Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч, шүүгдэгч С.Амарсайхан, түүний өмгөөлөгч Б.Тулга,

шүүгдэгч Р.Мөнхбат, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Б.Баттөр, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Мөнхбат, Б.Баттөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарт холбогдох эрүүгийн 2115000710128 дугаартай, 163/2021/0147/Э индэкстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Барга овогт Равжирын Мөнхбат, Булган аймгийн Гурванбулаг суманд 1999 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, малчин, 22 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: ГГ99092312.

Монгол Улсын иргэн, Тарна овогт Батдоржийн Баттөр, Булган аймгийн Гурванбулаг суманд 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн Урд хамар гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, 21 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГГ01251410,

Монгол Улсын иргэн, Жамба мээрэн овогт Сэнгийн Амарсайхан, Булган аймгийн Гурванбулаг суманд 1965 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар баг Хайлсан дэнж гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГГ65050311.

Монгол Улсын иргэн, Хорчин овогт Цэцэгмаагийн Самдангүррагчаа, Булган аймгийн Гурванбулаг суманд 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн 5-47 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 37 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГГ85060717.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар нь 2020 оны 11 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт иргэн С.Амарсайханы бэлчээрт байсан адуунаас хүрэн зээрд зүсмийн шүдлэн үрээ, зээрд зүсмийн шүдлэн үрээ зэргийг хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нар нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хүсэлтийг хуурамчаар үйлдэж, дээрх хүсэлтэд дурдсан асуудал нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нар нь гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115000710128 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар нь 2020 оны 11 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт иргэн С.Амарсайханы бэлчээрт байсан адуунаас хүрэн зээрд зүсмийн шүдлэн үрээ, зээрд зүсмийн шүдлэн үрээ зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг бүлэглэж, Даюун загварын шар өнгийн мотоцикл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нар нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хүсэлтийг хуурамчаар үйлдэж, дээрх хүсэлтэд дурдсан асуудал нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч С.Амарсайхан нь эрүүгийн 2115000710128 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би тухайн хүсэлтийг өөрийн гараар бичсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ц.Самдангүррагчаа нь эрүүгийн 2115000710128 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Амарсайхан ахаар гомдолгүй гэсэн бичиг хийлгүүлж аваад гарын үсэг зуруулаад би авсан. ...С.Амарсайхан нь өөрийн гараар бичсэн ба утга найруулгын хувьд мөн адил өөрөө найруулж бичсэн. Би болохоор ямар нэгэн үг хэлээгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Мөнхбатын өгсөн: 2021 оны 11 дүгээр сард би Баттөр дээр очсон. Би өмнө нь Баттөрөөс адууг адуугаар сольж авч байсан. Цэргээс ирээд буюу 2019-2020 онд Баттөр надаас өмнө нь сольсон хар морио буцааж аваад өртгөө өгөөгүй. 2020 оны хавар Баттөрийн гэрт очиход Сандагаа ахтай хамт адуун дээрээ очоод хүрэн байдас барьж өгөхөөр нь Од ахаар Гурванбулаг сум руу оруулсан. Тэгээд Сандагаа ах надад ахдаа нөгөө байдсаа өгчих, ахад нь мөнгөний хэрэг гараад байна гээд авсан. Хэд хоногийн дараа Сандагаа ах тэр адууг хулгайн адуу байсан гээд өөр хүн аваад явлаа гэсэн. Тэгээд тэр хэрэг дууссан. 2021 оны 11 дүгээр сард би сумын төвөөс гараад Баттөр дээр очоод аавын бие муудаад хүнээс адуу өгнө гэж хэлээд мөнгө авсан чинь нөгөө хүн маань адуугаа авна гээд байна, найз нь нөгөө адуугаа авъя гэсэн. Тэгээд Ууган ахынд очиж хоноод маргааш өглөө нь Баттөрийн адуун дээр очоод нөгөө адуугаа авъя гэсэн. Тэгээд Баттөрийн адууг нь айлын хашаанд хашиж морь барьж аваад адууг нь гаргасан. Тэр үед Баттөрийг надад нөгөө адуугаа өг гэсэн жаахан байж байгаад ав гэсэн. Тэр үед би морь уургалж байгаад хөлөө эвгүй болгоод байж байхад Шараа ахыг мотоциклтой ирсэн. Шараа ахын мотоциклийг гуйгаад Баттөрөөр сумын төв рүү хүргүүлэх гэсэн юм гэхэд мотоциклоо өгсөн. Тэгээд Баттөрөөс нөгөө адуугаа авъя гэсэн адууны цаана байгаа 2 үрээг авах уу? гэхээр нь тэгье гээд тэр 2 үрээг сумын төв рүү тууж яваад гэртээ авч очсон. Тэр үед Бор ах над руу нөгөө мөнгө авсан хүн чинь адуугаа нэхээд байна, одоо Гурванбулагаас Хаш-Эрдэнэ гэж хүн гарна, тэр хүнээр нөгөө адуугаа явуул гэхээр нь нэг үрээг нь ачиж явуулсан. Хаш-Эрдэнэ надаас энэ адууг хэнээс авсан юм гэхээр нь Баттөрөөс авсан гэсэн чинь энэ адуу чинь Амарсайханы адуу байна гэхээр нь нөгөө нэг үрээг нь хашаанаасаа гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэг адууг биет байдлаар төлсөн. Нэг адууны мөнгийг нь өгсөн гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттөрийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сард Мөнхбат гэгээ тасарсан байхад Арсланбаатартай хамт манай гэрт ирсэн. Тэгээд Базарсад гэж айлд очихоор яваад өглөө үүрээр манайд буцаж ирсэн. Өдөр манайхаас яваад Цагаан хөтөл гэх газарт очсон. Тэндээс манай адууг хөөж яваад Базарсадын гадаа ирэхэд Мөнхбатын морь эцээд би Мөнхбатад хээр морь барьж өгсөн. Адуу гаргах үед Базарсад Мөнхбатын уургаар хар зүсмийн гүүг уургалаад  Мөнхбатын уургыг нь чиргүүлээд алдсан. Мөнхбат тэр гүүг хөөж яваад хөлөө эвгүй болгосон. Тэгээд Арсланбаатарыг мотоциклтой ирэхээр нь мотоциклийг нь гуйгаад Мөнхбатыг хүргэж өгөхөөр сумын төв рүү явсан. Базарсадын гаднаас 1 километр орчмын зайд 2 хүрэн үрээ байсан. Өдөр адуу авч ирэх гэж байхад тэр хоёр үрээ цаашаа давхиад явсан. Тэгээд Мөнхбат энэ хоёрыг аваад явна гэхээр нь лай чадахгүй гэсэн чинь надад адууны хэрэг байна гэхээр нь тууж яваад Мөнхбатын сумын төвийн хашаанд нь хашиж өгсөн. Мөнхбатад өгөх хүрэн байдасны хувьд надад байдаг жороо хээр морийг Мөнхбат надаас аваад оронд нь 2 гүү, 1 байдас өгч байсан. Тэгээд нөгөө байдсаа авч явах гэж байхдаа надад нэг даага нэмээд өг, мөнгөний хэрэг байна гэхээр нь Од гэх хүнээр хоёр адууг ачуулаад явуулсан. Мөнхбат сүүлд над руу залгаад чиний өгсөн адуу хулгайн адуу байна гэхээр нь би сайн мэдэхгүй байна, тэр адууг халтар морины оронд ирсэн гэж хэлсэн. Мөнхбат манайд ирэхдээ адууны өртөг авна гэж хэлээгүй. Морийг нь эцэхээр унаад яв гээд би морь барьж өгсөн. Бид хоёрын хооронд өгөө аваа байхгүй. Адууг хамт туусандаа гэмшиж байна. Амарсайханы сартай гүү алга болсон гээд биет байдлаар төлсөн гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч С.Амарсайханы өгсөн: Намайг 6 сард хонио хяргаж байхад Самдангүррагчаа манай гэрт ирээд танаар гарын үсэг зуруулж авах гэсэн юм, өмнө нь ирэх гэсэн аав өөд болоод амжсангүй гэсэн. Тэгээд нэг адууг гүйгээд ирсэн, нэгийг нь бэлэн мөнгөөр нь өгөөд, хохиролгүй болгож өгсөн гэсэн утгатай зүйл бичиж өгсөн. Ингэж бичиж болох юм уу? гэхэд болно, танд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэхээр нь хүнд тус болох гээд бичиж өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа нөгөө бичиг чинь болохгүй байна гээд өөр нэг бичиг өөрөө бичээд гарын үсэг зуруулах гэсэн юм гэхээр нь гарын үсэг зураад явуулсан. Дараа нь 09 дүгээр сард надаас мэдүүлэг авах гэж дуудсан. Мэдүүлэг авахаар нь би тэр бичгийг өөрөө бичсэн гэж хэлсэн. Тэр үед миний өмнө нь бичсэн нооргийг асууж байна гэж бодсон. Дахиад дуудаад ирэхэд өөр өнгийн балаар бичсэн зүйл дээр миний гарын үсэг зурсан баримт байсан. Тэгээд би энэ бичгийг бичээгүй, харин бэлэн бичсэн зүйл дээр гарын үсэг зурсан гэж хэлсэн. Би Самдангүррагчаагийн авч ирсэн зүйл дээр гарын үсэг зурахдаа сайн анзаараагүй гарын үсэг зурсан байна лээ. Хуулийн мэдлэг муу болохоор хүнд тус болно гэж бодсондоо гарын үсэг зурж өгсөн. Самдангүррагчааг сүүлийн бичиг дээр яг юу гэж бичсэн байсныг сайн ойлгож уншаагүй гэх мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Самдангүррагчаагийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн үйл баримтын талаар:

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Амарсайханы өгсөн: 2020 оны 12 дугаар сарын эхээр малын тооны өмнө адуу байсан гэх газарт очиход манай адуунууд байсан. Бүртгэж үзэхэд хамар цагаан цавьдар азаргатай адуунаас хүрэн зээрд, зээрд зүсмийн ширээтэй дөл тамгатай 2 үрээ дутсан. Хонгор халзан азаргатай адуунаас сартай хонгор гүү тамга нь ижил адуунууд дутсан байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй. ...Баттөр, Мөнхбат хоёр манайд ирж уулзсан. Тэгээд надад Мөнхбат хэлэхдээ би 2 үрээг нь авч явсан. Тэгээд нэгийг нь алдчихсан харин нөгөөхийг нь хэрэглэчихсэн гэж хэлсэн. ...Өнөөдөр надад Баттөр нь нас бие гүйцсэн гүү авчирч өгсөн. Мөнхбат нь нэг үрээг орных нь үрээгээр өгнө. Үлдсэн нэг үрээний мөнгийг бэлэн мөнгөөр өгөхөөр ярьж тохирсон байгаа. ...Би хохиролдоо 730.000 төгрөг бэлнээр, мөн 1 тооны шүдлэн үрээ зэргийг Мөнхбатаас авсан. Харин Төрбатаас 1 тооны хар зүсмийн гүү авч улмаар гомдол, саналгүй болсон. Мөн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-19, 2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

6. Гэрч Н.Гүндсамбуугийн өгсөн: ...би Мөнхбат руу утсаар яриад нөгөө хүн чинь адуугаа явуул гээд байна гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа дахин утсаар ярихад Мөнхбат ахаа нөгөө адууг нь аваад сумын төвд авчирчихсан яах вэ? гэхээр нь би наад адуугаа нааш нь явуулчих гэж хэлсэн. Улмаар намайг хониндоо явчихсан байх хойгуур манай гэрт хүрэн зүсмийн шүдлэн үрээг уяад үлдээчихсэн байсан. Тухайн үрээг би төхөөрч янзлаад Улаанбаатар хот руу явуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/,

7. Гэрч Ц.Мөнхцэцэгийн өгсөн: ...Мөнхбат надад мөнгөний хэрэг болчихлоо би адуу өгье гэхээр нь найз Даваацэрэнгийн дугаарыг өгсөн. ...Тэгээд идэшний үеэр Даваацэрэн хөл хорио тогтоочихлоо очиж авч чадахгүй боллоо нааш нь төхөөрч янзлаад явуулаад өгөөч гэхээр нь за гэж хэлсэн. Би Мөнхбат руу утсаар ярьж хэлтэл за тэгье тэгье, би хүнээс адуу авах ёстой юм тэрийгээ авч өгье гэж хэлсэн. ...Улмаар Хаш-Эрдэнэ гэх залуугийн машинд ачуулаад явуулсан байсан. Бараан зүсмийн адуу байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

8. Гэрч Э.Хаш-Эрдэнийн өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Мөнхбат гэх манай сумын залуу ирээд та надад нэг адуу ачаад айлд хүргээд өг гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Мөнхбатын хашаа руу явж байтал Мөнхбат нь өөрөө уг адууг хөтлөөд хүрээд ирсэн. ...Тэгээд тухайн адууг ачаад Гурванбулаг сумын 2 дугаар багийн Авзага гэх газарт байрлах Бор гэх айлд хүргэж өгсөн. ...Буулгаад уях гэж байгаад Мөнхбатын надад ачуулсан хүрэн зүсмийн шүдлэн үрээний тамгыг харсан чинь зүүн талын гуяндаа ширээтэй дөл тамгатай адуу байсан. ...Тухайн адууг хаанаас авсан талаар асуухад Төрөөгөөс авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

9. Гэрч Б.Арсланбаатарын өгсөн: ...Мөнхбат хөл өвдөөд байна морьтой явж чадахгүй байна гэж хэлээд та мотоциклоо өгчих намайг хүргээд өг гэхээр нь би морийг нь унаад Баттөр мотоцикл унаад Мөнхбатыг сундлаад явсан. ...Шар өнгийн эко Даюун мотоцикл 2020 оны 06 дугаар сард худалдаж авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

10. Гэрч Ц.Дулмаагийн өгсөн: ...Ирэхдээ хөлөө гэмтээчихсэн гээд Баттөрийн мотоциклийн ард сундалчихсан ирсэн. Тэгээд ирэхдээ 2 морь хөөж туугаад ирсэн гэж хэлсэн. ...Манайхаас Хаш-Эрдэнэ ах даагаа ачаад манай хойно байх аавын хашаанд очсон. Мөнхбат хашаанаасаа нэг бараан зүсмийн адуу хөтөлж гарч ирээд ачуулаад явуулсан. Тухайн үедээ Мөнхбат шүдлэн үрээ гээд байсан. ...Бор ахаас мөнгө авчихсан байсан тэрний мөнгөнд өгсөн. ...Төрөөтэй хамт ирсэн гэж хэлсэн. ...Манай дүү Мөнхбат нэг хүнд морь зарсан. Тэр морио өгөөгүй төлбөрийг нь урьдчилаад миний 5275244095 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 550.000 төгрөгийн орлого орсон. Би тэр 550.000 төгрөгийн 500.000 төгрөгийг 5275103041 тоот дансанд шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-56, 2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/,

11. Гэрч Г.Даваацэрэнгийн өгсөн: Би 2020 оны 12 дугаар сард найз Гүндсамбуугийн эхнэр Мөнхцэцэг над руу утсаар залгаад манай ахын хүүхэд шүдлэн адуу зарах гэж байна. 600.000 төгрөг гэж байна авах уу? гэхээр нь би авъя, Улаанбаатар хотоос мөнгийг нь шилжүүлье гээд 600.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа шуудангийн унаагаар адууны мах нь ирсэн. ...Данс эзэмшигчийн нэрийг нь мэдэхгүй байна. Мөнхцэцэг нь надтай ярихдаа адуу зарах гэж байгаа дүүгийн маань аав нь өвчтэй байгаа юм гэх зэрэг зүйлсийг хэлж ярьж байсан. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дансаар мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл би өөрийнхөө дансны хуулгыг авч үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5275244095 гэсэн дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн байна лээ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

12. Ц.Дулмаа, Г.Даваацэрэн нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 73, 78-79 дэх тал/,

13. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21/306 дугаартай: Нас бие гүйцсэн 1 тооны гүүний зах зээлийн үнэлгээг 2020 оны 11 сарын байдлаар 984.380 төгрөг, шүдлэн адууг 725.000 төгрөгийн дундаж ханштайгаар тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 80-87 дахь тал/,

14. Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Мөнхбатын яллагдагчаар өгсөн: ...Баттөр мотоцикл унаад намайг ардаа суулгаад сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд Бага төлүү гэх газар хоёр тооны шүдлэн үрээ байсан. Тухайн хоёр тооны адуу нь Амарсайхан гэх хүний адуу байсан ба Баттөрөөс өрөндөө адуугаа авъя гэж хэлтэл энэ хоёр адууг аваад явах юм уу? гэхээр нь би тэгье, тэгье гэж хэлээд туугаад аваад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136-137/,

15. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттөрийн яллагдагчаар өгсөн: Тухайн үед Базарсад гэх айлын гадна талд адуу барих гэж байгаад Мөнхбат хөлөө эвгүй болгочихсон юм. Тэгээд сумын төвд гэртээ харих гэтэл морь унаад явж чадахгүй байна гэж хэлсэн. Арсланбаатарын мотоциклийг гуйж аваад намайг унаад сумын төв рүү хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь би за тэгье гээд хүргэж өгөхөөр болсон юм. Тэгээд Базарсадынхаас гараад уулын ард хэсэгт ойролцоогоор 1 километр орчим газарт явж байхад замд хоёр тооны үрээ байсан. Тэгтэл Мөнхбат нь хүнд адууны өртэй байгаа юм энэ хоёр тооны адууг туугаад явчихъя гэсэн. Тэгэхээр нь би лай, лай чамайг гялс хүргэж өгөөд эргэж ирэхээ бодъё гэхэд Мөнхбат нь аваад явъя, туугаад явъя гээд надаас гуйж шалгаагаад байхаар нь нөгөө хоёр үрээг Арсланбаатарын мотоциклоор туугаад сумын төвд Мөнхбатын хашаанд оруулж хашсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

16. Хохирогч С.Амарсайхан, гэрч Ц.Самдангүррагчаа нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч С.Амарсайхан мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхлээд Самдангүррагчаа ирээд таны хохирлыг барагдуулчихсан учир гомдолгүй гэсэн бичиг авчихъя, манай аавын буяны ажил явдал болоод 49 хоног нь дууссан. Таны хохирлыг барагдуулчихсан юм чинь та гарын үсэг зураад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Самдангүррагчаатай хамт сууж байгаад би өөрийн гараар бичгийн цаас нь дээр хүсэлт бичиж гарын үсэг зурж өгөөд явуулсан. Тэгтэл маргааш өдөр нь Самдангүррагчаа дахин ирсэн. Тэгээд шаардлага хангахгүй байна, ингэж бичүүлмээр байна гэнээ гээд нэг гараар биччихсэн бичиг авчирч ирсэн. Тухайн бичгийг би уншиж үзтэл гомдол, саналгүй гэсэн утга агуулга байсан болохоор нь зөвшөөрөөд өөрт байсан балаараа гарын үсэг зурж өгөөд явуулсан гэв.

Ц.Самдангүррагчаа гэрчээр мэдүүлэхдээ: С.Амарсайханы ярьсан зүйлийг сонслоо. Хохирогч С.Амарсайхан ахын хэлсэн үг нь зөв байна. Би маргааш өдөр дахин очсон нь үнэн... гэх мэдүүлгүүд /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

17. Гэрч Т.Эрдэнэхүүгийн өгсөн: 2020 оны намар санагдаж байна. Яг идэшний үеэр би сумын төв дээр байрлах гэртээ байж байхад манай сумын Хаш-Эрдэнэ гэх залуу хөдөө Бор гэж дууддаг айлд очно гэхээр нь өөрийн эзэмшлийн хээр зүсмийн даагыг ачаад Бор гэх айлынд буулгаад өгөөрэй гэж хэлээд гэрийнхээ гаднаас ачиж өгөөд явуулсан. Тухайн үед Хаш-Эрдэнэ гэх залуу нь өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Портер загварын тээврийн хэрэгслээр ачиж явсан. Мөн нэг залуугийн хамтаар явсан. Тухайн залууг танихгүй. Тухайн үед манай эхнэр Дулмаа надад хэлэхдээ Р.Мөнхбат нь Бор гэх айлынх руу адуу ачуулах гэж байгаа, чи хамт адуугаа ачуулаад явуулаач гэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

Шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарын үйлдсэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн үйл баримтын талаар:

18. Гэрч Б.Эрдэнэтуяагийн өгсөн: Даваажав гэх хүн эхлээд орж ирээд Амарсайхан гэх хүний гарын үсэггүй хүсэлт барьчихсан заавал Амарсайхан гэх хүнээр гарын үсэг зуруулах ёстой юу гэхээр нь тиймээ заавал Амарсайхан гэх хүн өөрөө заавал гарын үсэг зурсан байх ёстой. Мөн өөрөө байх ёстой талаар хэлсэн. Тэгээд ойролцоогоор 2 хоногийн дараа Амарсайхан гэх хүнээр гарын үсгийг нь зуруулчихлаа гэсээр нөгөө хүсэлтийг Даваажав бариад ирэхээр нь би нотариатын баталгаа хийгээд өгчихсөн юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,

19. Гэрч Ц.Даваажавын өгсөн: ...над руу өргөдлийн загвар фэйсбүүк чатаар явуулсан байсан. Би тэр загварын дагуу хүсэлтийг нь засаж бичсэн. ...Тэгээд 2, 3 хоногийн дараа Самдангүррагчаа над дээр ирээд миний бичсэн хүсэлтийг аваад явсан. Удалгүй буцаж ирээд Амарсайханаар гарын үсэг зуруулчихлаа гээд ирсэн. ...Нотариатаар батлуулаад буцаагаад Самдангүррагчаад өгсөн гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/,

20. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай: ...Харьцуулсан гарын үсгүүдийг нэг хүн бичсэн байна. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нотариатаар батлуулсан хүсэлтийн бичгийн хэв загвар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бичүүлсэн хүсэлтийн бичгийн хэв тохирохгүй, харин хүсэлт дээрх гарын үсгүүд нь тохирч байна гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 106-122 дахь тал/,

21. Хохирогч С.Амарсайхан, гэрч Ц.Самдангүррагчаа нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

22. Хохирогч С.Амарсайханы гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,

23. С.Амарсайханы 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн: Би тухайн хүсэлтийг өөрийн гараар бичсэн. Тэгэхдээ иймэрхүү утгатай зүйл баймаар байна гэж хэлээд Самдангүррагчаа нь хэлж өгсний дагуу би бичсэн. ...Тухайн адуу нь яг зүсээрээ бол эргэж адуундаа ирээгүй. Харин орных нь адуу ирсэн. Тухайн үед Самдангүррагчаа нь та ингээд бичээд өгвөл тэр хоёрын хэрэгт бас ашигтай байна гэж хэлэхээр нь би хэлснийх нь дагуу бичиж өгсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

24. Ц.Самдангүррагчаагийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн: Амарсайхан ахаар гомдолгүй гэсэн бичиг хийлгүүлж аваад гарын үсэг зуруулаад би авсан. Тэгээд тухайн бичгээ нотариатаар батлуулаад улмаар Баттөр, Мөнхбат нараар Булган аймгийн шүүхэд өгч явуулсан. ...С.Амарсайхан нь өөрийн гараар бичсэн ба утга найруулгын хувьд мөн адил өөрөө найруулж бичсэн. Би болохоор ямар нэгэн үг хэлээгүй. ...Нэг өнгийн балаар бичсэн. Бал огт холиогүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

25. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,

26. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар тал болон хэргийг прокурорт буцаах тухай 2021/ШЗ/326 дугаартай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 4-30 дахь тал/,

27. Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

28. Мөрдөн шалгах ажиллагаанд С.Амарсайханы яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед би Самдангүррагчаад алдсан адууны нэг адуу нь эргэж ирсэн гэж бичсэн байна. Эргэж ирээгүй орных нь адууг өгчихсөн гээд бичээд өгвөл яадгийн гэхэд та зүгээрээ гарын үсэг зурчих, танд ямар нэгэн зүйл болохгүй гэж хэлэхээр нь би гарын үсэг зурж өгөөд явуулсан. ...Түүнээс алдсан адуу зүсээрээ бол огт эргэж ирээгүй. Хохирогчоор дахин мэдүүлэг өгөх үедээ болохоор тухайн хүсэлт дээр өөрөө гарын үсэг зурсан учир тухайн бичгийг өөрөө бичсэнээс ялгаагүй гэж бодоод би өөрөө бичиж өгсөн гэж мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгсөн нь бас алдаа болсон байна гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

29. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Самдангүррагчаагийн яллагдагчаар өгсөн: ...Би хохирогч Амарсайханыд очоод хохирол мөнгөө барагдуулчихсан юм чинь гомдол саналгүй гэсэн бичиг өөрөөр нь бичүүлж авсан. Тухайн бичгийг гэртээ очсоны дараа Ууганцэцэгт утсаар харуултал шаардлага хангахгүй байна, иймэрхүү загвараар бичүүлээд гарын үсэг зуруулчих гэж хэлээд нэг бичгийг Даваажав эгчийн утас руу явуулсан. Тухайн бичгийг утсаар Даваажав эгч аваад өөрөө гараар бичиж өгөөд Ууганцэцэг өгч байна гээд хохирогч Амарсайханаар гарын үсэг зуруулчих гэсэн. Би хохирогч Амарсайхан дээр очоод гарын үсэг зуруулсан. ...Тухайн бичгийг Амарсайхан уншиж үзээд нэг адуу нь зүсээрээ эргэж ирээгүй шүү дээ гарын үсэг зурж болох юм уу? гэж асуухаар нь би зүгээрээ гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Улмаар нөгөө бичгээ Даваажав эгчид өгсөн. Тэгээд Даваажав эгч болохоор нотариатаар батлуулаад Баттөрд өгч явуулсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Амарсайхан, гэрч Ц.Зоригмаа, Н.Гүндсамбуу, Ц.Мөнхцэцэг, Э.Хаш-Эрдэнэ, Б.Арсланбаатар, Ц.Дулмаа, Г.Даваацэрэн, Н.Бямбадорж, Б.Эрдэнэтуяа, Ц.Даваажав, Д.Удвал нарын өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар нь 2020 оны 11 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт иргэн С.Амарсайханы бэлчээрт байсан адуунаас хүрэн зээрд зүсмийн шүдлэн үрээ, зээрд зүсмийн шүдлэн үрээ зэргийг хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг бүлэглэж, Даюун загварын шар өнгийн мотоцикл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хүсэлтийг хуурамчаар үйлдэж, дээрх хүсэлтэд дурдсан асуудал нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч С.Амарсайхан нь эрүүгийн 2115000710128 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би тухайн хүсэлтийг өөрийн гараар бичсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ц.Самдангүррагчаа нь эрүүгийн 2115000710128 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “би Амарсайхан ахаар гомдолгүй гэсэн бичиг хийлгүүлж аваад гарын үсэг зуруулаад авсан... С.Амарсайхан нь өөрийн гараар бичсэн ба утга найруулгын хувьд мөн адил өөрөө найруулж бичсэн. Би ямар нэгэн үг хэлээгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн зэрэг үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь Р.Мөнхбат, Б.Баттөр, Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Р.Мөнхбат, Б.Баттөр нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга нар нь шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нар нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргасан байна.

Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан гэрч Б.Эрдэнэтуяагийн мэдүүлэг, 62 дахь талд авагдсан гэрч Ц.Даваажавын өгсөн мэдүүлэг, 106-122 дахь талд авагдсан гарын үсгийн шинжээчийн дүгнэлт, 50-51 дэх талд авагдсан хохирогч С.Амарсайхан, гэрч Ц.Самдангүррагчаа нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, С.Амарсайханы гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан хүсэлт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэрч, хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлт няцаагдаж байна.

Шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нар нь бүлэглэж нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Амарсайханд 2 тооны адуу буюу 1.450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч С.Амарсайханд шүүгдэгч Б.Баттөр нь 1 тооны гүүг биет байдлаар, шүүгдэгч Р.Мөнхбат нь 730.000 төгрөгийг бэлнээр тус тус өгч хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр, С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Амарсайханыг бусадтай бүлэглэж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Самдангүррагчааг бусадтай бүлэглэж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан, шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр, С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин шүүгдэгч С.Амарсайхан, Ц.Самдангүррагчаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Нэгдүгээр хавтаст хэргийн 122-151, 243-249 дэх талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цагдаагийн газрын цахим системийн гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ, өргөмжлөл, цэргийн жинхэнэ алба хаасан тухай дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Мөнхбат нь Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, суурь боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, сумандаа зохион байгуулагддаг уралдаан тэмцээнд амжилттай оролцож өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч Б.Баттөр нь Булган аймгийн Гурванбулаг суманд 2001 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, суурь боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн “Урд хамар” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 153-154 дэх талд авагдсан малын А дансны бүртгэл, тооллогын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь талд авагдсан малын А дансны бүртгэл, тооллогын баримтын хуулбар, хавтаст хэргийн 156-164 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, цагдаагийн газрын цахим системийн гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Амарсайхан нь Булган аймгийн Гурванбулаг суманд 1965 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар баг, Хайлсан дэнж гэх газарт мал маллан амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Ц.Самдангүррагчаа нь Булган аймгийн Гурванбулаг суманд 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт мал маллан амьдардаг, 37 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тус бүр 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

Шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарын 2020 оны 11 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баттөр, Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Мөнхбат нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр, Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Барга овогт Равжирын Мөнхбат, Тарна овогт Батдоржийн Баттөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жамба мээрэн овогт Сэнгийн Амарсайхан, Хорчин овогт Цэцэгмаагийн Самдангүррагчаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, уг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарыг тус бүр 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тус бүр 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нарыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарт оногдуулсан 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Мөнхбатын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Баттөр, Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мөнхбат, Б.Баттөр, Ц.Самдангүррагчаа, С.Амарсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОТГОНБААТАР