоготой, хохирогч надаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул хохирол төлөөгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед согтуу байснаасаа болоод хүнтэй маргалдаад гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид хохирлын 300,000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа хөдөлмөр эрхлээд сарын 2,000,000 төгрөгийн цалинтай...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...тамхилж байхад хоёр залуу ирээд маргаан үүсгэсэн. ...Маргалдсан 2 залуугийн нэг нь зааланд миний дух руу тулаад юм ярихгүй, тэгсэн яриад байгаа нь баарны дуу чимээнд сонсогдохгүй байсан. Хамт баарнаас гарах гээд явж байтал нөгөө залуу нь гэнэт хажуу талаас миний зүүн талын нүд рүү цохисон. ...Намайг цохисон эрэгтэй хар өвлийн малгайтай, малгайтай цамцтай, өндөр нь 175 орчим, дундаж бие хаатай залуу байсан. ....Мөн миний уруул руу нэг нь өшиглөсөн бөгөөд харж чадаагүй. Гэхдээ намайг эхэлж нүд рүү цохисон залуу байсан. ...Миний зүүн нүд хавдаж, зовхи сэтэрч 3 оёдол тавиулсан, нүдний алим болор доргилт авсан, зүүн талд дээд доод уруул дотор талдаа задарсан. ..Намайг эхэлж нүд рүү цохисон залуу тус гэмтлийг учруулсан...” /хавтас хэргийн 18-20 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ж.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ....Шар толгойтой залуу Энх-Амгалан дээр ирээд дахин маргалдсан. ...Тэгээд хаалгаар гарах үед шар толгойтой залуу манай найз Энх-Амгалан маргалдаад байхаар нь би тус залууг цохиж бид хоёр зодолдсон. ...Нөгөө залуу намайг зодож дараад толгойны орой хэсэг рүү хүчтэй цохиж миний хүзүүний хажуу талаар нойтон зүйл урсахаар нь би гараараа бариад үзтэл цус байсан бөгөөд Энх-Амгалан намайг татаад салгасан. ...Миний толгой шар үстэй залуу хүчтэй цохиж хагалсан бөгөөд толгой руу хэд хэд цохисон...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ганцаараа тэкэн дээр сууж байтал шар үстэй залуу “гараад ирээ, гарч зодолдъё” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлэхэд намайг татаад сандал дээрээс буулгасан. ....Манай найз Э- шар үстэй залуу хоёр хоорондоо зодолдож байсан бөгөөд хүмүүс голоос нь салгасан. Би найз Э-ыг тус залуугийн доороос татаад автал толгой хагарсан байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.Лүндээхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзыгаа болио яах юм бэ татах үед Амараа байж бай гээд эргэж хараад дахин маргалдтал танихгүй залуу Амрааг цохиод дараад тэгээд бужигнаан болоод би нэг залууг холдуулаад Амарааг босгож ирэхэд нүд хэсэг нь цус болсон байсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би маргалдсан залуугийн нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон...” /хавтас хэргийн 54-56 дахь тал/ гэсэн
Шүүгдэгч Ж.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг цохиод авахаар нь би цохисон, бид хоёр хоорондоо зодолдсон...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2675 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.А-гийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.6 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №3085 дугаартай дүгнэлтэд: “...1. Ж.Э-ын биед зулайн хуйханд няцарсан шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-12 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 67-68, 70 дахь тал/,
- Шүүгдэгч Б.А-, Ж.Э- нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 72, 84 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 73, 83 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ж.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “СUE” бааранд 2022 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Б.А-тэй хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь цохиж биед нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “СUE” бааранд 2022 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Ж.Э-той хэрүүл маргаан үүсгэн, толгойн тус газар нь цохиж биед нь зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.А-гийн “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...баарнаас гарах гээд явж байтал нөгөө залуу нь гэнэт хажуу талаас миний зүүн талын нүд рүү цохисон. ...Намайг цохисон эрэгтэй хар өвлийн малгайтай, малгайтай цамцтай, өндөр нь 175 орчим, дундаж бие хаатай залуу байсан. ....Мөн миний уруул руу нэг нь өшиглөсөн бөгөөд харж чадаагүй. Гэхдээ намайг эхэлж нүд рүү цохисон залуу байсан. ...Миний зүүн нүд хавдаж, зовхи сэтэрч 3 оёдол тавиулсан, нүдний алим болор доргилт авсан, зүүн талд дээд доод уруул дотор талдаа задарсан. ..Намайг эхэлж нүд рүү цохисон залуу тус гэмтлийг учруулсан...” /хавтас хэргийн 18-20 дахь тал/ гэсэн, хохирогч Ж.Э-ын: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ....Шар толгойтой залуу Энх-Амгалан дээр ирээд дахин маргалдсан. ...Тэгээд хаалгаар гарах үед шар толгойтой залуу манай найз Энх-Амгалан маргалдаад байхаар нь би тус залууг цохиж бид хоёр зодолдсон. ...Нөгөө залуу намайг зодож дараад толгойны орой хэсэг рүү хүчтэй цохиж миний хүзүүний хажуу талаар нойтон зүйл урсахаар нь би гараараа бариад үзтэл цус байсан бөгөөд Энх-Амгалан намайг татаад салгасан. ...Миний толгой шар үстэй залуу хүчтэй цохиж хагалсан бөгөөд толгой руу хэд хэд цохисон...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн, гэрч Р.Энх-Амгалангийн: “...Би ганцаараа тэкэн дээр сууж байтал шар үстэй залуу “гараад ирээ, гарч зодолдъё” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлэхэд намайг татаад сандал дээрээс буулгасан. ....Манай найз Э- шар үстэй залуу хоёр хоорондоо зодолдож байсан бөгөөд хүмүүс голоос нь салгасан. Би найз Э-ыг тус залуугийн доороос татаад автал толгой хагарсан байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, гэрч Б.Лүндээхүүгийн: “...Би найзыгаа болио яах юм бэ татах үед Амараа байж бай гээд эргэж хараад дахин маргалдтал танихгүй залуу Амрааг цохиод дараад тэгээд бужигнаан болоод би нэг залууг холдуулаад Амарааг босгож ирэхэд нүд хэсэг нь цус болсон байсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.А-гийн “...Би маргалдсан залуугийн нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон...” /хавтас хэргийн 54-56 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ж.Э-ын “...Намайг цохиод авахаар нь би цохисон, бид хоёр хоорондоо зодолдсон...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2675 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.А-гийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №3085 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ж.Э-ын биед зулайн хуйханд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-12 дахь тал/ дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд учирсан “...зулайн хуйханд няцарсан шарх...” бүхий хөнгөн, хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн гэмтлүүдийг шүүгдэгч нарын өөр хоорондоо зодолдсон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын өөр хоорондоо зодолдож, нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Ж.Э-, Б.А- нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Ж.Э-, Б.А- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд учирсан “...зулайн хуйханд няцарсан шарх...” бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух хамар, уруул, зүүн тохой, сарвууны эрхий хуруунд зулгаралт, цээж, зүүн бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Э-, Б.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Б-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын Э-, Б-гийн А- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Э-, Б.А- нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-, Б.А- нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрвөн сарын хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210000000259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Э-, Б.А- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Э-, Б.А- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Э-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР