Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

 

 

 

 

 

 

    2022          4          12                                       2022/ШЦТ/272

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Э.Э-, нарийн бичгийн дарга Г.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З овогт Э-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210006790341 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач, уран дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Э-ы Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны 30 тоотод Г.Ц-гийн толгой руу виноны шилээр цохиж дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.Э-: “...Хохирогчтой хамт амьдраад 4-5 жил болоод 2 тийшээ болсон, тусдаа амьдраад 1 жил гаруй болсон байсан, Г.Ц- өөр хүнтэй болсныг би мэдсэн. Тэгээд тэр залуугаасаа салсан, цаашид надтай хамт амьдарна, хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан, тэрийг нь би зөвшөөрсөн, тэгтэл тэр залуугаасаа салахгүй байсныг нь би мэдэж байсан, би хүүхэдтэйгээ уулзана гэж Г.Ц-той тохирсон байсан, Г.Ц- хүүхдээр далимдуулан надтай уулзая, эргээд нийлье гэдэг байсан, хамт амьдардаг байхдаа дахиад хүүхэдтэй болохыг хүсдэг байсан, 2 дахь хүүхдээ гаргая, нийлье гэдэг байсан, хэрэг болдог өдөр Г.Ц- над руу залгаад кофе ууя гэхэд би амжихгүй гэдгээ хэлэхэд уурлаад утсаа тасалсан, энэ үед очих ёстой юм болов уу гээд би орой нь 22 цагийн үед очсон, найзтайгаа вино ууж байсан, орохдоо би таксины жолоочтой маргалдаад нүдээ цохиулчихсан байсан, Г.Ц- гарч ирж авсан, энэ үйл явдалд уурласан, хүүхэдтэй болох талаараа хэлэхэд надаар тоглосон гэж хэлсэн, тэр уурандаа би Г.Ц-г ууж байсан виноны шилээр толгой руу нь цохисон...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...Э- гарч ирээд чамтай ярих зүйл байна гэхээр нь би Анандыг хүүхдүүд рүүгээ явуулсан чинь Э- над руу таваг шидсэн, тэгээд би айгаад нөгөө өрөөндөө ороход араач хүрч ирээд виноны шилээр миний толгой руу цохисон...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...Ц- би чамаар тоглосон юм би чамд хайргүй гэх утгатай зүйл ярихаар нь миний уур хүрээд виноноос нь авч нэг балгаад гартаа байсан виноны шилээр Ц-гийн толгой руу цохисон...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №3424 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Ц-д дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 32 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрны 30 тоотод Г.Ц-гийн толгой руу виноны шилээр цохиж дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Ц-гийн “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...Э- гарч ирээд чамтай ярих зүйл байна гэхээр нь би Анандыг хүүхдүүд рүүгээ явуулсан чинь Э- над руу таваг шидсэн, тэгээд би айгаад нөгөө өрөөндөө ороход араач хүрч ирээд виноны шилээр миний толгой руу цохисон...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.Э-ын “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...Ц- би чамаар тоглосон юм би чамд хайргүй гэх утгатай зүйл ярихаар нь миний уур хүрээд виноноос нь авч нэг балгаад гартаа байсан виноны шилээр Ц-гийн толгой руу цохисон...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №3424 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Ц-д дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.Ц-гийн эрүүл мэндэд учирсан “...дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Э- түүнийг виноны шилээр цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э-ын хохирогч Г.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-гийн эрүүл мэндэд дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, хамрын зүүн самсаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210006790341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Э-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ы Э-ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Э-од оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210006790341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР