Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0282/Э |
Дугаар | 2022/ШЦТ/267 |
Огноо | 2022-04-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/267
2022 4 11 2022/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Т.Х-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Т-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000333 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Т-н Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х- 2022 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рөүд 68 цэнгээний газарт согтуурсан үедээ иргэн Н.Г-той тодорхойгүй шалтгаанаар маргалдаж, түүний биед халдан зүүн доод 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Х-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. ...Хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 04 цагийн орчим Рөүд 68 нэртэй баарнаас гарах гээд хувцсаа өмсөж байх үедээ үл таних залуутай маргалдаад зодоон болсон. Миний үүдэн доод шүд хугарсан, бүх шүд хөдөлсөн...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,
Гэрч О.Учрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн нөхрийн хамт ...шөнийн 4 цагт баарнаас гарах гээд хувцсаа аваад зогсож байхад үл таних залуучууд манай нөхөртэй маргалдаад хар өнгийн хувцастай, хар саарал өнгийн пальто өмссөн залуу манай нөхрийн ам руу нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Х-тэй үл таних залуу маргалдаад түлхсэн, Х- нүүрэнд нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,
Шинжээч Б.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээд зүүн, доод хоёрдугаар шүдний хугарал, зүүн доод хоёрдугаар шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал цус хуралт, дээд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” /хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Г- өөрөө ...Нарантуул зах дээр байгаа хувцаснуудаа аваад зайл гэж хэлээгүй байсан бол цохихгүй байх байсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №3911 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Г-ийн биед зүүн доод 2-р шүдний хугарал, зүүн дээд 1, 2-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой....” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 6-12 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 14 дэх тал/,
- Шүүгдэгч Т.Х-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Т.Х- нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рөүд 68 цэнгээний газарт согтуурсан үедээ иргэн Н.Г-той тодорхойгүй шалтгаанаар маргалдаж, түүний биед халдан зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Г-ийн “...2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цагийн орчим Рөүд68 нэртэй баарнаас гарах гээд хувцсаа өмсөж байх үедээ үл таних залуутай маргалдаад зодоон болсон. Миний үүдэнд доод шүд хугарсан, бүх шүд хөдөлсөн...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн, гэрч О.Учралын “...Би өөрийн нөхрийн хамт ...шөнийн 4 цагт баарнаас гарах гээд хувцсаа аваад зогсож байхад үл таних залуучууд манай нөхөртэй маргалдаад хар өнгийн хувцастай, хар саарал өнгийн пальто өмссөн залуу манай нөхрийн ам руу нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн, гэрч Д.Хүрэлбаатарын “...Манай найз Х-тэй үл таних залуу маргалдаад түлхсэн, Х- нүүрэнд нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, шинжээч Б.Баяртогтохын “...Дээд зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, зүүн доод хоёрдугаар шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал цус хуралт, дээд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” /хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Т.Х-гийн “...Хохирогч Г- өөрөө ...Нарантуул зах дээр байгаа хувцаснуудаа аваад зайл гэж хэлээгүй байсан бол цохиж авахгүй байх байсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №3911 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Г-ийн биед зүүн доод 2-р шүдний хугарал, зүүн дээд 1, 2-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Х-гийн түүний нүүрэнд цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Х-гийн хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Т.Х- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Т.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г- эрүүл мэндэд зүүн доод хоёрдугаар шүдний хугарал, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд язрал, цус хуралт, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохиролд баримтаар 1,013,000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал 4,410,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул төлөгдөөгүй үлдсэн 13,000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Харин хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардалд 4,410,000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв:
Эрүүгийн 2210000000333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Т-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Х-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ээс 13,000 /арван гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Г-т олгож, хохирогч Н.Г- гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2210000000333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Х- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР